| МЭДЭЭ
13/01/10
ЗАРЛАЛ
“Хүний хөгжлийн сангийн тухай” Монгол Улсын хуулийн
дагуу иргэнд хишиг хувь хүртээх ажлын хүрээнд гадаад оронд сурч,
ажиллаж, амьдарч буй иргэдийн тоон мэдээг гаргах шаардлагыг үндэслэн
2010 оны 1 дүгээр улиралд багтаан хилийн чанадад суугаа дипломат
төлөөлөгчийн газраар дамжуулан нарийвчилсан судалгааг хавсралт хүснэгтээр
гаргах тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 1 дүгээр сарын
4-ний өдрийн 5/26 албан тоот, хүн амын жилийн эцсийн тооцоонд шаардлагатай
учир гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын хөдөлмөрийн насны
иргэдийн тоог 2009 оны жилийн эцсийн байдлаар гаргаж ирүүлэх тухай
Үндэсний Статистикийн хорооны 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн
3/2 албан тоот, мөн ДТГ-ууд гадаад орнуудад оршин суугаа Монгол
Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ чанд биелүүлэхийн
тулд тэдний бүрэн бүртгэлийг гаргаж ахуй нөхцлийг нь судлах тухай
Гадаад харилцааны сайдын 2010 оны 03 тоот албан даалгаврыг АНУ дахь
монгол иргэддээ зарлан мэдэгдэхийн хамт доорх хүснэгтийг татан авч
бөглөн ЭСЯ-ны frontdesk@mongolianembassy.us
хаягаар ирүүлж, бүртгэлийн үйл явцад өргөнөөр оролцохыг уриалж байна.
ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэддээ өдөр тутам үйлчилгээ үзүүлэхийн
хажуугаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсдог тусгай өдөр
болгон 7 хоног бүрийн Мягмар гарагт ажлын цагаар уулзалт хийдэг
горимд шилжиж байгааг мэдээлж байна.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

12/24/09
МЭНДЧИЛГЭЭ
АНУ-д аж төрж, амьдран суугаа Эрхэм хүндэт монгол иргэд ээ,
Та бүхэндээ ирж буй шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхныг билэгдэн мэндчилж байна.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан буй энэ баярт мөчид Та бүхэнтэйгээ ийнхүү учран золгож, хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг хүргэж байгаадаа би нэн баяртай байна.
Улиран одож буй жил Та бидний амьдралд болон Улс эх оронд маань олон сайхан үйл явдлууд боллоо. Монгол Улсынхаа шинэ Ерөнхийлөгчөө сонгож, Халхын голын ялалтын 70 жил, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн, он жилүүд үргэлжлэн яригдсан “Оюу толгой”-н ордын түүхэн гэрээг байгууллаа. Гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ноу хау, менежмент Монгол руу цутгах үүд нээгдлээ, тив, дэлхийн дэвжээнд тамирчид маань алдар нэрээ цуурайтуулсан зэрэг бахдам амжилттай жилийг үдэж байна. Өнгөрч буй жил дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал хүнд сорилтыг авчирсан ч мал сүргийн тоо толгой 50 саяыг давж, атрын аян үр өгөөжөө өгснөөр хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж байна.
Бүхэлдээ эх орны маань ирээдүй гэрэл гэгээтэй байна.
Угтан ирж буй шинэ он Та бидний амьдралд аз жаргал, баяр баясгалан, улс эх оронд маань хөгжил цэцэглэл авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Шинэ ондоо эрүүл энх байж, аз хийморьтой, дүүрэн жаргалтай явахын өлзийт ерөөлийг Та бүхэндээ өргөе.
Сайхан баярлаарай!
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ
ЭЛЧИН САЙД Х. БЭХБАТ

10/20/09
АНУ-д амьдарч буй монголчуудад А хүрээний
H1N1 гахайн томууны ханиадын талаар хүргэх сэрэмжлүүлэг
Дэлхий даяар 399232 хүн А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугаар
өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, 4735 нас баралт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгэгдээд байна.
А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн томуу дэлхийн хойд хэсэгт илүү
эрчимтэйгээр дэгдэж, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Мексик улсуудад
томуу хурдацтай тархаж байна. Түүнчлэн баруун Европ, Азийн хойд
улсуудад томууны дэгдэлт ихэсч байгаа бөгөөд манай оронд онош нь
батлагдаад байгаа 37 тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.
АНУ-ын Эрүүл мэндийн Сайд К.Себелиус H1N1 гахайн томууны ханиадаас
ард иргэд өөрсдөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлагаа хийхээр болсныг 16-ны
өдөр мэдэгдэв.
АНУ-ын Холбооны Засгийн газраас ханиадны талаар
нэг цэгээс мэдээлэл авах боломж бүхий вэб сайт /www.flu.gov./ ажиллуулж
байгаа бөгөөд энэхүү сайтаас ханиадны ялангуяа, вакцинжуулалт, олон
нийтийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв, бодит
мэдээлэл болон H1N1 томууны халдвар авсан эсэхээр өөрсдийгөө шалгаж
үнэлгээ хийх /self-evaluation/ боломжтой юм байна.
АНУ-д одоогоор H1N1 гахайн томууны ханиадтай холбогдуулан
худалдаа, арилжаа, сургууль, соёлын зэрэг олон нийтийн газрын үйл
ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоогоогүй байгаа ч монгол иргэд
та бүхэн хувийн ариун цэврийг сайтар сахиж, анхаарал болгоомжтой
байхыг Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ
2009 оны 10 дугаар сар 20-ны өдөр

10/17/09
УРИАЛГА
Эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ !
Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай
АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо 2009 оны 10 дугаар сарын 17-ны
өдөр амжилттай болж өнгөрсөн билээ. Энэхүү хуралдайг Колорадагийн
монголчуудын холбоо сэдэж, зохион байгуулан Монгол Улсаас АНУ-д
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Бэхбат болон монгол иргэд,
Америкийн 10 гаруй мужийн засаг захиргаа, бизнес, хэвлэл мэдээлэл,
олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, хувь хүмүүс оролцлоо.
Энэ арга хэмжээнд АНУ-д үйл ажиллагаагаа явуулж
буй монголчуудын холбоод, сургуулиуд, клубууд, олон нийтийн болон
бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрсдийн явуулж
буй үйл ажиллагаа хийгээд тулгамдаж буй асуудлууд цаашид хэрхэн
хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж, илэн далангүй ярилцсан
юм.
Хуралдайд оролцсон монгол иргэдийн зүгээс АНУ-д
аж төрж, амьдран суугаа нийт монгол иргэддээ хандан “Уриалга”
гаргахаар тохиролцож, дараах уриалгыг гаргасныг Та бүхэндээ үүгээр
хүргүүлж байна. Хүлээн авч танилцана уу. Үүнд:
“АНУ-д суурьшин үйл ажиллагаа явуулж буй
нийт монголчуудын холбоод, сургуулиуд, клубууд, олон нийтийн болон
бизнесийн байгууллагууд байнгын холбоотой байж, бие биедээ дэмжлэг
туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна”
Элэг нэгт монголчуудынхаа сайн сайхны төлөө
хамтран зүтгэцгээе!
Сайн үйлс дэлгэрч, монгол түмний маань
буян заяа тэгширэх болтугай!
Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдайн төлөөлөгчид
2009 оны 12 дугаар сар 14-ний өдөр

04/28/09
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Мексикийн Холбооны Улсад Swine Flu (Гахайн томуу ) өвчлөл дэгдэж, 2009 оны 4 дүгээр сарын 13-наас хойш 1600 хүнд халдварласны дотор 160 орчим хүн амь насаа алдсан аж. Зуны амралтаар, жуулчлалаар тэнд очсон оюутан сурагчид, аялагчдаар дамжин АНУ, Канад, Испани, Шинэ Зеланд, Бразиль, Франц, Израиль, Өмнөд Солонгос , Шотланд зэрэг улсад уг өвчний тохиолдол илэрсэн. Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар АНУ-ын Калифорни, Техас, Нью Йорк, Охаёо мужуудад нийт 40 тохиолдол бүртгэгдсэн, гэхдээ хүний амь үрэгдээгүй байна.
Гахайн томуугийн өвчлөл ахуйн хавьтал, амьсгалын замаар гахайнаас хүнд, хүнээс гахайнд болон хүнээс хүнд халддаг. Нус гоожих, ханиалгах, толгой, хоолой, дотор муухайрах, булчин өвдөх, халуурах, тамирдах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Хувь хүн, ялангуяа өндөр настан амны хаалт хэрэглэж, гараа угаах зэргээр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм сайтар сахихыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Ж. Наполитано тус улсад эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал үүссэнийг дурдаж, шаардлагатай арга хэмжээг авч буйгаа мэдэгдэв. Албан ёсны эх сурвалжаас үзвэл 3 сая хүнийг эмчлэхэд хүрэлцэхүйц тунг бэлтгэж, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний департамент 50 сая хүнийг эмчлэх тун, Батлан хамгаалах Департамент мөн долоон сая тунг нөөцлөөд байгаа юм байна.
Хилийн боомтууд дээр ханиалгах, халуурах зэргээр эл өвчний шинж тэмдэг илэрсэн зорчигчдод онцгой анхаарал хандуулж, өмнөд хилээр нэвтрүүлэхгүй байх, иргэний нисэхийн компаниуд Мексик явахаар захиалсан нислэгийн тийзийг торгууль ногдуулалгүй цуцлах арга хэмжээг авч эхлээд байгаа аж.
Европын Холбоо нь АНУ, Мексикийн Холбооны Улсын гахайн томуу дэлгэрээд байгаа нутгуудаар зайлшгүй биш тохиолдолд аялахгүй байхыг өөрсийн иргэдэд анхааруулав. Дэлхийн Банк эм, тоног төхөөрөмж авахад зориулж 25 сая ам.долларын яаралтай зээл, 180 сая ам.долларын урт хугацааны зээлийг Мексик улсад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага гахайн томууны клиник шинж, дэглэлтийг тодруулах, тохирсон бэлдмэл гарган авахад хугацаа шаардлагатайг харгалзан, түгшүүрийн IV зэрэглэлд шилжсэнээ зарлаад “тайван, дэг журамтай байх, бэлэн байдлын чадавхиа сайжруулахыг”-ыг бусад орон зөвлөсөн байна.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
2009 оны 4 дүгээр сарын 28

|