Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Сүүлийн Үеийн Мэдээ

01/01/12

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Шинэ жилийн баяр хүргэж, он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Он солигдох энэ гэгээн мөчийн баярын мэндийг Та бүхэнд хүргэе.

Алслан одож байгаа 2011 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Монголын тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол гүрний 805 жилийн ой, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жил, Монгол улс, НҮБ-д элсэн орсны 50 жилийн гээд бусад олон түүхт үйл явдлын ой тохиолоо. Энэ бүхэн Монголын түүхэн бахархалыг улам нэмж, манай ард түмэн ч их ойнуудаа амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж байна.

2011 онд Монголын сайн нэр дэлхий даяар улам бүр түгэн дэлгэрлээ. Монголчуудын авъяас билэг, дуу хоолой, хүч чадал олон газар хүрч бусдын хүндэтгэл бахархалыг хүлээсэн, монголын тухай ном, монголын тухай мэдээ шилдэг сонирхолтойд орж дэлхийн сонорыг мялаасан жил байлаа.

Монгол улсын иргэнлэг, нээлттэй бодлогын үр дүн гарч, улмаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг энэ оноос тэргүүлж, өөрийн ололт туршлагаас бусад оронтой хуваалцан, ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэллээ. Манай иргэд дэлхийн олон газар нэр төртэй ажиллаж байна.

Улирч буй он бол ард олон маань, хүн бүр дор бүрнээ өөр өөрийн хичээл зүтгэлээр эх соёл, язгуур түүхээ дээдлэн дэвжээж, олон шинэ бүтээл нээлт хийсэн олз омог дүүрэн жил боллоо. Мөн олон шинэ бүтээн байгуулалтууд хийгдсэн, илүү олон бүтээн байгуулалтын шав эхлэл шинээр тавигдсан жил байлаа.

Өнгөрсөн жил, он солигдох мөчид ард түмэндээ хандсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” миний уриалгыг олон иргэд, айл өрх, хамт олон, байгууллагууд дэмжсэнд талархаж байна. Мөн базаахгүй зуршлаа орхиж чадсан, хань ижил, үр хүүхэд, хамт олноо баярлуулсан иргэддээ баяр хүргэе. Архийг ааваасаа, амьдралаасаа гаргах холдуулах гэж бяцхан хүүхдүүд, нийт иргэд маань хичээж, санаачилж амжилт олж байгаад би баяртай байна. Монголын замд тохиосон бараан бүхэн алсран холдож, гэгээн үйлс улам дэлгэрэх болтугай.

Ирэх жил түүхэн хариуцлагатай жил болно. Он солигдохоос өмнө Улсын Их Хурлыг сонгох сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Монгол улсын иргэний сонгох сонгогдох эрх хуулийн дагуу хариуцлагатай бүтээлч хэрэгжих ёстой. 2012 он Монголын нэрийг улам сайнаар гаргасан шинэ шинэ амжилт бүтээлээр дүүрэн жил болох учиртай.
Би үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдаанд үг хэлж ойрын үед улс оронд шийдвэрлэх шаардлагатай нэн чухал асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо эдгээрийг бодит ажил хэрэг болгож, төрөөс өгч байгаа чиглэл, цаг үеийн шаардлага гэж үзэж бүх шатандаа төрийн байгууллага, иргэд, нам хүчнийхэн хөтөлбөр зорилт бодлого үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Он солигдох мөч улам ойртлоо. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос эхлээд Алтай таван богдоос Дорнын тал, Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн говийн их бүтээн байгуулалт хүртэл ирж байгаа оноо угтан авахаар баяр хөөр дүүрэн байгаа нийт иргэддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Монгол түмэндээ шинэ оны халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.

Манай улсад өөр өөрийн орныг төлөөлөн суугаа нийт Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олонд шинэ оны баярын мэнд хүргэе.

2012 он дэлхийн зон, Монгол түмэнд аз жаргал бэлэглэсэн хамгийн сайхан жил байгаасай гэж би хүсч байна. Дэлхийн хүн бүр, хүүхэд бүр инээд хөөртэй, монголын хүүхэд залуус өнгөтэй, эрчүүд нь жавхаатай, бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй, өргөө хотлоороо өнгө дүүрэн, элэг бүтэн, ахмад азай буурлууд маань урт настай, удаан жаргалтай Монгол түмний хараа тэнэгэр, хийморь өөдөө байх болтугай.

Сүү шиг сэтгэлтэй ард түмний маань сүүн цагаан түүх өнөд үргэлжлэхийн ерөөл дэвшүүлье. Идээ идээний дээж сүүгээ өргөн барьж нийт ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Шинэ оны халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

2011-2012-он солигдох мөч

top


12/28/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд,
УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Монгол төрийн хүндэт хоймроос эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ болон хөрш улс орнууд, манай улстай дипломат, найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай нийт улс гүрэн, байгууллага, хамт олонд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Аливаа улс үндэстэнд түүний эрх эрх чөлөөт, бие даасан байдал нь хамгийн эрхэмд тооцогддог. Монголчууд дор бүрнээ, айл аймаг, хотол үндэстэнээрээ эрх чөлөөтэй, эн тэнцүү, тэгш харилцаатай байж хөгжин дэвжихийг эрхэмлэж ирсэн.
Өнгөрсөн түүхийг шинжлэн харвал бидний өвөг дээдэс дэлхийн хуурай газрын хээлэнд хамгийн том гүрнийг байгуулж, олон улс үндэстний түүх, хувь заяанд онцгой нөлөө үзүүлж, шинэ дүрэм журам тогтоож, төр нийгмийг түвшитгэж явжээ. Мөн монголчууд гүрэн улс, нийгэм төрийн амьдралд тохиох онцгой үйл явдал, давтагдашгүй хүчин зүйл, цаг үеийн өөрчлөлтүүдээс ангид байгаагүй юм. Эдүгээгээс Манж Чин гүрэнтэй харилцаж ирсэн харилцаа нь манай түүхэнд тод ул мөр үлдээжээ.
Арван долоодугаар зууны эхэн мөчлөгт буюу 1630-аад оноос эхлэн уудам газар нутагт суурьшсан монголчууд болон Манж чин гүрний харилцаанд тодорхой өөрчлөлтүүд гарсаар байжээ. Тэдгээрт Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монгол дараалан өртөж байсан ч монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм. Үүнд Монгол газар нутагт үе үе хүч түрэн гарч байсан монголын шилдэг эх оронч зоригтнуудын тэмцэл бослого, монголчуудын улс үндсээ гэсэн алтан ургийн уламжлалт хэрсүү бодлого онцгой үүрэгтэй байсныг зориуд цохон тэмдэглэе.
Манж гүрэн ч Монголчуудад хандсан өвөрмөц бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэ бодлого нь хорьдугаар зууны эхэн хүртэл, хоёр зуун дамжин, хоёр талаас бичиж хүлээн зөвшөөрөгдсөн гэрээний дагуу харилцан хүлээсэн эрх үүрэгт үндэслэн хэрэгжсэн байх юм. Үүнийг аль нэг гүрэн, өөр улс хоорондын харилцаа гэхээс монгол манж үндэстнүүдийн бие биедээ хандсан тухайн цаг нөхцөлд зохицсон бодлого байжээ гэж үзэж болох юм. Манж, монгол үндэстний хооронд байсан тэр өвөрмөц харилцааг дундад зууны үеийн томъёололоор “vassal”, өнөөгийн ойлголтоор “satelite”, сүүлийн үеийн зарим судлаач эрдэмтдийн санал нэгдсэнээр “түшмэг” гэж тодорхойлж болох юм. Хорьдугаар зууны эхэнд хоёр үндэстний хоорондын энэхүү итгэмжит холбоотны харилцаа цагийн түрэлтээр өөрчлөгдсөн юм.
Арван есдүгээр зууны сүүлч, хорьдугаар зууны эх бол олон газар тив дэлхий, улс гүрнүүдийн амьдралд онцгой өөрчлөлт гарснаараа онцлог юм. Тухайн үеийн бүс нутгийн шинжтэй эзэнт гүрнүүд болох Отомманы Турк, Хавсбургийн Австри, Викториягийн Британ, Романовын Орос, Чингийн Хятадын цагийн эрхшээлийг сөрөн зохицох гэсэн бодлого үйл ажиллагаа, оролдлогууд бүтэлгүйтсээр байлаа. Олон олон шинэ хуучин улс үндэстнүүдийн бие даан хөгжиж дэвжих гэсэн хүсэл тэмүүлэл ч үүнд нөлөөтэй байлаа.
Манж Чин гүрний бодлогын өөрчлөлт нь монголчууд болон монголын бусадтай харилцах харилцаанд үл итгэсэн байдлаар илэрч, монголын хил хязгаар нутагт мөн Их хүрээнд цэрэг харуул суулгах, монголчуудын уламжлалт аж ахуй, газар нутгийн бие даасан байдлыг хөндсөн эзлэн түрэмгийлэх үйлдэл болон хувирсан юм. Үүнийгээ Манжууд “шинэ засгийн” бодлого хэмээн тодорхойлсон. Чин гүрний бодлогын манж шинжид гарсан чанарын энэ өөрчлөлтийг тухайн үеийн монголын удирдагчид чадварлаг ашигласан. Тэд Манжийн хаантай итгэмжит холбоотны харилцаагаа зогсоож, улс үндэстнийхээ эрх чөлөөт тусгаар байдлыг сэргээн бэхжүүлэхээр сэтгэл шулуудсан байдаг.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголын ард түмнээс төрөөс энэ жил, энэ өдрүүдэд гүн хүндэтгэл үзүүлж, өргөн дэлгэр хэлэлцэж, улс үндэстнийхээ бахархал болгон тэмдэглэж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой бол цар хүрээгээрээ ч, ач холбогдлоороо ч, өнө мөнхийн шинж чанараараа ч үеийн үед бахархан дурсагдах үнэхээр хосгүй түүхэн үйл явдал юм.
Ингэж үнэлсний учраа тодруулан тэмдэглэхийг хүсч байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний энэ баяр бол монголчууд бусдын хүч түрсэн түрэмгийллийн эсрэг бараг гурван зуун дараалан төр улсынхаа уламжлалт бодлого, газар нутаг, хүн ардаа өмгөөлөн тэмцэж ялан мандсаны илэрхийлэл юм. Энэ бол монголчуудын түүхэнд тохиосон хамгийн урт, баатарлаг, бас ялж гарсан тэмцэл байлаа.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны энэхүү зуун жилийн ой нь монголчууд шашны тэргүүн Богдоосоо эхлээд харц ард, хан ноёд, түшмэл хутагтаа хүртэл бүгд их үйлсийн төлөө зориглон нэгдэж түүхэн амжилтад хүрсэний баяр юм. Энэ их түүхэн үйл явдлыг үеийн үедээ улс үндэснийхээ их баяр бахархал болгон тэмдэглэж байхыг монголын төр албан ёсоор хүлээн зөвшөөрсний илрэл нь тэртээгээс зуун жилийн дараахь энэ өдрүүдийн үйл явлуудаар нотлогдож байна. Ингэж түүхэн үнэн сэргэж монголын их түүх улам бүр бүтэн болж байгаад би баярлаж байна. Монголын ард түмэн ч үүнд зүй ёсоор талархаж байгаа гэдэгт би итгэж байна.
Монголчууд улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоохын төлөө он, он дамжуулан, ялангуяа 1911 оны туршид улс үндсээрээ гар газар, хөл хөсөр хаяхыг умартан зүтгэсэн байдаг. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол түмэн улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг, улс гүрнээ түвшитгэх ухааныг хэнээс ч гуйж байгаагүй юм. Тэр нь монголчуудад үеийн үед өөрсдөд нь хадгалагдаж байжээ. Харин тэр үнэт зүйлээ бусдыг хүлээн зөвшөөрөхийг хүсэмжлэн мэдэгддэг байсан. Монголчуудын эрх чөлөө бие даасан байдлын амин сүнс болсон төр улсаа төвшитгөх, сэргээн бадраах ухаан бол монгол хүн бүрийн сэтгэл зүрх, ухаан бодол, тархи оюунд үүрд хадгалаастай байсныг 100 жилийн өмнөх бидний түүх тод томруун харуулдаг.
Төрийн уламжлалт түүхээ дагаж монголын угсаа залгамжтан, ард олны төлөөлөл цуглан, тэр үеийн баримт сэлтэд тэмдэглэгдэж үлдсэнийг иш татвал: “Дахин давтан хянан бодолхийлж, боловсортол шүүмжлэн хэлэлцэж, зөвлөлдөн төлөвлөөд” нэгдмэл шийдэлд хүрсэн байдаг. Тэр түүхэн шийдлийн дагуу Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, Олноо өргөгдсөн Монгол улсаа тунхаглан зарлаж, Бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилжээ. Улмаар хаан зарлиг буулган, Монгол Улсын Засгийн газрыг байгуулж, хааны зарлигт дурьдсанаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан” нэр бүхий лам, ван, бэйс, гүн, тайжийг төрийн анхны 5 яамны тэргүүн сайдаар тохоон томилсон байдаг. Мөн хааны зарлигаар ахмад буурлууддаа хишиг хүртээж, алдсан эндсэн ард иргэдээ өршөөж, гадаад улс гүрнүүдэд хандан Монгол улс бие даасан бүрэн эрхт, тусгаар улс болсноо тунхаглан сонордуулсан захидал бичиг илгээсэн байдаг.
Монголчууд өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр, төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан юм. Ингэж Монгол Улс Манжаас тусгаарласан Азийн анхны улс болсон юм. Энэ гайхамшигт мэдээг сонссон Монголын ард иргэд “Тэнгэрийн цаг ирлээ” хэмээн хэлэлцэж, “баярын нулимс асгаруулан мөргөж” байсныг тухайн үеийн гэрчүүд тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн энэ тухай мэдээг сонссон, уг үйл явдалд оролцсон олон орны элч төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн түүхэн үйл явдлаас төрсөн сэтгэгдлээ чадах ядахаараа түгээн хүргэж байжээ. Тухайлбал Английн “Times” сонин “Ази тивд Монгол Улс сэргэн мандсан нь бодит явдал боллоо” хэмээн 1911 оны сүүлчийн дугаартаа тэмдэглэсэн байдаг.
Монголчууд аа, бидний өвөг дээдэс, та бидний шүтдэг тэр бурхад бидний зүрх сэтгэлд эрх чөлөөний мэдрэмжийг мөнхөд суулгасан. Тэр мэдрэмжийг унтраах гэж оролдож болно. Харин хэн ч устгаж чадахгүй. Үүнийг монголын түүх нотолдог. Үүнийг монголын өнөөдөр харуулж байна. Үүнийг монголын ирээдүй улам бататгах болно.
Энэ өдөр та биднийг тэнгэрээс харж байгаа өвөг дээдэстээ хандаж хэлэх үг байна. Нэгэн биед тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа умартан монгол түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч явж, түүхийн алтан аргамжийг тасдахгүй авч ирсэн өвөг дээдэс, ахмад үедээ бүгдээрээ мэхийн ёсолж гүн талархал илэрхийлье. Өнгөрсөн 100 жилийн манай нийгмийн амьдрал гэрэлтэй гэгээтэй, дэгэнтэй догонтой, алагтай эрээнтэй байсан нь үнэн. Гэвч өнөөгийн бидэнд өвөг дээдсийнхээ түүхийг шүүх эрх байхгүй, харин тэр баатарлаг үйлсийг үргэлжлүүлэх түүхэн үүрэг ноогдсон.
100 жилийн түүхт баяраа тэмдэглэхдээ бас ирэх зууны эхэнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг би хөндье гэж бодсон юм. Мөн хүндрэлтэй асуудлыг шийдэх зарим шийдлийг ч та бүхэнтэй хуваалцъя. Иргэдийн амьдрал, эдийн засаг, улс төр, нийгэм, шударга ёс, Монголчуудын хүсэл эрмэлзлэл гээд биднийг тойрч байгаа зүйлүүдээс ярилцъя. Тэгээд шийдэл олъё. Ингэж чадвал бид өвгөдийнхөө гэгээн үйлсийг үргэлжлүүлэх түүхэн үүргээ ухамсарлаж байгаагийн илрэл юм.

Эрхэм гишүүд ээ!

100 жил ба Монгол хүн: 100 жилийн хугацаанд Монгол хүн наад зах нь 3 хувьсгалын нүүр үзсэн байх юм. 1911 оны эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалд оролцогчдоос юуны төлөө тэр хувьсгалыг хийснийг асуувал нэг л төрлийн хариулт давамгайлах байх. - Монгол хүний төлөө, монгол хүний эрх чөлөөт, сайн сайхан амьдралын төлөө гэсэн хариулт л давамгайлах байх. Өнөөдөр, 2011 оны байдлаар Монгол улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ, тэр дундаа 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн 187 орноос 110 дугаар байранд орж байна. Гэтэл 1 хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог гэж яригддаг. Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.
Сүүлийн жилүүдэд - Эдийн засаг өсч байна, сайхан болж байна гэж ярьж байна. Гэтэл тэр өсөлт тэр сайхан нь хүндээ наалдахгүй байна. Монгол гэрийн хаалгаар орохгүй байна. Манай төрийн бодлого ингэтлээ томров үү, эсвэл ингэтлээ хүнийсэв үү!Хүний жаргал хүнд наалддаггүй гэж ярьдаг. Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Энэ асуултанд хариулах ёстой эзэд нь өнөөдөр энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа...
Амьдралаа бие даагаад аваад явчих гэж байдгаараа чармайж байгаа монгол хүн газар сайгүй байна. Гэтэл нэг талаас төрийн хүнд суртал, нөгөө талаас төртэй хавсарсан бизнесийн дарамтад хөөрхий тэр хүн хавчуулагджээ. Уг нь тэр хавчуулагдсан орон зай бол монголын дундаж юм. Дундажгүй нийгэм бол ирээдүйгүй нийгэм.
Өнөөдөр монголд ашигтай бизнесийг төр хийж байна, эсвэл гадныхан хийж байна. Нэг бол тэр хоёртой нийлж хуйвалдаж чадсан хэсэг нь хийж байна. Тэд ашигтай бизнес бүрийг хамж байна. Ажил хэрэгч монгол хүмүүс, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хамгийн өндөр үнийг төлж байна. Хамгийн үнэтэй бизнес тэдэнд ноогдож байна. Дээр нь төв суурин газраас алс хол ажиллаж амьдардаг хүмүүс бүр нэмж хэлмэгдэж байна. Тэдэнд зээл олдвол хугацаа нь богино, хүү нь өндөр. Бизнес олдвол ашиг нь бага, дарамт нь их. Тийм л байна. Үүнийг өөрчлөхгүйгээр монгол хүний амьдрал сайжрахгүй, монголд нийтлэг сайн сайхан ирэхгүй.
Үүнийг өөрчлөхийн тулд төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдөгөөс илүү, дотоодын олигархуудад олгодогоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой. Энэ байдлыг өөрчлөх нууц нь, томъёолол нь энэ. Тодорхой түвшин тогтоогоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг, магадгүй сарын 20 сая төгрөгнөөс доош орлоготойг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Архи, тамхи, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол нэмүү өртөг, аж ахуйн нэгжийнх нь татвараас 5, 10 жил заагаад нэмж чөлөөлье. Нийслэлээс алсад байгаа бол гааль, худалдаа үнийн дарамтыг нь хөнгөлөх арга хэмжээ авъя. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл өгвөл хугацааг нь уртасгах шаардлага тавь. Хүүгийнх нь дарамтыг төр төл.
Дахиад хэлье татвар, дарамт хоёроос нь иргэдээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөл. Тааламжтай нөхцөлийг тэдэнд олго. Үндэсний эрх чөлөөнийхөө 100 жилийг тэмдэглэж байгаа монгол улс иргэддээ эдийн засгийнх нь эрх чөлөөг эдлүүлэх цаг болсон. Энэ ажил, энэ санаачилга руу маргаашаас эхлэн уралдаж орох ёстой. Энэ талаар сайн санаа шийдэл байгаа бол төр лүү аваад ир. Их Хурал, Засгийн газрын гишүүдэд ийм санаа, шийдэл байгаа бол, одоо хууль шийдвэр болго. Би дэмжье.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба Монголын төр: 100 жилийн өмнө Манжийн төрд хорссондоо монголчууд босож байсан. 100 жилийн дараа эрх баригчдадаа баярлаж суугаа манай иргэдийн тоо олонхи байж чадах уу? Өнгөрсөн зуунд монголын төр иргэдээ баярлуулсан нь цөөнгүй байх. Бас хохироосон, гомдоосон, хэлмэгдүүлсэн нь багагүй юм. Хорьдугаар зуунд гаргасан алдаа, хийсэн хэлмэгдүүлэлт, хохироосон иргэдийнхээ амь нас, эрх эрх чөлөөнийх нь төлөө Монгол Улсын Их Хурал 1996 онд тогтоол гаргаж монголын төр, ард түмнээсээ уучлал гуйж байсан. Тэр цагаас хойш удаагүй ч иргэнийхээ эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж чадаагүй харамсалтай тохиолдол монголын төрд гарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон онцгой байдлын орчинд 2008 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хүний амьд явах эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж, хүний амь нас хохирсон. Энэ харамсалтай үйл явдал манай нийгэм, төрд гүн сургамж үлдээсэн. Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах болон эрх мэдлээ иргэдээрээ шийдүүлэх асуудлыг манай эрх баригчид онцгой анхаарах ёстойг 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал хойшид ч сануулсаар байх болно. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн ардын сургааль ч бий.
Тэр өдрүүдэд иргэнийхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амьд явах үндсэн эрх, эрх чөлөөг нь хангаж чадаагүйнхээ төлөө ард иргэдээсээ болон амь насаа алдсан, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирсон нийт иргэдийнхээ гэр бүл, ойр дотныхноос Монгол улсын төрийн нэрийн өмнөөс уучлал гуйя. Иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөх, эрүүл мэнд, амь нас нь хохироход хүргэсэн учир шалтгааныг төрийн зохих байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хариуцлагатай шалган тогтоох ёстой. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гарсан эмгэнэлт явдал манай түүхэнд дахин давтагдах ёсгүй.
Төрийн тухай ярианд та бүхний анхаарлыг эргэн хандуулъя. Монголд гарсан хувьсгалууд голдуу бусдад булаагдсан эрхийг иргэддээ шилжүүлэх зорилготой байсан нь харагддаг. Гэвч цаг алсрах тутам тэр эрхээр иргэд нь биш эрх баригчид нь хангагдаад, эргээд тухайн нөхцөл байдал дараагийн хувьсгал руу хөтөлсөн байдаг. Өнөөдөр манайд байдал ямар байна вэ?
Хориодхон жилийн өмнө ардчилсан хувьсгалын нэг гол зорилго бол төрийн эрх мэдлийг хязгаарлахад бүр хуваахад оршиж байсан. Эрх зүйт нийгмийг байгуулах зорилготой байсан. Уг нийгмийн мөн чанар нь төрийн эрхийг хуулиар хязгаарлахад, иргэний эрхийг хуульчлан хамгаалахад, нээхэд оршиж байсан. Эрх зүйт төр гэдэг бол эрх нь хуулиар хязгаарлагдсан төр юм. Иргэний эрх нь хуулиар хамгаалагдсан нийгэм юм. Төр гэдэг бол хийсвэр зүйл биш. Бодит махан биетэй, албан тушаалтай хүн юм. Ерөнхийлөгчөөсөө эхлээд энд суугаа хүмүүс бол өнөөгийн төрийн биет төлөөлөл нь.
Би энд энгийн жишээ хэлье. Манай улсын хууль тогтоомжоор монголын төр, албан тушаалтанууд нь эрх, эрх мэдлийн цуглуулга, иргэн хувийн хэвшил нь үүрэг хариуцлагын цуглуулга болж хувирчээ. Өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлээс иш татъя. Хуулиар Ерөнхийлөгчид 41 эрх 2 үүрэг, УИХ-ын удирдлага гишүүдэд 281 эрх 14 үүрэг, Ерөнхий сайдад 67 эрх, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт 1721 эрх 264 үүрэг ноогджээ.
Дунджаар төрийн нэг эрх мэдэлтэн 7 эрх эдэлж 1 үүрэг хүлээж байхад, иргэнийг 1 эрх дагаж 7 үүрэг дарж байна. Төрийн эрх 7 сарын 1-н шиг, иргэний эрх 1 сарын 7-н шиг харгадаж байна.Зарим газар эрх үүргийн харьцаа 10 сарын1 шиг бас 1 сарын10-н шиг байгаа нь тохиолдол биш.
Нийгмийн удирдлагын шинжлэх ухаанд зонхилж байгаа хандлагыг харахад албан тушаалтанд эрх биш үүрэг хүлээлгэдэг. Харин тэр үүргийг хэрэгжүүлэхэд нь зориулж цалин авах, унаагаар хангах, албан өрөөтэй байх гэх мэт эрхийг эдлүүлдэг. Эрхийн биелэлт хүнд суртлыг гааруулдаг, үүргийн биелэлт хариуцлагыг нэхдэг. Монголын төрийн нэр хүнд муу байгаагийн, ажил нь явахгүй байгаагийн нууц энд байгаа юм биш үү!
- Монголд мөнгөний биш хариуцлагын хомсдол байна, манайх эрхийн биш үүргийн дутагдалд оржээ, хариуцлага хүлээдэг хүн алга боллоо гэж иргэд ярьдаг. Иргэд үнэнийг хэлж байна. Хуулиар хуяглаж, эрхэндээ эвдэгдсэн төрөө энэ байдлаас нь өөрчилье. Иргэддээ, хувийн хэвшилд, олон нийтийн байгууллагуудад эрхийн шилжилт хийе. Төр нь үүрэгтэй, иргэд нь эрхтэй байдаг эв зохист нийгмээ байгуулъя.
Төрийн захиргаанаас иргэний удирдлага руу бид шилжих ёстой. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Манайд дарга үүрэг хүлээгээгүй учраас хариуцлага үүсэхгүй байна. Хариуцлага байхгүй учраас үйлчилгээ байхгүй байна.
Манай улс иргэнээсээ илүү, бүр их эрхтэй төртэй. Иймээс ч төр нь баян, иргэн нь ядуу байгаа юм. Төрийн баян иргэндээ наалдахгүй байна. Өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн ойлгохгүй гэж ярьдаг. Өнөөдөр манай иргэн, төр хоёрын харилцаа ийм л байдалтай байна. Төр иргэний үүрэг эрхийн харьцаа зөв болж, тухайн нийгмийн ажил амьдрал өөдөлнө. Иргэн нь эрхтэй байх ёстой. Багийн дарга нь иргэнээсээ илүү үүрэгтэй, иргэнээсээ бага эрхтэй байх ёстой. Сум нь багаасаа, аймаг нь сумаасаа тийм харьцаатай байх ёстой. Орон нутгийн болон төр засгийн үүрэг, эрх хуулиар эрэмблэгдсэн байх учиртай.
Иргэндээ үйлчилдэг төр иргэнээсээ том байж болохгүй. Иргэнийхээ дээр байж болохгүй. Тэгвэл дарамт болдог. Иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн төр л иргэндээ дэмжлэг үзүүлж чаддаг. Иргэн нь үүргээ биелүүлээгүй төрөөс хариуцлага асууж чаддаг юм.
Үндсэн хуулинд заасан бүрэн эрхүүдийг үүрэг гэж үзье. Бусад хуулиар нэмж албан тушаалтанд, төрд эрх олгохоо зогсооё. Үндсэн хуулийн бус улс төрийн болон төрийн албан тушаалтны бүх эрх ямба, халдашгүй байдлыг хуулиар халъя. Бүх албан тушаалтныг үүрэгжүүлье, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцъё. “Үүргийн хувьсгалдаа урагшаа” гэж би УИХ-ын эрхэм гишүүн, шат шатны иргэдийн хурлын төлөөлөгч нэг бүрийг уриалж байна.
Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Эрх чөлөө хичнээн муудсан ч сайжрах тал руугаа байдаг. Эрх чөлөөт нийгмийнхээ ачаар төрд байгаа мууг бид хангалттай уудалж байна. Төрд муу байгааг, төр муу ажиллаж байгаа учир шалтгааныг ч харж байна. Эрх чөлөөгөө, энэ нийгмээ муу албатуудаас нь, муухайгаас нь шат дараалан салгах цаг болсон. Энэ бол эрин үеийн шаардлага юм. Ажлаа хийе.
Эрхэм гишүүд ээ,
100 жил ба төрийн алба: Би өнөөдөр хэлэх үгээ бэлдэж байхдаа түүхэн сурвалж бичгүүд, зарим мэргэдийн хэлсэн бичсэнийг үзэж харлаа. Тэдгээрээс нэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Монгол хүний төрийн тухай ойлголт их гүнзгий, эрхэмсэг, цэвэр нандин. Төрөө муу нэртэй байхаас их цээрлэдэг, төрийн хүнээс өндөр ёс зүй, шударга байдлыг хүсэн хүлээдэг. Төрөө хайрласандаа, тэнд муу юм тогтчих вий гэсэндээ төрийн албан хаагчдыг их шинждэг, муу бол жигшдэг, шүүмжилдэг. Ийм хандлага өнөөгийн манай ахмадууд болон иргэдэд ч байдаг. Төр гэдэг бол биднээс тусдаа юм биш. Бидний өөрсдийн бий болгосон, бидний нийтлэг сонирхолд үйлчлэх, нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг журмыг ялгамж үгүй хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс, үйлчилгээ гэх иргэншсэн ойлголт манай улсад тогтож хэвшиж байна. Ийм шалгуурт тэнцэж гэмээ нь манай төрийн албан хаагчид ажил үүргээ сэтгэл хангалуун гүйцэтгэх ёс суртахууны эрхтэй гэсэн үг.
ХХ зууны эхээр төрөө эмхэтгэж, төр түмэндээ хүчээ үнэлэх албан хаагчдаа ажилд авахдаа андгай өргүүлж байжээ. Тэр андгайд ингэж дурьдсан байх юм. “...төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана”. Өвөг дээдсийнхээ төр түмэндээ хүчээ өргөхийн тулд хэлж байсан энэ үгийг өнөөгийн манай төрийн албан хаагчид уншиж эргэцүүлэхэд гэмгүй байх. Төрийн хүн бол түмний төлөө гал барьдаг, хэцүү хүндийг хийх ёстойг энд үүргээ гэж хүлээж, тэр үүрэг сахилгаа зөрчихгүй байхыг бидний ахмад үеийнхэн нүдний цөцгий, зүрхний тольт мэт эрхэмлэж ариун журмыг сахин ажиллаж байсан байх юм. Энэ цагийн төрд ажиллах хүний шалгуур бол нийгмийн үнэт зүйлсийн ойлголт мэдлэгээр, албаны өндөр ёс зүй, мэргэшил, хууль журмыг алагчлалгүй хэрэгжүүлэх чадвараар тодорхойлогдох ёстой. Үүнд эс тэнцвэл бас тэнцэхийг хүсэхгүй бол өөр сонголтоор ажил амьдралаа зохиох түмэн боломж иргэдэд бий. Үүнийг төрд ажиллахыг эрмэлзэгчид, ажиллаж байгаа хүмүүс сайн ойлгох ёстой.
Манай төрийн алба Төрийн албаны зөвлөлөөсөө эхлээд болохгүй байгааг би нэг биш удаа ярьсан. Өнөөгийн байдлаар нь энэ байгууллагыг цаашид ажиллуулах боломжгүй. Иргэдтэй уулзаж байхад төрийн албаны шалгалт шударга бус болдог, шалгагчид төрд хэрэгтэйг нь биш өөрт хэрэгтэйгээ тодруулдаг, томилдогийг их шүүмжилдэг. Ингэж төв орон нутгийн ихэнх төрийн албаны зөвлөл төрийн биш харин “Өөрийн албаны зөвлөл” болж хувирсан. Үүнээс болоод олон аймаг суманд орон нутгийн удирдлагын ордон тухайн нэгжийн удирдлагын “гэр бүлийн” ордон гэж андуурмаар болсон байгаа. Манай удирдлагууд боловсон хүчнээ өөртөө, гэр бүлдээ, намдаа хэрхэн үйлчилснээр нь эрэмбэлж тодруулах явдал газар авсан. Ийм байдалд Их Хурал цэг тавих ёстой. Төрийн албаны хуулийг, төрийн албанд тогтсон буруу хэвшлийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба улс төрийн нам: 100 жилийн өмнөх түүхийг сөхөхөд бидний өвөг дээдэс нам байгуулахыг урьтал болгоогүй байдаг. Тэр үеийн соёлжсон ертөнцөөс тэд олон зүйлийг авсан. Таван яам байгуулахаас эхлээд мөнгөн тэмдэгт, утсан харилцаа, машин, оньсон техник, европ сургууль, банк санхүүгийн бүтэц, үйлдвэр үйлчилгээ, тогтмол хэвлэл гээд бусад газар дэвшилтэт гэгдэж байсан олон зүйлийг авчээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол амин чухал байсан тэр үед нам байгуулж талцахаас тэд болгоомжилсон ч байж болох юм. Монголын түүхийн өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал үйл явдал болох эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн энэ их ойн үеэр бид амжилт ололтоо ярихаас гадна, алдаа дутагдалдаа дүгнэлт хийхийг оролдож байгаа юм. Бас ирэх 100 жилийн эхэнд зайлшгүй шийдвэрлэх зарим асуудлаа нэрлэж шийдэл шийдвэрийн эрэл хайгуул хийж байна гэж би үзэж байна.
Нам тойрч хуримтлагдсан асуудал ойрын үед хэлэлцэх, шийдвэрлэх шаардлагатай нэг асуудал мөн. Энэ тухай яриа, хэлэлцүүлэг, шүүмжлэл нийгэмд өрнөсөөр байгаа. Би 2010 оны УИХ-ын чуулганы нээлтийн хуралдаанд энэ талаархи саналаа тодорхой хэлсэн. Нам бол манай орны хамгийн чухал зүйл биш. Нам бол байх боломжтой олон байгууллагын нэг. Намаас чухал үнэ цэнэтэй эрх ашиг гэж монголчуудад бий.
Намаараа талцаж амжилт ололтоо өмчлөх гэдэг хуучаасаа бид салж чадаагүй байна. Нам өмчлөх ёсгүй, нам хамаарах ёсгүй зүйлүүд аливаа иргэншсэн улс үндэстэнд байдаг. Өөрийн амжилт ололтоо өөртэйгөө биш намтайгаа холбодог хувь хүн байдаг. Намаа энхрийлж хашгиран уйлах зарим дарга гишүүдийг ч би ойлгож байна. Би намын дарга цэрэг явсан, сайн мууг нь мэднэ.
Монгол Ардын Нам олон жил ярьсан намын нэрнийхээ асуудлыг шийдэж чадсанд би талархаж байгаа. Ардчилсан Нам улс орныхоо хөгжил дэвшлийн сэдвээр бүтээлч, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бусад нам хүчнүүд ч бодол саналаа чөлөөтэй уралдуулж байна.
Улс төрийн намын тухай ойлголт түүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг зорилт, үйл ажиллагаа нь өнөөгийн бөгөөд ирж яваа цагийн шаардлагад нийцэхээ байжээ. Өнгөрсөн хугацаанд та бидний тогтоосон дүрэм журам, хууль тогтоомжийн сүүдэрт намууд маань нам царцжээ. Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй. Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна.
Шинэ цаг үе шинэ шийдлийг , шинэ зохион байгуулалтыг, шинэ намыг, шинэ бодлогыг шаардаж байна. Шинэ улс төр гэдэг бол асуудлын шийдлийг шинээр харахыг, шинэ арга барилыг, шинэ өнгө төрхийг хэлдэг юм. Эхлээд намын тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй. Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно.
Одоо намуудад нэрний биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна. Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. Намын өмч хөрөнгө, байрны асуудлыг ч шийдье. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье. Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба байгалийн баялаг: Өнгөрсөн зууны эхээр зарим хүний нүдэнд Монгол улс мөхөж байгаа юм шиг харагдсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Тэр гунигт тэмдэглэлийн эзэн монголын мууд нүд хурц, сайнд нь санаа хойрго байж дээ гэж боддог. Би монголоо мөхөж байсан гэх дүгнэлттэй хэзээ ч санал нэгддэггүй. Өвөг дээдсээ тэгэж дорд үзэж болохгүй. Алдас болно. Харин 100 жилийн өмнө монголчууд тэмцэж сэргэж байсантай бид бүгд санал нэгдэж байгаад баяртай байна.
Өнөөдөр 100 жилийн дараа манай орны тухай зарим шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байна. Ойрын ирээдүйд Монгол улсыг дэлхийд хамгийн хурдтай хөгжих орны тоонд оруулж байна. Би хувьдаа ийн дүгнэж байгаа хүмүүсийг монголын боломжийг өөдрөгөөр харжээ гэж үзэж байна. Харин тулгарч байгаа сорилтуудаа бид өөрсдөө шийдвэрлэх ёстой.
Манай орны хөгжлийн боломж, сорилтыг тойрсон ихэнх яриа байгалийн баялагтай холбоотой өрнөж байна. Монголчууд баялгаа зөв ашиглаж, хөгжиж дэвжиж чадна гэдэгт би итгэдэг. Учир нь энэ баялгийн эзэн нь би гэдгээ манай иргэд газар бүр улам илүүтэй мэдэрсээр байна. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл /бид лиценз гэж ярьдаг/ манай орны нийт газар нутгийн бараг тал хувийг бүрхэж байсан үе бий. Үүнийг иргэд ч их шүүмжилсэн. Төр ч тодорхой арга хэмжээ авсан. Одоо тэр хэмжээ 3 дахин буурч 15 хувиас доошилж явна. Гэхдээ бид санаа амарч болохгүй.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг отон хүлээгчид олон байгаа. Хийх ёстой ажлууд ч бий. Гадна, дотны хүмүүсийн гарт, цүнхэнд байгаа ашигт малтмалын зөвшөөрөл нэг бүрийг ажил хариуцсан хүмүүс шалгаж байгаа. Тодорхой дүгнэлт гарах учиртай. Мөн буцаагдсан нэг ч зөвшөөрөл эргэж олгогдоогүй байх ёстой. Дээрээс нь би саяхан монгол улсын хилийн бүсэд 200 км хүртэл газар нутагт ашиглагдаж байгаа ашигт малтмал, мөн олгогдсон зөвшөөрлийг нарийвчлан шалгах чиглэл өгсөн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын шинэ хууль гартал олгохгүй сунгах хуулийг УИХ-аас хурдан батлах хэрэгтэй.
Ашигт малтмал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд шийдэгдэж дуусах яагаа ч үгүй байгаа. Ашигт малтмалын багц хууль боловсрогдож байгаа. Бие даасан хуулиуд гарна. Бас олон хуульд өөрчлөлт орно. Нийтээрээ нээлттэй хэлэлцэж эрх зүйн зохицуулалтаа энэ салбарт чамбай хийх хэрэгтэй. Шинэ хуулиар баялгаа тусгай зөвшөөрөл нэртэй хуудас цаасаар арилждагаа зогсооно. Тусгай зөвшөөрлийг түрүүлж
ирсэнд нь олгодог замбараагүй явдлыг хална. Нээлттэй уралдаант шалгаруулалтаар олгодог болно. Энэ зарчмыг ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэсэн шат бүхэнд мөрдөнө.
Ашигт малтмалаар монголд бизнес хийе гэвэл нарийвчилсан төлөвлөгөө, гэрээ хийдэг болно. Тэр нь иргэдийн эрх, орлогын хуваарилалт, байгаль орчны асуудал, уурхайн хаалт хүртэл бүх зохицуулалтыг хамаарна. Ашигт малтмалтай холбоотой хамгийн эхний бөгөөд үндсэн зөвшөөрөл олгох эрх тухайн орон нутагт, иргэдийн эрхэнд хадгалагдана. Баялагтаа эзэн байх монголчуудын эрхийг баталгаажуулна.
Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдвэл монголын талын болон монголын аж ахуйн нэгжийн оролцоог 51 хувиас дээш байхыг шаардана. Гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгөө гаргаад хайгуул хийсэн ч бай монголын талын оролцоо 34 хувь, түүнээс дээш байхаар хуулийн төсөл боловсрогдож байгаа. Өмнө нь 51, 34 гэсэн тоонууд монголчуудын хувьд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар нь болно. Монголын талын эдлэх эрхийн эхлэх хувь болно. Энэ хувь өмнө нь зөвхөн стратегийн 15 орд дээр яригддаг байсан бол шинэ хуулиар бүх орд дээр хэрэглэгдэнэ. Эзэн нь баялгаа мэдье, бас баялгаа ашиглаж хөгжиж дэвжие гэж байгаа юм.
Би ашигт малтмалын хуулийн төсөлд хууль санаачлагчийн хувьд баримталж байгаа зарим зарчмуудыг нээлттэй хэллээ. Сонирхож байгаа хүмүүс мэдэж аваг. Баялагтаа эзэн байх иргэнийхээ эрхийг хангах, түүнийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санал хэлэлцүүлгүүд үргэлжлэх ёстой. Монголын ойрын ирээдүйн хөгжил дэвшил ашигт малтмалаас хамаарах юм бол бид энэ асуудалд онцгой анхаарах ёстой.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба орон сууц: Би манай нийгэмд ойрын үед шийдвэрлэх шаардлагатай байгаа зарим асуудлыг хөндөж, шийдэл талаас нь санаа гаргаж, түүнийг ажил хэрэг болгох тухай ярихдаа тэдгээрийг эрэмбэлэх гэж оролдсонгүй. Алийг нь ч түрүүлээд шийдсэн улс оронд хэрэгтэй тулгамдсан асуудал гэж ойлгож байна.
Одоогоор манай иргэдэд ялангуяа залууст, залуу гэр бүлд хамгийн хэрэгцээтэй шийдэх асуудал бол орон сууц. Энэ танхимд суугаа хүмүүс ихэнх нь орон байрны асуудлаа шийдсэн айл өрхийн төлөөлөл байгаа байх. Харин өөрийн гэсэн орон байргүй явсан үеэ та нар санах хэрэгтэй. Орон байртай болохоос илүү чухал зорилт байгаагүй тийм үе амьдралд байдаг. Аз жаргалант амьдралынхаа тодорхой хувийг аливаа хүн, гэр бүл орон сууцтай холбодог. Тийм зорилгодоо хүрч чадсан, хүрч чадах боломж байгааг харсан иргэд илүү бүтээлч, зорилготой, хариуцлагатай болдог. Ингэж орон сууцны асуудал зөвхөн айл гэрийн аз жаргалтай амьдралд төдийгүй, тухайн нийгэм иргэншиж төлөвшихөд, хариуцлагатай бүтээлч болоход нөлөөлдөг. Ийм нийгэм, ийм аз жаргалыг бий болгохын төлөө иргэд эрмэлздэг, ажилладаг бас түүнийгээ хайрладаг, хамгаалдаг юм.
Айл бүрийг олон өрөө байраар хангах тухай биш зөвхөн эхний гарааны өөрсдийнх нь хүч оролцоо, хөрөнгө санхүүгийн хүрээнд өөрийн гэсэн сууцтай болох нөхцлийг төр бүрдүүлэх ёстой. Би энэ талаар олон газрын туршлага, олон санаа сэдлийг судалсан, харсан. Манай нөхцөлд залуу гэр бүл болон хямд төсөр, бага, тохилог орон сууц шаардлагатай байгаа айл өрхөд зориулсан орон сууцны талбайн хэмжээг 40 квадрат метрээр тогтоож төрөөс онилсон бодлого явуулъя гэж байгаа юм. Ийм төсөл амжилт олох боломжтой юм билээ. Хүмүүсийн хэрэгцээнээс шалтгаалаад 20, 30-ийн хэмжээтэй ч байж болно.
Төр олон өрөөтэй, үнэ ихтэй, ашиг өндөртэй, тансаг байр сууцны бизнесийг бусадтай булаацалдах хэрэггүй. “Affordable” гэж ярьдаг боломжит жижиг, тохилог сууцаар иргэдээ олноор нь хангахыг бодох хэрэгтэй. Ийм санаачлагыг тусгай бодлогоор дэмжиж тийм төсөл хөтөлбөрт зориулж газар, дэд бүтэц, зам харилцааных нь асуудлыг төрөөс цогцоор нь шийдэхэд л болно. Бусад нь уг боломжийг ашиглах иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн асуудал.
Уг нь энэ асуудал хэдэн жилийн өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан. Одоо болтол тодорхой нүдэнд үзэгдэж, нийгэмд мэдрэгдэх ажил болж чадаагүй л байна. Нэг бол төрөөс ажил хариуцсан эзэд нь ажлаа хийж чадахгүй байна. Эсвэл төр хийх шаардлагагүй ажил, бизнестэй хэтэрхий хутгалдаж, иргэдийн амин чухал хэрэгцээг анхаарахгүй байна.
Би гэрэл цахилгаантай, халуун хүйтэн устай, зам талбай, тохижилттой тохилог байр зөвхөн нийслэлд тулгамдаж байгаа асуудал гэж бодохгүй байна. Ийм хөтөлбөр манай бүх хот суурин, тосгонд мөн аймгийн төв, сумын төвд хэрэгжих ёстой гэж үзэж байна. Зуун жил явж ирсэн шигээ манай иргэд данх халуун усаар (хүүхдээ унтуулчихаад) ээлжилж усанд орж биеэ угаадаг байдлыг халах ёстой. Үүнийг төрөөс шийдэж чадахгүй бол би асуудлыг тань шийднэ, намайг сонгооч гэж гүйлдэхээсээ бүгд ичих хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба сумын төв: “Шинэ сумын төв” төслийг ажил болгоё гэж би та бүхнээс уриалах гэсэн юм. Монгол хүний зарим нь гэрээ буулгаж байшинд амьдраад, мориноосоо бууж автобус машин унаад удаагүй байгаа нь үнэн. Монголчууд нүүдэлчин нь нүүдэлчнээрээ, суурин нь сууринаараа амьдрах хангалттай хугацаа тууллаа.
Манайд Улаанбаатарын монгол, хөдөөгийн монгол гэж хоёр монгол байхгүй. Ая тухтай, сайхан амьдрах хүсэл сонирхол хүн бүрт газар сайгүй бий. 1920-30-аад оноос эхэлж баригдсан энэ хэдэн сумын төвөө шинэчилье. Манай олон сумын төв ноорхой гэр шиг болоод удлаа. Бүр хичнээн үдэж будаж нөхөөд ч ихэнх нь засал авахаа больжээ. Зарим тохиолдолд хуучныг засах гэж оролдсоноос шинийг барьсан нь илүү үр дүнтэй байдаг.
Сум бүхэн сумын төвөө шинэчлэх төлөвлөгөө хийг. Шаардлагатай стандарт, шалгуурыг нь Засгийн газраас баталчих. Орчин цагийн шаардлагад нийцүүлж сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ясли, спорт, соёлын байгууламж, төрийн болон үйлчилгээний газрууд, тохижилт цэцэрлэг, орон сууц зам талбай гээд бүх зураг төслөө гаргаг.
Хамгийн шилдгээс нь, сайнаас нь, шалгуур хангаснаас нь төрөөс нэгдсэн бодлогоор уг төслийг хэрэгжүүлээд эхлэе. Хэзээ нэгэн цагт манай сум суурингууд орчин цагийн стандартад нийцсэн амьдрал ахуйтай болох нь ойлгомжтой. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагийг хүлээх биш одоо эхлэх хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба Нийслэл: Их Хүрээг Богдхаан Нийслэл хүрээ гэж нэрийдээд, соёмбо үсэгтэй шар торгон төрийн далбааг энд мандуулснаас хойш даруй 100 жил өнгөрчээ. Улаанбаатарт шийдэх асуудал олон бий. Нийслэлийн бүх төрлийн ачаалал урьд төлөвлөж байснаас доод тал нь 2 дахин хэтэрсэн. Дээд тал нь 600.000 хүнтэй байх ёстой хот, одоо 1.200.000 хүнтэй болжээ. Манай нийслэл, дүүргийн удирдлагууд 1990-ээд оны дунд үе хүртэл асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэдэг, бас үр дүнд хүрдэг байсан. Сүүлдээ чадавхи нь шавхагдаж асуудлыг шийдэх биш харин хүндрүүлж түүнээс ашиг хийх гэж уралдах нь нэмэгдсэн.
Нийслэлд манай орны хүн амын 40 хувь нь цугласнаас гадна, эрх мэдлийн 90 хувь нь төвлөрчихөөд байгаа юм. Орон нутгийн удирдлагууд нэгэнт төвөөс эрх мэдлийг нь өгөхгүй болохоор “ажил хийх гэж Улаанбаатар, амрах гэж Хайнань” явдаг замын зурагтай болж байх шиг байна. Нийслэлийн асуудлыг шийдье гэвэл хүний төвлөрөл, эрх мэдлийн төвлөрөл хоёртой асуудлыг холбож авч үзэхээс өөр аргагүй юм.
Нийслэлээс их дээд сургуулиудыг нүүлгэх тухай яриа өрнөөд удлаа. Нүүлгэж чадвал оюутан болон, дагалдах, үйлчлэх хүмүүс гээд 200 гаруй мянган хүнээр ачаалал багасах боломж бий. Дээрээс нь төмөр зам, тээвэр, агуулах гээд нэмбэл бас ачаалал хөнгөрнө. Шийдэх гол асуудал бол нийслэлд дагуул хотууд үүсгэх замаар төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэхэд оршино. Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль шүүхийн төв байгууллагууд, яам, агентлагуудыг шинэ дагуул хот руу нүүлгэх тухай ярьж байгаа юм. Ингэвэл дахиад 100-гаад мянган хүнээр нийслэлийн ачаалал багасна. Ингэж чадвал нийслэл хотыг тойрсон асуудлыг дорвитой, иж бүрэн шийдвэрлэхийн бодит эхлэл болно.
Ийм том шийдлийг дагаж улс төр эдийн засагт ч, улс орныхоо хөгжлийн хувьд ч, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөвлөлтөд ч өөрчлөлтүүд орж таарна. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг төр хангана гэсэн байдаг. Төр хийхээс өөр аргагүй ажил юм. Хамгийн гол нь ийм шийдэл хөгжлийн шинэ боломж бүрдүүлдэгийг мартаж болохгүй. Нийслэл хотод, нийслэлийнхэнд тулгамдаж байгаа асуудлыг улс орныхоо хөгжил дэвшлийн нэг шинэ боломж болгож хувиргая. Бүгдээрээ зориглоод ажиллаад үзье гэж би хэлэх гэсэн юм. Асуудлыг шийдэх гэвэл шийдэл олддог, шийдэхгүй гэвэл шалтаг мунддаггүй. Энд хүндрэл бэрхшээлийг тойрсон шалтаг шалтгааныг зөндөө тоочсон. Одоо шийдлийн тухай ярилцъя.
Нийслэл хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулъя. Энэ асуудлыг хариуцсан нэгж, албан тушаалтан бий болгоё. Бүр Засгийн газрын шадар сайдын мэдэлтэй, сонгуулийн дүнгээс хамаарч ажил нь өөрчлөгддөггүй, ийм ажлыг хийж бүтээх эрмэлзлэлтэй, чадвартай хүнээр ажлыг нь хариуцуулъя. Хот сууринаа өргөжүүлдэг, шинийг байгуулдаг шилдэг туршлага санаа, шийдлүүдийг уралдуулъя.
Нийслэлд тохиож байгаа хүндрэл, гамшгаас хожиж гарах иргэн манай улсад нэг ч байхгүй. Бүгд л хохирч байгаа. Наад зах нь Улаанбаатарын өвчин удам судрыг нь хүртэл хойшид зовоох болно. Нийслэл гамшгийн бүс болсон. Агаараас харагдахаа больсон. Газарт яваад нь аваарын гэрлээс өөр аврал үгүй болсон.
Нийслэл хот маань монголыг сайхан харагдуулдаг цаг байсан. Одоо муухай харагдуулдаг болсон. Монгол хүнийг байтугай, энд ажиллаж амьдрах гэсэн сайн санаатнуудыг үргээдэг, уур хараалыг нь бардаг газар болсон. Улаанбаатарын бохирдол, түгжрэл, гамшиг энд амьдрагсдад хортой төдийгүй, манай орны хөгжил дэвшлээс чангаагч хүчин зүйл болсон. Манай нийслэлийн утаа монголын өрсөлдөх чадварыг хойш татаж байна.
Ийм асуудлыг, бас миний өмнөх хэлсэн шиг зүйлүүдийг шийдэх гэж монгол улсад төр ажилладаг. Ард түмэн ч төрөө тэгэж байгуулдаг гэж би ойлгодог. Ард олон маань тэгэж итгэж та биднийг сонгож эрх мэдэл өгч, үүрэг хүлээлгэж, цалинжуулж байгаа гэж би ойлгодог. Тэд идэх уухаасаа, өмсөх зүүхээсээ илүүчилж бидэнд цалин өгч, бидний зарж буйг гаргадаг юм шүү. Монголын төр мөнх орших нь үнэн, харин төрд ажиллаж байгаа, ажиллах хүний боломж, бүрэн эрх, нас хязгаартай. Өнөөдөр тулгамдсан асуудлыг та бид-өнөөгийн бодлого тодорхойлогчид маргаашдаа үлдээж болохгүй. Тэр тусмаа төрд ирж өрмийг нь хамаад, хусман дээрээ ард түмнээ, хойч үеээ зодолдуулж, зовоож болохгүй. Өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг өнөөдөр энд сууж байгаа, хариуцлага хүлээсэн хүмүүс л шийдэх ёстой.

Эрхэм гишүүд ээ,

100 жил ба шударга ёс: Өнөөдөр бид өнгөрсөн зууны эхээр гарсан нэгэн их хувьсгалын тэгш ойд хүндэтгэл үзүүлж байна. Арваадхан хоногийн дараа Ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 20 жилийн чухал ойг Монгол улс бас тэмдэглэнэ. Шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад оролцсон нийт хүмүүст урьдчилаад баяр хүргэе. Баяр шилээ даран болж байгаа ч Та бидэнд шийдэх асуудал тоо томшгүй олон байна. Түүнээс хамгийн тулгамдсанаас нь цөөнийг өнөөдөр нэрлэж байгаа юм. Одоо бас нэг асуудлынх нь тухай хөндөх гэж байна. Би эдгээр асуудлыг дугаарлах гэж оролдсонгүй. Харин хөндөхгүй байж чадсангүй.
Шударга ёсны тухай бид чамгүй ярьсан. Бас зах зухаас нь шийдвэрлэх гэж бүгд л чармайж байгаа. Би нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэхэд чиглэсэн багц болон бас зарим хуулийн төслийг өргөн барьсан. Дахиад төслүүд ч бэлтгэгдэж байгаа. Эдгээрийн тухай би өнөөдөр ярихгүй. Би хүний тухай ярих гэсэн юм. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тухай. Бүр тодруулбал цагдаа, прокурор, шүүхэд олон жил ажиллаж байгаа хүмүүсийн тухай юм.
Нэг салбарт олон жил ажиллахын давуу тал бий. Туршлага хуримтлуулна. Ажлаа мэднэ. Үр дүн ч гардаг. Зарим албанд төр, ард түмэн итгэл хүлээлгэж насаар нь ч томилдог. Тэтгэвэрт гартлаа, хуулиар тогтоосон хугацаанд хүртлээ ажилла гэсэн үг. Хуулийн байгууллагад ажиллаж буй хүмүүс шударга ажиллаж байгаа гэвэл санал нийлэхгүй хүн гарах байх. Бас тэнд шударга бус хүмүүс ажиллаж байгаа гэвэл би санал нийлэхгүй.
Хуулийн байгууллагад тэр тусмаа цагдаа, шүүх, прокурорын байгууллагад хуулиар хүлээсэн үүргээ мэргэжил, ёс зүйн өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа олон албан хаагчид бий. Ажилдаа зөвхөн хууль, шударга ёсны зарчмыг хатуу баримталдаг цагдаа, шүүгч, прокурорууд олон байгаа гэдэгт би итгэдэг. Мөн хамт олон, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн туршлагатай ажилтнууд ч бий.
Гэхдээ энэ гурван байгууллагын хүрээнд ужгирсан олон асуудал бас байгаа. Ихэнхий нь шийдэж болно. Төр засаг шийдсээр ирсэн. Одоо, хойшид ч шийдэж таарна. Харин төдийлөн хөндөгдөөгүй үлдээд байгаа боловсон хүчний нэг асуудал бол цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг тойрсон яриа юм. Хөрөнгөжигсөд зөвхөн цагдаад ч байгаа юм биш шүүхэд, прокурорт ч бий. Цагдаа, шүүх, прокурорын хэлтэс тасгийн даргаас эхлээд аймаг, дүүргүүд, төв сууринд удирдах албыг олон дамжсан, ажил нь ахидаггүй атлаа, алба тушаалаа далимдуулж ард иргэдийг хохироодог, айлгаж дарамталдаг, хууль шударга ёсыг хамгийн их хөсөрдүүлэгч этгээдүүдийн тухай би ярьж байна. Хууль ёсны томилгоотой ч хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би хөндөж байна.
Төрийн нэрээр далайлгасан, бусдыг айлгаж хөрөнгөжсөн, “намайг хэн хэлэхэв”, гэсэн хэнэггүй ихэмсэг хүмүүсийн тухай яриа гараад удаж байна. Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг мөртлөө мөнгө хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан цагдаа, прокурор, шүүгч байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш энэ тухай өнөөдөр монгол сонсож байна.Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй.
Тэдний тухай иргэд ярьж байна. Хамт олон нь хүртэл шивэр авир ярилцаж байна. Сонин хэвлэлийнхэн ч бага сага бичиж байна. Тэнд болохгүй юм байгааг бүгд мэдээд, мэдрээд байна. Харин, ямар учраас үүнийг засах өөрчлөх талаар юу ч хийгдэхгүй явж ирсэн юм бэ! Бараг тийм бүдүүлэг авиртанг, хууль шударга ёсыг ингэж уландаа гишгэгчдийг өөгшүүлдэг, урамшуулдаг тогтолцоо манайд байгаа юм биш үү!Хэрэв тийм юм бол, энэ чөтгөрийн тойргоос бид салах ёстой. Ингэж байж улс орны ирээдүй баталгаажна, хөгжинө. Шударга ёсыг шударга бус аргаар тогтоохгүй. Нийгмийн нийтлэг сайн сайхан, үнэт зүйлийг муу аргаар бүтээж цогцлоохгүй. Үүнийг ямар ч ард түмэн, ямар ч нийгэм хүлээн зөвшөөрөх ёсгүй .
Бид юу хийх ёстой вэ? Би энэ байдлыг өөрчлөх талаар бодоод л явдаг. Зарим гарцыг санал болгоё. Бүгдээрээ шүүн хэлэлцье. Би ийм асуудлыг шийдвэрлэх гарц бүхнийг дэмжихэд бэлэн байна. Зарим орны туршлага ч бий.
Цагдаад хэлтсийн даргаас дээш, шүүх, прокурорт түүнтэй адилтгах албанаас дээш алба тушаал хашиж ирсэн, магадгүй 20-иос дээш жил ажилласан хүмүүсийг нарийн мэргэжлийн шалгалтад (аттестатчилал гэж ярьдаг) оруулъя. Хөрөнгө орлогыг нь нарийвчлан бүртгэе. Тайлбар танилцуулга авъя. Сард, жилд олдог орлогыг нь тогтооё. Дундаж гаргая. Манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогын дундажаас орлого нь давж байвал, тэр нь хууль ёсных бол, тийм хүнд хувийн бизнесээ хийхийг зөвлөж төрийн ажил албанаас нь чөлөөлье. Хууль бус бол шийтгэл хүлээлгэе.
Цагдаа, шүүгч, прокуорын хүнд хүчир албанд олон жил ажиллах бас амаргүй. Энэ бол бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирдог хүнд ажил. Ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргавал тухайн хүнд ноогдох тэтгэлэг урамшлыг нь төрөөс олгоё. Тийм, шударга ажилласан хүмүүст нэмж урамшуулал ч өгч болно. Энэ бүх боломжийн ард үлдсэн хэсгээс нь шударга, сайн ажиллахыг шаардъя. Хууль зөрчвөл хариуцлага тооцъё. Төр, ард түмний хууль ёсны шалгуурт нийцсэнийг нь дэмжье. Хамгийн гол нь залуу, чадварлаг, өндөр мэргэшилтэй, шударга, ёс зүйтэй энэ салбарын өсөж яваа ажилтнуудад зорьсон ажлаа хийх, алба тушаал дэвших, нийгэм улсдаа сайн сайхныг бүтээх боломж олгоё.
Би сая төрийн онцгой алба хашиж байгаа тодорхой хэсэгт хандаж хатуу үг хэлсэн байх. Бурууд нь хатуу, зөвд нь зөөлөн хандъя. Энэ асуудлыг шийдэх талаар эрхэм гишүүд, иргэдэд санал байгаа бол би сонсож хүлээж авахад бэлэн байна. Бусдын туршлагыг үзье харъя гэвэл ч болох байх. Нам, олон нийт, хэвлэлийнхэн ч өргөн хэлэлцүүлэг хийх нь зөв. Бүгдээрээ хэлэлцье, буруу зөвөө тунгаая. Бас асуудлыг шийдье, хууль шийдвэрээ ч гаргая.
Хангалуун, аз жаргалант амьдрал бол зөвхөн төрийн тэтгэлэг, мөнгөн дээр биш харин нийгмийн шударга харилцаанд суурилдаг. Ихэнх үймээн самуун, хувьсгал хуйвалдаан нийгмийн ядуурлаас илүүтэй шударга бус байдлаас болж дэгдсэн байдаг. Бидэнд тийм зүйл хэрэггүй. Хуулийн дагуу, хэлэлцэж ярилцаад нийгмээ сайжруулах, болохгүйг засаж өөрчлөх боломж байна. Сүүлдээ олон хувьсгал, амжилтын ой тэмдэглэсээр байгаад зарим нь залхаж байх шиг. Онцгойг нь тэмдэглэсэн шиг төрөөс тэмдэглэж, бусдыг нь тэмдэглэх хэсэгт нь үлдээсэн нь дээр. Харин би эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний энэ 100 жилийн ойг энэ зууны хамгийн чухал нь гэж бодож байгаа. Би өмнө нь хэлсэн. Аливаа их үйл хэрэг хүний л төлөө, хүний сайн сайхны төлөө хийгддэг.

Эрхэм гишүүд ээ.

100 жил ба Монголчууд: Бүтэн зууны өмнө бидний өвөг дээдэс улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоохдоо олон монголчуудынхаа хүчинд түшиглэсэн байдаг. Тарж бутарсанаа цуглаад ирэхэд тосоод авсан байдаг. Ингэж өнөөгийн бидний газар нутаг бүтэн болж, олон элгэн садан эргэн цугласан. Бид монгол улсын иргэнийхээ хувьд халх дөрвөд, казах, урианхай, захчин буриад хэн ч бай бүгдээрээ монгол хүн, бүгдээрээ л монголчууд. Монгол улсдаа амьдарч байгаа биднээс гадна дэлхийд монгол хүн, монголчууд бас цөөнгүй бий.
Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн.
–“Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” гэж монголчууд ярьдаг.
–“Монголын үрс маш олон болох болтугай” гэж ерөөл билгээ дэвшүүлдэг. Түүхэндээ бидэнд мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач гэж би урьж байна.
Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна. Би энэ үгийг зөвхөн монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм.
Монголчууд бидэнд Монгол газар нутагтаа сайхан амьдрахын тулд хийх ажил их байгаа. Шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд ч олон бий. Хүн ам зүй, удмын сан, эрүүл мэнд тойрсон асуудлаа бид ярих ёстой. Эдгээрийг бид өөрсдөө шийдэхгүй, хийхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй. Энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг монголын төр засаг шийдвэрлэхгүй бол өөр хэн ч шийдэхгүй.
Монголоо сайхан болохыг, Монголд хүн ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас харж хүлээж суугаад нэмэргүй. Монголынхоо гал голомтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо сайхан Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцохыг би уриалж байна.

Эрхэм нөхдөө, ард иргэд ээ,

Шинэ тулгар төр засгаа байгуулсан тэр үеийн манай төрийн бодлоготнуудын нэн тэргүүнд анхаарсан зүйлийн нэг нь гадаад орчин байжээ. Богд хаанаас 9 орны төрийн тэргүүнд захиа илгээж, улс төрийнхөө учир байдлыг тайлбарлаж хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, улс төр, хүмүүнлэг, гадаад бодлогын найрсаг харилцаа өрнүүлэхийг хүссэн байдаг. Ингэж зууны эхээр нэгээс эхэлсэн Монгол улсыг хүлээн зөвшөөрөх орны тоо нэмэгдсээр өдгөө манай орон НҮБ-ын гишүүн дэлхийн 161 оронтой дипломат харилцаатай болжээ. Монголчууд бусдын тус дэмийг авч хамтран ажиллаж байна. Бид ч бусдад тусалж дэмждэг боллоо. Манай энхийг сахиулагчид л гэхэд л гэхэд олон тив, халуун цэгт үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байна.
Манай орон улс түмний эрх чөлөө, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх хөдөлгөөний хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч орны нэгд зүй ёсоор багтаж байна. Ардчиллын хамтын нийгэмлэг Монгол улсад энэ хөдөлгөөний тугийг барих итгэл хүлээлгэлээ. Нийгмийн байгуулалдаа хувьсгал, шилжилт хийж, онож алдаж, сурч хэрсүүжиж яваа бидэнд бусадтай хуваалцах зүйлүүд бий. Харин бид бусдад багшлах заах бодол алга. Улс орондоо, ардчиллын орчин тойронд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж, ахиц дэвшил гаргаж чадвал бусадтай хуваалцах бидний бахархал тэр болно. Би энэ чиглэлээр өмнө нь ч санал санаачилга дэвшүүлж байсан, өнөөдөр ч зарим сэдвийг хөндлөө. Ярих зүйлийнхээ заримаас зохих удирдлага, хүмүүстэй санал солилцсон.
Манай нийгэмд удахгүй улс төрийн чухал кампани, хэлэлцүүлэг, өрсөлдөөн өрнөх гэж байна. Орон даяар өрнөх сонгуулийн кампанит ажил бол зөвхөн улс төрийн хүрээнийхэнд хамаатай зүйл биш. Нийт ард иргэд маань өнгөрсөн хугацаанд юунд анхаарч юу хийв, ямар ахиц дэвшил гарч, юуг хийж чадаагүй, бас юу хийх хэрэгтэй байгаагаа нийтээрээ хэлэлцдэг, ухаан санаагаа уралдуулдаг, сонголт чиглэлээ тодорхойлдог улс орны амьдралын, иргэд эрхээ хэрэгжүүлж, ардчилал ажиллаж байгаагийн чухал илэрхийлэл болдог хариуцлагатай үйл явц юм. Удаан дуншсан хууль журмаа ч гараа гаргаж байх шиг байна. Хамгийн гол нь тэдгээрийн хэрэгжилт чухал.
Муу хуулиас болж манай орны нэр, ардчилал хохироод байгаа юм биш, хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, цалин урамшил авсан, хуулиар хийхийг биш хийхгүйг урьтал болгосон, хувиа хичээсэн албаны этгээдүүдийн хариуцлагагүй, санаатай үйлдлээс үүдэж иргэд хохирдог, нийгэм бужигнадаг, улсын нэр сэвтдэг шүү. Асуудал гарвал албантушаалаар шагнах, толгой илэх зүйл байхгүй шүү гэдгийг эртхэн хэлье. Толгойгоороо л хариуц. Иргэн хүний сонгох сонгогдох эрхийн үйлчилгээ эндэл доголдолгүй хэрэгжих ёстой. Үүнийг хийж чадах нь ажиллах ёстой, чадахгүй нь явах ёстой. Дахин хэлье, алдах, дахиж биендээ найр тавих орон зай энд байхгүй шүү.
Бидний сайн сайхан биднээс л хамаарна. Монголын амжилт бол манай сая сая иргэдийн амжилт юм. Улам илүү өндөрлөгт тэмүүлэхийн тулд бид нийтлэг эрх ашигтаа нэгдэж сурах ёстой. Хэтэрхий хуваагдал, хэтэрхий талцал, хэтэрхий үгүйсгэл хэрэггүй. Үндэсний нийтлэг дархлаа, нэгдэж эвлэх чадвар хохирох ёсгүй. Бид нэгдэж чадахаа больчих вий, ингэж байж бусдын зугаа болох вий гэж бодогдох үе байдаг. Энэ байдалдаа бид дүгнэлт хийх ёстой.
Улс үндэстний маань эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн маань эрх эрх чөлөө, амгалан тайван, аз жаргалант амьдрал бидэнд бүхнээс чухал. Үүний төлөө бид ажилладаг. Энэ л бид бүхний ажил амьдралын утга гэж би ойлгодог. Монголын ард түмэнд сайхан ирээдүй бий. Их боломж бий. Учир нь манай ард иргэд хувь заяандаа эзэн болсон хүмүүс. Монголын төр ч иргэдээсээ үүсэлтэй. Тэдний сайн сайхны төлөө зүтгэх эрхэм зорилготой. Ард иргэдийнхээ эрх чөлөөт сонголтоор иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх шиг сайхан хувь тохиол хаана ч байхгүй. Бүгдээрээ нийтлэг эрх ашгаа хамгаалж, түүнийг тойрон нэгдэж улс орноо хөгжүүлж сэргээн мандуулахын төлөө зүтгэцгээе.

Миний Монгол мандан бадрах болтугай.

Монгол Улс Мөнх оршиг.

top


04/25/11

ХҮН ГҮРНЭЭС ГАРАЛТАЙ АРД ТҮМНҮҮД ЭНХИЙН ИХ НААДАМ ХИЙНЭ

Өнөө жил тэмдэглэлт олон их ой тохиож байгаа билээ. Түүний нэг Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг наймдугаар сарын 26-27-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Одоогоор 33 орны төлөөлөгчдийг уриад буй Энхийн их наадмын үеэр Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн урлаг, соёл, спортын өргөн хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ Дэлхийн энхийн удирдагчдын бага хурал, залуу удирдагчдын уулзалт, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо ярилцлага, туршлага солилцох зөвлөлгөөн болно.

Хүн гүрнээс гаралтай улсуудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэхүү томоохон наадмыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монголын Энх тайван найрамдлын холбоо, “Энх тайвны санаачилга”, “Дэлхийн энхийн их наадам сан” зэрэг дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагууд эрхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

МОНГОЛ УЛСЫН
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Олон нийттэй харилцах газар

top


04/21/11

ДЭЛХИЙН МОНГОЛ ТУУРГАТНЫ ИХ ХУРАЛДАЙ 8 ДУГААР САРД БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор энэ оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотно Дэлхийн монгол туургатны чуулганы 5 дугаар их хуралдай болно. Их хуралдайг Дэлхийн монгол туургатны чуулган холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү ТББ зохион байгуулагдаж, Хүндэт Ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Дэлхийн монгол туургатны их хуралдайг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байхаар тогтсон байна.

Энэ жилийн их хуралдай нь нийт монгол туургатны түүхэнд чухал үйл явдал болсон 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн 100 жилийн ойн жил Улаанбаатар хотноо зохиогдож байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд их хуралдайн үеэр монгол үндэстний соёл, урлагийн их наадам, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

top


01/25/11

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2011
ТОЛИЛУУЛГА


Монголын эдийн засгийн анхдугаар чуулган 2010 оны 2 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бид хамтдаа чадна” уриан дор амжилттай зохион байгуулагдсан билээ.

Анхдугаар чуулганаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийн засаг зэрэг улс орны амьдралд чухал нөлөө бүхий асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл 2 өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдэл, сэжүүр гаргасан нь амьдралд хэрэгжиж эхлээд байна.

Монголын Эдийн Засгийн Форум Төрийн бус байгууллага нь анхдугаар чуулганы нэгэн үр дүн болон мэндэлсэн бөгөөд одоо 2011 оны ээлжит чуулганыг зохион байгуулах ажилдаа ороод байна.

Монголын эдийн засгийн ээлжит чуулган урьдчилсан байдлаар 2011 оны 3 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол улсын хөгжлийн асуудлаар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд та бүхнийг 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дотор чуулганд оролцох хүсэлтээ форумын вебсайтаар зочлон, бүртгүүлэх хэсэгт нь орж бүртгүүлэхийг хүсье.

Та бүхний хүсэлтийг хүлээн авч 2011 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн дотор таны оролцох боломжтой эсэх талаар хариу өгөх болно.

Монголын Эдийн Засгийн Чуулганыг Зохион байгуулах хорооны хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Ерөнхий сайд А. Амарын гудамж
Үнэн сонины байр 4 давхар
Утас: 976-11-321051, 99057584, 99181752
Цахим хаяг: www.meforum.mn
Электрон шуудан: secretary@meforum.mn


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ХУРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР \төсөл\

Улаанбаатар хот
3 дугаар сарын 2-ны өдөр, Лхагва
08.00 – 09.00 Оролцогчдын бүртгэл
09.00 – 09.30 Нээлтийн ажиллагаа: МУ-ын Ерөнхий Сайд С. Батболд
09.30 – 10.30 Хүндэт лекц: Frankel/Roubini
10.30 – 11.00 Цайны завсарлага
11.00 – 12.30 Салбар хуралдаан
• СХ1: Хүний хөгжил: Мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт
• СХ2: Хөгжлийн бодлого: Хөгжлийн загвар, хүнд өгөөжтэй өсөлт
• СХ3: Хөгжлийн бодлого: Өрсөлдөх чадварын хэмжүүр, Кластер, Инноваци
12.30 – 14.00 Үдийн зоог
14.00 – 15.30 Салбар хуралдаан
• СХ4: Хүний хөгжил: Дээд боловсрол ба эрэлт хэрэгцээ
• СХ5: Хөгжлийн бодлого: Хотын хөгжил
• СХ6: Хөгжлийн бодлого: Төлөвлөлт, төсөв

15.30 – 16.00 Цайны завсарлага
16.00 – 17.30 Салбар хуралдаан
• СХ7: Хүний хөгжил: Нийгмийн хамгаалалын шинэчлэл
• СХ8: Хөгжлийн бодлого: Санхүүгийн зах зээл
• СХ9: Хүний хөгжил: Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр

17.30 – 18.00 Нэгдсэн хуралдаан, өдрийн тойм

19.00 – 21.00 Хүлээн авалт

3 дугаар сарын 3-ны өдөр, Пүрэв
09.00 – 09.20 Мэндчилгээ: МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж
09.20 – 11.00 Нэгдсэн хуралдаан: Давосын зочид “Байгалийн нөөц ба зөв засаглал”
11.00 – 11.30 Цайны завсарлага
11.30 – 13.00 Салбар хуралдаан
• СХ10: Засаглал: Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи
• СХ11: Засаглал: Компанийн засаглал/ТӨҮГ-ийн удирдлага
• СХ12: Дэд бүтэц: Санхүүжилт /Төр хувийн хэвшлийн түншлэл/

13.00 – 15.00 Үдийн зоог
15.00 – 16.30 Салбар хуралдаан
• СХ13: Засаглал: Төрийн албаны шинэчлэл
• СХ14: Засаглал: Бизнесийн таатай орчин
• СХ15: Дэд бүтэц: Орон нутгийн хөгжил

16.30 – 17.00 Цайны завсарлага
17.00 – 17.30 Нэгдсэн хуралдаан, өдрийн тойм
17.30 – 18.00 Хаалтын ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд С. Батболд
19.00 – 21.00 Хүлээн авалт

top


12/24/10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ

МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ


Өссөн гэр, төрсөн нутгаасаа алсад, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирэх шинэ оны мэндийг хүргэе.

НҮБ-ын хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын бодлого, мониторингийн газрын дарга С.Эрдэнэбилэг, “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Москва дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын дарга Д.Бадарч, АНУ-ын Силикон Ваалий компанийн мэргэжилтэн Ш.Баатар, Финляндын Аабо их сургуулийн багш, доктор Ц.Цэрэн-Онолт, Yahoo-гийн инженер Ч.Ганболд, Google компанийн мэргэжилтэн Б.Сувдмаа, Майкрософт компанийн инженер Л.Бат-Өлзий, БНСУ-ын Инчоны “Дусан” электроник компьютерийн үйлдвэрийн ажилтан Д.Базаррагчаа, Японы сумогийн их аварга М.Даваажаргал, Английн Лондон коллежийн оюутан Э.Энхмөрөн, Бангалор хотын бизнесмэн Х.Ганбат гээд хувь заяаныхаа эзэн болж харьд яваа мянга мянган Монгол иргэддээ Засгийн газрынхаа нэрийн өмнөөс, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилж байна.

Шинэ зууны эхний арван өндөрлөж, хоёр дахь арван эхлэх оны зааг дээр Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Та бүхэндээ хандаж байна.

Эх оронд тань өвлийн жавар хайруу ч хүмүүсийн сэтгэл халуун байна. Хорин жилийн тэртээх энэ л өдрүүдэд монголчууд шинэ амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсгим хүйтнийг үл ажран жагсан цуглаж, үгээ хэлж, эрх чөлөөтэй амьдралын замыг эргэлт буцалтгүй сонгож байсан билээ. Өнөөдөр Монгол улс өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо цэгнэн дүгнэж, ирэх 20 жилийн зорилго зорилтоо тодорхойлон харж байгаа үе.

Улиран одож буй онд ололт, амжилт, ахисан, алдсан нь юу байв гэдгээ дүгнэн хэлэлцдэг нь шинэ жилийн өмнөх энэ өдрүүд юм.

2010 онд эдийн засаг тогтворжлоо. Засгийн газар “Хүний хөгжил”-дөө анхаарч, ард олноороо анх удаа эцэг өвгөдөөсөө үлдээсэн байгалийнхаа баялгаас хишиг, хувь хүртэж эхэллээ. Монгол орон 65.000 иргэнээр бүл нэмж өнөр олуулаа боллоо. Сүүлийн 15 жилд байгаагүй арвин ургац авлаа. Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, шинэ орон сууцны хорооллууд баригдахаар боллоо. Европын стандарт, Канадын технологийг монголынхоо боломжтой салбаруудад нутагшуулахаар боллоо. Монгол хүний билэг, авъяас тодорч, спорт, урлагийн салбарт тив, дэлхийн олон аврагууд төрлөө.

Амьдрал дандаа сайхан байдаггүй учир алдаа дутагдал, хямрал зөрчил, саад бэрхшээл манай орныг тойрсонгүй. Хямралд өртсөн банк санхүү, дэд бүтэц, барилга, мал аж ахуй гээд эдийн засгийн олон салбараа сэргээх ажлууд үргэлжилсээр байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын өгөөж шим энгийн иргэдэд шууд мэдрэгдэхгүй байна. Ажилгүйдэл 8.6 хувь, ядуурал 35.2 хувьтай байгаа нь Засгийн газрын санааг зовоосоор байна. Оргилуун дарс, ууттай бэлэг, баярын бялуугүйгээр шинэ оноо угтаж байгаа айл өрхүүд ч байгаа гэдгийг бид орхиж мартаж болохгүй.

Амжилт болгоноо баталгаажуулж, алдаа бүхнээ эргэн засах нь өөдөлж дэвжих улс орны нэгэн шалгуур байх учиртай. Та бүхнийгээ эх орондоо эргэн ирэхэд улс орныхоо хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан байхын төлөө, нэг шат илүү өндөр болгож барихын төлөө, нэг ч болсон шинэ зүйлийг сэдэж хэрэгжүүлсэн байхын төлөө бид зүтгэж байна. Ажил амьдралаа дээшлүүлэх, сурч боловсрох гэж алсыг зорьсон Та нарыгаа эх орон, төр засаг чинь ямагт санаж, ирэх өдрийг чинь тоолон хүлээдэг юм шүү. Хэдийгээр хувь заяаны эрхээр өөр улсын иргэншилтэй болсон ч монгол хүний нэр төрийг өргөж, монгол эх орноо санагалзаж явдаг иргэдтэйгээ бид зүрх сэтгэлээрээ хамтдаа байдгаа хэлэхийг хүсч байна.

Өнөөдөр тусгаар Монгол Улсын минь 200 мянга орчим иргэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа гэсэн мэдээ бий. Ирэх жил болох шинэчилсэн бүртгэлээр энэ тоо улам тодорхой болно. Монгол төр иргэнээ нэг бүрчлэн бүртгэхийг чармайж байгаа тул Та бүхэн маань тусгаар улсынхаа бүрэн эрхт иргэн гэдгээ баталгаажуулж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах нь монгол хүн бүрийн үүрэг юм шүү.

Та нарын маань олсон хураасан, илгээсэн бүхэн ахан дүүсийн тань амьдралыг тэтгээд зогсохгүй улс орны хөгжлийг дэвжээж байна. Та бүхний минь шинэ санаачилга, шинэ хүсэл тэмүүлэл улс орныг маань урагш хөдөлгөх хүч болно.

Байнга биш ч гэсэн боломжтой үедээ би Та бүхнийхээ санал сэтгэгдлийг гадаад дахь монголчуудын блог, сайтуудаар орж судалж үздэг. Анхаарах, ажил хэрэг болгох олон санал санаачилга байгааг анзаарч хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг билээ. Монгол хүн дэлхийн нэр хүндтэй газруудад уригдан ажиллаж, шилдэг брэндийг бүтээлцэж байгаад омогшиж, Монгол залуус Харвард, Жоржтаун, Оксфордод суралцаж эрдмийн зэрэг хамгаалж, эх орныхоо нэрийг өргөн, билэг оюуныхаа хүчийг батлан харуулж байгааг бахдан биширч явдаг. Монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан дэлхийн хаана ч үнэлэгдэж чадаж байна. Гэвч 2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь яваагаа эргэцүүлж бодох ёстой. Бид хаана төрсөн, хэний үр сад билээ гэдгээ хэзээ ч мартах учиргүй.

Хүссэн үедээ эх орондоо ирж буцах нь цөөнгүй байгаад нь талархдаг. Өвгөдөө нутаглуулахад, хүүхдээ сургуульд ороход ирж амжихгүй, цагаан сар, шинэ жил, улсын наадмаар нутагтаа баярлаж чадахгүй гуниж яваа нь олон байгааг ч би мэдэрдэг.

Засгийн газар хүний нутагт байгаа иргэн бүртээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Тийм болохоор Хилийн чанад дахь иргэдтэйгээ хамтран ажиллах зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан гадаадад амьдардаг иргэдийн бүртгэл, судалгааны нэгдсэн мэдээллийн сантай болох, тэднийг эх орондоо эргэн ирж ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, мэдээллийн солилцоог түргэтгэх, төр-хувийн хэвшил, төр-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Зовлон бэрхшээл, хүнд хэцүү үед нь иргэддээ туслах зорилготой “Иргэдэд туслах сан” Гадаад харилцааны яамыг түшиглэн ажилладаг боллоо. Энэ онд гадаадад амьдарч буй монголчуудынхаа анхдугаар чуулга уулзалтыг эх орондоо зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан шинэ санаачлагуудыг ажил хэрэг болгох нь бидний үүрэг болон үлдсэн. Хилийн чанадад нарийн мэргэжил, туршлага эзэмшсэн иргэдээ эх орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөр боловсруулж, баталлаа. Энэ хөтөлбөр болоод монголчуудынхаа ажиллаж амьдарч байгаа орчинтой танилцуулах, тодорхой арга хэмжээнүүдийг авах зорилгоор Засгийн газрын төлөөлөгчдөө Герман, БНСУ-д ажиллуулав. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ олон байгаатай биечлэн танилцсан. Ирэх жил АНУ болоод бусад орнуудад ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Та бүхэнтэй уулзахаар очих Засгийн газрын төлөөлөгчдөд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаарай. Монголчууд бид нэгдэн нийлсэн, хамтдаа үедээ хүчтэй байж ирсэн билээ. Би та бүхнийхээ дуу хоолой, үзэл бодол, бүтээлч шүүмжлэлийг сонсож, шууд харилцаатай байх боломжийг технологийн дэвшил олгож Твиттэр, фэйсбүүкийн дансуудаа идэвхжүүллээ.

Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд өөрсдийн сонирхол, мэргэжлийн дагуу холбоо, нийгэмлэг байгуулах замаар эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах, улс орныхоо түүх соёл, хэл, иргэншлийг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа нь бахдууштай хэрэг юм. Британийн монголчуудын холбоо, “Цахим Өртөө Холбоо”, АНУ-ын Вашингтон, Чикаго, Сан Франциско, Денвер хот дахь монголчуудын холбоо, “Даяар Монгол” веб хуудас, Вашингтон дахь Монголын Соёлын төв, БНСУ дахь “Далайн салхи” нийгэмлэгийн үлгэр дууриалаар хотоороо, улсаараа, сургуулиараа эвлэлдэн нэгдвэл энэхүү төрийн бус байгууллагаар нь дамжуулан Та бүхэндээ хүрч ажиллахад дөхөм болно гэдгийг энэ дашрамд зөвлөе. Манай Засгийн газар олон улсын бүхий л төрлийн стандартыг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа тул ажил амьдралын сайн сайхан хэвшлээ эх орондоо үлгэр дууриал болгон нэвтрүүлэхийг ч хүсье.

Манай улсын өмнө асар их боломжууд, үзээгүй том сорилтууд тавигдаж байна. Монгол улс ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын он жилүүд болгон зарлалаа. Энэ бүтээн байгуулалтад сурсан мэдсэнээ харуулж, идэвхи санаачилгатай оролцоосой гэж энэ мэндчилгээгээр дамжуулан бүх монголчуудаасаа хүсч, урьж байна. Явах нэгэн өдөр байхад ирэх нэгэн өдөр бий гэж эцэг дээдэс минь цэцэлдэг билээ. Санаж сарвайх бүхнээ үлдээгээд харийг зорьсон өдөр байхад төрсөн нутаг, өссөн газар, аавын голомт, сайхан Монгол орондоо буцаж ирэх өдөр ирнэ. Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэхээр явсан та бүхэн маань эргэн ирж их үйлсийг жолоодон зүтгэх учиртай. Авдаг цалин нь дэлхийн жишигт биш ч нэмэгдэн өсөх боломж нээгдэнэ гэдэгт би итгэдэг. Монгол Улс маань хөгжлийнхөө шинэ гараан дээр ирээд байгаа энэ цаг мөчид манай төр засаг гадаадад боловсрол мэдлэг олж мэргэшсэн залуусаа эх орондоо ажиллах нөхцлөөр хангах нь зүйтэй гэж үзэж байна.

Улс орныхоо хөгжлийн талаар санаж бодож явдаг зүйлс, Засгийн газрын үйл ажиллагааны алдаа оноо, бодлого хөтөлбөр, авч буй арга хэмжээний талаарх үнэтэй санал сэтгэгдлээ Twitter.com/batboldpm, www.batbold.com, болон засгийн газрын info@open-government.mn, zuvlul@cabinet.gov.mn, zghma1@gmail.com гэсэн хаягаар ирүүлээрэй. Ажил төрөл, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно.

Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жил, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 90 жилийн билэг ерөөлтэй түүхт их ойнууд давхцан тохионо. Боломжтой нэгэн нь эх орондоо ирж, боломжгүй нь байгаа газар нутагтаа эдгээр тэгш дүүрэн ойн баяраа тэмдэглэж Монгол хүнийхээ омогшлыг мэдэрч, их түүхээрээ бахархан наадахыг хүсье.

Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсэж, сайхан Монгол орондоо хийж хэрэгжүүлэх шинэ санаачилга, шинэ тэмүүлэлтэй, дүүрэн хүсэл мөрөөдөлтэй ирнэ гэдэгт итгэж байна.

Усны урт, газрын холд суугаа Монгол ахан дүүс минь ээ! Эцэг өвгөдийнхөө гал голомтод эргэж тавтай морилоорой. Эх орныхоо их бүтээн байгуулалтыг гардан хийцгээе. Та бид хамтдаа эх орноо хөгжүүлж, эзний ёсоор амьдрах учиртай.

2010 оны 12 дугаар сарын 24

Хүндэтгэн ёсолсон:
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга

Сүхбаатарын Батболд

top


7/22/10

Г.Занданшатар сайд АСЕАН-ны уулзалтад оролцож байна

Ханой хотноо энэ сарын 22-23-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ны бүсийн чуулга /ARF/-ын Сайд нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада, ЕХ-ны төлөөлөгчдийг тэргүүлж буй БНУнгар Улсын Гадаад хэргийн сайд Мартоны Янош нартай тус тус уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Японы Гадаад хэргийн сайд ноён К.Окада-д Гадаад хэргийн сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргээд Монгол, Японы Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулан хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр тал нүүрс, ураны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо харилцан илэрхийлж, энэ чиглэлээр хамтарч ажиллахаар тохиров. Монголын тал Япон Улсаас үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд одоо хэрэгжүүлж эхлээд байгаа шинэ нисэх онгоцны буудлын төслийн дараагийн томоохон төслийг судалж ажиллахыг японы талд санал болгов.

Мөн хоёр тал ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр хэмжээний айлчлалын бэлтгэл, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хоёр талын харилцааны асуудлаас гадна бүс нутгийн өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн тавцан дах хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Эрхэмсэг ноён К.Окада-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг ноён К.Окада талархан хүлээн авав.

Гадаад харилцааны сайд БНУнгар Улсын Гадаад хэргийн сайд Мартоны Янош-тай уулзахдаа Монгол, Унгарын уламжлалт, найрсаг харилцаа шинэ агуулга, хэлбэрээр баяжиж, урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс ЕХ-ны нийгэм, эдийн засгийн салбарт мөрдөгдөж буй зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд ЕХ-ны гишүүн БНУнгар Улстай энэ чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа онцлов.
Монгол, Унгарын түүх, соёлын хэлхээ холбоог сурталчлах хүрээнд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх чиглэлээр хамтран ажиллах саналыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд унгарын талд тавив.

Түүнчлэн сайд Г.Занданшатар Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр, мөн ЕХ-ны удирдлагын Монгол Улсад хийх айлчлалын талаар н.Мартоны Янош-д мэдээлж, БНУнгар Улс Европын Зөвлөлийг даргалах хугацаанд Унгарын талтай энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

top


07/19/10

АНУ-ын ТНБД-ын нэгдүгээр орлогч айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг энэ 7 дугаар сарын 19-ний өдөр Монголд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт тус тус бараалхав.

Уулзалтуудын үеэр хоёр тал Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхийн зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нийтлэг үнэ цэнэд суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг бүхий л салбарт үргэлжлүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотолж, Монгол Улсын гадаад бодлого, Төв Ази болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын зарим асуудлуудаар санал солилцов.

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойг тэмдэглэсэнд АНУ-ын Засгийн газрын зүгээс дахин баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсыг Төв Азийн өргөн бүс нутагт ардчиллыг хөгжүүлж буй үлгэр жишээ улс гэж АНУ-ын Засаг захиргаа үздэгээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч онцлон дурдав.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг манай улсаас гадна Узбекстан, Казахстан, Киргизстан зэрэг орнуудад ажлын айлчлал хийсэн бөгөөд мөн Японд ажиллах юм байна.

top


07/16/10

НҮБ-ын суурин зохицуулагч итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад суух Суурин төлөөлөгч бөгөөд НҮБ-аас Монгол Улсад суух Суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Итгэмжлэх захидлаа гардуулав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, НҮБ-аас манай улсад үзүүлж ирсэн тусламж дэмжлэгт Засгийн газар болон Монголын ард түмэн талархаж байдгийг илэрхийлэв. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлан ажиллаж байна. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний 3 дугаар илтгэлийг танилцуулах ажиллагааг НҮБ-ын ЕНБД-ын туслах, НҮБХХ-ийн захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн товчооны захирал ноён Ажей Чибберийн айлчлалын үеэр буюу 8 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Хатагтай Сезин Синаноглу найрсаг дотноор хүлээн авсанд талархаад, “2012-2016 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг эцэслэн боловсруулах талаар Засгийн газар, НҮБ нягт хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн зудын гамшгийг арилгах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар урт хугацааны бодлого боловсруулахад НҮБ-ын зүгээс Засгийн газрыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

top


07/14/10

Монгол орон олон улсын хүний эрхийн тавцанд: цаазаар авах ялыг халахуй

Монгол Улс олон улсын тавцанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр улам их хүлээн зөвшөөрөгдөх байр суурь баримтлахын хэрээр НҮБ Эмнести Интэрнэшнл байгууллагатай хамтран тус улсад цаазаар авах ялыг халах хүчин чармайлтын ирээдүйн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

“НҮБ бүх улс орнуудаас цаазлах ялыг халахыг шаардаж үүнийг биелүүлэхэд гишүүн орнуудад туслахад бэлэн байна” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай Рана Флауэрз хүнийг эрхийн чиглэлээр НҮБ-аас Засгийн газарт дэмжлэг үзүүлэх илүү өргөн хүрээнд хамаарах тус хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхлэх Дээд комиссарын газрын ажилтан, Ноён Жэймс Хийнэн хэлэхдээ “Цаазлах ялыг халахын төлөө дэлхий дахинаа урт удаан хугацааны мятрашгүй чиг хандлага байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү нь цаазаар авах ялыг хуулиар эсвэл амьдрал дээр халаад байна. Монгол Улсыг оролцуулан бусад олон улс оронд цаазаар авах ялыг түдгэлзүүлж байна” гэж цааш нь ярилаа. Мөн цаазаар авсан ялын тоо дэлхий даяар буурч байгаа хандлагатай байна. Монгол Улсын хийсэн энэхүү алхам Азид тэргүүлэх үлгэр жишээ болж байгаа тухай Хүний эрхийн асуудал эрхлэх Дээд комиссар энэ оны эхээр мэдэгдэж байсан юм. “Харамсалтай нь Ази тивийн бүс нутагт цаазаар авах ялыг “харамгүй” гүйцэтгэдэг зарим улс орон байгаа адил энэхүү амин чухал асуудлаар зарчмын байр суурь баримталж буй Монголын адил олон орон бий” гэж мэдээллээ.

Цаазаар авах ялыг хүчингүй болгох үйл ажиллагааны зарим шалтгаан болон үүнийг хийх үйл явцад тус уулзалт дүн шинжилгээ хийсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид хүний амьд явах эрхийг хүндэтгэх Төрийн үүрэг, гэм буруугүй этгээдийг цаазлах эрсдэл (Монгол Улсаас авсан жишээн дээр), энэ шийтгэлийн балмад, зөрчилтэй мөн чанар зэргийг халахын төлөө олон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цаазаар авах ял нь хувь хүнийг гэмт хэрэг үйлдэхээс хашраадаггүй болохыг харуулсан олон судалгааг шинжээчид дурдаж байлаа. “Гэмт хэрэг үйлдэхээс түдгэлзүүлэх, холдуулах хамгийн шилдэг зам бол тухайн хүн хэрэг үйлдэхээсээ өмнө баригдах, яллагдах, шийтгэгдэх өндөр магадлалтай гэдгийг ухамсарлах явдал юм” гэж ноён Хийнэн ярив. “Үүний оронд төрд хүний амийг хороох боломж олгох нь зарим хүмүүст аллага үйлдэх нь ноцтой нөхцөл байдалд байж болно гэсэн ойлголт төрүүлж болох юм”.

Уг уулзалт хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол дахь Францын Элчин сайд, иргэний нийгэм цаазлах ялыг халахыг тууштай дэмждэгээ илэрхийлсэн. Эмнести Интэрнэшнл байгууллага цаазаар авах ялыг халахыг уриалахын хэрээр тус ТББ-ын тэргүүн, хатагтай Равдангийн Янжмаа: Цаазлах ялыг ихэвчлэн ялгавартай байдлаар буюу ядуу иргэд, үндэстний цөөнх, бага ястан, шашны бүлгийн гишүүдийн эсрэг тооны хувьд харьцаагүй үйлдэж байгааг судалгаа харуулж байгаа талаар ярьж байлаа.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхлэх Дээд комиссарын газар, Эмнести Интэрнэшнл, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Хоёрдугаар нэмэлт протоколыг яаралтай соёрхон баталж Монгол Улсад цаазаар авах ялыг бүрмөсөн хориглохын төлөө ажиллахыг уриалав.

top


07/07/10

ГХЯ, хандивлагчид хоорондын зөвлөлдөх уулзалт болов

“Монгол Улсын Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлаар Гадаад харилцааны яам, хандивлагчид хоорондын зөвлөлдөх уулзалт болов. ГХЯ өмнө нь яамд, хувийн хэвшилтэй хамтарч зөвлөлдөх уулзалт тус тус зохион байгуулж, тэдгээрээс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны "Зөвшилцөл" хурлын танхимд болж, манай улсад суугаа 11 орны элчин сайдын яам, 12 олон улсын байгууллага, хандивлагч нарын төлөөлөл оролцов. Уулзалтын нээлтээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үг хэлж ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар илтгэл тавив.

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан үндсэн зорилго нь худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хандивлагч орнууд болон олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцааг хэрхэн татах, харилцан үр ашигтай зохион байгуулалтыг бүрдүүлэх талаар оролцогчидтой санал солилцож, хамтын ажиллагааны хэлбэрийг баяжуулахад оршив.

Монгол Улсын Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг түргэсгэх зорилгоор үндэсний болон салбарын хэмжээнд “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг 2009 оны сүүлчээр Засгийн газар баталсан билээ. Уг хөтөлбөрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр болон олон талт хамтын ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөгжлийн зээл, тусламжийг оновчтой ашиглах, эх орноо гадаад зах зээлд таниулах гэсэн зорилтууд багтаж байгаа юм.

Гадаад харилцааны яам эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төрийн холбогдох байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, хандивлагчид болон олон улсын байгууллагуудын оролцоог бүрэн хангаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зарчмыг баримталж байна.

top


07/05/10

Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Дүрвэгсдийн дээд коммиссарын газрын Бээжин дэх Бүсийн төлөөлөгч ноён Джессепе Де Винсентиис 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Итгэмжлэх захидлаа гардуулав. Шинэ ажилд томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд түүнд баяр хүргээд НҮБ-ын ДДКГ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд ДДКГ-ын Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ноён Джессепе Де Винсентиис Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй, сайн харилцаагаа цаашид хадгалж, НҮБ-ын Дүрвэгсдийн Конвенци түүний нэмэлт протоколд Монгол Улсыг нэгдэн орно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, уг конвенци, протоколд нэгдэн орох явдалд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдав.

top


07/01/10

Саудын Арабын газрын тос, Эрдэс баялагийн сайд Али Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын засгийн газрын урилгаар Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Али Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Саудын Арабын Засгийн газрын гишүүний хэмжээнд хийсэн анхны айлчлал болсноороо ач холбогдолтой болов. Айлчлалын үеэр Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах гэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов. Хоёр тал цаашид хоёр орны эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, улс төр, бизнесийн албан айлчлалуудыг хөгжүүлэх, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Ноён А.И.Аль-Наими Саудын Арабын Цог жавхлант Ван Абдулла бин Абдулазиз Аль-Сауд болон Саудын Арабын Үе залгамжлах хунтайж Султан бин Абдулазиз Аль-Сауд нарын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлав.
Хүндэт зочныг хүлээн авагч Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайдтай албан ёсны яриа хэлцээ хийв. Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар тус тус хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд холбогдох асуудлаар санал солилцов.

top


07/01/10

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Vндэсний баяр наадмын хєтєлбєр

7 дугаар сарын 10. Бямба

8.00-10.40 Хязаалан насны морьдын уралдаан /Хvй долоон худагт/

7 дугаар сарын 10. Бямба

8.00-10.40 Хязаалан насны морьдын уралдаан /Хvй долоон худагт/
10.00-10.40Vндэсний сурын харвааны нээлт. /Сурын талбайд/

10.00-11.00 Тєрийн далбаа мандуулах ёслол, Цэргийн хvндэтгэлийн жагсаал /Сvхбаатарын талбай/

10.30-17.00 Vндэсний сарын хана харваа /Сурын талбайд/

10.30 Vндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баярт зориулсан “Монголын сайхан орноор” дvрслэх урлагийн уран бvтээлийн vзэсгэлэнгийн нээлт /Урчуудын эвлэлийн хорооны vзэсгэлэнгийн танхимд/

11.00 Шагайн харвааны нээлт, хэсгийн харваа

11.40-12.00 Эзэн Чингис хааны хєшєєнд хvндэтгэл vзvvлэх, жанжин Д.Сvхбаатарын хєшєєнд цэцэг єргєх ёслол /Сvхбаатарын талбайд/

14.00-16.30 Шvдлэн насны морьдын уралдаан Хvй долоон худагт

14.00, 17.00 Vндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойд зориулсан хvндэтгэлийн концерт /Нийслэлийн Соёлын тєв єргєєнд/

7 дугаар сарын 11. Ням

8.00-10.40 Азарганы уралдаан /Хvй долоон худагт/

10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа / Шагайн асарт/

11.00 Тєрийн есєн хєлт цагаан тугийг Тєрийн ордоноос Тєв цэнгэлдэх хvрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Vндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хєтєлбєрєєр явагдана/

11.50-15.00 Хvчит бєхийн барилдааны нэгийн даваа

14.00-16.40 Их насны морьдын уралдаан /Хvй долоон худагт/

13.30-16.00 Хvvхдийн барилдааны нэгийн даваа

13.30-14.00 Vндэсний сурын нэгдсэн vзvvлэх харваа /Сурын талбайд/

14.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

14.00-17.00 Vндэсний сурын харвааны хасаа харваа /Сурын талбайд/

15.20-18.00 Хvчит бєхийн барилдааны хоёрын даваа

16.20-18.00 Хvvхдийн барилдааны хоёрын даваа

18.30-23.00 “Улаанбаатарын vдэш” цэнгvvн /Сvхбаатарын талбайд/

23.00 Баяр наадмын ёслолын буудлага

7 дугаар сарын 12. Даваа

7.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан /Хvй долоон худагт/

9.00-13.00 Vндэсний сурын тvрvv харваачийг тодруулах харваа /Сурын талбайд/

9.30-11.00 Хvчит бєхийн барилдааны гурвын даваа

10.00 Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

10.00-11.00 Хvvхдийн барилдааны гурвын даваа

11.20.12.40 Хvчит бєхийн барилдааны дєрвийн даваа

11.20-12.40 Хvvхдийн барилдааны дєрвийн даваа

11.00-13.00 Дааганы уралдаан /Хvй долоон худагт/

14.10-14.30 Vндэсний сурын шилдэг 8 харваачдын vзvvлэх харваа /Тєв цэнгэлдэх хvрээлэнд/

14.30 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

14.30.15.10 Хvчит бєхийн барилдааны тавын даваа

15.10-15.20 Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд тvрvvлсэн харваачдад шагнал

ардуулна

15.20-16.00 Хvчит бєхийн барилдааны зургаагийн даваа

15.20-16.00 Хvvхдийн барилдааны тавын даваа

16.00 Тvрvvлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

16.20 Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хvvхдvvдэд бэлэг гардуулна.

16.40-17.10 Хvvхдийн барилдааны зургаагийн даваа

16.40.17.20 Хvчит бєхийн барилдааны долоогийн даваа

17.20.17.40 Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж “Начин” “Харцага” цолны болзол хангасан бєхчvvдэд цол олгож, vнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17.50-18.40 Хvчит бєхийн барилдааны наймын даваа

18.30-19.00 Хvvхдийн барилдааны долоогийн даваа

18.45-19.05 Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж “Заан” цолны болзол хангасан бєхчvvдэд цол олгож, vнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

19.0.19.30 Хvчит бєхийн барилдааны есийн даваа

19.45-20.00 Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж vндэсний их баяр наадмын хvчит бєхийн барилдаанд тvрvvлж, vзvvрлэсэн бєхчvvдэд цол олгож, vнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

20.05 Vндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж хаана.

20.10 Vндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Тєрийн есєн хєлт цагаан тугийг Тєв цэнгэлдэх хvрээлэнгээс Тєрийн ордон руу залах ёслол. /тусгай хєтєлбєрєєр/

7 дугаар сарын 13. Мягмар

10.00 “Дээлтэй монгол” аялал жуулчлалын нээлттэй єдєрлєг Сvхбаатарын талбайд болно.

11.00 Уяачдын баяр “Хvй долоон худаг” дахь морь барианы талбайд болно. /тусгай хєтєлбєрєєр /

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Vндэсний баяр наадмын єдрvvдэд бусад vзвэр, vйлчилгээний газруудын хєтєлбєр

Vндэсний Дуу Бvжгийн Эрдмийн Чуулга долдугаар сарын 9-13 нд

18:00 “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолт

12-нд 20.00 “Монголын сайхан орон” Vндэсний их найрал хєгжмийн концерт

13-нд 20.00 “Монгол бvжгийн гайхамшиг” бvжгийн концерт

Дуурь Бvжгийн Эрдмийн Театр

11-нд 17.00 Дж.Верди “Травиата” дуурь

“Аса” цирк

9,10нд 19:00 Vндэсний циркийн тоглолт

11-нд 14:00, 19:00 Vндэсний циркийн тоглолт

Нийслэлийн Соёлын тєв єргєє

10-13 нд 19:00 “Шилдгийн шилдэг” “Шинэ vе” продакшны хошин урлагийн тоглолт

13-нд 18.00 Польш улсын Ардын урлагын тоглолт

МVЭ –ийн Соёлын тєв ордон

9-13 нд 19:00 “Х-ТVЦ“ хошин урлагийн тоглолт

Vндэсний дуу бvжгийн “Тvмэн- Эх” чуулга

9-13 нд 18:00 “Ардын язгуур урлагийн дээжис” жуулчдад зориулсан vндэсний урлагийн тоглолт

Тэнгис кино театр

10-13-нд 10:30-19:00 Шинэ киноны єдрvvд

Єргєє синема” кино театр

I танхимд: 10-13-нд 12:00-22:10 Эзэнгvй бєгж /Уран сайхны кино/

II танхимд 10-13-нд 13:20 Iron Man 2 /Уран сайхны кино/

10-13-нд 11:40-22:30 Babies /Уран сайхны кино/

III танхимд 10-13-нд 11:10-22:20 The Karate Kid /Уран сайхны кино/

YI танхимд 10-13-нд 12:20-21:40 Kick Ass /Уран сайхны кино/

Монголын урчуудын эвлэлийн vзэсгэлэнгийн танхим

9-13-нд 10:00-19:00 “Монголын сайхан орноор” дvрслэх урлагийн уран бvтээлийн vзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

6-10 нд 09:00-18:00 “Монголын тєлєєх зvрх бvхэнд” гэрэл зургийн vзэсгэлэн

8-14 нд 09:00-18:00 Буриад уран бvтээлчдийн vзэсгэлэн

Vндэсний Тvvхийн музей

9-13 нд 9:30-17:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ

Байгалийн тvvхийн музей

9-13 нд 10:00-18:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ

Богд хааны ордон музей

9-13 нд 10:00-17:30 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ.

Занабазарын нэрэмжит Дvрслэх урлагийн музей

9-13 нд 10:00-18:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ.

9 -13нд 10:00- 18:00 Уран бvтээлчдийн vзэсгэлэн /“Арт” галерейд/

Улаанбаатар хотын Тvvх шинэчлэн байгуулалтын музей

9-13 нд 10:00-17:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ.

Хэлмэгдэгсдийн дурсгалын музей

9-13 нд 10:00-17:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ.

Чойжин ламын сvм музей

9-13 нд 10:00-20:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ

Оюун ухааны олон улсын музей

9,13 нд 10:00-17:00 Єєрийн сан хємрєгийн vзмэрээр vйлчилнэ

“Хvй долоо худаг”-т болох спорт, соёл урлагийн арга хэмжээ

11,12-нд 11:00-12.30 Поло спортын vзvvлэх тоглолт

11-нд 14:30 ЦЕГ-ын“Сvлд” чуулгын уран бvтээлчдийн тоглолт /морины барианы талбайд/

11, 12-нд 11:00; 14:00 ”Соёлын наадам” Ардын болон орчин vеийн урлагийн тоглолт

13-нд 11:00 Уяачдын баярт зориулсан Vндэсний Дуу бvжгийн эрдмийн чуулгын уран бvтээлчдын тоглолт

top


06/29/10

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛ ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУД РУУ ЧИГЛЭЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, БХҮХ (Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо), ХБЗ (Хангайн бүсийн зөвлөл: Үүнд Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл зэрэг аймгууд багтаж байна) хамтран энэ оны 6 дугаар сарын 24-25-ны өдөр “Хангайн бүсийн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2010”-ыг Эрдэнэт хотноо зохион байгуулж байна. “Хангайн бүсийн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2010” нь Монгол улсын Засгийн газрын баримталж буй бодлого, Засгийн газраас баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарыг хамруулан хуралдаж байна.

Чуулга уулзалтын зорилго нь Монгол Улсад Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүнийг бүс нутаг руу чиглүүлэх, бүс орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн нөөц, боломж, давуу талуудыг сурталчлах, Засгийн газрын болон хувийн хэвшлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болон орон нутгийн бизнесийн харилцаа, түншлэлийг өргөжүүлэхэд чиглэгдэж байна.

Чуулга уулзалтаас гадаадын хөрөнгө оруулалтын орчин, тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэх давуу тал, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэд технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломж зэрэг асуудлаар хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонсож, хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлоход чиглэгдсэн зөвлөмжийг гаргах юм.

Чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсад суугаа Франц, Англи, Казакстан Улсын элчин сайдууд, ОХУ, БНХАУ, АНУ, Голланд, Украйн, Европын холбоо зэрэг 300 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зочид, төлөөлөгчид оролцож байна.

top


06/25/10

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын ГХЯ, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс-ын ГХЯ-д хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Уг зөвлөлдөх уулзалтад манай талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн Газрын Захирал Б.Одонжил, бразилийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Ази, Далайн орнуудын Газрын Ерөнхий Захирал Франсиско Мауро де Холанда нар тус тус тэргүүлэн оролцов.

Монгол, Бразилийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвийн талаар зөвлөлдөж, олон улсын болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг талуудын бодит боломжид тулгуурлан уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, жуулчин зэрэг боломжтой бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамдын зүгээс дэмжин ажиллахаа хоёр тал илэрхийлэв.

УИХ дахь Монгол, Бразилийн бүлгийн дарга Ш.Сайхансамбуу, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ГХ-ны Дэд сайд Б.Болор, ХХААХҮ-ийн Дэд сайд Х.Золжаргал нар Монгол Улсад суугаа Бразил Улсын Элчин сайд Клодоалдо Угенейг зөвлөлдөх уулзалтын хүрээнд хүлээн авч уулзав.

top


06/23/10

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР ИТАЛИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ф.ФРАТИНИТЭЙ УУЛЗАВ

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол-Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болж байгааг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа улам эрчимжүүлэх бодлоготой байгаагаа илэрхийллээ. Мөн Европын холбооны стандартыг манай нийгэм-эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс эдийн засгийн томоохон арга хэмжээг Итали Улсад зохион байгуулах, соёл боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа захиргааны чиглэлийн мэргэжилтнүүдийг сургах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ф.Фраттини Италийн ГХЯ-ны ТНБД С.Кракси удахгүй манай оронд айлчилж, хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлж, БНИУ-ын Ерөнхийлөгчөөс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн мэндчилгээ болон түүнийг БНИУ-д айлчлахыг урьсан урилгыг албан ёсоор гардууллаа.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айлчлалынхаа хүрээнд БНИУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсотой уулзаж хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах италийн дэвшилтэд өндөр технологийг манайд нэвтрүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, бичил зээлийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг тодорхой асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Италийн Гадаад худалдааны комисс хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт ГХОГ-ын дарга Б.Ганзориг, Италийн Гадаад худалдааны комиссын дарга У.Ваттани нар гарын үсэг зурав.

Мөн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Парламентын гишүүн, Гадаад бодлого, шилжин суурьшигчдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Л.Динитэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, эрчим хүч, соёл, боловсрол болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Түүнчлэн сайд Г.Занданшатар Итали-Монголын худалдааны танхимаас Монгол Улсыг танилцуулах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Итали-Монголын худалдааны танхим өөрийн нэрэмжит шагналыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт гардуулав. Арга хэмжээний хүрээнд мөн Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Итали-Монголын худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

top


06/22/10

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ИТАЛИД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байна.
Их-8-ын нэг Итали Улсад Монгол Улсын Гадаад харилцааны сайд 17 жилийн дараа айлчлах үеэр Ром хотноо байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Хэ Чангчүйтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнсний ногоо болон мал аж ахуйн салбарт 40 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хөдөө, аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэд ерөнхийлөгч Ю.Омуратай уулзаж, манай улсын хүнсний баталгаат байдал болон Монгол мал хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Энэ үеэр тус байгууллагаас Монгол Улсад 2010-2012 онд хэрэгжүүлэх бэлчээрийн менежментийг сайжруулах төсөлд зориулж 11.4 сая ам.долларыг ирэх 12 дугаар сараас олгох шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.

Түүнчлэн, манай улсад өвөлжилт, хаваржилт хүндэрч олон аймагт хүнд байдал үүссэн үед НҮБ-ын ХХААБ-аас нийт 1,7 сая ам.доллар, ХААХОУС-аас 400,000 сая төгрөгийг тусламж олгосонд сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.
Айлчлалын үеэр мөн Италийн бичил зээлийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Грацианотой уулзаж, Монгол Улсын хувийн хэвшлийнхнийг бичил зээлд хамруулах боломжийн талаар ярилцав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айчлалын үеэр Ром хотын захирагч Жианни Алиманотой уулзан нийслэл хотуудын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Айлчлал амжилттай үргэлжилж байна.

top


06/22/10

“ЕВРАЗИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” ХӨТӨЛБӨРИЙН САЙД НАРЫН ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ОECD/-ын “Евразийн өрсөлдөх чадвар” хөтөлбөрийн Сайд нарын хэмжээний чуулга уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Парис хотноо оролцов. Уг чуулга уулзалтад ҮХШХ-ын дарга Ч.Хашчулуун, ГХОГ-ын орлогч дарга З.Баттүшиг мөн тус хөтөлбөрт хамрагдаж буй Афганистан, Казахстан, Киргизстан, Узбекистан, Таджикистан, Турменистан зэрэг улсын сайд нар, ЭЗХАХБ(OECD)-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бодлогын зөвлөлгөө өгөж Төв Азийн бүсийн улс орнуудын хөрөнгө оруулалтын орчныг боловсронгүй болгох, улмаар өрсөлдөх чадварыг сайжруулах, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжихэд оршиж байгаа юм.

ТНБД-га Д.Цогтбаатар Сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх өрсөлдөх чадварын судалгаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр ТНБД-га Д.Цогтбаатар ЭЗХАХБ (OECD) -ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ричард Баучертай уулзаж хөтөлбөрийн хүрээнд хийгдэх судалгаа, энэхүү судалгааг илүү гүнзгийрүүлж монголын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр судалгаа хийх боломжийн талаар санал солилцов.

Мөн энэ өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн (МЕДЕФ)-ээс зохион байгуулсан дугуй ширээний уулзалтад оролцов. Уг арга хэмжээнд францын 20 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд тэдгээрт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл боломжийн талаар танилцуулж, сонирхсон аж ахуйн нэгжүүдтэй хоёр талын уулзалтууд хийв.

top


06/18/10

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Кувейтын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт, Кувейт Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед Сабах Аль-Салем Аль-Сабах нар харилцан цахилгаан утас солилцов.

Монгол Улс, Кувейт Улсын хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Кувейт Улс нь Булангийн улс орнууд дотроос манай улстай албан ёсны харилцаа тогтоосон анхны орон юм.

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол, Кувейтын ард түмний харилцан ойлголцол бэхжиж, бие биеэ сайн мэддэг болсон төдийгүй, хоёр талын хооронд дээд хэмжээнд төлөөлөгчид тогтмол айлчилж байснаас гадна засгийн газрын гишүүний түвшинд төлөөлөгчид тогтмол солилцож байв. Цаашид улс төрийн түвшинд хүрсэн сайн харилцааг бэхжүүлэн, нийгэм, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хоёр тал зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс, Кувейт Улс 2009 онд байнгын Элчин сайдын яамаа харилцан нээхээр шийдвэрлэсний дагуу эдүгээ хоёр тал байнгын Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал үйл явдал болсон юм.

top


06/17/10

"ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БА СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ" ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

"Өнөөдөр Монгол Улсад баригдаж байгаа болон баригдсан нийт барилгын 94% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах, зорчиход бэрхшээлтэй, өөрөөр хэлбэл хүртээмжгүй байна" гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх болон нийгмийн үйлчилгээг хүртэхэд хамгийн том бэрхшээл болдог байна. Энэ асуудлыг зохицуулах хууль тогтоомж, стандарт боловсруулах, батлуулах ажлыг өнгөрсөн жилд хэрэгжүүлснээр 2009 оны 11-р сарын 27-нд холбогдох стандартууд батлагдсан бөгөөд "Хүртээмжтэй орчин ба стандартын хэрэгжилт" танилцуулах уулзалтыг Мерси Кор ОУБ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, Геодези зураг зүйн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх" төсөл хамтран зохион байгуулж байна.
Уулзалтанд Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний төвөөс 2009 онд батлагдсан "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төсөллөх заавар MNS 6056: 2009" болон "Иргэний барилгын төлөвлөлтөнд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин" Үндсэн шаардлага MNS 6055:2009 стандартуудын талаар төрийн яамдууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалагч байгууллагуудад танилцуулна. Мөн энэхүү стандартуудыг хэрэгжүүлж, Монгол Улсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, тэдний ажиллаж амьдрах, сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн орон болгоход хэрхэн хамтран ажиллах талаар авч хэлэлцэх юм. Уулзалтын үеэр Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний төвөөс өгсөн зөвшөөрлийн дагуу Мерси Кор Монгол ОУБ дээрх хоёр стандартыг хуралд оролцогсдод өгөх бөгөөд эдгээр стандартуудыг барилга, замыг төсөллөх барьж байгуулахдаа мөрдсөнөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй нэвтрэх, зорчих боломж бий болох юм.

Стандартуудыг мөрдөж ажиллан, зам талбай, орц гарц, хаалга, бие засах газар зэрэг олон нийтэд зориулсан бүхий л хэсгээ өөрчлөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтэд хүртээмжтэй болгохыг нийт хүмүүс, барилгын салбарынхан, үйлчилгээний байгууллагууддаа уриалж байна.

top


06/17/10

БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН ВИЗИЙГ БЭЭЖИН ДЭХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС АВАХ БОЛЛОО

Европын Холбооноос визний шинэ журам баталж 2010 оны 4 дүгээр сарын 5-наас мөрдөж эхэлж байгаатай холбогдуулан Бээжинд суугаа Унгарын Элчин сайдын яам визний мэдүүлгийг Монгол Улсад суугаа “Өргөмжит консулын газар”-аараа дамжуулан авахгүй болж байна.

Иймд Бүгд Найрамдах Унгар Улсад зорчихоор виз мэдүүлж байгаа монгол иргэд визний мэдүүлгээ Бээжинд суугаа тус улсын ЭСЯ-нд шууд хүргүүлэх шаардлагатайг анхаарна уу.

top


06/15/10

ГАДААДАД ХАРИЛЦААНЫ САЙД ЯПОНЫ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай улстай танилцах аялалаар хүрэлцэн ирсэн Японы сэтгүүлчидтэй уулзан асуултад нь хариулав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол-Японы иж бүрэн түншлэлийн харилцааны шат ахиулан хөгжүүлэх нийтлэг зорилтыг хэрэгжүүлэх, харилцааныхаа уламжлалт ололт амжилтыг бататган, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хоёр тал хүчин чармайлт гаргаж байгаад баяртай байна.

Бид Азид эвлэрэл, хамтын ажиллагаан дээр суурилсан Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулах тухай Ардчилсан намын дэвшүүлсэн санаачлагыг дэмжиж, түүнийг хөгжүүлэх хүрээнд чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагааны нийтлэг зарчмыг бий болгох, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх чиглэлээр Япон Улстай бүх талын идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна.

Япон Улс бол манай гурав дахь хөрш. Манай Улс далайд гарцгүй улс. Монгол Улс гадаад бодлогоо тодорхойлохдоо энэ орчин нөхцлийг тунгааж өрнө, дорны нийтлэг үнэлэмж хуваалцдаг өндөр хөгжилтэй улс орнуудтай “гуравдахь хөрш” гэсэн зарчмаар ойр дотно харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж ирсэн. “Гурав дахь хөрш” гэдэг нь аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн агуулгатай ойлголт юм. Япон Улсыг дорно зүг дэх манай хамгийн гол хөрш орон гэж үздэг. Энэ утгаараа Монгол-Японы харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд энэ харилцаанд Манай улс улс төрийн өндөр ач холбогдол өгч байдаг юм гэлээ.

top


06/15/10

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ЛИТВА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 15-ны өдөр ГХЯ-нд болов.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Литвийн талаас Гадаад хэргийн дэд сайд Сарунас Адомавициус нар тус тус тэргүүлэв. Анх удаа болж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол Улс 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүргийг Литва Улсаас залгамжлан авах бөгөөд энэ асуудлаар санал солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны ГХЯ-ны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт дэд сайд нар гарын үсэг зурав.

top


06/02/10

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭНЬ ЗЯБАОГИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн тухай хэвлэлийн бага хурал Төрийн ордны "Е" танхимд болов. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх О.Оч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга О.Энхтөр нар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултуудад хариулав.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн тухай Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээлэл


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал байв. Тиймээс энэхүү айлчлалд хоёр тал чухал ач холбогдол өгч сайтар бэлтгэсэн. Айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Айлчлалын үеэр Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхаж, Ерөнхий сайд С.Батболдтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Хоёр Ерөнхий сайдын албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов.


Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жил өнгөрч, харилцаа, хамтын ажиллагаа сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааны хүрээнд амжилттай хөгжиж буйг хоёр талаас санал нэгтэй тэмдэглэв.

Албан ёсны уулзалтууд, хэлэлцээний үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал чухал байр суурь эзэлсэн. Хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хоёр орны Ерөнхий сайд нар тохиролцлоо. Тухайлбал, манай улсад уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийг гүн боловсруулж хятадын болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, транзит тээврийн асуудалд, далайд гарах боомт гарцыг нэмэгдүүлэх зэрэг гол гол асуудлыг манай талаас тавьсан бөгөөд хятадын тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн болно.


Айлчлалын үеэр хятадын талаас 50 сая юаний буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан олгох, батлан хамгаалах салбарт 10 сая юанийн тусламж үзүүлэхээр боллоо.


Айлчлалын үеэр хятадын Ерөнхий сайд уул уурхайн томоохон төслүүдэд хятадын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 500 сая ам долларын хөнгөлттэй зээлийн шугамыг нээхээ мэдэгдсэн болно.


Айлчлалын үеэр хамтын ажиллагааны холбогдолтой 9 баримт бичигт гарын үсэг зурсан болно. Үүний жагсаалтыг өчигдөр сэтгүүлчдэд тараасан байгаа.

Худалдаа, эдийн засгийн асуудлуудаас гадна соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ч мөн тодорхой ярилцсан. Ялангуяа залуучуудын солилцооны механизмыг бий болгох талаар хятадын тал анхаарлаа хандуулж буйгаа илэрхийлж, ирэх 5 жилд монголын 300 залуучуудыг Хятад улсад зочлуулахаар урьсан. Мөн 5 жилд 2000 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсноо мэдэгдсэн.


Мөн айлчлалын үеэр Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээний нээлтэд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцлоо. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг дагалдаж хятадын 160 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид тус бизнес уулзалтад оролцож байна. Уулзалт, зөвлөлдөөн одоо ч үргэлжилж байна.

БНХАУ-ын тууштай хүчин чармайлт нь эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулахад бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд чухал үүрэг гүйцэтгэж, хувьсан өөрчлөгдөж буй даяарчлагдсан дэлхийн эдийн засагт Хятад улс улам бүр чухал байр суурийн нэгийг эзэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд энэ чуулга уулзалтан дээр цохон тэмдэглээд Хятад улс өнгөрсөн хугацаанд дэлхийн нийтийн аж үйлдвэрийн нэг чухал төв нь болж чадсан бол одоо дэлхийн урт хугацааны өсөлтийн нэг эх үүсвэр болох зах зээл нь болж байгааг дурдлаа. Иймд энэ улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ая холбогдолтой юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэн Зябао Улаанбаатар хотод нээгдэж буй Хятадын Соёлын төвийн нээлтэд оролцов. Энэхүү төв хоёр орон, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, бие биенээ илүү сайн танин мэдэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн, хоёр орны эдийн засаг хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбаруудад нэгэн доор ахиц дэвшил авчирсан, хүмүүнлэгийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны суурийг тавьсан айчлал боллоо гэж дүгнэн үзэж байна. Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд өмнөд хөрш БНХАУ-ын зүгээс найдвартай дэмжлэг үзүүлнэ гэсэн итгэл үнэмшлийг бататгасан айлчлал болов.

Мөн хоёр талын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулан хөгжүүлэхэд дорвитой түлхэц өгсөн түүхэн айлчлал боллоо.

top


06/01/10

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭНЬ ЗЯБАО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ноён Вэнь Зябаогийн албан ёсны айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын манай улсад 16 жилийн дараа хийж буй айлчлал юм.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд угтан авч, Монгол хүүхдүүдэд эх үрсийн баярын мэнд хүргэж, хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэлээ. Хоёр улсын Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао “Баганат” танхимд байрлуулсан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой Төрийн ордонд ганцаарчилсан уулзалт хийв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын уулзалтаар хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жил өнгөрч, харилцаа хамтын ажиллагаа сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байна. Эхэлж буй шинэ жаранд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх чин эрмэлзлэлээ хоёр тал санал нэгтэй нотлож, хоёр улсын удирдагчдын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухал үүрэгтэй бөгөөд янз бүрийн түвшний уулзалтын давтамжийг хадгалж байх нь зүйтэй гэж талууд үзэв.
Мөн хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, манай улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулж экспортод гаргах, хоёр орны иргэд хоорондын харилцааны асуудлаар ярилцав.

Албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо

Монгол Улсад БНХАУ 50 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээг эхлүүлж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон дагалдан яваа төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлж тавтай зочлохыг хүслээ.
Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг хүндэтгэн хүлээж авсанд баярлаж байгаагаа ноён Вэнь Зябао илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр хоёр улсын хоорондын улс төр, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлыг хөндөж ярилцав.
Мөн бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудал, тухайлбал Зүүн Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов.
Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох Ерөнхий сайд С.Батболдын саналыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийн асуудлыг Ерөнхий сайд С.Батболд хэлэлцээний үеэр чухалчиллаа.
Хятадын нутаг дэвсгэрээр хийж байгаа транзит тээвэрт хятадын талаас хөнгөлөлт үзүүлэх, далайд гарах боомтын тоог нэмэгдүүлэх, хил орчмын бүсэд болон Тяньжин боомт, бусад боломжтой боомт хүртэл монголын авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг бий болгох эрх зүйн орчинг судлаж үзэх Ерөнхий сайд С.Батболдын хүсэлтийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нааштай хүлээн авч холбогдох байгууллагуудтайгаа ойрын үед ярилцана гэлээ.
Иргэдтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хоёр орны хууль, хяналтын ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэх, шууд харилцааг бэхжүүлэх, терроризм, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хятадын талд гардуулан өгсөн “Ялтан шилжүүлэх гэрээ”-г ойрын хугцаанд байгуулах саналтай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Уг асуудлыг судалж нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, манай улсад 50 сая юаний буцалтгүй тусламж, батлан хамгаалах салбарт 10 сая юаны тусламж үзүүлэх болсныг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Буцалтгүй тусламжийг хоёр улсын харилцан тохирсон төслүүдэд зарцуулна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутны хотхон”-ны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төслийг БНХАУ дэмжиж буцалтгүй тусламжийнхаа зохих хэсгийг зарцуулах, 5 жил дараалан жил бүр манай 60 залууг хүлээн авч айлчлуулж, Засгийн газрынхаа тэтгэлгээр ирэх 5 жилд 2000 оюутныг нэмж сургахаар боллоо.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурлаа

Хилийн дэглэмийн тухай анх удаа гэрээ байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны хилийн дэглэмийн асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулж байна. Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.
Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэх юм.

БНХАУ 50 сая юаны тусламж үзүүлнэ

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тусламжийн хөрөнгийг хоёр талын харилцан тохиролцсон төсөлд зарцуулах болов.

Улаанбаатар хот Бээжингийн гудамжтай болно

БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамж байгуулах талаарх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд захидал солилцов.
БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын зам, талбайг Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Бээжингийн гудамж болгохоор тогтсон. Солилцох захидал байгуулагдсанаар хоёр улсын Засгийн газар хооронд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамжийг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Гаалийн хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ

Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав.
Протокол байгуулагдсанаар 1993 онд байгуулсан Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэхүү протоколын хүрээнд талууд гаалийн зөрчил болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, гаалийн үнэлгээ, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг солилцох боломжтой болох юм.
Түүнчлэн хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хамтарсан хяналт, шалгалт хийх, улс орны аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй химийн хорт, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодист тавих хяналтыг чангатгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай хамтран тэмцэх, харилцан боловсон хүчин илгээх, туршлага судлах, мэргэшил дээшлүүлэх чиглээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Нийт 800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах боломж нээгдлээ

Эрхэмсэг ноён Вэн Зябаогийн талаас 500 сая ам долларын хөнгөлттэй зээлийн шугамыг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300 сая ам доллар дээр нэмж олгох болсоныг мэдэгдсэн болно. Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Тухайлбал дэд бүтэц, ХАА-н салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх боломжтой юм. Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах өрсөлдөх чадвартай гарцыг аль болох олон байлгахыг эрэлхийлэх нь зүй ёсны сонирхол бөгөөд БНХАУ-тай холбосон, улмаар цаашлаад далайн боомтуудтай холбосон төмөр зам, авто замын сүлжээг хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Мал аж ахуй, хүнсний салбарт ялангуяа мах боловсруулах, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, хүнсний өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод гаргах чиглэлээр дээрх хөрөнгийг зарцуулах боломжтой гэж үзэж байна.

Цөмийн энергийн салбарт хамтран ажиллахаар болов

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Ингэснээр хоёр улсын салбарын байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээн хоёр улсын Гаалийн байгууллага хооронд салбарын асуудлаар мэдээлэл солилцох эрх зүйн орчинг бүрдүүлэх протоколд гарын үсэг зурав.
Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өгөв.

top


05/28/10

МОНГОЛ УЛС , ДОМИНИКАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ

Монгол Улс ба Доминиканы Бүгд Найрамдах Улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгон дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурав. Ийнхүү Доминиканы Бүгд Найрамдах Улс нь манай улсын дипломат харилцаа тогтоосон 150 дахь орон боллоо.

ДОМИНИКАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Доминиканы Бүгд Найрамдах Улс нь Карибын тэнгис дэх Антиллийн арлуудын хоёр дахь том арал болох Санто Доминго буюу Ла Эспаньёла арал дээр оршдог. Нийт газар нутгийн хэмжээ нь 48,730 хавтгай дөрвөлжин километр. Доминикан Улс нийт 9,794 сая хүн амтай, хүн амын 73 хувийг европ-африк гаралтан , 16 хувийг цагаан арьстан, 11 хувийг хар арьстан тус тус эзэлдэг. Албан ёсны хэл нь испани, хүн амын 95 хувь нь католик шашинтай юм.

Доминикан Улс тусгаар тогтнолоо 1844 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олсон бөгөөд энэ өдрийг үндэсний баярын өдрөө болгон тэмдэглэдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс. Тус улс Карибын тэнгисийн орнуудаас ардчилал, чөлөөт зах зээлийн системийг тууштай баримталж буй орны нэг. Нийслэл нь Санто Доминго хот.

Доминикан Улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний зэрэгцээ аялал жуулчлалыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байна. Газар тариалангийн салбар нь экспортод гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээгээр уул уурхайн салбарын дараа хоёрдугаарт ордог.

Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ /ДНБ худалдан авах чадвар/ 80,53 тэрбум ам доллар (2009). Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 75 ордог бөгөөд ДНБ-д хөдөө аж ахуйн салбар 10,5 хувь, аж үйлдвэр 21,3 хувь, үйлчилгээ 68,2 хувийг эзэлж байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ US$ 8300 (2009) ам доллар.

Экспортын хэмжээ нь 6,95 тэрбум ам. доллар (2008) бөгөөд гол түншүүд нь АНУ (58.1% ), Гаити (9.3% ), Нидерланд, Их Британи, Бельги зэрэг орон. Экспортын гол бүтээгдэхүүн нь никель, элсэн чихэр, алт, мөнгө, кофе, какао, тамхи, мах, өргөн хэрэглээний бараа зэрэг юм.

Импорт нь 12,14тэрбум ам.доллар(2009), гол түнш нь АНУ(39.2%), Венесуэл(7.7%),Тайвань (5.9%), Мексик(5.4%) Колумби(4.9%). Импортын гол бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, хөвөн, даавуун материал, химийн болон эмийн бүтээгдэхүүн.

Олон улсын байгууллагууд, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын гишүүн бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Америкийн улсуудын байгууллага болон бүс нутгийн интеграцийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

top


05/26/10

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛААС

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХООРОНД 2010 – 2012 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ-Т ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд 2010 - 2012 онд хамтран ажиллахаар тохиролцож байгаа юм.

Гадаад болон дотоод худалдааны бодлогыг уялдуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ДХБ, ГАТТ-ын хүрээнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тавьдаг худалдааны болон худалдааны бус хориг саадыг үгүй болгох, худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх арга зам хайх, олон улсын үзэсгэлэн яармаг, бусад арга хэмжээгээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн “Монгол бренд” бүтээгдэхүүнийг сурталчлах (нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн), гадаад зах зээлд таниулах цуврал арга хэмжээг хамтран зохион байгуулах, гадаад улс орнууд, олон улсын байгууллагатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хамтран дүгнэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шилдэг техник, технологи нэвтрүүлэх, загвар үйлдвэр, аж ахуй байгуулахад гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг татах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллана.

2010.05.27

“ЧХӨНАН” ХӨЛӨГ ОНГОЦНЫ ХЭРЭГ ЯВДЛЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧИЙН ТАВЬСАН АСУУЛТАД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ДАРААХ ХАРИУЛТЫГ ӨГӨВ

2010 оны 3 дугаар сарын 26-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэнгисийн цэргийн хүчний “Чхөнан” хөлөг онгоц живж, олон хүний амь эрсэдсэнд амь үрэгдэгсдийн гэр бүл, БНСУ-ын Засгийн газарт дахин гүн эмгэнэл илэрхийлж байна.


БНСУ хөлөг онгоц живсэн шалтгааныг тогтоох олон улсын шинжээчдийн баг бүрдүүлж ажилласныг зөв зүйтэй алхам болсон гэж үзэж байна. Олон улсын шинжээчдийн багийн дүгнэлт хөлөг онгоц живсэн хариуцлагыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс хүлээх ёстой гэж гарсанд Монгол Улс сэтгэл нэн зовниж байна.


Монгол Улс эл асуудлаарх БНСУ-ын байр суурийг ойлгож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэгээс гаргах шийдвэр, нэгдмэл байр суурийг хүндэтгэн дагах болно.


Энэхүү хэрэг явдлын улмаас Солонгосын хойг, Зүүн хойд Ази дахь нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд холбогдогч талууд асуудалд нухацтай, хүлээцтэй хандаж, түүнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдэгт Монгол Улс найдаж байна.

2010.05.26

top


05/04/10

MOНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНХАУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2010 оны 4 дүгээр сарын 28-ний өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдүүдэд хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Экспо 2010, Шанхай” –н нээлт, Монгол, Хятадын дээд хэмжээний хэлэлцээ, Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Зя Цинлиньтэй хийсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уулзалт болон бусад албаны арга хэмжээнд оролцов. ГХЯ-нд болсон айлчлалын тухай хэвлэлийн бага хурал дээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үг хэлж мэдээлэл хийв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
БНХАУ-ДТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙСЭН ТУХАЙ
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Улаанбаатар, 2010.05.04


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар 2010 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалд хоёр тал чухал ач холбогдол өгч сайтар бэлтгэсэн. Айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятадын /өнөөгийн болон ирээдүйн/ удирдагчидтай нөхөрсөг харилцаа тогтоож гүнзгийрүүлэх, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар санал солилцож, хоёр талын харилцааг шинэ жаранд шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар санал солилцох, сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд түлхэц өгөх үндсэн зорилготой байсан бөгөөд эдгээр зорилтууд бүрэн амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж байна.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаотай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон БХАУТЗЗ-ийн Үндэсний Хорооны дарга Зя Чинлин нар Ерөнхийлөгчид бараалхав. Хоёр орны төрийн тэргүүн нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин, цаашид хэрхэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жил өнгөрч, харилцаа хамтын ажиллагаа сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааны хүрээнд амжилттай хөгжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын удирдлагууд санал нэгтэй тэмдэглэсэн. Ирж буй шинэ жаранд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах талаар санал солилцлоо. Мөн хоёр улсын удирдагчдын янз бүрийн түвшиний уулзалтыг цаашид үргэлжлүүлэн давтамжийг хадгалж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа талууд тэмдэглэв.

Албан ёсны уулзалтууд, хэлэлцээний үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал чухал байр суурь эзэлсэн. Хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хоёр орны удирдагчид санал нэгтэй тохиролцлоо. Тухайлбал, манай улсад уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийг гүн боловсруулж хятадын болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, транзит тээврийн асуудад, далайд гарах боомт гарцыг нэмэгдүүлэх зэрэг гол гол асуудлыг манай талаас тавьсан бөгөөд хятадын тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн болно.

Айлчлалын үеэр хятадын тал манайд 40 сая юаний буцалтгүй тусламж үзүүлэх боллоо. Хятадын талаас өмнө олгосон болон сая үзүүлсэн буцалтгүй тусламжийг ард түмний аж амьдралд тустай, томоохон төсөлд ашиглах сонирхолтой байгаагаа манай тал илэрхийлсэн.

Худалдаа, эдийн засгийн асуудлуудаас гадна соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ч мөн тодорхой ярилцсан. Ялангуяа, үндэсний соёлын өвийг харилцан хамгаалах, хууль бусаар хил давсан эд зүйлийг эрж сурвалжлах, буцаах, тус тусын ард түмний бэлгэдэл болсон соёлын зүйлд хүндэтгэлтэй хандах талаар олон улсын тавцанд хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн. Айлчлалын үер соёлын салбарын хамтын ажиллагааны 2 баримт бичигт гарын үсэг зурсан.

Айлчлалын хүрээнд “ЭКСПО-2010. Шанхай” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Жилинь мужид зочилсон. Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг энэ муж нь манай улстай хамтран ажиллах, харилцаанаа өргөжүүлэх хүчэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд айлчлалын үеэр тус муж, манай улсын Дархан-Уул аймгийн хооронд шууд харилцаа тогтоож, цаашид тодорхой салбаруудад хамтран ажиллах талаар баримт бичиг байгууллаа.

Ерөнхийлөгч мөн ӨМӨЗО-нд зочилж, Хөх хот, Эрээн хотын байдалтай танилцав. Орон нутгийн удидлагуудтай хийсэн уулзалтуудын үеэр Монгол, Хятадын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж “гүүр” болж байдаг ӨМӨЗО-той цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа хилийн боомтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлд илүүтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар тодорхой ярилцсан. Мөн Хөх хотод анх удаагаа зохион байгуулагдаж буй Монгол Улсын Соёлын өдрүүдийн нээлтийн арга хэмжээнд оролцсон.

Бээжин, Хөх хотод зохион байгуулагдсан Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад тус тус оролцов. Ерөнхийлөгчийг дагалдаж явсан 40 гаруй манай аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, хятадын талын 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцсон томоохон хэмжээний бизнес уулзалт Бээжин хотноо болов. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ айлчлалын талаар товч танилцуулахын хамт Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчинг шинэчлэх жил” болгон зарлаж байгаа талаар мэдээлэн хоёр орны төр, засгийн зүгээс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин бий болгож буй таатай нөхцөл, бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хүчин чармайлт гаргаж ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлалыг бүхэлд нь “шинэ жарны харилцааны чиг хандлагыг тодорхойлсон” айлчлал гэж бид дүгнэж байна. Хоёр талын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулан хөгжүүлэхэд дорвитой түлхэц өгсөн чухал айлчлал боллоо.

top


05/02/10

Ц.Элбэгдорж: Хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд бий болно гэдэгт итгэлтэй байна

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотод айлчлах үеэрээ Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дарга Зя Цилиньтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Зя Цилинь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятад улсын удирдлагуудтай хийсэн уулзалт амжилттай болсонд баяр хүргээд, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу талархаад, саяхан Хөхнуурт болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, Хятад Улс хүнд гарз хохирол амссанд дахин эмгэнэл илэрхийллээ. Ерөнхийлөгч, Засгийн газар тодорхой тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэлээд, хүнд хэцүү цаг үед хоёр орны ард түмэн бие биедээ тусалж дэмжсээр ирснийг тэмдэглэв.
“Миний энэ удаагийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлал өндөр агуулга, ач холбогдолтой болж олон асуудлыг шийдэх эхлэлийг тавьж байгаад би болон манай төлөөлөгчид баяртай байна. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж, энэ ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Харилцааны нэгэн шинэ жаран эхэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжууд гарч ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншийн харилцаа эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байна. Мөн хоёр орны хооронд улс төрийн яриа хэлэлцээ эрчимжиж, өндөр дээр хэмжээний айлчлалууд тогтворжиж байгаад баяртай байдаг” гэлээ.
Ноён Зя Цилинь, хүнд хэцүү цагт туслалцаа үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр орны харилцааны талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна гэлээ. “Хэдийгээр өнгөрсөн жил дэлхий даяар эдийн засгийн хямралтай байсан ч манай улс 2008 оны эдийн засгийн үзүүлэлтүүдээ хадгалж чадлаа. Цаашдаа ч эдийн засаг хүчтэй өсөх хандлага байна. Манай улс сүүлийн 10-аад жил Монгол Улсын том хөрөнгө оруулагч хэвээр байна. Өнгөрсөн жил хоёр орны хооронд зорчсон иргэдийн тоо нэг саяд хүрч түүхэн шинэ амжилт тогтоолоо. Хоёр талын харилцааг хөгжүүлэх тухай Таны хэлсэнтэй санал нэг байна. Манай улс, Монгол Улстай уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзах үеэр Уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гуравдагч зах зээлд нийлүүлэх талаар Таны хэлсэн саналыг би дэмжиж байна. Томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, дэд бүтэц болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна” гэж ярилаа.
Монгол, Хятад хоёр улс давуу талуудаа ашиглан хамтран ажиллах хэрэгтэй гэдэг дээр уулзалтанд оролцсон хоёр тал санал нэгдлээ.

top


05/01/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , БНХАУ-д дарга Ху Жинтао нарын албан ёсны хэлэлцээний дараа хамтын ажиллагааны зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хятадын Засгийн газраас Монгол Улсад олгохоор болсон 40 сая юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, хятадын талаас Худалдааны сайд Чэнь Дэмин нар гарын үсэг зурав.

Мөн Улаанбаатар, Бээжин хотуудад харилцан соёлын төв нээх тухай Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон болон соёлын солилцооны хүрээнд 2010-2013 онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх Соёлын солилцооны төлөвлөгөөнд монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, хятадын талаас Соёлын сайд Цай У нар гарын үсэг зурав.

top


05/01/10

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын Дарга Ху Жинтао нар хэлэлцээ хийв

БНХАУ-д төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтах ёслол 5 дугаар сарын 1-ний өдөр Шанхай хотод болов.

БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг угтан мэндчилж, хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсны дараа хүндэтгэлийн тавцанд байр эзлэхэд Монгол Улс, БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа БНХАУ-ын хүндэт харуулын дарга илтгэл өргөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хүндэт харуулын өмнүүр явж мэндчилэв. БНХАУ-ын дарга Ху Жинтао мөн Тэргүүн хатагтай Х.Болормааг тусгайлан угтаж мэндчиллээ.

Угтан авах ёслолд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын ТББХ-ны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг төлөөлөгчид, хятадын талаас ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Шэнжэн, ХКН-ны ТХ-ны Тамгын газрын дарга Лин Жихуа, ХКН-ны ТХ-ны Бодлого судалгааны хүрээлэнгийн Ван Хулин, Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо, Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Чан Пин, Худалдааны сайд Чэнь Дэмин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хуняо нар оролцов.

Угтан авах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ хөрш зэргэлдээ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой урт хугацаанд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг сайшаан тэмдэглэв.

БНХАУ-ын дарга Ху Жинтао хэлэхдээ Монгол Хятадын ард түмэн удаан жилийн харилцаатай бөгөөд, Монгол Улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг гээд, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд амжилттай тэмдэглэн өнгөрүүлснийг дурдав. Тэрээр мөн, хоёр улсын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тус тусын язгуур эрх ашигт нийцэх бөгөөд, энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн хөгжил дэвшилд ч тустай болохыг цохон тэмдэглэв.

Харилцан тохирсон дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд санхүү, техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Хятад улсын зүгээс үзүүлсэн тусламжийг үр дүнтэй болгоход хамтран ажиллахыг санал болгов.

БНХАУ-ын дарга Ху Жинтао , тус улсын зүгээс Монгол Улсад шинээр 40 сая юаны тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэлэлцээний үеэр мэдээлэв.

Мөн хүмүүнлэгийн салбарын солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсыг бүс нутагтаа илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хятадын тал хүсэн хүлээж байгааг БНХАУ-ын дарга Ху Жинтао цохон тэмдэглэв.

БНХАУ-д анх удаа зохиогдож байгаа Шанхай Экспо дэлхийн үзэсгэлэн нь хөгжиж буй улсуудын өөрийгөө таниулж, сурталчлах чухал боломж болохыг тэмдэглэж, Монгол Улсыг энэ үзэсгэлэнгийн үеэр хятадын ард түмэнд өөрийгөө таниулах боломжийг өргөн ашиглахыг урив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад уул уурхай, мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байгааг мэдээлж, бэлэн бүтээгдэхүүнийг Хятад улс болон бусад зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай тээвэр, түүний дотор дамжин өнгөрөх тээврийн асуудал онцгой чухал байгааг тэмдэглэж, энэ талаар хамтран ажиллах санал дэвшүүллээ. Мөн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд БНХАУ-ын талаас арилжааны зээлийн шугам нээх боломжийг судалж үзэхийг хүсэв.

Мөн тэрээр, Монгол Хятадын хоорондын харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэхэд хоёр орны ард түмний түүх, ялангуяа үндэсний билэгдлийн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандах нь чухал болохыг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдаж байгааг сайшаав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт байгалийн гамшигтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал дэвшүүллээ.

Хэлэлцээрийн үеэр мөн бүс нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор Төв болон Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Хятад улсын талаас, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Хятадын харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх нь хоёр талын хамтын зорилт гэдгийг цохон тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ху Жинтаог тааламжтай цагтаа Монгол Улсад хариу айлчлал хийхийг урив.

БНХАУ-ын дарга Ху Жинтао, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд амжилт хүсээд урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад дахин айлчлахдаа баяртай байх болно хэмээн мэдэгдэв.

Хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал ӨМӨЗО-ны Хөх хотоос үргэлжлэх болно.

top


04/15/10

Санамж бичигт гарын үсэг зурав

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын захиргааны хооронд 2010-2012 онд хамтран ажиллах тухай Санамж бичигт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурав.
Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд Гадаад харилцааны яамны барилгын өргөтгөлд зориулж газар олгох, гадаад улсаас манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг байршуулах нэгдсэн хотхон байгуулах, Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамнаас туслалцаа, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тохиролцов.

top


04/12/10

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч, түүний гэргий, Польшийн төр, засгийн албаны хүмүүс онгоцны ослоор амь эрсэдсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл нар эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээв.

 

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН СЕЙМИЙН МАРШАЛ
ЭРХЭМСЭГ НОЁН БРОНИСЛАВ КОМОРОВСКИ ТАНАА

Варшав

Эрхэмсэг ноён Дарга аа,

Өнөөдөр буюу 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качинска болон Польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж зуурдаар амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.
Талийгаач Ерөнхийлөгч, түүний гэргий болон осолд өртсөн олон хүмүүс Монголын ард түмний дотнын андууд байсан бөгөөд Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэхэд тэдний оруулсан хавь нэмрийг Монголын ард түмэн дурсан хүндэтгэх болно.
Энэхүү эмгэнэлт осолд өртөж, олон хүн амь үрэгдсэнд эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэнд болон Польшийн ард түмэнд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот,

2010 оны 4 дүгээр сарын “10 ”

 

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН СЕЙМИЙН МАРШАЛ
ЭРХЭМСЭГ НОЁН БРОНИСЛАВ КОМОРОВСКИ ТАНАА

Варшав

Эрхэмсэг ноён Дарга аа,


2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качинска, Сеймийн дэд маршал Кшиштоф Путра, Сеймийн дэд маршал Ежи Шмайжински, Сенатын дэд маршал Кристина Бохенек болон парламентын гишүүд, польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж зуурдаар амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.

Эмгэнэлт осолд өртөж, олон хүн амь үрэгдсэнд тэдний ар гэр, төрөл төрөгсөд болон польшийн ард түмэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАМДИНГИЙН ДЭМБЭРЭЛ

Улаанбаатар хот,

2010 оны 4 дүгээр сарын “10 ”

top


04/02/10

ИРГЭН БҮРТ 1,5 САЯ ТӨГРӨГИЙГ ОЛГОХООР БОЛОВ

2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.

1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2011, 2012 онд үе шаттайгаар бэлнээр өгөх боллоо.

Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох хэлбэр

1.Тэтгэврийн болон эрүүл мэндийн шимтгэлийн төлбөрт :

Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд хамрагдах боломжтой. 2006 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар нийт хүн ам заавал даатгалын тогтолцоонд шилжсэн ч даатгалд хамрагдаагүй иргэд байсаар байна.
Иймээс хуулийн хүрээнд даатгалд хамрагдаж чадаагүй дээрх иргэдийн шимтгэлийн 4 жилийн төлбөрийг нөхөн төлж, иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон даатгалын сангаас тусламж, үйлчилгээ хүртэх эрхийг нээж өгч байна.

2. Эрүүл мэндийн үйлчилгээнд :

Энэ хүрээнд иргэд нэг удаа иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоо, эмчилгээнд ороход тодорхой хэмжээний төгрөгийн эрхийн бичиг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахаар боллоо.

3. Болосвролын үйлчилгээнд :

Иргэд болон суралцагсдад эрхийн бичиг олгож улмаар төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагсдад сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.
Мэргэжлийн ур чадвараар тэнцээгүй эсвэл мэргэжил нь зах зээлд хэрэгцээгүй болсон ажилгүй иргэдэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ур чадвар олгох сургалтад оролцох эрхийн бичгийг олгосноор шинэ мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох нөхцөл, бололцоо үүсч ажилгүйдэл багасахад түлхэц болно.

4. Орон сууц худалдаж авсны төлбөрт :

Эрхийн бичгийг орон сууц худалдаж авах урьдчилгаа, зээл болон зээлийн хүүнд тооцож олгоно. Энэ нь иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа бөгөөд “100.000 айлын орон сууц” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

5. Бэлэн мөнгө :

“Хүний хөгжил сангийн тухай хууль”-д хишиг, хувийг бэлнээр олгохоор заасны дагуу иргэн бүрт эхний ээлжинд 70,0 мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сараас олгож эхэлсэн бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулсны дараа 50,0 мянган төгрөг олгохоор ажиллаж байна. Монгол Улсын иргэн нь “Хүний хөгжил сангийн хууль”-д заасан нөхцөл, журмаар хишиг, хувь хүртэх хэлбэрийг сонгоно. Энэ нь тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах томоохон ач холбогдолтой.
2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн иргэн бүрт хишиг, хувь олгохдоо захиалгын хуудас тарааж саналыг нь нэг бүрчлэн авах, хишиг, хувь олгох хэлбэр бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.


ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус 20 дахь хуралдаан 2010 оны 4 дүгээр сар 2-ны өдөр болж Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай хэлэлцэв.
Нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
Ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд ахлах бөгөөд Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орлогчоор нь ажиллах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамдын газрын дарга болон бусад албан тушаалтан оржээ.

ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР

Тавантолгойн ордыг ашиглах нь ордын нөөц, нүүрсний олборлолт, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр байгуулах, тээвэрлэлт буюу төмөр зам, авто зам, эрчим хүч, усны хангамжийг шинээр бий болгох, бүтээгдэхүүн борлуулах, хилийн боомтын чадавхийг нэмэгдүүлэх болон хөрш орнуудын далайн боомтыг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, шинэ боломж бий болгох юм.

Тавантолгойн нүүрсний орд манай улсын хувьд хамгийн сайн судлагдсан ордын нэг бөгөөд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэд хэдэн удаа хийлгэсэн байна.

Нүүрсний нөөцийн ордыг олон улсад түгээмэл хэрэглэдэг ангилалд шилжүүлж тооцвол нүүрсний нөөц нэмэгдэх боломжтой. Ордоос жилд 15-30 сая тонн нүүрс олборлох боломжтой ч энэ нь төмөр замын тээвэрлэлт, усны хангамжаас шалтгаална.

Канад Улсын техникийн зөвлөх “Норвест” компани нь ордын уул, геологийн нөхцөл нь сайн судлагдаж, нөөц нь тогтоогдсон Цанхийн хэсгийн талбайг ойролцоо хэмжээний нүүрсний нөөц бүхий бие даасан хоёр хэсэгт хувааж ашиглах боломжтой. Бусад талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөөц нэмэгдүүлэх хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж зөвлөжээ.

Эрчим хүчний хангамжийг бүтээн байгуулалтын эхний үед болон олборлолтын үндсэн шатанд хэрхэн хангах, шинээр байгуулах цахилгаан станцын хүчин чадал, хөрөнгө оруулалтын нөхцөл, санхүүжилтын талаар хэлэлцээнд оролцогч компаниудтай дэлгэрэнгүй ярилцах боллоо.

Тавантолгойн ордын усны хангамжийг одоо тогтоогдоод байгаа газрын гүний эх үүсвэрээс төслийн дунд үе шат хүртэл хангах, түүнээс цааш шинэ эх үүсвэр ашиглахын тулд нэмэлт хайгуул судалгааг төсөлтэй зэрэг эхлэхээр төлөвлөжээ.
Тавантолгойн ордыг түшиглэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай улсын зорилго бөгөөд нүүрс угаах үйлдвэр байгуулж, хүчин чадлыг нь үе шаттайгаар өргөтгөх, коксын үйлдвэрийг гадны хөрөнгө оруулагчтай хамтран барихыг чухалчилж байна.

Ажлын хэсэг, “Эрдэнэс МГЛ” компани хамтран нүүрсний ордын геологийн судалгаа, орд газрын уул, техникийн нөхцөл, нүүрсний нөөц, дэд бүтэц, урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээ, холбогдох бусад мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ.

Геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Даланзадгад хотод зохион байгуулж, нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

top


03/10/10

Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болголоо

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв. Ерөнхий сайд С.Батболд ГХ-ны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм.
Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгосноор Олон улсын атомын энергийн агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх юм байна. Ийнхүү Монгол улсад азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох боломж бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

top


03/10/10

Европын стандартуудыг НҮБ-ын тусламжтайгаар Монголд нутагшуулахаар болов

Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь манай улсын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Хоёр тал Монгол Улс, ЮНИДО-гийн 2006 онд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. ЮНИДО-гийн Ерөнхий захирлын орлогч нь тус байгууллагаас Монгол улсыг үйлдвэржүүлэх чиглэлээр хийж байгаа судалгааныхаа явц байдлыг танилцуулж стандартын асуудалд ихээхэн анхаардагаа танилцууллаа. Бүгд найрамдах Казакстан улс ЮНИДО-гийн тусламжтайгаар Европын стандартуудыг бүхий л салбартаа цогцоор нь нэвтрүүлж хурдтай хөгжиж байгаад Ерөнхий сайд С.Батболд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Энэ саналын дагуу Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлж нутагшуулах чиглэлээр ЮНИДО туслалцаа үзүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

top


02/23/10

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАР НЬЮ-ЙОРКТ

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй буюу далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн газрын /UN-OHRLLS/ Дээд төлөөлөгч Ч.Диарра болон далайд гарцгүй хөгжиж буй зарим улсын Байнгын төлөөлөгч нартай уулзав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, тухайлбал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан ажиллуулж байгааг тэмдэглэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

ТНБД уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөлөл эмзэг эдийн засагтай орнуудад хүчтэй нөлөөлж буй, үүний тод жишээ нь Монгол Улсад тохиолдоод буй зудын гамшиг бөгөөд НҮБ-ын зүгээс холбогдох тусламж үзүүлж буйд талархал илэрхийлж, ЕНБД-аас дэвшүүлсэн гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын салбарыг Монгол Улсад байгуулах санал тавив. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах чиглэлээр Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулав.

ТНБД Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн ажиллагааг урагшлуулах, засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулахаар ажиллаж байгааг дурдаж, уг төслийн угтвар нөхцөл болсон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг Ч.Диарра-д гардуулав.

Ч.Диарра ДГХБО-ын судалгааны төвийг олон улсын хэмжээнд өргөнөөр хүлээн зөвшөөрснийг онцолж, энэхүү судалгааны төвийн талаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

ТНБД Далайд гарцгүй хөгжиж буй Балба, Казахстан, Лаос, Мали, Молдав, Тажикистан улсын Байнгын төлөөлөгч нартай хийсэн уулзалтын үеэр Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хэсгийг байгуулах, Судалгааны төвөөс 2010 онд хийх судалгааны ажлын сэдэв зэрэг асуудлаар санал солилцов.

top


02/02/10

Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван толгой” төслийн Ажлын хэсгийн хуралдааныг удирдаж үүрэг өглөө. Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газрын шийдвэрлэх ёстой олон зорилтын нэг нь “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх асуудал юм. 2009 онд “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх ажлын үндэс нь тавигдсан. 2010 онд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Юуны өмнө дэд бүтцийг бүрдүүлэх, улс төр, эдийн засаг болон гадаад дотоод асуудлаа тогтвортой байлгах нь нэн тэргүүний асуудал юм.

“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулахдаа иргэд, аж ахуйн нэгж мэргэжлийн байгууллагын дунд нээлттэй, ил тод хэлэлцүүлэг явуулж байж хамгийн оновчтой хувилбарыг сонгон шийдэх нь зүйтэй.
Энэ хувилбарынхаа дагуу бодлого, зорилтоо тодорхойлон боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барих хэрэгтэй гэв.

Дараа нь ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Д.Зоригт “УИХ-ын 2007 оны 12 дугаар сарын 40-р тогтоолоор стратегийн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үндсэн зарчим, удирдамжыг баталсан. “Таван толгой” төслийг боловсруулах Ажлын хэсэг 2009 онд байгуулагдсан. Түүнээс хойш олон улсын 11 компани, консерциумтай эхний яриа хэлэлцээгээ хийлээ.
Одоо:

• 2010 онд ордыг ашиглах тулгуур асуудлыг шийдвэрлэх.
• Хоёр дахь шатны хэлэлцээр хийх
• Сонгон шалгаруулалтыг дуусгаж гэрээ байгуулах ажил үлдээд байна гэв.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд “Бидэнд харгалзан үзэх, тооцох хүчин зүйл, тунгаах асуудал олон байна. Хамгийн шилдэг хувилбарыг л онож сонгох хэрэгтэй. Иймээс:
• Таван толгойг төрийн өмчийн компани байгуулан 100% өмчилж, түүнийг дагасан хувилбаруудыг түлхүү судлах,
• Кокс, хими, ган төмөрлөгийн зэрэг үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мастер төлөвлөгөөг боловсруулах,
• Урьдчилсан төлбөрийн асуудлыг анхаарах. Оюутолгойн төслөөс хэд дахин их хөрөнгө хуримтлуулах бодлого баримтлах
• Гадаадын томоохон оператор компаниудыг судалж гэрээ байгуулах боломжийг хэрэгжүүлэх
• “Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг 2010 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэх зэрэг үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

top


02/02/10

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 117 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон албаны хүмүүс жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

 

top


02/02/10

ДАВОСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2010 оны хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зохион байгуулагчдын урилгаар зарим арга хэмжээнд оролцов.

Чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 29-нд Давос хотын Дерби зочид буудалд зохион байгуулагдсан эрдэс баялаг, металын салбарын ирээдүйн хөгжлийн талаархи дэлхийн зөвлөлийн санаачлагын хүрээнд эрдэс баялаг ашиглахад олон улсын түвшинд баримтлах гэрээ хэлэлцээрийн жишиг загварыг бий болгох боломжийг сүүлийн 2 жил Давосын чуулга уулзалтаар авч хэлэлцэн судалж байгаа билээ. Энэ сэдвээр засгийн газар, хувийн хэвшил, олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон энэ удаагийн уулзалтад сайд Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрээр уул уурхайн чиглэлээр, ялангуяа эрдэс баялгаа үр өгөөжтэй ашиглаж байгаа улс орнуудын шилдэг жишээ, туршлагаас суралцахын ач холбогдлыг тэмдэглэж, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлага гарган ажиллаж байгааг уулзалтад оролцогсдод мэдээлж, энэхүү санаачлагын хүрээнд Монгол Улсад бүсийн хэмжээний уулзалт хийхийг сайд Г.Занданшатар санал болгов. Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил 6 жил удааширсан учир шалтгаан, уг хэлэлцээрийн ач холбогдлын талаар хуралдаан даргалагчаас хүссэний дагуу тодорхой мэдээлэл өгч уг төслийн болон уул уурхайн салбарын өөрийн улс орны эдийн засаг, ирээдүйтэй холбон ярив. Мөн өөрийн улс орны татварын орчны талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 30-нд хурлын төвийн байранд “Эдийн засгийн хөгжлийн төлөө хамтын ажиллагааны шинэ загварууд” сэдэвт хуралдаанд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зочноор оролцож, өнөөгийн нөхцөл байдалд гадаад түншүүдээс олгож байгаа албан ёсны тусламжийг үр өгөөжтэй ашиглахад хувийн хэвшил, засгийн газрын түншлэл чухал болохыг тэмдэглэв. Хувийн хэвшил, иргэний нийгмийн гадаад тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдэд зохистой оролцуулах явдал тухайн тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болхыг дэлхийн эдийн засгийн удирдагчид, бизнесийн төлөөлөгчид, мэргэжилтнүүдтэй санал солилцож үг хэлэв.


Сайд Г.Занданшатар Давосын чуулга уулзалтын үеэр Британийн хааны гэр бүлийн гишүүний нэг Йоркийн Гүн, Хунтайж Эндрю-д Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагнал гардуулав. Шагналыг талархан хүлээн авч хэлсэн үгэндээ Хунтайж Эндрю Монгол-Британийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өөрийн зүгээс хамаарах бүхнийг хийхээ илэрхийлэв.

Мөн тэрээр Норвегийн угсаа залгамжлагч Ханхүү Хаакон, Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сайд Гүнилла Карлссон болон бизнесийн хүрээнийхэн, судлаачидтай уулзаж, тэдэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, хэлхээ холбоо тогтоох боломж бололцооны талаар санал солилцов.

Гадад харилцааны сайд Г.Занданшатар ШХУ-ын Сант Мориц хотноо нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотноо тус улсын Цюрих, Аргови, Баль-Виль, Баль Кампань, Луцерн, Аппнцелл Род, Гларис, Обвальд, Нидвальд, Шафхаузен, Швиц, Цуг, Сант Галь, Ури зэрэг кантонуудыг хамарч ажиллахаар томилогдсон Өргөмжит консул У.Шварценбахад Өргөмжит консулын патент гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт оролцож Өргөмжит консулын патентийг ноён У.Шварценбахад албан ёсоор гардуулав. Ёслолын ажиллагаанд Сант Мориц хотын дарга болон тус хот, кантоны холбогдох газар, албаны удирдлага оролцов.

top


01/27/10

ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сард баталсан “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээ авах, улс орны хөгжилд бодитой үр дүн гаргахад Гадаад харилцааны яам ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаарх яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав. Уулзалтад яамд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ Гадаад харилцааны яам гадаад харилцаа, ялангуяа гадаад эдийн засгийн харилцааг үндэсний хэмжээнд зохицуулах чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудын энэ чиглэлийн ажлын уялдааг сайжруулах, “нэг цонх”-ны бодлогыг баримталж ажиллахын чухлыг тэмдэглэв.


Түүнчлэн “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”, “Гадаадын хөрөнгө оруулалтыг татах сурталчилгааг сайжруулах нь” сэдвээр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Уулзалтад оролцогчид тус уулзалтаас “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж гаргахаар тогтов.


Хөтөлбөрийн гол зорилго нь нэг талаас дипломат үйл ажиллагааны эдийн засгийн жигүүрийг нь түлхүү хөгжүүлэх, нөгөө талаас эдийн засгийн хөгжилд гадаад харилцааны сувгийг илүү эрчимтэй ашиглахад оршино. Ингэснээр гадаад харилцааг хөгжлийн бас нэгэн тулгуур хүчин зүйл болгох зорилтыг тавьж байна.

top


01/18/10

Цаг үеийн байдлын талаар мэдээлэл сонсч, зарим үүрэг чиглэлийг өгөв

Монгол улсын ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзан, цаг үеийн байдлын талаар мэдээлэл сонсч, зарим үүрэг чиглэлийг өглөө. Уулзалтанд Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон Их хурал дахь бүлгүүдийн дарга нар, байнгын хороодын дарга нар, холбогдох яамдын сайдууд оролцсон юм.

Шадар сайд М.Энхболдын мэдээлснээр, энэ өвөл хүйтэрч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү хэмжээний цас орсны улмаас нийт нутгийн бараг 90 орчим хувь нь цасанд дарагдаад байна. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндэрч, тэдгээрийн 97-д нь байдал онцгой хүнд байна.Засгийн газар шат дараалсан яаралтай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд дэлгэрэнгүй танилцууллаа.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ирэх өдрүүдэд байдал дахин хүндэрч болзошгүй байгаа бөгөөд хэд хэдэн газарт гамшгийн зэрэглэл нэмэгдэх магадлалтай болохыг тэрээр хэлэв. Байдал дахин хүндэрвэл, эхний ээлжинд 5,2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газар хийгээд байгаа юм байна. Улсын нөөцөн дэх өвс тэжээл, малын эм, биобэлдмэлийн нөөц багассан тул Засгийн газар холбогдох байгууллагуудад нөхөн бүрдүүлэлт хийх үүрэг өгчээ. Одоогийн байдлаар нөхцөл байдалд үнэлэлт өгөх үнэлгээний баг хөдөө орон нутгуудад ажиллаж байгаа юм байна.

Шадар сайдын мэдээллийн дараа, Их хурлын дарга Д.Дэмбэрэл, төсөв санхүү, хоол хүнсний хангамжийн талаар асууж хариулт авлаа.

Ерөнхий сайд С.Батболд, яамдын үйл ажиллагааг уялдуулах тал дээр анхаарч байгаа гэдгийг хэлээд,хавар болтол хүндрэлийг давахад 5-8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо хийсэн. Энэ тал дээр дэмжээрэй гэж Их хурлын даргад хандан хэллээ.

Ийнхүү мэдээлэл сонссоны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим үүрэг чиглэлийг өглөө. “Юуны өмнө одоо сайн тооцоо хийх хэрэгтэй байна. Малтай хэдэн айл өрх хаагуур өвөлжиж байна, хэдэн өрх хүнд байдалд байгаа, хэд нь хүндэрч болзошгүйг тоогоор нь гаргаж, эм тариа, эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа, хоол хүнс, түлш болон тээврийн асуудал гээд бүх зүйлийг орхигдуулалгүйгээр тооцоо судалгааг нарийн хийх шаардлагатай.

Би Улсын их хурлыг чуулганаа завсарлуулахаас өмнө өвөлжилтийн асуудлаар дахин нэг хэлэлцэж, улсын нөөцийн нөхөн бүрдүүлэлт болон түүний санхүүгийн асуудлыг ярилцаасай гэж хүсч байна. Өнөөдөр Засгийн газрын нөөц хөрөнгө багассан тул бензин түлш , хөрөнгө мөнгө гээд яаралтай шийдэх ёстой асуудал байгаа.

Улсын нөөцөнд байгаа, гурил хийхэд шаардлага хангахгүй буудайг цал алдалгүй малын тэжээл болгож орон нутаг руу явуулах хэрэгтэй байна. Тариаланчдын гар дээр ч мөн гурилын чанар хангахгүй буудай байгаа. Тэдгээрийг яаралтай худалдаж авч, малчдад өгөх нь хэн хэндээ хэрэгтэй байх болов уу.

Өнөөдөр манай улс орон даяар үүсээд байгаа нөхцөл байдалд бид өндөр түвшинд анхаарах хэрэгтэй. Малчиддаа туслах санаачилга гаргаж, аян өрнүүлж байгаа иргэд, байгууллага хамт олон, нутгийн зөвлөлүүдэд, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдад талархая.

Бид үүсээд байгаа нөхцөл байдлаас дүгнэлт хийх хэрэгтэй. Манай улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бодлого цоо шинэ хандлагаар явах цаг нь болсон гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Хүндрэхээр нь тусалчихдаг гэсэн энэ ойлголт байхгүй болох ёстой юм. Олон жил хадгалж ирсэн мал аж ахуйн бодлого муу байгаагийн, шалгалтанд тэнцэхгүй байгаагийн илрэл энэ боллоо. Тиймээс та бүхэн дүгнэлт хийж, шинэ бодлогоор ажиллаарай “ гэлээ.

top


01/18/10

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН,
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР
ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН
БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Эрхэм хүндэт элчин сайд нар,
Ноёд, хатагтай нар аа,

Юуны өмнө, хүчтэй газар хөдлөлтөд амь нас, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа Гаитийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгдье. Бид мөн хүмүүнлэг үйл хэргийн төлөө ажиллаж байгаад амь насаа алдсан НҮБ-ын ажилтнуудын ар гэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүнд эмгэнэл илэрхийлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ойр ойрхон давтагдах болсны хор хохирлыг бид бүгд амсаж байна.

Ноёд, хатагтай нар аа,

Монгол Улс ч мөн хүнд хэцүү байдалд ороод байна. Огцом хүйтрэлийн улмаас хүний амь нас эрсдэж, цас ихээр орсны улмаас малын бэлчээр дарагдаад байна. Олон улсын хамтын нийгэмлэг «зуд» гэж мэддэг болсон тийм байгалийн гамшиг нүүрлэсэн сарууд эхлээд байна. Иймэрхүү зудын байдал 1999-2002 онд манай улсад тохиолдож байсан. Тэр зуднаар олон арван хүн амь насаа алдаж, 11 сая мал осгож үрэгдсэн. Олон улсын хамтын нийгэмлэг тэр хүнд үед бидэнд тусламжийн гараа сунгаж, зудын үр дагаврыг арилгахад дэмжлэг үзүүлсэн билээ.

Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар зудын давтамж 10 орчим жилд нэг удаа тохиож байгаа тал байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ удаагийн хүнд өвлийг даван туулах талаар холбогдох арга хэмжээнүүд авч байна.

Улсын онцгой комиссоос малчдад эд материалын болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх аян, хөдөлгөөн өрнүүлэхийг нийт хүн ам, төрийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд уриалан ажиллаж байна.

Энэ аян хөдөлгөөний хүрээнд Гадаад харилцааны яам та бүхэнд мэдээлэл өгөх энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотноо байгаа та бид ч сүүлийн жилүүдэд байгаагүй их хүйтэн өвлийг мэдэрч байна. Цаг агаар олон аймагт рекорд тогтоох хэмжээнд хүйтэрлээ. Аймгуудын дийлэнх нь 50 хүртэл сантиметрийн цасанд дарагдаж, одоогийн байдлаар 776,7 мянган мал хорогдоод байна. Олон зам даваа цасанд дарагдан боогдоод байна.

Нийтдээ 19 аймгийн 198 суманд өвөлжилтийн бйдал хүнд, үүнээс 8 аймгийн 94 суманд байдал онцгой хүнд байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ нэг, хоёр дугаар сард цас нэмэн орж, улам хүйтрэхээр байна. Ингэвэл, малын бэлчээр, өвс тэжээл бүр хүрэлцэхгүй болж, улам их мал хорогдох аюултай байна.

Манай Засгийн газрын эн тэргүүний зорилт бол хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Малчид маань малаа аврах гэж яваад амь насаа алдаж байна. Тиймээс Засгийн газар хамгийн их хүндрэлтэй байгаа бүс нутагт улсын нөөцөөс өвс тэжээл хүргэж, малчид болон малыг нь өвөлжөөнд нь авран хамгаалах арга хэмжээ авч байна. Тээвэр, шатахууны зардлыг Засгийн газар хариуцан ажиллаж байна.

Хэдийгээр Засгийн газар, нийт иргэд бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа боловч цаг агаарын гамшгийн байдлын цар хүрээ, үргэлжлэх хугацаа бидний чадавхи, хөрөнгө нөөцийг шавхаж магадгүй байна.

Өнгөрсөн жил манай нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь гантай байсныг та бүхэн мэдэх байх. Өөрөөр хэлбэл, ган гачгийн улмаас манай бэлчээрийн нөөц ихээхэн хумигдсан. Үүний дээр, одоогийн их цас, хүйтэн цаг агаарын улмаас олон зуун мянган мал нэмж хорогдох аюул тулгараад байна. Хамгийн гол хүндрэл дөрөв, тав дугаар сард болно гэж тооцоолж байна.

Амьдралын цорын ганц эх үүсвэр болсон малаа алдах нь малчин айл өрхийн хувьд сүйрэл болно. Эдийн засаг, нийгмийн хор хөнөөл нь төсөөлшгүй их байх юм.

Ноёд, хатагтай нар аа,

Бид хүч чармайлт их тавьж байгаа боловч манай хандивлагчид, түншүүдийн нэмэлт тусламж, дэмжлэг шаардлагатай болж магадгүй байна. Монголчууд бид байгалийн гамшиг тохиолдож байсан өнгөрсөн үед манай найрсаг харьцаатай улс орнууд, байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч ирсэн, түүнд гүнээ талархаж явдаг билээ.

Хүний амь насыг аврахад шаардлагатай эн тэргүүний эд материал ач холбогдолтой болоод байна. Үүнд, дулаан хувцас, зөөврийн цахилгаан болон дулаан үүсгүүр, илчлэг ихтэй хүнс, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл зэрэг байж болох юм.

Манай малчид дохиолол, холбооны багаж төхөөрөмж сайтай байсан бол олон хүний амь насыг аврах боломжтой байсан гэж би бодож байна.

Бид аль болох олон мал аварч чадвал малчдын амьдралд учирч болох олон сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж чадах болно. Иймд хүнд хэцүү байгаа орон нутагт өвс тэжээл, нэмнээ хүргэх, малын өвөлжөө шинээр байгуулах шаардлага их байна.

Эцэст нь, одоогоор байдал гамшгийн онц байдал тогтоох хэмжээнд арай хүрээгүй байгаа хэдий боловч тун ойр байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс хэрэв гамшгийн байдалд хүрвэл юу хийж болох вэ гэдэг талаар бодож байхыг та бүхнээс хүсч байна.
Гэхдээ урьдчилан сэргийлэх нь байдал хүндэрсний дараахь эмчилгээнээс дээр гэдгийг бид бүхэн мэднэ. Тийм ч учраас манай малчид, тэдний амьжиргааны эх үүсвэр болсон малд учрах хор хохирлыг аль болох багасгах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажилд та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсч байна.

Та бүхэн цаг зав гарган ирсэнд талархаж байна. Тодруулах асуудал байвал манай холбогдох мэргэжлийн яам, байгууллагын төлөөлөгчид тодорхой хариулт өгөхөд бэлэн байна.

Баярлалаa

top


01/18/10

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт зориулан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэртэй танилцах аялал зохиов.


Г.Занданшатар сайд, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, ГХЯ-ны нэгжүүдийн удирдлаг, Улаанбаатар хот дахь ДТГ-ын тэргүүн болон ОУБ-ын Суурин төлөөлөгч нарын хамт Эрдэнэт хотод 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө хүрэлцэн ирж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй танилцав.

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат тус аймгийн тухай танилцуулга хийсний дараа төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр”-т хүрэлцэн ирж ил уурхай болон баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцав. Мөн өдөр зочид уран зургийн галерей болон “Уурхайчин” соёлын ордоны жужигчидийн концертыг үзэж сонирхсон болно.

Аялалын хоёр дахь өдөр ГХЯ-ны удирдлагаас бүрдсэн “Алтан Гэрэгэ”, ОУБ-ын Сурин төлөөлөгч, ДТГ-ын тэргүүн нараас бүрдсэн “Элч” багуудын хооронд гар бөмбөгийн нөхөрсөг тоглот болж, тэмцээн найрсаг уур амьсгалд өнгөрөв. Мөн төлөөлөгчид цана, тэшүүр, чарга зэрэг өвлийн спортын төрлүүдэд ур чадлаа уралдуулав.

Тус аялалын үеэр Элчин сайд, Суурин төлөөлөгч нар хөдөө орон нутгийн аж амьдрал, өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцаж, Г.Занданшатар сайд зарим улсын Элчин сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон болно.

top


01/18/10

МОНГОЛ УЛС ЗҮҮН АЗИ, ЛАТИН АМЕРИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГАНЫ УУЛЗАЛТАД НЭГДЭН ОРОВ

2010 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтын үеэр Монгол Улс тус олон талт чуулга уулзалтын гишүүнээр батлагдаж, нэгдэн оров.

ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол болон улс төр, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан албан ёсны яриа хэлцээний механизм бөгөөд эдүгээ энэхүү олон талт үйл явцад нийтдээ 33 орон багтаж байгаагаас 15 нь Зүүн Азийн, 18 нь Латин Америкийн орнууд болно. Манай улс ФЕАЛАК-т нэгдсэнээр энэхүү олон талт үйл явцын гишүүн орнуудын тоо 34 болов.

Дээрхи уулзалтад манай төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар тэргүүлэн оролцсон бөгөөд тэрээр манай улсыг ФЕАЛАК-т элсүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж үг хэлэв. Д. Цогтбаатар хэлсэн үгэндээ Номхон далайг дамнан өрнөж буй механизмд Монгол Улс нэгдэж, үйл ажиллагаанд нь оролцох болж байгаа нь Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн аливаа хоршил, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж буй манай улсын гадаад бодлого, эрх ашигт нийцэж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр ФЕАЛАК-ийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд Монгол Улс хамрагдаж, хөгжлийн олон асуудлаар туршлага солилцох сонирхолтой байгааг илэрхийллээ.

Монгол Улс тус чуулга уулзалтын хүрээнд Латин Америкийн орнуудтай махны экспорт болон уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ далайд гарцгүй орнуудтай хүчээ зузаатгах боломжтойг манай төлөөлөгчдийн тэргүүн онцлон дурдав.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жиечи, Тайландын Гадаад хэргийн сайд Биромя Касит, Камбожийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Хор Намхонг, Кубын Гадаад хэргийн дэд сайд Маркос Родригез Коста нартай тус тус уулзалт хийв.

Эдгээр уулзалтын үеэр талууд энэхүү олон улсын механизмын хүрээнд болон хоёр талын чиглэлээр идэвхтэй үргэлжлүүлэн хамтран ажилаж, бие биенээ харилцан дэмжиж байхын чухлыг санал нэгтэй тэмдэглэж байв. Тайландын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үэр Тайландын тал Монгол Улсад үзүүлж буй тусламж, дэмжлэгээ нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа онцолж, богино болон урт хугацааны сургалтад Монголоос аль болох олон суралцагсад хамруулахыг түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв.

top


01/14/10

Т.БАДАМЖУНАЙ САЙД “МОНГОЛ МАХНЫ ЭКСПОРТ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Монгол махны экспорт” сэдэвт арга хэмжээнд оролцов. Мөн Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазар, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал, Мах судлалын хүрээлэнгийн захирал Л.Ганпүрэв нар оролцон Монгол махны экспорт, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын тухай танилцуулж оролцогчдын сонирхсон асуудлаар харилцан санал солилцов.

Уг арга хэмжээнд Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 гаруй компаний төлөөлөгчид, Хятадын 50 гаруй аж ахуйн нэгжүүд, холбогдох албаны хүмүүс, Бээжинд суугаа Ази, Ойрхи дорнодын 20 гаруй ЭСЯ-ын дипломатууд оролцож Монголын талын мах экспортлогчдтой холбоо тогтоон, Монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлоход учирч буй бэрхшээлийн талаар ярилцаж, тэдгээрийн арилгах арга замыг хамтаар хэлэлцсэн нь энэхүү уулзалтын гол онцлог болов. Мөн уулзалтын үеэр Монголын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн болсон нь оролцогчдын анхаарлыг татсан, таашаалд нийцсэн үйл явдал боллоо.

Энэхүү уулзалт нь Монголын аж ахуйн нэгжүүдийг хятадын болон гадаадын түншүүдтэй холбох, Монгол Улсаас мах экспортлох чиглэлд явуулж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлах, хүндрэл бэрхшээлээ хамтран ажилладаг талуудтайгаа хэлэлцэх, хамтын хүчээр шийдвэрлэх, улмаар ирээдүйн хамтын ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулахад түлхэц үзүүлсэнээрээ чухал ач холбогдолтой боллоо.

top


01/08/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль цаг уурын хүндрэлийн үед авах арга хэмжээний талаар Ерөнхий сайд С.Батболдтой ярилцав


2010 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзав.

Ойрын үед нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас их орсноос нийт нутгийн 70 гаруй хувь нь зудын байдалтай болсон, хүйтний эрч цаашид ч улам чангарч удаан хугацаагаар хадгалагдах төлөвтэй байгаа. Ийм хүнд хэцүү үед Засгийн газар мал сүргийг хамгаалах, цаг хүндэрсэн орон нутагт тэжээл хүргэх зэрэг асуудалд анхаарлаа чиглүүлж зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад чиглэл болгосон байна

top


01/08/10

Ерөнхий сайд нийгмийн халамжийн
талаар мэдээлэл хийв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын нэгдсэн хуралдаанд Нийгмийн халамжийн шинэчлэлийн талаар авч буй арга хэмжээ, цаашдын зорилтын тухай мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд өнгөрсөн онд нийгмийн халамжийн тогтолцоогоор иргэдэд хүргэсэн халамж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлээд цаашдын зорилтоо тодорхойлов.
2009 онд нийгмийн бүх төрлийн халамж үйлчилгээнд 1.3 сая орчим иргэн хамрагдаж, 71.0 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан 45.9 мянган ажилгүй иргэнийг ажлын байранд зуучлан, 18.9 мянган иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулсан байна.

Ерөнхий сайд Засгийн газар хүн амын ядуурлын зураглалыг бүс нутгаар гаргаж, үүндээ тулгуурлан төв орон нутагт ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг өрхийн хөгжлийг дэмжих зорилготой уялдуулан жил бүр 12.5 мянган өрхийг ядуурлаас гаргах зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд халамжид хамрагдагсад, тэдгээрт зарцуулж байгаа хөрөнгө төсөв хэд дахин нэмэгдсэн боловч энэ хэрээр ядуурлын түвшин буурсангүй, халамж хавтгайрч, төсвийн ачаалал хүндэрч, хөдөлмөрөөр бус халамжаар амьдрах гэсэн хөгжилд сөрөг дохиог өгч эхэллээ. Энэ бүхнээс үүдэн нийгмийн халамжийн шинэчлэлийг зохистой шуурхай хийх бодит шаардлага тулгарч байна.
Засгийн газар нийгмийн халамжийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хүнд нөхцөлд байгаа хүмүүс, тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхэд, ганц бие өндөр настан, ядуу өрх, ядууралд өртөх магадлал өндөртэй хүүхэдтэй өрх зэргийг дэмжихэд илүүтэй чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Одоогийн үйлчиж буй нийгмийн халамжийн холбогдолтой 4 хуулийн хүрээнд үзүүлж байгаа халамж, үйлчилгээг 2 хуулиар зохицуулахаар нэгтгэх бөгөөд эдгээр хуулийн дагуу олгогдож байгаа 62 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг 17 болгон цөөрүүлэхээр хуулийн төсөлд тусгалаа.
Цаашид нийгмийн халамж хүртэгсдийг ядуу өрхийн гишүүд, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн гэсэн 2 бүлэгт хуваан авч үзэх юм.
Шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь халамжийн тэтгэвэр, халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн хөтөлбөр гэсэн 4 хэсэгтэй, хэсэг тус бүр нь тодорхой чиглэлийн тэтгэмж үйлчилгээний төрлүүдтэй байна. Тухайлбал: халамжийн тэтгэмж нь асаргааны, олон хүүхэдтэй өрхийн, ядуу өрхийн, онцгой тохиолдлын гэсэн төрлүүдтэй айхаар төлөвлөсөн хэмээн онцлов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

top


01/08/10

МАЛЧДАД ТУСЛАХ УРИАЛГА ГАРГАЛАА

Улсын Онцгой комиссоос малчин түмэндээ туслах уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Манай орны нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлд хучигдаж, агаарын дундаж температур 32-40 градус хүртэл хүйтэрч, 19 аймгийн 198 сум зудтай, гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос дэс дараатай арга хэмжээ авч байгаа боловч цаашид хүйтний эрч эрс чангарч, өвөлжилт улам бүр хүндрэх төлөвтэй байна.

Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдож, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан зүдэрч, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндрэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхэллээ.
Иймд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллага, Монгол Улс дахь Олон улсын байгууллагуудад хандан малчин түмэндээ туслахыг уриалж байна.
Малчин удмын монголчууд бид “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардын сайхан сургамжийг санан, цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ цаг зуурын энэ хүнд бэрхшээлийг даван туулахад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг өгч, тусламжийн гараа сунгах цаг болоод байна.
Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй маань хүндрэл, бэрхшээлтэй байгаа нөхцөлд байгууллага, хамт олноос эхний санаачилга гарч байна. Тухайлбал Улсын клиникийн төв эмнэлгийн хамт олон цас зудтай байгаа малчин ард иргэддээ туслахаар нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдлээ.
Улсын Онцгой комиссоос Монгол Улс дахь гадаадын Олон улсын байгууллагад нөхцөл байдлын мэдээллийг хүргэж, хандаад байна. Цаашид малчин түмэндээ хандив, тусламж үзүүлэх иргэд, байгууллага, хамт олон улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Монголчууд бид ийм үед бие биедээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга гаргахыг уриалж байна.

Хандивын дансны дугаар : Хас банк. 38 дугаар салбар. 21000130

top


01/07/10

Эрдэмтэд, судлаачид Төгс Буянт шинэ зурхайн тооллыг баримтлан Цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй гэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон Буддын шашны зарим хийдийн тэргүүнүүд, МУИС, зарим судалгааны хүрээлэнгийн төлөөлөл, соёл, түүх, шашны зүтгэлтнүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж монголчуудын олон зуун жилийн уламжлалтай, ёслол хүндэтгэлтэй их баяр болох цагаан сарыг тэмдэглэж ирсэн уламжлал, шинэчлэлийн асуудлаар тэдний санал, бодлыг сонсов.

Эрдэмтэн судлаач Л.Тэрбиш, Д.Чоймаа, эрдэмтэн зохиолч Л.Дашням, Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Нацагдорж, лам Мэндбаяр нар Цагаан сарыг уламжлал ёсоор Төгс Буянт шинэ зурхайн тооллыг баримтлан нийтээрээ тэмдэглэх, хэт их үрэлгэн зардал гаргахгүй тэмдэглэж байх, том нүсэр шүүсээс татгалзах, нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт буураагүй байгаа энэ үед ахас дээдсийн амгаланг эрж золгох зан үйлдээ шинэлэг байдлаар хандаж Монголын эртний уламжлал ёсоор зайнаас хадаг дэлгэн мэхийн ёслож хүндэтгэл үзүүлж байх нь зүйтэй юм гэсэн саналаа Монгол Улсын Төрийн Тэргүүнд болон Төрийн Ёслолын албанд уламжлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тамгын газрын дарга Д.Дорлигжав эдгээр саналуудыг хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийлээд Төрийн тэргүүнд уламжиллаа.

top


01/06/10

Иргэн хишиг, хувь хүртэх журмыг батлав

Засгийн газрын 2010 оны анхны ээлжит хуралдаан хуралдаж олон асуудал хэлэлцсэний дотор Иргэнд хишиг, хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахаар болов.
Уг тогтоолоор:
• “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”, “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг батлав.
• Иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь үе шаттай хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,

• Иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж олгох бөгөөд эхний ээлжинд 70.000 төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод,
• Иргэн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр, маягт хэвлүүлэх ажлын гүйцэтгэгчийг энэхүү ажлыг хийж гүйцэтгэх чадвартай этгээдүүдийг оролцуулан, үнэ болон нийлүүлэх хугацааг харгалзан шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
• Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт,
• Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт,
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
• Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахад иргэний бүртгэл болон нийгмийн халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд хүн хүч, хөрөнгө нөөц дайчлан гаргаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журмаас:
Иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
• Иргэний үнэмлэх, 16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ,
• 16-аас доош насны хүүхдийн хувьд эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх,
• Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт,
• Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар,
• Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар,
/ Тайлбар: Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд
хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь
олгож болно/
• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулийн газрын тодорхойлолт, итгэмжлэл зэрэг юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай
хуулийн төслийг хэлэлцэв


Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаас өмнө ажлын журмаар дахин ярилцаад дараа нь УИХ-д өргөн барихаар болов. Энэ хуулийн төслийг батлан мөрдүүлснээр төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын зарчим ба төсвийн тусгай шаардлагыг тогтоож, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм.


Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний
мөнгөн тэмдэгтээр хөтлөнө

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Уг төслөөр тус хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Үүнд:
• “харилцагч санхүүгийн байгууллага” гэсэн нэр томъёог уг хуулийн нэр томъёоны хэсэгт нэмж тусгах,
• “аж ахуйн нэгж байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана” гэж нэмэх,
• “шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана” гэж оруулах,
• Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтлөнө гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Товчхон:

• 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНЭУ-ын Шинэ Дели хотноо болох Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Тус хуралдаанд оролцох төлөөлөгчдийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ахлах юм.
• Томуугийн цартахлын А хүрээний шинэ вирүсын халдварын өвчлөл үргэлжилсээр байгаатай холбогдуулан ИБУИНВУ-аас худалдан авах 540.000 хүн/ тун вакцины үнэ, тариур, тээврийн зардалд шаардагдах 2.500.000.000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
• “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
• Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумын нутгийг хамран орших Чойрын богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн нутагт орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болов.
• Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 1 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал, 2010 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.
• Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Сонгодог урлаг”, “Үндэсний өвийг тоон системд оруулан хадгалах” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг тус тус танилцуулав.
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 1-дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНТУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов
• Газрын тосны хайгуулын Дарьганга-XXIV талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган ҮАБЗ-д танилцуулахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

top


01/05/10

Эдүгээ Олон Улсын Атомын Энергийн Агентлаг нь 151 гишүүнтэй бөгөөд гишүүд хоорондынхоо үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах зорилгоор 8 бүсэд хуваагдсан байдаг. Газар зүйн байршлаас хамааран бүлгүүдийн гишүүнчлэл янз янз байдаг байна.

Бүлгүүд нь харилцан мэдээлэл солилцох, Агентлагаар хэлэлцэх асуудлаар байр сууриа зохицуулах, сонгуулийн асуудлаар ярилцаж тохирох зэрэг үүрэгтэй байдаг ажээ. Монгол Улсын багтдаг Алс Дорнодын бүлэгт Хятад, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Камбож, Филиппин ордог. Бүлгийн дарга улс нь 1 жилийн хугацаагаар сонгогдон ажилладаг бөгөөд бүлгээ төлөөлөн Агентлагийн удирдлага болон бусад бүлэгтэй харилцаж, сонгуулийн холбогдолтой асуудлыг зохицуулдаг ажээ.

top