Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Сүүлийн Үеийн Мэдээ

12/31/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг

МИНИЙ МОНГОЛЫН САЙН НЭР, СУУ
АЛДАР МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Хэдхэн хормын дараа 2010 он гарах гэж байна. Шинэ он, шинэ тоолол эхлэх гэж байна. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.

Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.

Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.

Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.

Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.

Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.

Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.

Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.

top


12/30/09

ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДДЭЭ ХАНДАЖ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ИЛГЭЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Манай гаригийн өнцөг булан бүрт суугаа Монгол улсын иргэд ээ!

Эх орон нэгт ахан дүүс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2009 он манай орны хувьд төдийгүй олон улсад хүнд хэцүү, сорилтын жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай оронд ч хүчтэй нөлөөлж, эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл, бэрхшээл учрууллаа. Гэвч манай төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хямралыг сөрөн хамтран ажилласны дүнд багагүй амжилт оллоо. 2009 онд манай тариаланчид 390 орчим мянган тонн үр тариа, 150.5 мянган тонн төмс хурааж авсан нь дотоодынхоо хэрэгцээг бараг хангах нөхцлийг бүрдүүллээ. Баатарлаг малчид маань эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 43 гаруй саяд хүргэлээ.

Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар-уул уурхай цаашид эрчимтэй хөгжих замд орлоо. Дэлхийд томоохонд орох Оюутолгой зэсийн ордыг ашиглах гэрээг 2009 оны намар гадаадын хөрөнгө оруулагчидтай байгууллаа. Цаашид нүүрс, уран, мөнгө зэрэг эрдэс баялгийг ашиглах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.

Тус яам “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, 2009 оны 10 сард Засгийн газраар батлуулсан бөгөөд цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өсгөх чиглэлээр идэвхитэй ажиллах болно.

Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. Энэ түүхэн богино хугацаанд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагийн дүнд манай орны олон улсын нэр хүнд өсөж байгааг тэмдэглэхэд таатай байна. Үүний хамт гадаадад ажиллах, сурах манай иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдүгээ 120 мянгад хүрчээ. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь манай гадаад бодлогын нэн тэргүүний чиглэл болж байна.

Монгол улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын зөвлөгөөнийг 2008 оны эцсээр, Монгол Улсын өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 9 сард тус тус зохион байгуулж, хилийн чанадад суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар 35 дипломат төлөөлөгчийн газар, 38 оронд байгаа 66 өргөмжит консултай тодорхой ярилцаж, хийх ажлаа төлөвлөлөө.

Гадаадад суугаа манай ДТГ-ууд иргэдийнхээ судалгаа бүртгэлийг бүрэн гаргаж, ахуй нөхцлийг нь судалж, ажлын газар, сургуулийн удирдлагуудтай нь холбоо тогтоох, иргэдийг хүлээн авах тусгай өдөртэй болох, иргэдийн санал хүсэлтийг шуурхай барагдуулж байхыг би саяхан гаргасан албан даалгавартаа тодорхой заасан.

Мөн гадаад орнуудад суугаа манай улсын иргэд, оюутан сурагчид, эрдэмтэд, уран бүтээлчид, бизнес эрхлэгчидтэй байнгын холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох, улс эх орноо сурталчлахад татан оролцуулах, тэдний сургалт судалгаа, уран бүтээл, бизнесийн ажилд аль болох дэмжлэг тусламж үзүүлж байхыг ДТГ-даа бас үүрэг болгосон.

Иймд иргэд та бүхэн суралцаж, ажиллаж, амьдарч байгаа орондоо суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон өргөмжит консулуудтай байнгын холбоотой байж эрх зүйн болон бусад туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулан, санал бодлоо илэрхийлж, харилцан бие биендээ тусалж, хамтран ажиллахыг хүсч байна.

Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ажиллаж байна.

Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс 16 улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулан мөрдөж байна. Цаашид харилцан визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хүч чармайлтаа тавин ажиллаж байгаа бөгөөд зарим тодорхой үр дүн 2010 оноос гарна гэж найдаж байна.

Хилийн чанадад суугаа манай иргэдэд суугаа орныхоо хөгжил, дэвшлийн ололт амжилтыг анхааран судалж, тэргүүний арга туршлага, ноу-хау, орчин үеийн стандарт, шалгуурыг эх орондоо шилжүүлэн хэрэгжүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад хэрэгтэй шинэлэг санаа, оноог уламжлан дэвшүүлж байхыг хүсье.

Та бүхэн улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө байнга санаа тавьж, сурсан эрдэм, олсон туршлагаа эх орондоо харамгүй зориулах хүсэл эрмэлзэл дүүрэн явдагт бид их баяртай байдаг бөгөөд цаашид та бүхний хувь нэмэр, тус дэм улам өсөн нэмэгдэнэ гэж итгэж байна.

Та бүхнийг байнгын холбоо, харилцаатай байж, санал хүсэлтээ тогтмол уламжлан бидэнтэй хамтран ажиллахыг би Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд уриалж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэндээ эрүүл энх, эрч хүч, олз омог дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн
Засгийн Газрын гишүүн
Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар

top


12/10/09

Өнөөдөр 18 цаг 24 минут Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хороон дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илтгэл тавилаа.

Тэртээх 20 жилийн өмнө “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлан гаргасан өдөр болсон даруухан цуглаан бид бүхний дурсан тэмдэглэж байгаа түүхт үйл явдал, Монголын нэн шинэ үеийн Ардчилсан хөдөлгөөний эхлэл байсан. Нэг үзэл суртал бүхий хаалттай нийгэмд ирж яваа шинэ цаг үеийг мэдрэн цуглаан санаачлан зохион байгуулж оролцон айдас түгшүүр, эмзэглэл болгоомжлолоо залуу насны эр зоригоор ялж, ардчилсан хөдөлгөөний холбоо, эвсэл, нам байгууллагыг үүсгэн байгуулсан хүмүүст Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

Нөхцөл байдал хурцадсан тэр үед АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх “хүч хэрэглэж болохгүй” гэсэн зарчмыг тууштай баримталж, талууд асуудалд уян хатан, нухацтай хандаж, хэлэлцээрийн ширээний ард суун монголчуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн хамтын шийдлийг олсон гэдгийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Монгол Улсад ардчилал, ил тод байдал хэрэгтэй гэдгийг нийтээрээ мэдэрч байсны нэг илрэл нь МАХН-ын залуу гишүүд, эрдэмтэд эргэлтийн шинжтэй баримт бичиг боловсруулан намын онц их хурал хуралдуулж, шинэ мөрийн хөтөлбөр, дүрмийг батлуулах шаардлага тавьж байсныг ч Ерөнхий сайд илтгэлдээ дурьдлаа.

Өнгөрсөн 20 жилд ардчилсан өөрчлөлтийг дэмжиж, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцооны үндсэн институцийг тэргүүлж ирсэн үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хувиасаа болон нийт ард иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж, Монгол Улс ардчилалд эргэлт буцалтгүй орсон нь ардчилсан өөрчлөлтийн 20 жилд олсон хамгийн том амжилт. 1990 оноос хийсэн бүх судалгаагаар Монголын ард түмэн ардчилсан сонголтоо байнга зөв гэж үзэн, үүндээ хэзээ ч итгэл алдарч байгаагүйг Ерөнхий сайд онцлон С.Батболд тэмдэглэлээ.

Цаашид иргэдийн улс төрийн ухамсар, ардчилсан соёлыг төлөвшүүлснээр ардчиллаа улам бэхжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.

Ардчиллын соёл, бүтээлч ухамсрыг төлөвшүүлэхдээ ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг тайлбарласан онол, судалгааны материалыг сургалтын хөтөлбөрт тусгаж, ардчилсан нийгмийн давуу талыг хүүхэд, залуус, нийт иргэдийнхээ ухамсарт төлөвлшүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх ажлын нэг чухал хэсэг.

Хүний эрхийн хэрэгжилт, ардчилсан соёл, ухамсрын төлөвлшилт нь гэр бүлийн түвшинд хамгийн их бүрэлдэх учир гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарах нь чухал гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ монголчууд Азид анх удаа Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийж чадсаныг тэмдэглээд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, идэр есийн хүйтэн, өлсгөлөн гээд хүнд бэрхийг үл ажран ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан журмын нөхөддөө талархал илэрхийллээ.

Мөн улс үндэстнээ гэсэн монгол хүний уужуу тайван ухаанаар хандан, хүчирхийлэл хэрэглэлгүй буулт хийж дэмжсэн тухайн үеийн нам, засгийн удирдлагууд, олдсон түүхэн боломжийг алдахыг хүсэлгүй тууштай дэмжсэн ард түмэндээ баярлаж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн 20 жилд олсон амжилт, өнөөгийн өндөрлөгт хүрсэн бүхэн Ардчилсан нам эрийн цээнд хүрч, улс орныхоо эрт, эдүгээ, одоо, ирээдүйн өмнө хариуцлага хүлээж чадах, эв нэгдэлтэй улс төрийн том хүчин болсонтой салшгүй холбоотой гэж намын дарга Н.Алтанхуяг онцлон тэмдэглэв.

Ардчилсан нам эв нэгдэлтэй байсныхаа хүчинд 20 жилийн түүхэнд анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадсан. Цаашид Монгол орноо дэлхийн түвшинд хүргэх том зорилготой, чадвартай, шинэ цагийн ардчилал, шинэчлэл, хөгжлийн төлөө улам бүр хүчин зүтгэх болно гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

top


12/09/09

Монгол улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойг тохиолдуулан, зарим орны төр засгийн өндөр албан тушаалтнууд болон өөрийн орондоо ардчиллыг эхлүүлж, улс орноо удирдаж байсан лидерүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон Монголын ард түмэнд хандан баярын мэндчилгээ ирүүлсээр байна.

Тухайлбал, АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны видео мэндчилгээнд

“АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс Та бүхэнтэй мэндчилж Монголын ардчиллын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэе.

1989 оны 12 дугаар сарын өвлийн тэсгим хүйтэнд цугларсан эр зоригт залуус Монгол Улсыг эрч хүчтэй, тогтвортой ардчилсан улс болох үндэс суурийг тавьсан билээ. Тэдний дунд хожим нь танай улсын шинэ сонгогдсон Ерөнхийлөгч ч байсан билээ. Тэр үед дэлхий дахинд эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөж, иргэд эвлэлдэн жагсаж, хүйтэн дайны хана нуран унасныг бид мэднэ. Ардчилал хэзээ ч хямд үнээр олдож байгаагүй. Америкчууд бид үүнийг сайн мэднэ.

Монгол Улс ч мөн бэрхшээлүүдтэй тулгарсан. Гэвч ямар ч хүнд хэцүүгийн өмнө Монголын ард түмэн сөхөрч цуцаагүй бөгөөд эвлэлдэн нэгдэж, хүндрэлийг хамтдаа даван туулснаар дэлхий даянд шинэ тутам үүсэн бэхжиж буй ардчиллын үлгэр жишээ болсоор байна. Ардчиллыг бий болгох, бэхжүүлэхийг зорьж буй бусад оронд очих бүртээ би тэдэнд Монголд очиж үзээрэй гэж хэлдэг. Учир нь би өөрөө 1995 онд Монголд айлчилснаа хэзээ ч мартдаггүй бөгөөд Монголын энгүй их тал нутгийн үзэсгэлэн, Монголын ард түмний зочломтгой зан чанар, тоталитар дарангуйллын талхинд олон арван жил байсан хирнээ хөгжил дэвшилд хүрэхийг шийдэмгий зорьсон улс орон болж чадсан зэрэг нь миний сэтгэлд хоногшин үлдсэн юм.

Монгол Улс ололт, амжилтуудаа бататгасаар, ардчиллыг бэхжүүлсээр ирлээ. Өнөөдөр Монголын цэргүүд энхийг сахиулах ариун үйлсийн төлөө зүтгэн зовлон зүдгүүрт нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг тогтооход хувь нэмрээ оруулсаар байна. Монгол, Америк цэргүүд Афганистанд мөр зэрэгцэн алба хааж энх амгаланг эрхэмлэгч хүмүүст заналхийлж буй хэт даврагсдын үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө тэмцэж байна. Бид танай цэргүүдийн эр зориг, тэсвэр тэвчээрийг үнэлэн хүндэлдэг билээ.

Дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө манай хоёр улс өргөн хүрээнд хамтран ажиллах чин эрмэлзэлтэй байгааг би дахин нотолж байна.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Та бүхэнд илгээж буй миний чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүлээн авна уу. Сайхан баярлаарай ! “ гэжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН
ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,
Монголын ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд баяр хүргэе. Танай улс дэлхий дахинд үлгэр жишээ орон болсныг тэмдэглэхийн ялдамд АНУ-ын Ерөнхийлөгч асаны хувьд миний бие Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, Монгол Улсад хөгжил цэцэглэлийн ерөөл дэвшүүлье.


Гүнээ хүндэтгэсэн, Жорж Буш гэсэн байна.

Солидарность хөдөлгөөний тэргүүн, БНПУ-ын анхны Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса видео мэндчилгээндээ

“Монголчууд Ази тивдээ анх түрүүн ардчилсан хувьсгал хийсэн гэдгээрээ бахархдаг. Юуны өмнө сонгосон замаасаа татгалзах ёсгүй. Ази Европ болон Дэлхийн хөгжлийн ирээдүй эрх чөлөөнд байна, чөлөөт зах зээлд байна, эв нэгдэлд байна. Ямар ч хүнд бэрхшээл учирсан ч энэ замаас гарч болохгүй. Тийм болохоор зам дээрээ тэсэж тогтоорой.

Монголын Ардчилалд мэндчилгээ дэвшүүлж мэхийн ёслоё. Манай үеийнхэн нэгэн эрин үед цэг тавьж чадсан юм. Салан тусгаарлалт, сөргөлдөөн, дайны эрин үеийг хааж, оюун ухааны даяарчлал, энхтайвны эринг бид нээж өгсөн. Та бүхэнд өнгөрсөн замаа маш нухацтай хэлэлцэж, хүн бүрт, тив болгонд үнэхээр асар их боломж авчрах ирээдүйгээ зөв тодорхойлохыг хүсье. “ гэжээ.

БНЧех улсын Ерөнхийлөгч асан Вацлав Хавел

“Эрхэм хүндэт хатагтай ноёд оо
Олон тооны урилга ярилцлага, мэтгэлцээнүүдээс дүгнэн харахад улс төрийн түүхэн өөрчлөлтүүдийн 20 жилийн ой дэлхий дахины сонирхлыг ихэд татжээ. Мөн өнөөгийн нөхцөл байдал маань тухайн үеийн сэтгэл хөөрлөөс хэр их хол байгаа нь энэхүү сонирхлыг бүр ч илүү хүчтэй болгож байна. Төв болон Зүүн Европын орнуудад тоталитар дэглэмүүд нуран унасны дараа дэлхий дахины улстөрийн газар зүйн зураглал үндсээрээ өөрчлөгдсөн билээ. Улаанбаатар хотод 20 жилийн тэртээ өрнөсөн үйл явдуулд нь тухайн үед дэлхий дахиныг хамарсан нийгмийн хөдөлгөөнүүдийн салшгүй нэгэн хэсэг байсан бөгөөд, энэхүү хөдөлгөөн нь танай оронд өөрийн тусгаар тогтнол, соёл хэл, шашин шүтлэг зэрэг, товчоор хэлбэл, монгол түмний соёлын түүхэн язгуурыг илтгэсэн бүхнийгээ шинэчлэн сэргээх боломжийг олгосон билээ.

Өнгөрсөн 20 жилийн явцад энэхүү боломжийг ашиглаж чадсан эсэхээ зөвхөн та бүгд л дүгнэх бөгөөд ийнхүү дүгнэн цэгнэх үйл ажиллагаа явагдаж байгаад миний бие баяртай байна. Ямартай ч ирэх 20 жил Монгол Улсын хувьд соёлын болон эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн үе байсан гэж дүгнэж болох тийм үе ирэхийг хүсэн ерөөе.

Та бүхний Вацлав Хавел” гэжээ.

top


12/09/09

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 15 дугаар бага хурал 12 дугаар сарын 7-ны өдөр Данийн нийслэл Копенгаген хотноо ажлаа эхлэв.

Бага хурлын нээлтэд Данийн Ерөнхий сайд Ларс Расмуссен, Копенгаген хотын захирагч Рит Биергард, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны дарга, доктор Р.Пачаури, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Иво дэ Боер нар оролцож үг хэлэв.

Тэд хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цаг мөч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгааг тэмдэглэж, энэ удаагийн бага хурлаар шинэ хэлэлцээр байгуулахын чухлыг тэмдэглэв. Тус бага хурал эхлэхээс өмнө уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар дэлхийн улс орнууд, тухайлбал АНУ, Бразил, Хятад, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Сингапур, Япон зэрэг улс орон улс төрийн мэдэгдэл хийгээд буйг ажил хэрэг болгож, эрх зүйн хувьд шинэ хэлэлцээрээр баталгаажуулах асуудал хамгийн чухлаар тавигдаж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг бүрдүүлэх зэрэг Конвенцтэй холбоотой олон асуудлаар өргөн санал шүүмжлэл явагдаж эхлээд байна.

Энэ сарын 16-нд эхлэх тус бага хурлын өндөр түвшний уулзалтад дэлхийн 110 гаруй улс орны төр, засгийн тэргүүн нар оролцохоо нотлоод байгааг Данийн Ерөнхий сайд бас мэдэгдэв. Өндөр түвшний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нээх юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 15 дугаар бага хурлын өндөр түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм.

НҮБ-ын энхүү бага хурал нь 2009 оны хувьд болж буй дэлхийн хамгийн томоохон үйл явдалд тооцогдож байна. Тус бага хуралд нийтдээ 15000 хүн оролцоно хэмээн бага хурлыг хүлээн авч зохион байгуулж буй Данийн Засгийн газар тооцоолж байна.

top


12/03/09

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 7 дугаар бага хурал 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо болов. Бага хуралд ДХБ-ын 153 гишүүн орон, 56 ажиглагч улс болон байгууллагын төлөөлөл бүхий 3000 орчим төлөөлөгч оролцов.

Энэ удаагийн Сайд нарын бага хурал нь "ДХБ, олон талт худалдааны тогтолцоо болон өнөөгийн дэлхийн эдийн засгийн орчин” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд боллоо. Уг бага хурал нь Дохагийн үе шатны хэлэлцээнээс тусдаа болж буй онцлогтой бөгөөд ДХБ-ын гишүүд олон талт худалдааны тогтолцоо, үүнд ДХБ-ын гүйцэтгэх үүрэг, ролийн талаар ерөнхий үнэлэлт, дүгнэлт өгөх, улс төрийн байр сууриа илэрхийлэхэд бага хурлын гол зорилго оршиж байв.

Бага хурлын хоёр дахь өдөр Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллага болон ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргил бүгд хуралдаанд оролцож үг хэлэв.

Бага хурлын өмнө 11 дүгээр сарын 29-нд болсон “G-33” бүлгийн Сайд нарын уулзалтад Байнгын төлөөлөгч Л.Оргил тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд уулзалтаар Дохагийн хэлэлцээнд сүүлийн үед гарсан өөрчлөлтүүд, ДХБ-ын бага хурлын үеэр байр сууриа нэгтгэх, цаашид хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж, “G-33” бүлгийн албан мэдээг гаргасан.

“G-33” бүлгийн Сайд нарын уулзалтын үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагч Парагвайн Байнгын төлөөлөгчтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Түүнчлэн, Европын чөлөөт худалдааны холбооны (EFTA) Зөвлөлийн дарга Лихтенштейний Элчин сайд, Байнгын төлөөлөгч Норберт Фрик тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, 2007 онд Европын чөлөөт худалдааны холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны тухай тунхаглалаар байгуулсан Хамтарсан хорооны хурлыг ирэх онд зохион байгуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцов.

top


11/27/09

Энэ оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн уршгаар ургац хураалтад хүндрэл гарч байгаатай холбогдуулан ХХААХҮЯ, Монголын тариаланчдын холбооноос нийт ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамт олонд хандаж гаргасан тариаланчдад туслах тухай уриалгыг Гадаад харилцааны яамны системийн хамт олон санаа нэгтэй дэмжиж тариаланчдынхаа ажил хөдөлмөрт тус нэмэр болохоор хандив цуглуулах аян өрнүүлсэн.

Үүний үр дүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа ихэнх Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, яамны төв аппаратын ажилтнууд, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын хамт олон нийт 18,0 сая төгрөгийн хандив цуглуулсаныг Гадаад харилцааны дэд сайд Б.Болор 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулед ГХЯ-нд гардуулан өглөө.

Энэхүү хандив нь тариаланчдынхаа хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлсэн, ямарч бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах чин сэтгэлийн илэрхийлэл юм.

top


11/25/09

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жонатан Эдлтон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

ИЖБ-ээ барьсных нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Эдлтоныг АНУ-ын Ерөнхийлөгчийн ИЖБ-ийг гардуулж Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирж буйд нь баяр хүргэж ажлын амилт хүсэв.

Монгол Улс нь АНУ-тай соёл, боловсрол, иргэд хоорондын харилцааны арвин баялаг түүхийг хуримтлуулж байгаа бөгөөд улс төр, эдийн засаг, цэрэг техникийн салбарт хамтран ажиллаж тодорхой амжилтанд хүрч байгааг Ерөнхийлөгч онцлов.

Манай улсын зэвсэгт хүчин Ирак, Афканистан зэрэг улсуудад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож АНУ-ын олон улс дахь байр суурийг тууштай дэмжиж байгаа нь хоёр орны хоорондын найрсаг хамрилцаанд ихээхэн чухал алхам болсон гэж Ерөнхийлөгч тэмдэглэн хэлэв. Мөн Ерөнхийлөгч НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон МСК-ийн төлөөлөгчидтэй уулзсанаа дурьдаад, эдийн засгийн хямралтай хүнд үед “Хөгжиж буй орнуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх сан”-гаас манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны харилцааны нэгэн чухал хэлбэр нь иргэд хоорондын харилцаа юм гэж Ерөнхийлөгч онцлоод манай улсаас тус улсад сурч буй, мөн сурахаар зорьж буй оюутан залууст хандсан тодорхой тэтгэлэгт хөтөлбөрүүдийг шинэ Элчин сайд дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа өгүүлэв.

Ноён Эдлтон нь 7 жилийн өмнө Монгол дахь Америкийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад ажиллахаар дахин ирж буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн ажиллахын төлөө хичээн ажиллаж ялангуяа иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ Монгол Улсын Ерөнхийлдөгчид илэрхийлэв.

top


11/23/09

ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ БОГИНО ХУГАЦААНД
ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхантай уулзаж өнөөгийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилтын талаар санал солилцов.

Ерөнхий сайд ажлаа хүлээн авсаныхаа дараа монгол хүн бүрийг ажилтай байлгах нь хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт байхыг онцлон тэмдэглэсэн юм. Үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байж энэ зорилтдоо хүрнэ гэж Ерөнхий сайд үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

Эрдэнэт, Бор-Өндрийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хэмжээнд хүрэхүйц томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн 20 жилд хуруу тоолом цөөн байсан гэж Ерөнхий сайд дүгнэж байна.

Мөн сүүлийн жилүүдэд Оюу толгой зэрэг цөөн тооны орд газрыг эс тооцвол шинэ томоохон орд газрыг нээгээгүйд дүгнэлт хийх цаг болсныг сануулав.

Түлш, эрчим хүчний салбар төсвийн хөрөнгө, гадны зээл тусламжаас хараат хэвээр, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тогтвортой хангах, эрчим хүч экспортлогч орон болоход чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого, менежмент дутагдаж, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх олон асуудал байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Шинэ аж үйлдвэржилтийг цаг алдалгүй эхлүүлэх боломж, эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний эрэлт хэрэгцээ, экспортын асар их боломжит зах зээл байна. Гэхдээ орчин үеийн өндөр технологи, стандартын шаардлага хангахуйц үйлдвэрлэл, найдвартай сүлжээг байгуулахад хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байна гэж Ерөнхий сайд хэлэв.

Боломжоо ашиглахын тулд хөгжлийн мега-төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахийн төлөө цаг наргүй ажиллах шаардлага ч тулгарч байгааг тэмдэглэв.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн цаашдын өсөлтийн нэг хөдөлгүүр учир ажлаа шуурхайлахыг холбогдох сайд, ажлын хэсгийн ахлагч нарт Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.

Мөн Төмөртэй, Бүрэн хааны фосфорит, Мардай, Дорнодын уран, Асгатын мөнгөний орд зэрэг газрууд үр ашгаа өгч амжаагүй байгаад салбарын яам дүгнэлт хийх, дэмжлэг хэрэгтэй бол Засгийн газар, УИХ-д асуудлыг оруулж шийдвэрлүүлэх, ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцохыг үүрэг болгов.

Таван толгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалыг ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулахыг ажлын хэсгүүдэд мөн үүрэг болголоо. Ингэхдээ иргэн бүр үр ашгийг нь хүртэх боломжтой, төрийн урт хугацааны эрх ашгийг хангасан зөв шийдэл гаргах хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй, сонирхогч талуудыг хамруулан явуулах ёстой гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Өмнөд говийн бүсийн эрчим хүчний хангамж, Улаанбаатар хотын шинэ эх үүсвэр, Шивээ овоогийн уурхай, Цайдамын ордыг түшиглэн цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, дотоодын хэрэгцээг хангах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Цаашид нэмүү өртөг шингэсэн, өндөр технологи ашигласан үйлдвэрлэл, экспортыг төрөөс онцгойлон дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ингэснээр ажлын байр нэмэгдэн, нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэж, хүмүүсийн цалин орлого ч нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Улс орны эдийн засгийн хөгжилд нэмэртэй, Монголын нэрийн хуудас болох МОНГОЛ ЭРДЭС, МОНГОЛ ЭРЧИМ, МОНГОЛ ДЭД БҮТЭЦ компани байгуулж, олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж рүү гаргах бэлтгэлийг хангахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Томоохон төслүүдээс гадна хувийн хөрөнгө оруулалтаар олон үйлдвэр ашиглалтад орсноор олон мянган хүн ажилтай болно. Иймээс хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болгох, цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын өөрлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг Ерөнхий сайд санууллаа.

Иймээс тогтвортой, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, өрсөлдөх чадвартай бодлогын, татварын орчин бүрдүүлэх нь чухал байна гэж Ерөнхий сайд хэлэв.

Хувиараа ашигт малтмал олборлох нь олон мянган хүний ажлын байр, амьжиргаа, амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийнх нь хувь заяатай холбоотой учир төрөөс зохицуулалт хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцгой анхаарна гэж Ерөнхий сайд тэмдэглэв.

Түлш эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг зөв бүтэцтэй эх үүсвэр, дэд бүтцээр хангах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрчим хүч экспортлох зорилт дэвшүүлж ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлэв.
Өр авлагыг ихэсгэн, олон удаа саатал гаргаж, үр ашиггүй ажиллаж байгаа үйлдвэр, компаниудын асуудалд онцгой анхаарахыг Ерөнхий сайд сануулав.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, цэвэр түлшний үйлдвэрлэлийг дэмжих, гэр, орон сууцны дулаан хадгалалтыг хэр сайжруулснаар энэ салбарынхны ажлыг дүгнэнэ гэж Ерөнхий сайд сануулсан байна.

“Шинэ аж үйлдвэржилт-Ажлын байрны баталгаа” сэдэвт уулзалтад оролцсон эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхан мөн санал бодлоо Ерөнхий сайдад хэлж төр, засгийн зүгээс анхаарах зүйл багагүй байгааг ч дуулгав.

Аймаг, сумдын удирдлагууд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хандив нэрээр татвар авч дарамт учруулдаг. Гол, усны сав газарт хайгуул хийхийг хориглосон хууль баталсан нь багагүй хүч, хөрөнгө зарсан олон аж ахуйн нэгжийг хохироосон буруу шийдвэр. Үүнээс гадна тухайн аж ахуйн нэгжийн лицензийг хурааснаар гар аргаар алт олборлогчид орд газарт орж байгаль орчинг сүйтгэхэд бэлэн жишээ олон байгааг Монголын үндэсний уул, уурхайн ассоциацийн тэргүүн Д.Ганболд санууллаа.

Уул уурхайн салбарт одоо мөрдөж байгаа стандартыг бүгдийг шинэчлэж олон улсын жишигт хүргэх, төр, засгийн зүгээс баялаг бүтээж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ элдэв татвар, шалгалтаар дарамталдагаа зогсоох, нэг үйлдвэр байгуулах гэж 15 яамны санал авдаг зэрэг хүнд суртлаа болихыг уул уурхайнхан санал болголоо.

Төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж тодорхой хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварын хөнгөлөлт үзүүлж, тогтвортой байдлын гэрээ байгуулах нь зүйтэй. Ингэвэл аж ахуйн нэгжүүд олон хүнийг ажилтай болгож, цалин нь ч нэмэгдэн, гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэх боломж бүрдэнэ гэж “Монполимет” компанийн ерөнхий захирал Ц.Гарамжав хэлэв.

Эрчим хүчний салбар хэдэн тэрбумын алдагдал хүлээж одоо цахилганы үнийг 90 хүртэл төгрөгөөр нэмэх тухай яригдаж байна. 1998 оноос хойш жил бүр нэг, хоёр төгрөгөөр нэмж явсан бол өдийд ийм байдалд орохгүй байсан гэж “Эм Си Эс интернейшнл” компаний зөвлөх М.Чимид хэллээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний яам ойрын жилүүдэд баруун, төв, зүүн, говийн бүсэд цахилган станц байгуулж ашиглалтад оруулна. Төлөвлөсөн зорилтоо биелүүлж чадвал ОХУ-аас хараат байдгаа болих боломжтой гэж яамны Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар хэлэв.

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ирэх сард мөн бусад салбарынхантай Ерөнхий сайд С.Батболдыг уулзуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

top


11/23/09

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН
“ШИНЭ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ- АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА”
УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ


Улаанбаатар хот 2009 оны 11 сарын 23-ны өдөр

Юуны өмнө Монгол Улсын гал голомт, эрдэсийн сан хөмрөгийг тасалдалгүй авч явж, баяжуулж байгаа та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

Ажлаа аваад УИХ-д хандаж хэлсэн үгэндээ монгол хүн бүр ажлын байртай болох боломжийг бүрдүүлэх нь манай хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт байхыг онцлон тэмдэглэсэн. XXI зууны Монголын аж үйлдвэржилтийн их бүтээн байгуулалтыг эхлүүлж, улмаар бодит ажил болгож гэмээнэ монгол хүн болгон ажилтай байх энэ зорилт хэрэгжих боломжтой юм.

Иймд танай салбарынхны цаашдын үйл ажиллагаа, уйгагүй хөдөлмөрөөс Монгол Улсын хөгжлийн хурд ихээхэн шалтгаалах тул хамт олны төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн нөхцөл байдал, боломж бололцоо, сорилт хүндрэл, цаашдын зорилтын талаар санал бодлоо хуваалцая гэж бодож байна.

Өнөөгийн нөхцөл байдалд бид юуны өмнө бодит дүгнэлт өгөх хэрэгтэй. Уул уурхайн салбар нь 1990-ээд оны эхэн үеийн хүндрэлтэй үеийг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэж, одоо ч гэсэн эдийн засгийн гол хөдөлгүүр нь болсоор байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт урдаа барих Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Бор-Өндрийн уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хэмжээнд хүрэхүйц томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн 20 жилд хуруу тоолом цөөн байсан гэж дүгнэж болно.

Улс орны хэмжээнд олборлолт хийж буй орд газрууд нь гол төлөв 1960-аас 1990 он хүртэлх хугацаанд эрэл хайгуул хийж орд газрын хэмжээнд батлагдсан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд геологийн судалгааны шинжлэх ухаанч чанар суларч, Оюу толгой зэрэг цөөн тооны орд газрыг эс тооцвол шинэ томоохон орд газрын нээлт хийгдээгүй байгаа нь бодлогын дүгнэлт хийх цаг болсныг бидэнд сануулж байна.

Түлш, эрчим хүчний салбарын хувьд 1990-ээд оны хүндрэлтэй, хямралын үеийг зээл, тусламж, хамт олны хичээл зүтгэлээр амжилттай даван туулж, бүтцийн өөрчлөлтөө хийсэн. Гэвч тус салбар нь 1990 оны өмнөх бааз суурин дээрээ оршин тогтнож, төсвийн хөрөнгө, гадны зээл тусламжаас хараат хэвээрээ байсаар байна. Түлш, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тогтвортой хангах, эрчим хүч экспортлогч орон болоход чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого, менежмент дутагдаж, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх олон асуудлууд хуримтлагдсаар байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Энэ бүх сорил, хүндрэлийг даван туулж, XXI зууны шинэ аж үйлдвэржилтийг бүрэн эрчээр нь цаг алдалгүй эхлүүлэх боломж та бидэнд байна. Бидэнд эрдэс баялаг, түүхий эд байна, эрчим хүчний дотоодын тодорхой эрэлт хэрэгцээ, экспортын асар их боломжит зах зээл байна. Харин бидэнд орчин үеийн өндөр технологи, стандартын шаардлага хангахуйц үйлдвэрлэл, найдвартай сүлжээг байгуулахад хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байна.

Хатагтай ноёд оо,

Боломжоо ашиглаж, дутагдлаа нөхөхийн тулд XXI зууны Монгол Улсын хөгжлийн МЕГА-ТӨСЛҮҮДИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ бодит зорилт, төлөвлөгөө дэвшүүлж хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллах шаардлагатай байна.

Оюу толгойн зэс-алтны бүлэг ордыг ашиглах гэрээний хэрэгжилт нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн цаашдын өсөлтийн нэг хөдөлгүүр болох учраас хэрэгжилтийг шуурхайлахыг холбогдох сайд, ажлын хэсгийн ахлагч нарт үүрэг болгож байна.

Стратегийн ач холбогдол бүхий бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удааширалтай байгаад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Цөмийн энергийн агентлаг дүгнэлт хийх ёстой. Төмөртэй төмөр, Бүрэн хааны фосфорит, Мардай, Дорнодын уран, Асгатын мөнгөний орд газрууд эдийн засгийн үр өгөөжөө өгч амжаагүй байна. Бодлогын чиглэл дутаж байгаа бол Засгийн газар, УИХ-д асуудлыг оруулж шийдвэрлүүлэх, үйл ажиллагааны хурд хангалтгүй байгаа бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох нь ажлын эрх ашигт нийцнэ.

Үүнд юуны өмнө Таван толгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалыг богино хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, улмаар цаашид УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулахыг асуудал хариуцсан ажлын хэсгүүдэд үүрэг болгож байна. Чингэхдээ Монгол Улсын иргэн бүр эдийн засгийн үр ашгийг хүртэх боломжтой, Монгол төрийн урт хугацааны эрх ашгийг хангасан зөв шийдэлд хүрэх хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй, сонирхогч талуудыг хамруулан явуулах ёстой гэдгийг зориуд тэмдэглэж байна.

Таван толгойн төсөл нь нүүрсний салбарт хэрэгжих олон төслүүдийн томоохон нь боловч нэг л байх учиртай. Ерөөсөө Азийн бүс нутагт дэлхийн нийт нүүрсний 60 гаруй хувийн хэрэглээ үүсч байгаа нь бидэнд дэлхийн нүүрсний зах зээлд нэвтрэх өргөн боломжийг олгож байна. Иймд бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх томоохон төслүүдэд салбарын удирдлага онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Үүний тулд олборлолтыг дэмжсэн арга хэмжээ авахын зэрэгцээ биржийн тогтолцоонд шилжих, төрийн зүгээс экспортоор гарч буй нүүрсний тоо хэмжээ, чанар, экспортын үнийн асуудлаар хараа хяналт, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах шаардлага байна.

Монгол Улсад уул уурхайн томоохон орд газрууд ашиглалтад орж байгаатай холбогдуулан эрчим хүчний хэрэглээ огцом өсөх хандлагатай байна. Иймд Өмнөд говийн бүсийн эрчим хүчний хангамж, Улаанбаатар хотын шинэ эх үүсвэрийн асуудал, Шивээ овоогийн уурхайг, Цайдамын орд болон бусад ордыг түшиглэн томоохон чадлын цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, дотоодын хэрэгцээг хангах төслүүд нь дотоод гадаадын хөрөнгө орулалтаар хийгдэх томоохон төсөл болно гэж Засгийн газар үзэж байгаа тул ажлыг эрчимжүүлж, яриа хэлэлцээг шуурхайлах шаардлагтай байна.
Монгол Улсын өрсөлдөх чадварын онцлогийг тусгасан дагнасан үйлдвэржилт нь XXI зууны аж үйлдвэржилтийн үндэс байх учиртайг Ерөнхий сайдын ажлынхаа гараан дээр би хэлсэн. Цаашид нэмүү өртөг шингэсэн, өндөр технологи ашигласан үйлдвэрлэлийг төрөөс онцгойлон дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Түүхий эдийг боловсруулж, аль болох нэмүү өртөг шингээж экспортод гарган байж, ажлын байр нэмэгдэнэ, нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэгдэнэ, хүмүүсийн цалин орлого нэмэгдэнэ.

“Эрдмин” катодын зэсийн үйлдвэр, Төмөртийн Овооны цайрын баяжуулах үйлдвэр зэрэг цөөн тооны үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд ашигт малтмалын баяжуулалт боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй боловч аж үйлдвэрийн салбарт зарчмын өөрчлөлт авчирахуйц, олон мянган хүнийг ажлын байртай болгохуйц нийтлэг, салбарыг бүхэлд нь хамарсан ахиц дэвшил бага байгаа нь хэний ч нүдэнд ил харагдаж байна.

Харин боломж бидэнд байгаа нь ч бас ойлгомжтой. Нарийн судалгаа тооцонд үндэслэж зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах асуудлыг эцэслэх нь цаашид үйлдвэрлэлийн бусад салбарууд хөгжих үндсэн хөрс суурь болох ёстой.

Бага агуулгатай жоншийг хямд үнээр экспортлосоор байна. Энэ нь дотооддоо баяжуулж флотацын баяжмал үйлдвэрлэх хэрэгтэй болохыг харуулж байгаа бөгөөд үүнд чиглэсэн бодлогын арга хэмжээ авах хэрэгтэйг ч бас нотолж байна.

Цаашдаа төмрийн хүдрийг хүдэр чигээр нь экспортлох асуудлыг хязгаарлаж нойтон аргаар баяжуулах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох асуудлыг сайтар судалж шийдэх ёстой болж байна.

Цайрын үйлдвэрүүдээс гарсан цайрын баяжмалаас цэвэр цайр үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа эсэхийг ч бас ул суурьтай судлах цаг болжээ.

Мөн Монгол орны онцлогт тохируулан нүүрс шингэрүүлэх технологийг нутагшуулах бодлого баримталж, дотоодын хэрэгцээнд зориулан газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудлаар судалгаа тооцоо хийх зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөл байдлаас урган гарч байна.

Бид нэмүү өртөг шингээсэн үйлдвэрүүдийн талаар олон жил тунхаглаж ирлээ. Ажил урагшлахгүй байгаагийн нэг том шалтгаан нь төрийн байгууллагууд зохицуулалтын үүргээ бүрэн гүйцэтгэж, нэмэр болохын оронд өөрсдөө хувийн хэвшлийн хийх ёстой ажилд хутгалдаж нэрмээс болж байгаа нь зах зээлийн орчинд ажиллах арга хэлбэрээ бүрэн тодорхойлоогүй байгаатай ч бас холбоотой. Иймд төр, хувийн хэвшлийн ажлыг юуны өмнө зааглаж, хамтын ажиллагааны хамгийн оновчтой, зах зээлийн үндэс суурьтай шийдлийг олж тодорхойлъё.

Дээр дурдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн хувьд дараахи зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хайгуулаар илрүүлсэн ашигт малтмал, газрын тосны нөөц баялгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж хэрхэн цаашдын хөрөнгө оруулалтын мөнгийг босгож болгодгийг удаа дараа нотлон харууллаа.

Иймд ойрын ирээдүйдээ улс орны эдийн засгийн хөгжлийн зүтгүүр, олон улсад орчин цагийн Монголын нэрийн хуудас болох уул уурхайн активыг нэгтгэсэн МОНГОЛ ЭРДЭС, эрчим хүчний активууд, шинэ төслүүдийг нэгтгэсэн МОНГОЛ ЭРЧИМ, дагалдах дэд бүтцийн төслүүдийг нэгтсэн МОНГОЛ ДЭД БҮТЭЦ компаниудыг байгуулж, олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж руу гаргах бэлтгэлийг хангахыг нэн тэргүүнд хийх ёстой гэж үзэж байна.

1970-80-аад онд Европын орнууд тэр дотроо Их Британи улс өөрийн төрийн өмчийн томоохон үйлдвэрүүддээ ийм байдлаар бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэгснээр тухайн үедээ “Европ тивийн өвчтөн” гэж нэрлэгдэж байсан эдийн засгаа дэлхийд тэргүүлдэг хэвээр болгож, 20 гаруй жилийн эдийн засгийн өсөлтийг эхлүүлсэн юм. Бидний өмнөд хөршийн төрийн өмчийн ихэнх компаниудын хувьцаа олон улсын биржүүд дээр арилжигдаж, шинээр компани арилжигдах тоолонд олны анхаарлыг татаж, ихээхэн ашиг хонжоо олж байна. Хэдхэн жилийн өмнө төрийн өмчийн байсан Шенхуа, Чиналко компани нь одоо дэлхийн уул уурхайн топ 10 компанийн жагсаалтад бичигдэж байна. Бразилийн төрийн өмчин компани байсан СиВиАрДи компани дэлхийн топ 5-д тогтмол орж байна.

Бидний хувьд ч гэсэн төрийн өмчийн томоохон компаниудаа хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө мөнгө босгож томоохон төслүүдээ санхүүжүүлж, компанийг засаглалыг сайжруулж, төсвийн оролгоо нэмэгдүүлэх боломж байгааг ашиглах ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ажлын тайлан зүгээр архивт үлдэх биш, томоохон орд газрууд зүгээр нэг цаас болоод төрийн өмчийн компаниудын тайланд тэнцэлд хэвтэх биш дээрх жишгээр олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр бодитой хөрөнгийн эх үүсвэр болон хөрвөдөг байх ёстой гэж үзэж байна. Ийм анхны жишээ амжилттай хэрэгжиж эхэлсэн байна. Тухайлбал, ангижруулсан төмөр үйлдвэрлэдэг Хөх ган компани 30 хувийн хувьцаагаа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, үйлдвэрээ ашиглалтанд саяхан оруулсан байна. Ийм амжилттай жишээ олон болох ёстой.

Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг саяхан УИХ-аар баталлаа. Монгол улсын иргэн бүр энэ сангаас хишиг, хувь хүртэх учиртай. Дээрх компаниуд хөрөнгийн бирж дээр арилжигдаж, орлого мөнгө нь нэмэгдэхийн хирээр энэ сан арвижиж, иргэдийн авах орлого нэмэгдэнэ. Дотоодын хөрөнгийн бирж дээр бүртгүүлснээр стратегийн ач холбогдолтой орд газруудын хувьцааг Монгол улсын иргэд өмчилж жинхэнэ утгаараа баялгийг өмчлөх, удирдах, захиран зарцуулах боломжтой болно. Энэ чиглэлээр Дэлхиин банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай ажиллаж, зөвлөмж авч, бэлтгэлийг хангах нь зүйтэй юм. Эдгээр саналуудыг тусгаж эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг дахин боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгож байна.

Хатагтай ноёд оо,

Дээр би гол төлөв төрийн оролцоотой эсвэл төрийн зүгээс онцгой анхаарах томоохон төслүүдийн талаар ярьлаа. Орчин үеийн аж үйлдвэр, тэр дотроо ялангуяа уул уурхайн салбар нь ажиллах хүчний олонд гэхээсээ техник, технологид суурилдаг болжээ. Иймд томоохон төслүүдээс гадна дотоод гадаадын хувийн хөрөнгө оруулалтаар олон үйлдвэр шинээр ашиглалтад орж байж одоо ажилгүй байгаа мянга мянган хүн ажилтай болох боломж бүрдэнэ. Иймд хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болгох, цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ хийх шаардлагатай байна.

Үүнд юуны өмнө тогтвортой, дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, өрсөлдөх чадвартай бодлогын, татварын орчин хэрэгтэй. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийд 2006 онд 99 дүгээрт байсан Монгол улс 2009 оны судалгаагаар 117 дугаарт орж ухарсан явдалд бид нухацтай дүгнэлт хийж байна. Энэ судалгааг хийсэн Дэлхийн эдийн засгийн форумын дүгнэлтээр бидний өрсөлдөх чадварыг төрийн албаны хүнд суртал, санхүүжилт авах боломж, авилгал хээл хахууль, гадаад валютын талаархи хууль тогтоомж, бодлогын тогтворгүй байдал, инфляцийн түвшин, ажиллах хүчний мэргэшил боловсролын түвшин болон дэд бүтцийн хөгжил зэрэг үзүүлэлтүүд хамгийн доош татаж байна.

Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хамгийн ихээр татагдаж байгаа тул энэ бүх бэрхшээлийг хамгийн ихээр амсаж байна гэсэн үг. Иймд уул уурхайн салбарт үйл ажиллагааны шинэ стандартыг нэвтрүүлэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ажил хэргийн хэв журмыг хэвшүүлэх арга хэмжээ авах нь чухал гэж үзэж байна. Энэ ажлынхаа явцад уул уурхайн салбарын хөгжлийн эдийн засгийн үр шимийг олон нийт, улс даяараа хүртдэг улс орнуудын үйл ажиллагааны стандартыг өөрийн болгож нутагшуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд Канад, Австрали улсын жишээг анхааралтай судлах учиртай.

Геологи, уул уурхайн салбарт үйлчилж буй бүх дүрэм журмыг ил тод болгож, салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, холбоодыг оролцуулан хэлэлцэж, дүгнэлт гаргах нь шаардлагатай байна. Ашигт малтмалын лиценз олголтыг тойрч ирсэн хардлага, элдэв маргаанаас салж, ил тод, хүний хүчин зүйлээс үл хамаарах автоматжуулсан журам, тогтолцоонд шилжүүлэхээс эхлээд эрэл, хайгуулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөөг үнэлж дүгнэх дүрэм журам гээд шүүмжлэлд ихээр өртөж байгаа тэр талуудаасаа эхэлье. Чингэхдээ дүрэм журам нь ойлгомжтой, тодорхой бөгөөд бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлцэлтэй нийцэж уялддаг, бүрэн хэрэгждэг, хэрэгжихгүй эсвэл зөрчсөн бол хариуцлага хүлээх механизм нь ажилладаг байх хэрэгтэй.

Уул уурхайн салбарт ажлын байр нэмэгдүүлэх өөр нэг асуудлыг энд зориуд онцолмоор байна. Өнөөдөр уул уурхайн салбарт 2008 оны байдлаар 50 орчим мянган хүн ажиллаж байна. Үүнээс ч олон тооны хүн бичил уурхайн салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Хувиараа ашигт малтмал олборлох асуудал нь олон мянган иргэдийн ажлын байр, амьжиргаа, цаашлаад амь нас, эрүүл мэнд, тэдний үр хүүхэдийн хувь заяатай холбоотой асуудал учраас төрийн зүгээс зохицуулалт хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Геологийн судалгааны шинжлэх ухаанч чанар суларч байгааг энд тэмдэглэх ёстой сэргээх хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх зураглалын болон сэдэвчилсэн болон хайгуулын судалгааны ажлыг нэмэгдүүлэх, сэргээн ажиллах хэрэгтэй байна. Иймд зураглалын ажил гүйцэтгэсэн талбайд стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар геологийн салбарын төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудад үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг өгч байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн талбайд геологийн иж бүрэн судалгааг бүхий л төрлийн ашигт малтмал илрүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллавал бидний ажлын үр дүн илүү тодорхой болно. Жил бүрийн хайгуулын ажлын тайланд шинээр илрүүлж буй бусад төрлийн ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэгийн судалгааны ач холбогдлыг өсгөх хэрэгтэй байна.

Зөвхөн нөөц тогтоосноор ордыг нээж, судалсан гэдэг ойлголтоос татгалзъя. Шинээр тогтоогдож байгаа ордуудыг иж бүрэн судлах, судалгааны ажилд залуу мэргэжилтнүүдийг эрчимтэй оролцуулах, гадаадад сургах, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг хөрөнгө оруулагчдад анхааруулж байна.

Түлш эрчим хүчний салбарт бодлогын хэмжээнд шийдэх, хандлагаа өөрчлөх асуудал цөөнгүй байна. Төр засгийн зүгээс эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр байнга анхаарч ирлээ. Тухайлбал, 1990 оноос хойш эрчим хүчний салбарт гадаадын зээл тусламжаар 500 орчим сая долларын төсөл хэрэгжүүлж, улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас зуун зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийж ирлээ. Энэ онд гэхэд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 6 удаа хэлэлцэж, шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. 2010 онд эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 28.2 тэрбум төгрөгийг улс орны эдийн засгийн чадавхи хүнд байгаа энэ үед улсын төсвийн төсөлд суулган УИХ-д өргөн бариад байна.

Төр засгийн зүгээс анхаарал тавьж байгаа хэдий ч дотоодын нөөц бололцоогоо дайчлан шийдэх тулгамдсан асуудал маш олон байна. Тус салбарын хувьд, нэгд, түлш эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, хоёрт, улс орны түлш, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг зөв бүтэцтэй эх үүсвэр, дэд бүтцээр хангах, гуравт, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж эрчим хүч экспортлох чадамж бүхий салбарыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж ажиллах нь зүйтэй.

Эдгээр асуудлыг тусгасан эрчим хүчний бодлогын баримт бичиг, хуулийн өөрчлөлтүүдийг жил дамнан боловсруулж, ихээхэн цаг хугацаа өнгөрч, орхигдож ирснийг сэргээж шуурхай ажил хэрэг болгон шийдвэрлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Түлш, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын хувьд аюулгүй, найдвартай ажиллагааг нэн тэргүүнд тавих нь зүйн хэрэг боловч зах зээлийн өнөөгийн нөхцөлд эдийн засгийн үр ашгийг онцгой анхаарах нь зүйтэй.

2001 онд гаргасан Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчний компаниудыг өр авлага, алдагдлыг арилгаж эрчим хүчний үнэ тарифийг бодит байдалд нь уян хатан тогтоож, үйлдвэр компаниудын санхүү эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх улмаар төрийн татаасыг арилгах боломж олгосон боловч энэ чиглэлээр дорвитой үр дүн гаргаж чадсангүй. Харин ч өр төлбөр ихсэж, хөрөнгийн дутагдалд орж байгааг ЭБЭХЯам, ТӨХ, Эрчим хүчний зохицуулах газар онцгой анхаарч үзэх нь зүйтэй. Өр авлагыг ихэсгэсэн, олон удаагийн тасралт саатал гаргаж найдвартай ажиллагааг алдагдуулж, үр ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, компаниудын асуудалд онцгой анхаарах ёстой.

Эрчим хүчний зохицуулах газар нь засгийн газраас хараат бус бие даасан байгууллагын хувьд эрчим хүчний үнэ тарифын бүтцийг үнэн зөв, оновчтой тодорхойлох талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Гэхдээ зөвхөн цахилгаан, дулааны үнийг огцом нэмж асуудлыг шийдэх биш үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлж борлуулалтаа сайжруулснаар үнийг уян хатан нийгмийн хөгжлийн төвшинтэй уялдуулан шийдвэрлэж байх нь чухал юм.

Манай 2 аймаг өнөөг хүртэл эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй л байна. Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбох ажлыг 2011 онд шийдвэрлэж дуусгахаар ирэх оны төсөв, үндсэн чиглэлд тусгасан. Энэ зорилтыг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлж дуусгавал Эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулах төлөвлөгөөний I үе шатны зорилт хангагдах учир ЭБЭХЯ, Эрчим Хүчний Газар ирэх оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тэргүүн эгнээнд ач холбогдол өгөх зорилт гэж үзэх нь зүйтэй.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, цэвэр түлшний үйлдвэрлэлийг бий болгож дэмжих, гэр, орон сууцны дулаан хадгалалтыг сайжруулах асуудал нь та бүгдийн ойрын хугацааны ажлын үр дүнг дүгнэх үзүүлэлт байх болно гэдгийг энд бас онцлон хэлье.

Ерөөсөө Монгол Улсын Засгийн газраас цэвэр байгаль орчиныг эрхэмлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудалд онцгой анхаарч байгаа бөгөөд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зорилго бол байгаль орчинд хор хөнөөлгүй техник технологид тулгуурласан шинэ бүтцийг бий болгох явдал юм. Үүнд компаниуд ч гэсэн онцгой анхаарах ёстой. Монгол улс өнөөдөр үүцээ задалж эрдэс баялаг, эрчим хүчний томоохон төслүүдийг ашиглалтад оруулахаар шамдаж хөгжлийн гарцаа хүрэн эдийн засгийн буюу байгалийн баялаг дээрээ дулдуйдан хөгжлийн хөгжлийн тодорхой үе шатаар нэг хэсэгтээ замнах гэж буй нөхцөлд ногоон эдийн засаг, ногоон өсөлтийн тухай ярьж хийж эхлэх нь цаг хугацааны хувьд нэн чухал суурь концепц бөгөөд хөгжлийн түүхэн сонголт юм. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас санаачлан хэрэгжүүлж буй 3 цэвэр буюу цэвэр байгаль, цэвэр үйлдвэрлэл, цэвэр хүнсний чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, Global compact буюу Даян дэлхийн иж бүрдлийн зарчмуудыг Ерөнхий сайдын хувьд цаашид ч дэмжин ажиллах болно. Улс төрчид нь ч бизнесийнхэн ч “ногоон” сэтгэлгээтэй, “ногоон” итгэл үнэмшилтэй болж Монгол улсаа тогтвортой хөгжлийн замд хүч хавсран оруулцгаая.

Зүгээр нэг хуулийн дагуу амьдардаг хүн байхад дэргэд нь сайн, ёс суртахуунтай хүн байдаг шиг сайн, ёс суртахуунтай компанийн засаглалыг хэвшүүлэх нь байгаль орчин, орон нутгийн хөгжил, улс орны цэвэр шударга засаглалд онцгой нөлөөлдөг уул уурхай, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой. Иймд тухайн жилдээ санхүүгийн тайлан балансаа гаргадаг шигээ энэ жилдээ бид хэдэн монгол хүнийг ажлын байраар хангав, хэдэн хүнийг сургаж, мэдлэгийг нь дээшлүүлэв, байгаль орчныг хамгаалахад ямар хувь нэмэр оруулав, орон нутгийн хөгжилд бодит ямар ажил хийв гэдгээ үнэлдэг нийгмийн хариуцлагын тайлангаа албан ёсоор гаргаж олон нийтэд танилцуулж байхыг та бүгдэд уриалж, төрийн байгууллагууд үүнд анхаарч ажиллахыг анхааруулж байна. Салбарын үйл ажиллагааг ил тод болгоход Уул уурхайн салбарын ил тод байдлын санаачилгыг Монгол улсдаа улам эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Уул уурхайн салбарын ил тод байдлын санаачилгыг бусад улс орнуудын жишгээр компани, төрийн байгууллагууд шаардлагатай мэдээллийг бүрэн өгч байхыг хуульчилж, мэдээллээ гүйцэд өгөөгүй байгууллага, иргэнд хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж, үр дүнгийн талаарх мэдээллүүдийн зөрүүг цэгцлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хатагтай ноёд оо,

Сайхан Монгол орондоо монгол хүн сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх, үүний тулд монгол хүн бүр ажлын байртай болох нөхцөлийг бий болгох нь та бүгдийн хичээнгүй зүтгэл, цэгцтэй бодлого, үйл ажиллагаанаас шалтгаална. Үүнийг бид хамтдаа хийж чадна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

top


11/18/09

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах болсон тухай сэтгүүлчдэд 11 дүгээр сарын 18-нд мэдээлэл хийв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын талаар хэлэлцээд хугацааг 14 хоногоор сунгаж зарим зохицуулалтыг хийхээр тогтлоо. Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын тархалт тууштай буурахгүй байгааг тул ийм шийдвэр гаргалаа гэж Шадар сайд хэлсэн юм.

Нийтийн хоол, баар, рестораны үйлчилгээг 21 цагаас хойш ажиллуулахгүй байх, олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, соёл урлаг, спортын арга хэмжээг зогсоосныг хэвээр мөрдөж, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгасан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барааны зах, хүнсний дэлгүүрүүдийг 2009 оны 11 дүгээр сарын 19-нөөс эхлэн хэвийн үйл ажиллагаанд оруулахаар болов.

Орон нутгийн галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлийг зохих шаардлагын дагуу хийж, вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр хөдөлгөөнийг мөн өдрөөс эхлүүлж, зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллахаар шийдсэн байна.

2009 оны намрын ээлжит цэрэг татлагын хугацааг дахин 14 хоног хойшлуулжээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг зогсоосон хэвээр мөрдөх юм байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг 11 дүгээр сарын 23-наас эхлүүлэхээр болсон байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад тогтоосон тусгай горимыг хэвээр мөрдөж, өвчлөгсдөд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэх, оюутны хотхонд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын ажиллагаатай нэгжийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ гэж Засгийн газрын Хэвлэл,мэдээллийн албанаас мэдээлэв

top


11/18/09

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар АНУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын стратегийн түншлэл, тогтвортой цэргийн ажиллагааны асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргын орлогч Ж.Шийр-ийг 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзан Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжиж байгаагийн зэрэгцээ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа үр бүтээлтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.

Монголын ардчиллын ололт амжилтыг АНУ өндрөөр үнэлж байдгийг Ж.Шийр дурьдаад Батлан хамгаалах салбарын хүрээнд хоёр улс энхийг сахиулах үйл ажиллагаанд удаа дараа амжилттай хамтран ажиллаж байгаад АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.


top


11/16/09

2009 оны 11 дүгээр сарын 16-ны өглөөний жаврыг сөрөн Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол улсын анхдугаар ээлжийн цэргийн багийн дайчин эрс Афганистан улсын зүг хөлгийн жолоо заллаа. Монгол улсын цэргийн баг дэлхий дахинд энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд хүчин зүтгэх болсноос хойш манай цэрэг дайчдын мэдлэг, ур чадвар, зохион байгуулалтыг дэлхий дахинд өндрөөр үнэлэх болсны нэг илрэл нь энэхүү Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож буй явдал юм.

Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн баг тус улсын улсын нийслэл Кабул хотод байрлах АНУ тэргүүтэй олон үндэстний цэргийн “Eаgers” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Өмнө нь Монгол дайчид Ирак улсад мөн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж цөөнгүй удаагийн халдлагуудыг эрэлхэгээр таслан зогсоож олон мянган хүний амыг аварсан гавьяатай билээ.

Афганистаныг зорьж буй энэхүү цэргийн багийн бие бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь өмнө нь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд 1-3 удаа үүрэг гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд Зэвсэгт хүчний 18 анги, байгууллагаас шилэгдсэн 120 офицер, ахлагчид багтаж байна.

Цэргийн багийн нэгдүгээр ээлжийн хамт Афганистаны үндэсний армийг сургаж дадлагажуулах үүрэгтэй сургалтын хөдөлгөөнт багийн 9 дэхь ээлж мөн өнөөдөр мордлоо. Өнгөрсөн хугацаанд артиллерын сургалтын хөдөлгөөнт баг 8 удаагийн үүрэг гүйцэтгэлээр Афганистаны армид 2500 гаруй гэрээт цэрэг, 1200 гаруй офицер, ахлагчийг артиллерийн мэргэжилд сурган дадлагажуулж, 300 орчим их буу, миномётыг засварлан өгснөөр эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Төр засаг, цэргийн дээд командлалаас даалгасан үүргээ гүйцэтгэхээр дэлхийн хамгийн халуун цэгийг зорьж буй зоригт дайчдаа хүндэтгэн Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд аян замд нь үдэн гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд эсэн мэнд эргэн уулзахыг ерөөлөө.

Хүн бүхний мэдэж байгаачлан өнөөдөр Афганистан улсад цагийн байдал түгшүүртэй байгаа учир манай цэргүүдэд ямар ч эрсдэл учирч болохыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед тус улсад Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улс төрийн байдал хурцдаж, халдлага террор өдөр тутам гарч буйн дээр талибанчуудын үйл ажиллагаа идэвхижиж зарим бүс нутгийг өөрсдийн хяналтдаа авч байгаа юм.

Гэсэн хэдий ч манай цэргийн багийн албн хаагчид эрсдлийг даван туулахын тулд болзошгүй эрсдэлүүдийг тооцож ажиллагааны өмнөх бэлтгэлийг сайтар хангажээ. Ийнхүү Монгол улсын эрэлхэг дайчин хөвгүүд дахин нэг дэлхийн халуун цэгт энхийг сахиулахаар Афгинстан улсын зорьлоо.

top


11/13/09

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Норовын Алтанхуяг

1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.

51 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1976-1981 онд МУИС төгссөн, биофизикч, физикийн багш мэргэжилтэй, 1982-1984 онд МУИС-ийн англи хэлний оройн курс, 1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг төрийн захиргааны удирдлагын чиглэлээр дүүргэсэн. Москвагийн Улсын Их сургууль, Гумбольдтын их сургуульд биофизикийн чиглэлээр, ХБНГУ-д намын ажлын удирдлагын чиглэлээр суралцсан. Англи, орос хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1981-1990 онд МУИС-д багш, 1990-1992 онд Монголын Социал-демократ намын нарийн бичгийн дарга, 1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институтэд сонсогч, 1993-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал, 1994-1996 онд Монголын Социал-демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 1999 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, 1999-2000 онд Монголын Социал-демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, 2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 19 жил. Улс төрийн албан тушаалд 19 жил.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд

1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

45 настай.


Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийг, 1987 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсгөсөн. Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1998-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2006 оны 2 дугаар сараас 2007 оны 11 дүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд, 2007 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна. 2005 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 1997-2005 онд Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 2005-2007 онд МАХН-ын дарга, 2007 оноос МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 22 жил. Улс төрийн албан тушаалд 13 жил.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж

1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн.

53 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1975 онд Увс аймгийн дунд сургууль, 1981 онд Ленинград хотын Улсын Их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Орос хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1981 оноос Улсын прокурорын ерөнхий газарт хэлтсийн прокурор, Тасгийн дарга, 1988 оноос Цэргийн ерөнхий прокурорын газарт I орлогч, 1990 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 1990 оноос Хууль зүйн Тэргүүн дэд сайд, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2008 оноос Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байна. 1992 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 28 жил, Улс төрийн албан тушаалд 19 жил.

Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт

1971 онд Улаанбаатар хотод төрсөн.

38 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1978-1988 онд Нийслэлийн 10 жилийн 3 дугаар дунд сургууль /орос/, 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1996-1998 онд Австралийн Их сургууль, 2002-2003 онд Японы Киюшюгийн Их сургуулийг тус тус төгссөн, улс төр судлаач, хятад судлаач мэргэжилтэй. Хууль зүй, Олон Улсын харилцааны магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1994-2004 онд Гадаад хэргийн яаманд I нарийн бичгийн дарга, Газрын дэд захирал, мэргэжилтэн, атташе, 2004 онд Сангийн яаманд газрын дарга, 2004-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын дарга, 2007-2008 онд “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2008 оноос Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, 2009 оны 10 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 15 жил. Улс төрийн албан тушаалд 2 жил.

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Түнжингийн Бадамжунай

1956 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн.

53 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1971 онд Архангай аймгийн Чулуут сумын дунд сургууль, 1975 онд Төмөр замын техникум, 1982 онд Техникийн их сургуулийг тус тус төгссөн, тээврийн эдийн засагч, инженер мэргэжилтэй. Орос хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1978-1981 онд Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, 1981-1985 онд мөн газарт хэлтсийн дарга, 1985-1987 онд Авто тээврийн нэгдүгээр баазад намын хорооны дарга, 1987-1988 онд Авто тээврийн тавдугаар баазын орлогч дарга, 1988-1989 онд Монгол дизель комбинатын дарга, 1989-1996 онд Авто тээврийн газрын дарга, 1996-2000 онд “Меркури” группийн дэд ерөнхийлөгч, 2000-2004 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын Ерөнхий менежер, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 27 жил. Улс төрийн албан тушаалд 5 жил.

Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Төгсжаргалын Ганди


1961 онд Улаанбаатар хотод төрсөн.

48 настай.

Эмэгтэй

Гэр бүлийн байдал: Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1978 онд Нийслэлийн 10 жилийн 3 дугаар дунд сургууль, 1978-1982 онд МУИС-ийн Сэтгүүлчийн анги, 1986-1988 онд Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1992 онд ОХУ, 1996 онд ХБНГУ, 1997, 2002 онд АНУ, 2005 онд Тайланд Улсад мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эдийн засагч мэргэжилтэй. Улс төрийн шинжлэх ухааны доктор цолтой. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1982-1983 онд МХЗЭ-ийн Төв хороонд утга зохиолын ажилтан, 1983-1985 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд ажилтан, 1985-1990 онд “Улаан-Од” сонины сурвалжлагч, 1990-1992 онд “Ардын эрх” сонинд коллегийн гишүүн, хэлтсийн эрхлэгч, 1992-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, 2008 оноос Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 27 жил. Улс төрийн албан тушаалд 17 жил.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр

1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

44 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1972-1982 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 1983-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1994-1995 онд Шинэ Делигийн Маркетинг, менежментийн сургуулийг тус тус төгссөн. 2001-2005 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж “Жижиг улсын аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Дипломатч. Англи, орос, хинди хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1982-1983 онд Ардын армийн 282-р ангид байлдагч, 1989-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, I нарийн бичгийн дарга, 1991-1996 онд БНЭУ-д суугаа ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Гадаад хэргийн яаманд ажилтан, 1997-2000 онд “Баянгол ЗБ” ХК-ийн ерөнхий менежер, захирал, 2000-2001 онд Гадаад хэргийн яаманд I нарийн бичгийн дарга, 2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 2008 оноос Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байна.


Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 15 жил, Улс төрийн албан тушаалд 8 жил.


Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Сангажавын Баярцогт

1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн.

42 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1984-1989 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль, 1994-1996 онд ХБНГУ-ын Баден-Вюртенбергийн Гадаад худалдааны академи, 2000-2003 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2001-2002 онд АНУ-ын Колумбын Их сургуулийг тус тус төгссөн, улс төр, эдийн засгийн ухааны багш, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1995 онд ХБНГУ-д Хүнсний бодлогын зохицуулалтын асуудлаар, 2002 онд ОУВС-д төсвийн зарлагын менежментийн асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. Олон улсын эдийн засгийн магистр цолтой. Орос, англи, герман хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1989-1990 онд Улсын нэгдсэн төв эмнэлгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч, 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1991-1997 онд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 1992-1994 онд Улс төрийн боловсролын академид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд Монголын Социал-демократ намын дэд дарга, 1998 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 2000-2004 онд “Товхон хан” ХХК-д зөвлөх, 2002 онд Олон улсын валютын санд шинжээч, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 15 жил. Улс төрийн албан тушаалд 15 жил.

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Самбуугийн Ламбаа

1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн.

59 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, профессор цолтой. Орос хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1969-1972 онд Ардын армийн 030 дугаар ангид байлдагч, ахлах түрүүч, 1976-1980 онд МУИС-ийн Улс төр, эдийн засгийн ухааны тэнхимд багш, 1980-1984 онд Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, 1984-1987 онд Эрхүү хотын их сургуульд мэргэжилтэн, бэлтгэл факультетийн декан, 1987-1990 онд Дээд боловсролын улсын хороо, Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1992 онд Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, тус яамны “Сургалт импэкс” компанийн ерөнхий захирал, 1992-1996 онд “Эрдэм” цогцолборт ерөнхий захирал, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил сан”-гийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 36 жил. Улс төрийн албан тушаалд 9 жил.

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх

1963 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.

46 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал:Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 1985 онд Политехникийн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1985-1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш, 1988-1994 онд Политехникийн дээд сургуульд багш, 1994-1998 онд “Өгөөж импэкс” ХХК-ийн дэд захирал, 1998-2000 онд Монголын Социал-демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн дарга, 2000-2003 онд “Залуу лидер” клубийн Ерөнхийлөгч, 2003-2004 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 14 жил. Улс төрийн албан тушаалд 5 жил.

Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга

1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

46 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1978-1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн. Зураач мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1982-1986 онд Урчуудын эвлэлийн хороонд зураач, 1986-1989 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, 1990-2004 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал, 1997-1998 онд “Баянгол” зочид буудлын гүйцэтгэх захирал, 1998-2000 онд “Махимпэкс” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 12 жил. Улс төрийн албан тушаалд 5 жил.

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд

1961 онд Улаанбаатар хотод төрсөн.

48 настай.

Эрэгтэй

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль, 1979-1983 онд БНАГУ-ын /хуучнаар/ Бернаугийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн дээд сургуулийг төгссөн. Нийгэм судлаач мэргэжилтэй. Орос, герман, англи, хэлний мэдлэгтэй.


Ажилласан байдал: 1983-1984 онд Багануурын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч, 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн зааварлагч, 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1993 онд дэлхийн Монгол туургатан оюутан залуучуудын төвийн тэргүүн, 1993-1996 онд “Бодь интернэшнл групп”-ийн Ерөнхийлөгч, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 1999-2000 онд Олон Улсын парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Ази, Номхон далайн бүсийн дарга, 2000-2004 онд “Голомт” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын Банкны холбооны ерөнхийлөгч, 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 18 жил. Улс төрийн албан тушаалд 8 жил.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Чимэдийн Хүрэлбаатар


1968 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.

41 настай.

Эрэгтэй.

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1976 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинградын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австрали Улсын Сиднейн Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1991-1992 онд Үндэсний хөгжлийн газарт эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төслийн ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 18 жил. Улс төрийн албан тушаалд 5 жил

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар

1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн

39 настай.

Эрэгтэй.

Гэр бүлийн байдал: Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Хэзээ, хаана ямар сургууль, дамжаа төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол 1987 онд Нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль,
1992 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1998 онд АНУ-ын New Mexico-ийн Их сургуулийг тус тус төгссөн. 1996 онд БНЭУ, 1997 онд Франц Улс, 1998 онд ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн.2002-2003 онд Маастрихтын Их сургуульд суралцсан. Санхүү-эдийн засагч мэргэжилтэй, магистр цолтой. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал: 1992-1995 онд Зах зээлийн коллежид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, менежер, хэлтсийн захирал, 1999 онд Монгол банкны сургалтын төвийн менежер, 1999-2000 онд Монгол банкнаас Хөдөө аж ахуйн банк дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, 2000-2003 онд Хөдөө аж ахуйн банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Ажилласан хугацаа: (жилээр) Төрийн албанд 12 жил. Улс төрийн албан тушаалд 6 жил

top


11/12/09

УИХ-ын ээлжит чуулганаар сайд нарыг томилсоор байна. Дөнгөж сая Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томиллоо.

Түүний нэрийг Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн барин улмаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн ийнхүү УИХ-аар баталж байна.

Г.Занданшатараас Г.Баярсайхан, З.Энхболд, С.Оюун зэрэг гишүүн асуулт асууж, түүнийг манай улсын гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээр илүү анхаарч ажиллахыг захилаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатарын намтар

1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн

Гэр бүлийн байдал: Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:
-1987 онд Улаанбаатар хот, 10-н жилийн 77 -р сургууль,
-1987-1992, Эрхүүгийн Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
-2003-2004, Маастрихтын Их сургуульд суралцсан.
-1998 АНУ-ын Нью Мексикийн Их сургуульд бизнесийн удирдлага,
-1999 АНУ-ын First State Bank of New Mexico банкинд ажлын дадлага,
-1998 ХБНГУ-ын Франкфурт хотод гадаад валютын арилжааны менежмент,
-1997 Франц улсын Парис хотод Шилжилтийн эдийн засагтай улс орны хөдөө аж ахуйн санхүүжилт,
-1996 Энэтхэг улсын Дели хотод жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, банкны менежмент,
БНСУ, Швед, Япон, Тайланд улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
Орос, англи хэлтэй

Хашсан алба:
-1991-1992 Бизнес, худалдааны коллежийн Маркетинг бизнесийн судалгааны төвд судлаач
-1992-1995 Зах зээлийн коллеж /ХҮДС/-д санхүү-эдийн засгийн багш
-1995-1996 Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, валютын хэлтсийн ажилтан
-1996- 1998 Хөдөө аж ахуйн банкинд бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, Зээл мөнгөний бодлогын газрын захирал
-1998 Монголбанкны Банкны сургалтын төвд менежер
-1998-2000 Хөдөө аж ахуйн банкинд ажилласан Монгол банкны Бүрэн эрхэт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн багийн гишүүн
-2000-2003 ХААН банкны дэд захирал
-2003-2004 Хүнс, Хөдөө Аж Ахуйн дэд сайд
-2004 оноос УИХ-ын гишүүн

Сонгуульт ажил:
-2004- 2006 УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга МАХН-ын бага хурлын гишүүн
-2005 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
-2005 оноос Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
-2005 оноос Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга
-2008 оноос УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагчийн орлогч

Гавъяа шагнал:
-2004 онд “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан“
-2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-2006 онд “Эдийн засаг, санхүүгийн тэргүүний ажилтан”
-2009 онд “Алтан гадас” одон тус тус авч байжээ.

top


11/12/09

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдэлтон Вашингтон дахь Монгол улсын ЭСЯ-нд зочилж, Элчин сайд Х.Бэхбат болон ЭСЯ-ны хамт олонтой танилцаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцов.

top


11/11/09

2009 оны10 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрсөн " Эдийн засгийн бодлогын чуулга уулзалт-2009"-ийн талаарх мэдэээллийг хүргэж байна. Энэ жилийн чуулганы үндсэн сэдэв нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын нөлөөнд автаж буй банкны ситем болоод төрийн санхүүгийн асуудлууд байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү:
http://www.worldbank.org/mongolia - Монгол хэлээр
http://www.worldbank.org.mn - Англи хэлээр.

10 дугаар сарын 30-ны өдөр болж өнгөрсөн Монгод улсын Засгийн газар болон гадаадын түншүүдийн хамтарсан техникийн хамтарсан уулзалтанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Техникийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү:
http://go.worldbank.org/AO3DNTJRW0 - Монгол хэлээр
http://go.worldbank.org/OBWSYH91F0 - Англи хэлээр.

Мөн 10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Индонези улсын Сенатын орлогч дарга Dr. Laode Ida-aar ахлуулсан Ази, Африк, Европ тивүүдийг төлөөлсөн 13 парламентын гишүүд Монгол улсад айлчлав.

Парламентын гишүүдийн Монгол улсад хйисэн айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү:
http://go.worldbank.org/4KPELDY2E0 - Монгол хэлээр
http://go.worldbank.org/MVICF2J6K0 - Англи хэлээр.

top


 

11/05/09

Монгол Улсын 2010 оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын хэлсэн үг

Монгол Улсын 2010 оны төсвийн төслийн тухай


Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ирэх 2010 он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь жил юм.

Санхүүгийн хямралыг даван туулахад зайлшгүй шаардагдах шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээл, хүндрэлүүд тулгарч байсан хэдий ч хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж ирлээ. Бид өнгөрсөн онд үндсэн чиглэл, төсвийн төслийг боловсруулж, батлах явцдаа 2009 оны эдийн засгийн өсөлтийг өмнөх жилүүдийн түвшинд байхаар тооцож, таамаглаж байсан. Гэвч санхүү, эдийн засгийн хямралын улмаас манай эдийн засагчид, судлаачдын таамаглаж байгаагаар эдийн засгийн өсөлт оны эцэст 1,0-1,5 орчим хувьд хүрч буурах төлөвтэй байна.

Энэ 2009 онд санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотойгоор үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төлөвлөсөн олон тооны зорилтыг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл, боломж харьцангуй бага, хязгаарлагдмал байлаа. Бидэнд эхлээд дуусгаагүй байгаа ажил, хэрэгжүүлж эхлээгүй байгаа зорилт олон байна. Ийм ч учраас ирэх оны төсвийн төслийг боловсруулахад нэг талаас нэн өндөр эрэлт хэрэгцээ, амлалт, нөгөө талаас бидэнд олдож байгаа эдийн засаг, санхүүгийн хязгаарлагдмал нөөц, боломжийн зохистой харьцаа, тэнцвэрийг олж төлөвлөх хариуцлагатай сорилт Засгийн газрын өмнө тулгарсан юм.

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,306.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,664.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37.2 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн, үүний үр дүнд төсвийн нийт алдагдлыг 358.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.0 хувьтай тэнцэх байдлаар төсвийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна.
Ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлого 2009 оны тодотгосон төсвийн орлогоос 251,5 тэрбум төгрөгөөр буюу 12,2 хувиар нэмэгдэхээр байгаа бол төсвийн нийт зарлага 245,8 тэрбум төгрөгөөр буюу 10,1 хувиар нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.

Эрдэс баялгаас шууд хамааралтай орлогын, тогтвортой бус өсөлтийг дагасан зарлагын тэлэлт нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах өндөр эрсдэлтэй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч бага орлоготой болон шинээр хөгжиж буй орнуудад эрдэс баялагийн гэнэтийн орлогыг дагасан сөрөг үр дагавараас байнга сэргийлж байхыг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, судлаачид зөвлөдгийг Та бүхэн сайн мэднэ.

Төсвийн зарлагад бүтцийн шинэчлэл хийж, ялангуяа урсгал шилжүүлэг, хөрөнгө оруулалтын зардлын хуваарилалтыг үндсээр нь өөрчлөхөөс нааш төсвийн тогтвортой байдалд учрах эрсдэл цаашид байсаар байх болно.

Манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн гол зорилтыг миний бие Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ бидний баримтлах нэг гол чиглэл бол юуны өмнө “Хөгжил хүндээ чиглэгдэх ёстой, Монгол хүн бүр ажилтай, эрүүл, боловсролтой байх ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн хямралыг даван туулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хүн амын сурч боловсрох, эрүүл аж төрөх, амьдрах нөхцлийг сайжруулах зорилтыг тавьж, эдгээр чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэл баримталлаа. Ирэх онд улсын төсвөөс 358.6 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 93.9 тэрбум, нийт 452.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
Хэдийгээр эдийн засгийн хямралын үр дагавар бүрэн намжаагүй, төсөв санхүүгийн хүрэлцээ тааруу байгаа боловч Засгийн газар хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзэж ирэх оны хөрөнгө оруулалтыг ДНБ-ны 4,7 хувьтай тэнцэх хэмжээнд төлөвлөж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан 2007 оны үзүүлэлтээс ч багагүй хэмжээнд хүргэхээр зорьж төлөвлөгдөж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бүтцээр нь авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын 45 хувийг дэд бүтцийн, 28 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6 хувийг хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт, 5.8 хувийг төсвөөс аймаг, нийслэл, орон нутагт хийгдэх шууд хөрөнгө оруулалтад, 4.3 хувийг батлан хамгаалах, хууль хяналтын байгууллагын хөрөнгө оруулалтад тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.
Ирэх онд баримтлах үндсэн чиглэл, төсвийн бодлогод боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Ирэх онд эрүүл мэндийн салбарт хуваарилагдаж буй хөрөнгийг өмнөх оноос нилээд хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын урсгал төсөв 2009 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 16,3 тэрбум төгрөг буюу 8,8 хувиар, хөрөнгө оруулалт 4,8 тэрбум төгрөгөөр буюу 20,9 хувиар нэмэгдэхээр төлөвлөгдөөд байна.

Боловсролын салбарт ч мөн адил шийдвэл зохих олон асуудал, хэрэгжүүлбэл зохих зорилт олон байгаа нь тодорхой юм. Ирэх онд боловсролын салбарт зарцуулах төсвийг 2009 оны түвшнээс 34,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.

Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын дагуу нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмж, тусламжуудыг нэгтгэх замаар төрлийг цөөлөх, хөтөлбөрт суурилсан халамжийн үйлчилгээний төрөл хэлбэрийг өргөжүүлэх, хамрах хүрээг ядуу болон эмзэг хэсэгт түлхүү чиглүүлэх, халамжийн үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх хувилбаруудыг боловсруулаад байна.

Гэвч эдийн засгийн хямралын үед хүн амын мөнгөн орлогыг бууруулахгүй байх, нэг хүнд ногдох бодит орлого энэ онд нэмэгдээгүй байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийн авч буй тэтгэмжийн хамрах хүрээг бууруулахгүй байх, стратегийн орд газруудаас бий болж буй орлогыг иргэдэд хуваарилах механизмтай уялдуулан хамтатган шийдэх зэрэг үндэслэлүүдийн улмаас нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг одоогоор хумихгүй байхаар тогтсон.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Улсын төсвийн алдагдалыг санхүүжүүлэхийн тулд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллага, орнуудаас олгох гадаад зээл болох 92.2 тэрбум төгрөг, гадаад төслийн зээлийн хөрөнгө 109.2 тэрбум төгрөг, Монгол улсын Хөгжлийн сангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх орлогын дутагдлыг нөхөх хөрөнгийн үлдэгдлээс 141.5 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

“Стэнд бай” хөтөлбөрийн шаардлагад нийцсэн бодлогын арга хэмжээ, зорилтот үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй нөхцөлд төлбөрийн тэнцэлийг дэмжих зориулалтаар олгогдох хөрөнгийг Монгол улс авах боломжгүй болох бөгөөд улмаар улсын төсвийн эх үүсвэргүй алдагдал нэмэгдэх бодитой эрсдэл оршиж байна.

Монгол Улсын Засгийн газар, Оюу толгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Монгол улсад сүүлийн 30 гаруй жил хэрэгжээгүй байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлыг бодитойгоор эхлүүлэх нөхцөлийг хангасан.

Энэ орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэх нь Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд маш таатай боломж, давуу талыг авчрахаар байгаа тул бий болж байгаа энэхүү ховорхон таатай боломж, нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн, үр өгөөж ихтэй байдлаар ашиглахын төлөө бид чармайн ажиллаж байна.

Төсвийн төслийг өргөн барьсаны дараа Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа билээ. Уг хуулийн үзэл баримтлал нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, баримталж буй бодлоготой нийцэж байгаа тул уг хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн баталж, 2010 оноос хэрэгжүүлж эхлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Хүний хөгжлийн сангаас иргэдэд хишиг, хувь хүртээхдээ эхний ээлжинд ахмад настан, нийгмийн эмзэг бүлгийн иргэдээс эхэлж хамруулах нь зүйтэй юм.

Эрхэм гишүүд ээ,

Дараагийн жилүүдийн төсвийн төсөөллөөс үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтууд болон цаг үеийн явцад шинээр үүсэн гарч байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд 2010 -2011 онуудад улсын төсвийн болон зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхээргүй, төсвийн алдагдал нилээд хэмжээгээр нэмэгдэх таамаглал гарч байна.

Иймээс цаашид банк, санхүүгийн тогтолцоондоо шинэчлэл өөрчлөлт хийж гадаад, дотоод зах зээлээс шинээр хөрөнгө босгох болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах зэрэг санхүүгийн шинэлэг арга хэрэгслэлүүдийг бий болгох шаардлага тулгамдаж байгааг анхааралдаа авахыг хүсье.

Засгийн газар төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн хариуцлага, тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулан УИХ-д хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд төсвийг боловсруулах, хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх явцад мөрдөх шинэ зарчим, шаардлагыг тогтоох нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад нэр хүндэд сайнаар нөлөөлөх болно гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж буй Монгол улсын 2010 оны төсвийн тухай хууль болон Монгол Улсыг Хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

top


10/29/09

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын УИХ-ын нэгдсэн чуулганд хэлсэн үг

БИД ХАМТДАА ЧАДНА

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурлын Дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө Монгол улсын Ерөнхий сайдын албанд тохоон томилж, надад өндөр итгэл хүлээлгэсэн УИХ-ын гишүүд, Монгол Ардын Хувьсгалт Намын болон АН-ын бүлэгт талархлаа илэрхийлье.

Монгол төрийн нэн хариуцлагатай, тун амаргүй энэ албыг миний бие Монгол улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр Танаас хүлээн авч байна. Бахархалтай ч бас таны жишигт дүйцэж ажиллах өндөр шалгуур гэдгийг ойлгож энэхүү хүндтэй албаны буухиаг ард түмэн, монгол хүний эрх ашиг, хүсэл мөрөөдөлд нийцүүлэн хуулийн хүрээнд ил тод шударгаар үргэлжлүүлж ажиллана.

МАХН-ын дарга Ерөнхий сайд С.Баяр Та ээдрээтэй хүнд нөхцөлд төр түмнийхээ итгэлийг дааж, төрийн хүний голч бодлого, холч ухааныг харуулж хамтарсан Засгийн газрыг байгуулах зоримог санал анх гаргаж, улс төр, нийгмийн эв нэгдлийг хангах ухаалаг шийдлийг ажил хэрэг болгосон. Таны тэргүүлсэн хамтарсан Засгийн газар энэ богино хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Атрын 3-р аян зэрэг улс орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр болохуйц түүхэн шийдвэрүүдийг гаргаж үр дүнтэй үйл ажиллагаа олныг өрнүүлж эхлүүлсэн.

Засгийн газрыг тэргүүлж байх үедээ зах зээлийн хямралтай тулж, давалгаа савалгааных нь хүнд сорилтуудыг багийн хамт халшралгүй даван туулж, удирдлага зохион байгуулалтын өндөр ур чадвар гаргаж ирснийг Засгийн газрын гишүүнээр хамтран ажиллаж байсны хувьд зориуд онцлон хэлмээр байна.

Хамтарсан Засгийн газрыг удирдан манлайлах үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж ирсэн С.Баяр Танд гүн талархлаа илэрхийлж Таны цаашдын ажил амьдралд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж ажиллах нь миний үүрэг гэж ойлгож байна. Ерөнхий сайд С.Баярын дэвшүүлсэн таван төгөлдөршлийн зорилт, хамтран нэгдэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах бодлогыг цаашид үргэлжлүүлнэ.

Ингэхдээ хамтарсан Засгийн газар одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Миний бие Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон энэ мөчид Монгол улсынхаа хөгжлийн зорилт, сорилт, өнөөгийн тулгамдаж буй асуудал, тулгарч буй бэрхшээлийг бодитойгоор үнэлж, боломж нөөцөө зөв тооцоолон цаашид ажиллах чиглэлээ тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.

Дэлхий дахиныг хамарсан санхүү эдийн засгийн хямралын сүүдэр манай банк, санхүү, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй, дэд бүтцийн гээд олон салбарт хүндээр тусаж, хүн ардын маань амьдралд багагүй дарамт учирч байна. Хямрал дуусах болоогүй байна. Хүндхэн цаг үеийн амаргүй ачаа та бидний нуруун дээр байсаар байна. Төсөв, банк санхүүгийн системийн шинэчлэл, бизнесийн орчны шинэчлэл гээд хийх ажил бидний өмнө их байна. Бид энэ ачааг дааж гарна гэсэн итгэл үнэмшил төгөлдөр байна. Иймээс манай Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол хямралыг давж, төгөлдөршлийг үргэлжлүүлэхэд оршино.

Би бэрхшээлийг мэдэрч байгаа ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Монгол бол баян улс. Эцэг өвгөдөөс заяасан уудам нутагтай, үе үеэрээ хамгаалж, залгамжилж хөгжүүлж ирсэн өв их соёлтой, үр төлт мал сүрэг, өгөөж баян байгаль, эрдэс баялгийн нөөцтэй улс. Төрт ёсны олон зуун жилийн түүхтэй орон. Сайхан Монгол орондоо монгол хүн сайхан амьдрах учиртай.

Манай Засгийн газар аливаа хөгжлийн бодлогыг хүний төлөө боловсруулж, ард иргэдийн өргөн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхийг хичээнэ. Монгол хүний сайхан амьдралын төлөө бид ажиллана. Монгол хүн бүр ажилтай, Монгол хүн бүр боловсролтой, Монгол хүн бүр эрүүл байх, Монголын төр иргэндээ ойрхон байх ёстой гэж миний бие үзэж байна.

МОНГОЛ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОХ НЬ манай хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Иймд хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ.

21-р зууны Монголын аж үйлдвэржилтийн их бүтээн байгуулалтыг эхлүүлж, улмаар бодит ажил болгож гэмээнэ монгол хүн болгон ажилтай байх энэхүү зорилт хэрэгжинэ. Тийм түүхэн боломж бидэнд ойрхон байна.

Хөрөнгө оруулагчид Монгол улсыг урьд өмнө байгаагүйгээр сонирхох боллоо. Далайд гарцгүй хэдий ч даяаршсан дэлхийн зах зээл манай улсыг хүрээлж байна. Олон уурхай, түүнийг дагасан дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүд хэрэгжинэ.

Монголын өрсөлдөх чадварын онцлогийг тусгасан дагнасан үйлдвэржилт нь 21 дүгээр зууны аж үйлдвэржилтийн үндэс байх учиртай. Оюу толгойн орд газрын араас ашигт малтмалын бусад орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж зэс хайлуулах, барилгын материалын үйлдвэр, төмөр, коксын зэрэг нэмүү өртөг бий болгосон олон үйлдвэр ажиллаж эхлэх нь шинэ аж үйлдвэржилтийн бодлогын цөм нь байх болно. Дан ганц уурхайнууд биш олон боловсруулах үйлдвэрүүд, тэдгээрийг дагалдах үйлчилгээний төслүүд эхэлснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжих өргөн бололцоо бас нээгдэнэ. Ингэснээр монгол хүн ажлын байртай болох боломж бүрдэнэ.

Шинэ зууны үйлдэржилтийн бүтээн байгуулалтыг дан ганц уриа лоозон, төрийн байгууллагын хүчин чармайлтаар хийх боломжгүй. Бүтээн байгуулалтыг бүрэн эрчээр нь эхлүүлэхийн тулд дотоод гадаадын хөрөнгө оруулалт, техник технологи, мэргэжил туршлага, мэдлэг боловсролыг урамшуулж татах ёстой гэдгийг амжилттай хөгжиж байгаа орнуудын туршлага бэлхнээ нотолж байна. Төрийн бодлого зөв байхын зэрэгцээ хувийн хэвшлийн хүчин зүтгэлээр бүтээн байгуулалт хийгддэг гэдгийг хөгжил дэвшилд хүрсэн орнуудын туршлага харуулж байна. Нэг үгээр хэлбэл бид бүх түвшинд, бүх салбарт өрсөлдөх чадвараа эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Бас хөгжлийн хурдаа нэмэх хэрэгтэй.

Давосын хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб “Ертөнц том нь жижгийгээ барьдаг зүй тогтлоос хурдан нь удаанаа ялдаг тогтолцоо руу шилжиж байна” хэмээн хэлсэн. Үнэхээр бид цаг алдсанаар даяаршсан өрсөлдөөнд даруулж, хоцрох эрсдэл бий. Зарим судалгаа ч харуулж байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол улс 134 улсаас 100 дугаар байранд бичигджээ. Маш бодитоор дүгнэхэд өнөөдөр бид өрсөлдөж чадахгүй байна.

Үүнийг бид эрс өөрчлөх цаг нь болжээ. Монгол улс, монгол хүн бүр өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн төлөө цаг нартай уралдан зүтгэх амьдралын шаардлага нэгэнт бий болжээ.

Иймд Монгол улс бүс нутагтаа татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвараар өндөр үзүүлэлттэй орон болохын төлөө чармайж ажиллана.

Үүний тулд бид олон улсад түгээмэл хэрэглэгддэг стандартыг бүхий л салбарт нэвтрүүлж, ажил хэрэг болгоно. Энэ нь бидний хэлж хэвшсэн бараа материал, эд зүйлийн стандарт байхаас гадна хууль тогтоомж, заавар журам, техникийн болон бидний бодол сэтгэлгээний, соёлын, ажил амьдралын хэв маягийн шинэ стандарт байх юм.

Европын холбоонд элссэн бидэнтэй олон жилийн уламжлалт харьцаатай улс орнуудын туршлагаас энэ шинэ стандартын үр ашгийг суралцаж болно.

Тэд зах зээлийн эдийн засагт шилжихдээ шинээр дугуй сэдсэнгүй, аль нэг хүний үзэмжээр хуулиудыг бас бичих гэж оролдсонгүй. Харин байнгын жишиг болгож баримтлах нэг загварыг сонгож, замын стандартаа солихоос эхлээд авилгалтай тэмцэх хуулиа өөрийн онцлогт нь тохируулан нутагшуулснаар амжилтанд хүрч байна.

Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг, хүн амын нягтаршил, геополитикийн байршилаараа Монгол улстай маш төстэй Канад улсын хөгжлийн загвар, стандарт, техник, технологиос Монголд нэвтрүүлэх зүйл их бий.

Ер нь их бүтээн байгуулалтыг дан ганц дотоод хүчин зүйлээр гүйцэлдүүлэх боломжгүй. Монгол Улс жижиг орон хэдий ч, өөрийнхөө хэмжээтэй харьцуулахад гадаад талдаа жинтэй, нэр хүндтэй үйл ажиллагаа явуулж буйг манай түнш орнууд тэмдэглэж байгаа. Иймд манайхыг чиглэсэн энэхүү эерэг сэтгэхүйг зөв ашиглаж хөгжлийн хурдасгагч хөшүүрэг болгох боломж бий.

Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь даяаршсан зах зээлтэй байх зорилт дэвшүүлж, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Европын холбоо, Энэтхэг болон гуравдагч хөрш бусад орнуудтай худалдааг улам хөнгөвчлөх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Монгол хүн гадаад улс орнуудад, ялангуяа өөрийн бүс нутгийн орнуудад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

Бид гадаад харилцааг эдийн засагжуулах, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Энэ бодлогоо үргэлжлүүлнэ, эрчимжүүлнэ. Энэ нь монгол хүн бүрийг ажилтай болгох нөхцөлийг бүрдүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

Эрхэм гишүүд ээ,

Монгол хүн бүрт хөгжлийг нь тэтгэсэн ижил тэгш боломжийг төрөөс олгож, иргэн бүрээ чадавхижуулж, боловсролтой, эрүүл чийрэг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай “Монгол хүн”-ийг төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлж улмаар нийгмийн дундаж давхарга өргөжих бодит хөрс суурийг тавихын төлөө чармайн ажиллах нь чухал юм.

Газрын доорх баялгийг бид хэрэглээний эх үүсвэр болгоод өнгөрөх биш монгол хүний оюуны баялаг болгох нь чухал. МОНГОЛ ХҮН БҮР БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ.

ХХ зууны Монгол орны хөгжлийг тухайн зууны боловсролын шинэ тогтолцооны бүтээгдэхүүн боловсон хүчнүүд манлайлсан. Ахмад үеийнхэн маань улс орноо хөгжүүлж чадсан. Шинэ зууны хөгжлийг шинэ Монгол орны чадвартай боловсон хүчнүүд шийдэх учиртай. Бид ерөнхий боловсролын тогтолцоо, стандартаа дэлхийд тэргүүлэх орны түвшинд хүргэж, тусгай мэргэжлийн болон их дээд сургуулийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэн, төгсөгч бүр ажилтай болох зорилтыг тавин ажиллана. Иймд боловсролын салбарын хөгжил нь Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг байх болно.

Хамтарсан засгийн газар нь гэр бүлийн институцийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Гэр бүл бол хүний нийгмийн хамгийн эртний институцийн нэг, нэн үнэт зүйл юм. Чөлөөт амьдралаар урагшлахдаа монголчууд бид гэр бүлээ дээдэлж, хүндлэн тэтгэж явах учиртай. Гэр бүлийн үнэт зүйлсийг улс орондоо бэхжүүлэхэд чиглэсэн цэгцтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд тусгай анхаарал хандуулах болно.

Иймд Эх орны хишиг, Эрдэнийн хувийн талаар хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхдээ гэр бүл, хүний хөгжлийг дэмжих үзэл баримтлалд суурилахыг санал болгож байна. Хамтарсан засгийн газар нь нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг эрхэмлэж, настан буурлууд, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг нийгмийн халамж, хамгаалал нэн шаардлагатай байгаа хэсэгтээ эхний ээлжинд хүртээнэ.

Бид иргэдийнхээ эрүүл мэндэд ээлтэй тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд би зөвхөн эрүүл мэндийн зөв тогтолцоог хэлж буй биш, бас эрүүл чийрэг биеийг хөгжүүлэх нийгмийн зөв бодлогыг ч ойлгож байгаа юм. Иймд юуны өмнө нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх санал санаачилгыг түлхүү дэмжихийн зэрэгцээ эрүүл хүнс, эрүүл амьдрах хэв маягийг урамшуулж ажиллахыг эрмэлзэнэ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Байгалийн баялгаа зөв ашиглаж хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнууд, нөгөөтэйгүүр байгалийн баялгийн хараалыг амсаж яваа орнуудын хооронд нэгэн том ялгаа байна. Тэр нь засаглалын ялгаа.

Иймд ардчилсан тогтолцоог улам бэхжүүлэх нь хамтарсан Засгийн газрын бас нэг тэргүүлэх зорилт байх болно. МОНГОЛ ТӨР ИРГЭДДЭЭ ОЙРХОН БАЙХ ЁСТОЙ

Манай улс төр, нийгмийг бүхэлдээ монголын ардчиллыг муухай харагдуулж байгаа, ул хөрснөөс нь идэж байгаа зүйл бол авилга, төрийн албаны чирэгдэл, дарамт гэдгийг хэн хүнгүй ярьдаг, мэддэг. Авилга нь муу төрд байдаг үзэгдэл гэдэг. Авилгатай төрд ард түмэн хэзээд харшилтай байдаг. Иймд авилгын тогтолцоо байгаа тухай ярихаас илүү яг амьдрал дээр арилгах бодит алхам, үйлдэл хэрэгтэй байна.

Мөн Засгийн газрын бүх шатанд үг яриа нь үйл хэрэгтэйгээ нэгддэг, хариуцлагатай байх зарчмыг барьж ажиллана. Ажлын арга хэлбэрийг ч өөрчлөхийг шаардана. Аль ч шатны төрийн байгууллагын аливаа ажилд хэтэрхий чамирхал, хэлбэрдэл байх шаардлагагүй. Төрийн бүх төрлийн ажил үйлчилгээ нь тогтсон хэм хэмжээ, ёс зүй, дүрэм журмын хүрээнд, бодит үр дүнг эрхэмлэсэн байх учиртай. Шударга төрийн гоёл нь хууль ёсыг баримтлах, ард түмэндээ ойр, ил тод байх явдал юм.

Аливаа буруу гаж зуршлаас ангид, авилгад харшилтай төрийг байгуулах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга зам бол хуулийг дээдлэн сахин биелүүлэх явдал гэж үзэж байна. Хууль бол манай амьдралын хэм хэмжээ аливаа үйлдлийн хэмжүүр дэнс нь байх ёстой. Хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг гүйцэтгэх засаглалын бүх шатанд хэвшүүлэн мөрдүүлж ажиллах нь өнөөгийн нийгмээ эмхлэн цэгцлэх, хэв журам алдагдуулж байгаа бүхнийг эгнэгт халж өөрчлөх, улмаар хариуцлагатай байхын үндэс болно гэж үзэж байна.

Нийгмийн шаардлагаас хоцорсон хууль тогтоомж нь хүнд суртал, авилгын үндэс болдог тухай гомдол санал цөөнгүй гардаг. Иймд бидний дэвшүүлсэн шинэ стандартыг нэвтрүүлэх зорилт нь хуулийг олон улсын хэвшсэн загвар, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу боловсруулахад туйлын их ач холбогдолтой байна.

Үүний зэрэгцээ гүйцэтгэлийн удирдлагыг хангах түүний үр дүнг дээшлүүлэхэд төрийн албаны тогтвортой байдал, дархлаа чухал юм.

Төрийн жинхэнэ албанд гавъяа зүтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна. Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллаж байгаа ажил хэрэгч, шударга албан хаагчдынхаа нэр төр, ажиллах нөхцөл, баталгааг хангах нь төрийн үүрэг мөн. Үүний зэрэгцээ төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжүүлэх, удирдлагын илүү шат дамжлагыг арилгах, төрийн албыг хашихдаа хууль бус үйлдэл, ёс зүйн гажуудал гаргах зэрэг хүнд сурталын аливаа илрэлийг төрийн албанаас нэн даруй зайлуулах, ийм буруу зуршилтай хэнд ч төрийн албанд орон зай байх ёсгүйг мэдрүүлж ажиллана. Төрийн үйл ажиллагааны төвлөрлийг бүхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх-үүрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарна.

Төвлөрлийг сааруулж нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг бэхжүүлэн нутаг орондоо иргэд нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд төдийгүй гүйцэтгэлийн явцад нь идэвхтэй оролцох бүхий л бололцоо, нөхцөлийг хангах нь чухал гэж үзэж байна.

Үүний тулд шаардлагатай тохиолдолд эрх мэдлийг төвөөс орон нутгийн удирдлагад төлөөлүүлэн хэрэгжүүлэх, шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах болно.

Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тэдэнтэй хоршиж ажиллах нь иргэний нийгмийн ардчилсан удирдлагын жинхэнэ зарчим гэж үзнэ. Ингэснээр нийгмийн олон талт ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, төр хувийн хэвшил, иргэдийн эрх тэгш байдал, итгэлцэл, түншлэлийг хангах, эрх мэдлийг ард иргэдэд олгох, тэдний оролцоог өргөтгөж чадна. Ингэж байж л хяналттай, тэнцвэртэй төр төлөвшиж иргэндээ ойртоно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хамтарсан Засгийн газрынхаа бодлогыг би хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн гэсэн хослол хэмээн хамгийн товчоор тодорхойлж байна. Монгол улсад хөгжлийн сайхан ирээдүй, Монголын сайхан орондоо монгол хүн сайхан амьдрах боломж бий гэдэгт итгэдэг.

Үүний тулд монгол хүн бүрийг ажлын байртай болох боломжийг бүрдүүлэх, иргэн бүрээ чадавхижуулан, боловсролтой, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх, Монгол төр иргэддээ ойрхон байх ёстой гэж үзэж байна.

Бид үүнийг хийх ёстой, хийж ч чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажлаа эхлэж байна. Хамтарсан Засгийн газарт Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй намууд, Ерөнхийлөгч, нийт ард иргэдийн хамтын дэмжлэг хэрэгтэй.
Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол улс хөгжин бадрах болтугай.

top


10/29/09

С.Батболд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдов.

Гадаад харилцааны сайд Сүхбаатарын Батболд 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилдаа оров.

Сvхбаатарын БАТБОЛД-ын товч намтар

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 5 хүүхэдтэй.

Төгссөн сургууль
1986 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг
1991 онд Лондонгийн Бизнесийн Их Сургуулийг тус тус төгссөн

Эзэмшсэн мэргэжил, боловсрол
Олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй
Орос, Англи, Франц хэлтэй

Эрдмийн зэрэг цол
2002 онд Москвагийн Дипломатын Академид Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан

Ажилласан байдал
1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд мэргэжилтэн
1988-1992 онд Гадаад худалдааны “Монголимпекс” нэгдэлд экспорт фирмийн дарга
1992-2000 онд “Алтай трейдинг” ХХК-ийн Ерөнхий захирал
2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд
2004-2006 онд Vйлдвэр, худалдааны сайд
2004 оноос УИХ-ын гишvvн
2006-2008 онд УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга
2008 оноос УИХ-ын гишvvн, Засгийн газрын гишvvн, ГХ-ийн сайдаар ажиллаж байна.
2009 оны 10-р сарын 29-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.

Сонгуульт ажил
2001-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишvvн
2000 оноос МАХН-ын Бага хурлын гишvvн
2002 оноос Монголын Хөгжлийн Стратегийн Хvрээлэнгийн Удирдах Зөвлөлийн дарга
2004 оноос Монголын Vндэсний Олимпийн Хорооны гvйцэтгэх зөвлөлийн гишvvн, дэд ерөнхийлөгч

Шагнал
1997 онд Шилдгийн шилдэг бизнесмен “Гран при” шагнал
1999 онд Алтан гадас одон
2001 онд Монголын Vндэсний олимпийн хорооны дээд шагнал “Алтан очир” одон
2002 онд МАСЗХ-ны “Алтан сарнай” өргөмжлөл, Төрийн захиргааны салбарын оны шилдэг залуу
2002 онд Дэлхийн чөлөөт бөхийн холбооны (FILA) “Алтан од” одон
2007 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

top


10/28/09

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баярын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм дарга, гишүүд ээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлж өгөх хүсэлтийг минь УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрээ гаргах гэж байна. Шийдвэр гарахын өмнөх энэ цаг мөчид Улсын Их Хурлын гишүүд та бүхэнд болон энэ хүндэт индэр дээрээс иргэд сонгогчиддоо хандан хэдэн үг хэлъе.

Өнөөдөр би Ерөнхий сайдын албаа өгч байна. Эзний алба ээлжтэй гэдэг эцэг дээдсийн сургаалыг санан, өндөр албанаас бууж байгаадаа бол харамсах юм алга гэдгээ хэлъе. Харин төлөвлөсөн ажлынхаа дийлэнхийг нь хийж амжилгүй явж байгаадаа би харамсаж байна. Даалгасан том ажлыг ном ёсоор нь гүйцээж, тавьсан зорилт, товлосон хугацаанд нь бүрэн хүргэлгүй ийнхүү засгийн ажлыг замынх нь дундаас биеийнхээ байдлаас болж орхих болсондоо өөрийгөө би буруутгаж байна. Ард түмнийхээ төлөө бишгүй зүтгэх учиртай алд биеэ эрүүл аваад явчих арга ухаан дутаасандаа өөрийгөө би хатуу зэмлэж байна. Гэхдээ өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг учраас яалтай ч билээ. Юутай ч намайг урамшуулан сонгосон иргэд сонгогчид болон надад итгэж засгийн өндөр албанд томилсон Улсын Их Хурлаас би өнөөдөр уучлал хүсч байна. Хүлээж авна уу.

Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргахад надад амар хялбар байсангүй. Гэхдээ удаан эргэлцүүлж байж гаргасан энэ шийдвэрээ би зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байна. Хийх ёстой ажил уул овоо шиг овоорсон байхад түүнийгээ хийж чадахгүй байдалд хүрч эмнэлгийн орон дээр хий шаналж хэвтэнэ бол гэдэг биеийн гэхээсээ сэтгэлийн аймшигтай там юм байна. Аливаа ажлыг, тэгэх тусмаа Ерөнхий сайдын ажлыг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ажлаа өг гэсэн зарчим үйлчлэх ёстой. Энэ зарчим шударга ёсонд бүрэн нийцнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж чадна гэж үзээд энэ ажлаа чадлынхаа хирээр гүйцээхийн төлөө өнөөг хүртэл би зүтгэлээ. Одоо чадал тэнхээ минь зохих хэмжээнд хүрэхгүй болсны учир үнэнээ хэлээд албаа шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна. Монголчууд бид нялуунаас шулуун нь дээр гэдэг. Тэн өргөх тэнхээтэй байхдаа “чаднаа” гээд авч болсон юм, тэнхээ чадал алдрахын цагт “авна уу” гээд буцаах сэтгэлийн тамиртай байх нь төрийн хүний эрхэм чанар мөн хэмээн үзэж байгааг минь УИХ-ын эрхэм гишүүд та бүгд болгооно уу.

УИХ-ын чуулганы танхимын хойморт байрлах Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас босч энэ хүндэт индэр дээрээс үг хэлэх завшаан надад олон тохиолдож байлаа. Энэ индэр, тэр суудлын хооронд зайгаар бол таван метр, өгсүүрээр бол таван шат байдаг юм билээ. Ерөнхий сайдаар анх тохоон томилогдож, анхны танхимаа бүрдүүлсний дараа яг энэ индэр дээрээс би “Таван төгөлдөршил” гэсэн зорилтоо дэвшүүлж байлаа. Тав гэсэн тоо энд давтагдаад байгаа нь үнэндээ цэвэр тохиолдлын чанартай юм.

Гэхдээ 2007 оны өвлийн тэр өдөр Засгийн газрын тэргүүний хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрийн чанартай гол үгээ энэ индэр дээрээс хэлээд суудал руугаа өгсөж байх зуураа тавын тооны энэ давтамжийг анзаарч дотроо ихээхэн бэлгэшээж, залбирч байсныгаа өнөөдөр тодхон санаж байна. Төрийн түшээ хүн тав алхаад хүрч болдог, таван том зорилтоор бодлогоо томъёолж болдог энэ өндөрлөг дээрээс би бүтээх, нэгдэх, хамтрахыг санаачилж байсан болохоос бус эвдрэлцэл, талцалын дэгээ цалам шидэж яваагүйгээ өнөөдөр би ард түмэндээ ам бардам тайлагнах байна.

Тэр өдрөөс хойш нэг жил арван сар нэгэнт өнгөрчээ. “Таван төгөлдөршлийн” зорилтуудын маань эхний гурав нь амьдралд бодитой хэрэгжиж эхлэв. Стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл, нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шудрага тогтолцоо, төрийн албыг хамарсан таван төгөлдөршлийн эхний гурав нь хэрэгжиж эхлээд байгааг бид бэлхнээ харж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд хамтын санаачилга, хамтын зүтгэл, оюун бодлоор амилж эхэлсэн энэ гурван төгөлдөршлөө би өнөөдөр зориуд дахин онцолмоор байна.

Нэгд, олон жил гацаанд байсан Оюу толгойн гэрээ сая батлагдаснаар стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд хаалга нээгдлээ. Бидний амьдралд урьд өмнө төдий л хэрэглэгдэж байгаагүй гадаад үгээр триллион буюу их наяд төгрөг гэдэг шинэ тоо, шинэ хэмжүүр орж ирж байна. Уул уурхайн салбарын төгөлдөршлийн үр шимээр манай эдийн засаг руу цутган орж, хөгжлийн шинэ эрэмбэ рүү хөтлөх мөнгө, хөрөнгө энэ шинэ тоог дагуулж ирсэн юм.

Хоёрт, уул уурхайн салбараас олох ашгаа ард иргэддээ хуваарилах сангийн хуримтлал бүрэлдэж эхэлсэн. “Эх орны хишиг, Эрдэнийн хувь” хэлбэрээр иргэддээ хүртээх эрх зүйн шинэ харилцааг зохицуулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд хэлэлцэж эхлээд байна.

Гуравт, таван төгөлдөршлийн гол үндэс суурь бол иргэний бүртгэл буюу төрийн ой санамжийг төгөлдөлдөршүүлэх ажил билээ. Иргэний бүртгэлийн төгөлдөршил нь нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шударга тод болгоно. Мөн уул уурхайгаас олсон хуримтлалаасаа ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилахын тулд иргэдийнхээ бүртгэлийн тогтолцоог үнэн бодит, нарийн чамбай болгох хэрэгтэй байгаа билээ. Энэ ажил өнөөдөр ид ундарч байна. “Бүртгэлийн төгөлдөршил” бүдүүн тойм мэдээллийг бүрэн цэгцтэй болгох зорилтын аянд шуударсаны баталгаа энэ.

Нөгөөтэйгүүр, иргэний бүртгэлийн төгөлдөршил нь үлдэж байгаа хоёр төгөлдөршлийнхөө үндэс суурийг бас тавьж байгаа юм. Иргэний бүртгэл сайжирснаар “амьгүй сонгогч”-ийн нэрээр санал луйвардах, сонгууль будлиантуулах үүдийг хааж чадна. Ингэснээр эцсийн дүндээ Монголын төрийн алба тунгалагшин ариусах зөв эхлэл болно. Энэ талаас нь харвал хүлээгдэж байгаа үлдсэн хоёр төгөлдөршлийн суурь хундаам нь аль хэдийн цутгагдаад эхэлснийг бид бас харж байна.

Сайн сайхан эхлэл, ололт бүхний гавъяаг зөвхөн өөртөө наах гэж хөөрцөглөхгүй гэдгээ, гаргасан алдаа, дутагдлаасаа өөрийгөө хаацайлах гэж хөглөхгүй гэдгээ би энэ индэр дээрээс 2007 оны өвлийн тэр өдөр тунхагласан билээ. Манай хамтарсан Засгийн газрын хийж бүтээсэн, эхлүүлсэн бүхэн УИХ-ын эрхэм гишүүд та бүгдтэй, эрх барилцан засаглаж буй хоер намын харилцан ойлголцолтой салшгүй холбоотой гэдгийг би өнөөдөр талархан, талархан зориуд онцлон хэлэхийг хүсч байна.

Аливаа зүйл, түүний дотор амьдрал маань дор хаяж хоёр талтай харагддаг нь зүй ёсны үзэгдэл ээ. Харах гэсэн хүний нүдэнд шинэ нахиа, цэцэг улс орны болон энгийн иргэний аж амьдралд урган дэлбээлж байна. Ганц жишээ хэлэхэд, “Атрын Ш аяны” зорилт хоер жил дараалан биелж, байгаль цаг агаарын болон бусад бэрхшээл саад байн байн тохиолдсон ч одоогийн байдлаар бид газар тариаланчдынхаа хүч зүтгэлийн үр дүнд улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцэгээ эх орны шимт хөрсөнд ургуулсан ургацаар бүрэн хангах боломж бүрдэж эхэллээ.

Ерөөс өрнөж буй амьдралыг эерэг, өөдрөг талаас нь харж “аяга маань бараг дүүрэн байна” хэмээн бэлгэшээж болдог байхад, эсрэг, гутранги талаас нь харж “аяга бараг хоосон байна” гэж чамлаж болдог талтай. Би бол өөдрөг үзэлтэй хүн учраас ажил, амьдралд маань бүтэх гээд, эвлэх гээд, ургах гээд, дэвжин дээшлэх гээд байгаа нааштай хандлага, өөрчлөлт бүрийг бага гэлтгүй тэтгэж, дэмжих ёстой гэж үзсээр ирсэн.

Монголчууд бид өнгөрсөн түүхээ харсан ч, өнөөгийн амьдралаа бодсон ч өнгөтэй, өөдтэй бүхний маань эх ундрага ариун цэнгэг нэг л булаг дээр тулж очдог. Энэ бол монголчууд бид хамтрахаас өөр зам үгүйг ухаарах ухаарал, энэ ухаарлынхаа үндсэн нэгдэх, хамтрах, хамтарсан тэмүүллээр урагшлах чадвар хоер юм. Яг л найман зууны тэртээд талаар нэг тарсан байсан монгол аймгууд хамтарсан шиг, 1911 онд ноёдын болоод шашны бүлэглэлүүд Монголынхоо эрх чөлөөний төлөө нэгдсэн шиг, яг л жил гаруйхны өмнө манай эрх баригч хоёр нам улс үндэснийхээ хөгжлийн төлөө ухаан гаргаж хамтарсан шиг...

Монголчууд бидний урагшлан дэвжих мөнхийн эрмэлзлэлийн өнөө цагийн гол илэрхийлэл бол бидний байгуулсан хамтарсан Засгийн газар мөн гэж би бат итгэлтэй явдаг. Хамтарсан Засгийн газар байгуулаагүйсэн бол дээр дурдсан нааштай эхлэл, эерэг хандлага гарахгүй л байсан болов уу.

Тиймээс хамтрах, нэгдэх энэ ухаан, энэ чадвараа ямарч тохиолдолд хадгалж үлдэх нь амин чухал байнаа. Ээлж халаатай Ерөнхий сайд байхад, эвдэрч хазайдаггүй эвийн бат суурьтай үлдэх нь монгол төрийн оршихуйн үндэс мөнөөс мөн.

Энэ бол миний өнөөдөр хэлэх гэсэн гол санаа, УИХ-ын хүндэт индэр дээрээс олноо дуулган түгээх гэсэн гол уриа маань юм.

Үүнтэй холбоотой бас нэгэн бодол, болгоомжлол байгааг эцэст нь дурдахгүй бол горьгүй нь. Миний бие эрүүл мэндийн байдлын улмаас Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо хэмээн үзэж УИХ-д хүсэлтээ гаргасан билээ. Энэ шийдлийн маань гол зорилго, гол учир шалтгаан бол чухамдаа санаачилж байгуулсан хамтарсан Засгийн газрынхаа хэвийн үйл ажиллагааг цаашид хангах гэсэн чин хүслийн минь илэрхийлэл байлаа.

Гэтэл үүрэгт ажлаасаа өөрийн санаачлагаар “чөлөөлөгдөх” тухай хүсэлтийг минь хамтарсан Засгийн газрыг “огцруулах, өөрчлөх” шалтаг болгон ашиглах гэсэн явуургүй оролдлого энэ зуур бас ажиглагдаж байх юм. Эрх зүйн хэлбэр талаасаа ч, улс төрийн агуулга талаасаа ч Ерөнхий сайдыг ОГЦРУУЛАХ, түүнийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ гэдэг нь огт ондоо хоер ойлголт, ухаагдахуун гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч тодорхой. Нэг нь бол ажлын хариуцлагатай холбоотой байхад, нөгөө нь амьдралд тохиолдох давагдашгүй хүчин зүйл буюу хуулийн олон улсын хэллэгээр бол “форс-мажор” хэмээхээс үүдэлтэй зүйл билээ. Энэ асуудлыг зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн болон “Засгийн газрын тухай хуулийн” зохицуулалт ч дэндүү тодорхой байгаа билээ.

Хүний маргаашийг сайн муугаар төлөглөх нь хувь хүний дур зориг биз ээ. Харин улс үндэстэн, засаг төрийнхөө маргаашийг “буруутгах тусам нь хожих, бужигнах зуур нь завших” санаархлаар харах нь увайгүй болоод бүтэлгүй санаа гэдгийг мартаж болохгүй. Эргэж уулзах нүүр, дахиж учрах даваатай хорвоо шүү дээ.

Монгол төрийн заяа өндөр, монгол хүний тавилан дэлгэр гэдэгт би огтхон ч эргэлздэггүй Монгол улсын иргэн.

Эвийн хүч маань улам нягтарч, монголчууд бидний хийморь золбоог өвөг дээдсийн сүр сүлд ивээж, бурхан адислах болтугай.

top


10/21/09

НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчлав

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Супачай Паничпакди гэргийн хамт манай улсад албан ёсны айлчлал хийв.

Гадаад харилцааны сайд С.Батболд ЕНБД-ыг энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улс болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Ялангуяа, Монгол Улс, ОХУ болон Хятад Улс хоорондын Дамжин өнгөрүүлэх тээврийн тухай хэлэлцээрийн явц, Монгол Улсад Түүхий эдийн бирж байгуулахад үндэсний чадавхийг бий болгон бэхжүүлэх тухай, түүнчлэн далайд гарцгүй орнуудад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулсантай холбогдуулж, шаардлагатай дэмжлэг туслалцааны талаар харилцан ярилцлаа.

top


10/16/09

"Чингис хаан ба Монголын их эзэнт гүрэн" үзэсгэлэн

"Чингис хаан ба Монголын их эзэнт гүрэн" үзэсгэлэн АНУ-ын Хьюстон хотоос Колорадо мужийн нийслэл Дэнвэр хотод нүүж ирэн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэнвэр хотын Байгаль, шинжлэх ухааны музейд нээлтээ хийв.

Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Мишигжав, Дэнвэр хотын дарга Жон Хикэнлүпэр, музейн удирдлага, хамт олон, Дэнвэр хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул Жеймс Вагенландер, Монгол Улсад элэгтэй Америк хүмүүс, Дэнвэр хотод оршин суугаа Монголчууд оролцов.

Үзэсгэлэнг нээж Элчин сайд Х.Бэхбат, Өргөмжит консул Ж.Вагенландер болон Дэнвэр хотын дарга Ж.Хикэнлүпэр нар үг хэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн видео мэндчилгээг толилуулав.

Үзэсгэлэн 2010 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Дэнвэр хотноо ажиллана.

top


02/23/09

МЭНДЧИЛГЭЭ


XVII жарны “Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсад сурч, ажиллаж, аж төрж байгаа элэг нэгт монголчууддаа эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай явахын өлзийтэй ерөөлийг ЭСЯ-ныхаа хамт олны өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Урин хаврын баяр, ураг төрлийн хүндэтгэл сар шинэдээ сайхан шинэлж, гарч буй шороон үхэр жилдээ санаа сэтгэл түвшин, ажил үйлс нь өөдрөг, эрдэм ном нь арвин байх болтугай


ЭЛЧИН САЙД Х.БЭХБАТ

Вашингтон хот, 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

 

top


02/03/09

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр дэлхийн
183 орноос Монгол Улс 69 дүгээр байранд оржээ


АНУ-ын Хэритэж сан /Heritage Foundation/, Уолл стрийт сэтгүүл /Wall street Journal/ хамтран дэлхийн улс орнуудын “эдийн засгийн эрх чөлөөний индекс 2009” судалгааг гаргажээ. Судалгаанд дэлхийн 183 орныг хамруулж бизнес, худалдаа, төсөв, засгийн газрын бүтэц /хэмжээ/, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалт, санхүү, өмчийн эрх, авилгал, хөдөлмөр эрхлэлт зэрэг 10 шалгуур үзүүлэлтээр оноо өгч, байр эзлүүлсэн байна. Дээрх 10 үзүүлэлтийн эрх чөлөөний индексийн дундажийг гаргаж жагсаахад Монгол 62.8 оноо авч 69 дүгээр байранд орсон байна.

Жагсаалтын эхний 10-т ХонгКонг, Сингапур, Австрали, Ирланд, Шинэ Зеланд, АНУ, Канад, Дани, Швейцарь, Англи орсон бол сүүлийн 10-т Судан, Лихтенштэйн, Ирак, Афганистан, Хойд Солонгос, Зимбабвэ, Куба, Бирм, Венэсуал, Конго оржээ.

80-100 оноо авсан бол эдийн засаг нь нээлттэй, эрх чөлөөтэй, 70-79.9 бол эрх чөлөөтэй гэж үзнэ. 60-69.9 бол дундаж эрх чөлөөтэй, 50-59.9 бараг эрх чөлөөгүй, 0-49.9 бол хавчлагад байгаа гэж ангилжээ. Монголын хувьд дундаж эрх чөлөөтэйд хамрагдаж өнгөрсөн оныхоос 0.8 хувь доогуур бөгөөд 10 шалгуур үзүүлэлтийн 6 нь ялимгүй буурч, АНД-н бүс нутгийн 41 орноос 11 дүгээрт орсон байна. Монголын авсан 62.8 оноо нь дэлхийн дундаж түвшнээс арай дээгүүр байгаа аж.

Монголын эдийн засгийн сүүлийн жилүүдийн өсөлт 7 орчим хувь байгаа нь төсөв, санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны эрх чөлөө өсөлтэд нөлөөлж буй, хүн амын болон аж ахуй нэгжийн татварын хэмжээ өрсөлдөх чадвартай, харин тарифын барьер дундаж хэмжээнд байгаа ч тарифын бус саад тотгор ерөнхий худалдааны эрх чөлөөг сулруулж байна гэж дүгнэжээ. Монголд худалдааны бүртгэл, лиценз олголт үр ашигтай ч, бизнес үйл ажиллагааг хаахад цаг ихээр зарцуулдаг. Засгийн газар бараг бүх зах зээлийн бус дүрэм журмыг цуцалсан. Монголд бизнес эрхлэх, бизнесийн эрх чөлөөг хамгаалсан эрх зүйн орчин харьцангуй сайн, бизнес үйл ажиллагаа эхлүүлэхэд дэлхийн дундаж 38 хоног байдаг бол Монголд ердөө л 13 хоног хангалттай. Бизнесийн аливаа зөвшөөрөл, лиценз авахад дэлхийн дундаж 225 хоног байдаг. Энэ хугацаа Монголд бага.

2006 оны байдлаар Монголын дундаж тарифын хэмжээ 4.4 хувь байжээ. Худалдаа либералчлагдаж байгаа ч экспорт, импорт хязгаарлагдмал, оюуны өмчийн эрхийн үйлчлэл сул, үр ашиг муутай, ил тод бус, авлигалд өртөмтгий гаалийн тогтолцолцоо худалдааны өртгийг нэмэгдүүлж байна. Тарифын бус саад бэрхшээл Монголын худалдааны эрх чөлөөг 10 хувиар бууруулж байна. 2007 онд татварын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж хувь хүний орлогын албан татварыг 10 хувь, аж ахуйн нэгжийн албан татварын дээд хэмжээг 25 хувь болгов. Сүүлийн жилүүдэд нийт татварын орлого ДНБ-ний 33.8 хувьд хүрэв. Засгийн газрын бүтцийн хэмжээний хувьд дундаж түвшинд байна.Засгийн газрын зардал ДНБ-ний 31.7 хувийг эзэлж байна.

Инфляц өндөр, 2005-2007 онд дунджаар 8.4 хувьд байв. Засгийн газраас үнийг барих, тогтворжуулахад анхаарч байгаа, нефть, онгоцны тийзний үнийг ЗГ хянасаар байна. Стратегийн ашигт малтмалын орд газар болон газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхэд нэмэлт хууль эрх зүйн зохицуулалт шаарддаг. Хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж байгаа ч мэдээлэл хангалтгүй. Байнга оршин суугч биш ч гадаад валютын данс эзэмшиж болно, төлбөр хийх, мөнгө шилжүүлэхэд хязгаарлалт байхгүй. Санхүүгийн зах зээл шинэчлэгдэж байгаа, ЗГ хөрөнгийн урсгалд цөөн тооны хязгаарлалт хийдэг, гадаадын хөрөнгө оруулагчийг дотоод зах зээл рүүгээ чөлөөтэй нэвтрүүлдэг. Банкууд дахь улсын хувьцаа багассан, хувийн салбарт богино хугацааны зээлийг ихээр өгснөөр чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа, хөрөнгийн зах зээл бүрэн дүүрэн хөгжөөгүй гэжээ.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2009 оны 2 дугаар сар 2


top


01/23/09

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМСЭГ НОЁН Б. ОБАМА ТАНАА

Вашингтон хот

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Таныг тангарагаа өргөн АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орсонтой холбогдуулан монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Та АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь америкийн ард түмний ардчилсан өөрчлөлт хийх эрмэлзлийг нотлон харууллаа. Дэлхийн хүчирхэг гүрэн – АНУ, америкийн олон нийт Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явц, түүний сонгосон зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүр эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд бид гүнээ талархдаг юм. Бид АНУ-ын гуравдагч хөршөө хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Эл харилцаа ардчиллын үнэт зүйлс, энх тайван, хөгжил дэвшлийн төлөө нийтлэг эрх ашигт нийцэн, иж бүрэн түншлэлийн хэмжээнд эрчимтэй урагшилж байгаад сэтгэл ханамжтай байна.

Эдүүгээ Монгол-Америкийн харилцаа хоёр улсын хооронд байгуулсан Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай тунхаглал, МСС-гийн ерөнхий гэрээ болон эрх зүйн бусад баримт бичгүүдийн үзэл санаагаар өргөжин хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улс, АНУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг монгол, америкийн ард тумний тусын тулд цаашид ч хөгжүүлэхийн төлөө ноён Ерөнхийлөгч Тантай, АНУ-ын шинэ Засаг захиргаатай хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг энэ ялдамд батлан илэрхийлье.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсч, америкийн ард түмэн хөгжил цэцэглэлийн ерөөл дэвшүүлье.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

НАМБАРЫН ЭНХБАЯР

Улаанбаатар хот
2009 оны 1 дүгээр сарын “20”



top


 

01/22/09

Гадаад орчны өөрчлөлт, гадаад эх үүсвэрийг дайчлах боломж,
гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлага

Түлхүүр үг: Манай улс зах зээлийн эдийн засгийн хямралтай анх удаа тулгарч байна.

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал 2008 оны сүүлийн улиралд улам гүнзгийрч, эрэлт хэрэгцээ, худалдаа, хөрөнгө оруулалт бүх л улсын түвшинд буурсан дүр зураг харагдаж байна. Энэ байдлыг ГХЯ онцгойлон ажиглаж, дүгнэн шинжиж төр засгийн бүхий л түвшинд зохих мэдээллийг түгээж, санал бодлоо илэрхийлж ирлээ. Асуудал бидний харааны төвд одоо ч хэвээр байна. Улс орнууд эдийн засгийн хямралаас гарах талаар тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байна. Олонхи улс орон санхүүгийн нэмэлт эх үүсвэр гаргаж, банкны салбарыг аврах, улмаар төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна. Үүний хажуугаар нийгмийн халамжийг баталгаажуулах, ажлын байрыг хамгаалах ажил зохион байгуулсаар байна.

Дэлхийн эдийн засгаас тусгаар, том эсвэл жижиг аливаа эдийн засаг гэж хэдийнээ үгүй болсныг өнөөгийн үйл явц бэлхнээ харуулж байна. Аливаа улс орны эдийн засагт ажиглагдаж буй өрнөл хөгжил дэлхийн эдийн засгийн толинд ойсон тусгал байх болсон нь нэгэнт илт болжээ. Иймд өөрийн эдийн засагт болж буй үйл явцыг бүрэн хэмжээнд ойлгохын тулд дэлхийн эдийн засгийг сайтар мэдэрч, мэдэх нь чухал байгаа юм.

Нээлттэй, жижиг эдийн засагтай манайх шиг улс дэлхийн эдийн засгийн хямралын хаялгаас ангид үлдэх боломжгүй нь тодорхой байна. Манай эдийн засгийн тулгуур багана нь үндсэндээ эрдэс баялаг, мал аж ахуйн салбар хэвээр байсаар байна. Харин дэлхий дахинаа дээрх хоёр салбарын гол бүтээгдэхүүний экспортын үнэ унаж, эрэлт хэрэгцээ буурч байгаа нь нийт эдийн засагт багагүй цохилт чичиргээ болж байна. Тиймээс улирлын чанартай эдийн засагтай манай улсын хувьд 2009 оны эхний хагас хүндхэн байх төлөвтэй байна. Үүнд бид хариу арга хэмжээ бодсон байх учиртай.
Яг ийм цаг мөчид энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа нь оновчтой хэмээн үзэж байна. Гэхдээ бид үүнээс өмнө ийм уулзалт зохион байгуулсан бол бас алдахгүй байсан нь ойлгомжтой болов уу.

Энэхүү уулзалтын зорилго нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсын эдийн засагт хэрхэн тусч байгаа талаар нэгдсэн ойлголтод хүрэх, түүний үр дагаврыг хэрхэн даван туулах арга замыг тодорхойлоход тус дөхөм өгнө гэж итгэж байна. Түүнчлэн, улс орны эдийн засагт нүүрлээд байгаа тодорхой бус байдлыг олон өнцгөөс харж дүгнэхэд ч нэмэртэй байх нь дамжиггүй. Бидэнд нүүрлээд байгаа эдийн засгийн бууралтыг аль болохоор хохирол багатай даван туулах суваг, арга замыг олж тодорхойлж, цаг алдалгүй ажиллах нь юу юунаас чухал болоод байна.

Үүний тулд бид ойрын болон урт хугацааны зорилтууд тавин ажиллах нь оновчтой юм.

Нэгэнт хямрал биднийг чиглэн гарцаагүй ирж буй бол бид хэмлэлдэх биш, нэгдэж, хямралыг сааруулах бус, бүр даамжруулахуйц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан буруу зуршлуудаасаа ангижирч хямралаас гарвал бид үндэсний хэмжээндээ хожил олох боломжтойг хаа хаанаа анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл, хямралаас сургамж авч хэтийн тогтолцоо, арга барилаа эрүүлжүүлж, ухаалаг болгох нь бид бүгдийн алсын зорилго байх болов уу.

Харин ойрын хугацаанд дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаврыг сарниулж, сулруулах арга хэмжээг цогцоор даруй боловсруулж, авч хэрэгжүүлэх нь чухал байна.

Үнэндээ манай улс зах зээлийн эдийн засгийн хямралтай анх удаа тулгарч байна. 1990-ээд оны эхэн үеийн хямрал бол төвлөрсөн төлөвлөгөөт, социалист эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжих нийгмийн суурь өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал байсан гэж томъёолж болох юм. Иймд өнөөгийн болон 1990-ээд оны хямрал нь үр дагавар, шинж тэмдгийн хувьд адил төстэй ч, мөн чанар угшил, шалтгааны хувьд огт анги ялгаатай юм.

Бид өнгөрсөн оны эхэн үе л гэхэд экспортынхоо гол бүтээгдэхүүний үнийг өсөлттэй хэвээр байж, унасан ч цочроох хэмжээнд хүрэхгүй хэмээн төсөөлж суулаа. Хэт өөдрөгөөр төсөөлж байсан эдийн засаг, үнэ буурахгүй гэж ярьж бичиж байсан зүйлс, тэдгээрт тулгуурлан баталсан төсөв жил ч хүрэлгүй ганхаад байгаа нь харамсалтай. Иймд бид сүүлийн 4 жилийн туршид төсөвтөө үрэлгэн, цатгалдсан байдлаар хандаж ирсэнд эдүгээ дүгнэлт хийж, үргүй зардлыг багасгах цаг болоод байна.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын талаар нэр хүнд бүхий эрдэмтэд судлаачдын хийж ирсэн хамгийн бүүдгэр таамаглал төсөөллөөс өнөөгийн байдал дорой байгааг бид сайтар анхаарах учиртай. Иймд, цаашид хэн юу хийж, яах учиртай вэ гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байна. Миний бодлоор хямралын асуудалд мэргэжлийн нүдээр, судалгаа тооцоотой хандаж, бодит, эрүүл дүгнэлт хийх нь юу юунаас чухал юм. Хирээс хэтэрсэн хийрхэл, цочирдом сүржигнэл доройтлыг домнохгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас хэт тайван, хэнэггүй хандлага ч хямралыг зөөллөхгүй.

Дээрх зүйлсийг анхааран санаж манай ГХЯ хямралыг гэтлэн туулах бүх нийтийн үйлсэд өөрийн оруулах хувь нэмрийг тодорхой болгон ажиллаж байна. Энэ чиглэлээр дээр дурдсанаас гадна хийж буй ажлаасаа товч хэдэн зүйлийг дурдан ярья.

Юуны өмнө бид гадаад харилцааг эдийн засагжуулах ажлыг эрчимжүүлж байна. Гадаад харилцааг эдийн засагжуулах тухай асуудал бол шинэ зүйл биш гэдгийг та бид сайн мэднэ. Энэ асуудлыг үе үеийн засгийн газар ярьж, зорьж байсан. Энэ удаад бид тунхаг биш бодит үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхийн төлөө чармайж байна. Эн тэргүүнд бид гадаад харилцааг эдийн засагжуулах тодорхой хөтөлбөр боловсруулах ажлыг өрнүүлж эхлээд байна. Хөтөлбөрт улс орны эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхүйц үндэсний хэмжээний төсөл, санаачлагуудыг тусгах зорилт тавьж, тэдгээрийг аль улсын техник, технологи, банк санхүүгийн байгууллагын оролцоо, дэмжлэг туслалцаатайгаар хийвэл зохистой вэ гэдгийг судалж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон манай ДТГ-уудын тэргүүн нарын уулзалтаар энэ хөтөлбөрийн үндсэн санааг илэрхийлж, одоо тэдний санал бодлыг авахаар ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, хэрэгжүүлсний дүнд Монголд ажлын байр нэмэгдэж, хүн ардын орлого, амьжиргаа сайжрах боломж нээгдэх юм. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хямралын сөрөг үр дагавар бас буурч л байх учиртай. Ийм үр дүнд илт хүрвээс сая бид гадаад бодлого эдийн засагжсан хэмээн дүгнэх боломжтой болох юм.

Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засагжуулах ажлын эрх зүйн хүрээг холбогдох хууль тогтоомжууд, түүний дотор Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүд тогтоож өгч байгаа. Үндэсний хөгжлийн цогц бодлогод манай нийт хүн амын 60 орчим хувийг 2021 он гэхэд дундаж амьдралтай болгох зорилт дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хангахад гадаад хүчин зүйлсийг идэвхтэй ашиглах явдал өнөөгийн гадаад харилцааны салбарын үйл ажиллагааны цөм болох ёстой. Гадаад хүчин зүйлсийг ийнхүү ашиглахдаа шинэ технологи, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээл бий болгож байж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай, цааш цаашдын хямралыг гэтлэн туулах чадавхитай болно гэдгийг байнга санаж ажиллах учиртай. Гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтыг гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн судалгаа гэсэн чиглэлээр бас хэрэгжүүлэх юм.

Худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг дэмжин хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогоор тодорхойлж, хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, өндөр чадавхитай бүтцийг бий болгох шаардлага эдүгээ онцгой тавигдаж байна.

Экспортын бүтцийг өөрчлөх, уламжлалт болон шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх замаар экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, худалдааны томоохон түншүүдтэй тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах асуудал нь шинээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг нь болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр бид холбогдох заалтуудыг тусгаж өгөөд байна.

Манай улсын гадаад худалдаанд импорт давамгайлсан хэвээр байна. Худалдааны нийт бараа эргэлтийн 60.0 орчим хувийг импорт эзэлж байна. Үүнийг бууруулахын тулд импортын 25.0 орчим хувийг дангаараа эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой эх үүсвэрийг олшруулах нь оновчтой юм.

ДХБ-ын 153 гишүүн дотроос манай улс хоёр талын болон бүс нутгийн чөлөөт худалдааны аль нэг хэлэлцээрт ороогүй цорын ганц орон бөгөөд бид зөвхөн олон талт худалдааны механизмд дулдуйдаад суух уу, эсвэл бусад улсын нэгэн адил худалдааны гол гол түншүүдтэйгээ тусгай гэрээ хэлэлцээр байгуулахыг эн тэргүүний зорилго болгох уу гэдгийг сайтар бодож үзүүштэй.

Манай улс Европын холбооны худалдааны “GSP+” хөнгөлөлтийн системд 2005 онд хамрагдсан. Хамрагдах хугацааг эдүгээ 3 жилээр сунгаад байна. Хөрш, уламжлалт экспортын зах зээл болох ОХУ-тай урьдаас илүү идэвхитэй хамтран ажиллах шаардлага байна. Удахгүй ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр энэ асуудалд түлхүү анхаарахаар төлөвлөж байна.

1990 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогыг бид мөрдлөг болгож ирсэн. Хөрөнгө оруулалт нь хүүгүй, манай төр, ард түмний нуруунд дээр эргэж төлөгдөх нөхцөл, эрсдлийг үүрүүлдэггүй, тэгсэн хирнээ ажлын байр, орлогын эх үүсвэр бий болгож, шинэ дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлж, улмаар өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар манай орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдгийг ухамсарлаж байсан учраас л энэ.

Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1990 оноос хойш өссөн дүнгээр 2007 онд 2.4 тэрбум ам.долларт хүрсэн нь хандивлагчдаас өнөөг хүртэл Монголд үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт одоо л хүрч байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтыг урьсан тунхаг хичнээн түгээгээд ч манай эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтад гэхээсээ гадаадын зээл тусламжид дулдуйдсан хэвээр явсаар ирсэн байгаа юм. Гадаадын зээл тусламжид дулдуйдсан эдийн засгийг алс хэтдээ засан янзлах шаардлага бий. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн хурдац саармагжиж хямрах эрсдэл бидэнд нүүрлээд буй энэ цаг мөчид гадаадын зээл, тусламж зайлшгүй хэрэг болох нь тодорхой юм. Иймд бид гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн шинэ эх үүсвэрийг хоёр талын болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, зах зээлээс эрчимтэй эрэлхийлж байна.

Хямралын дохио мэдрэгдэж эхлээд буй энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөгийн хүрээд буй хэмжээгээ бууруулахгүй байх нь туйлын чухал байна. Үүний тулд бид манай нийт хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой, ойлгомжтой байлгах хэрэгтэй. Үүгээр зогсохгүй энэ зарчим дотоодын хөрөнгө оруулагчдад ч ижил үйлчлэх ёстой.

Эцэст нь дүгнэж хэлэхэд ГХЯ эдийн засгийн өсөлтийн удаашрал, болзошгүй хямралын сөрөг үр дагаврыг зөөллөхөд гадаад бодлогын арга хэрэгслийг ашиглан хувь нэмэр оруулах үүднээс дараахь 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1. Дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг гадаад улс орнуудын явуулж буй үйл ажиллагааг тогтмол ажиглан дүгнэж, өөрийн улс оронд тохиромжтой арга хэмжээнүүдийг тодорхойлох, энэ тухай шуурхай мэдээ, мэдээллээр төр засгийн удирдлага, зохих байгууллагуудыг тогтмол хангаж байх
2. Гадаад зээл тусламжийн эх үүсвэрийг эрэлхийлэх
3. Гадаад хөрөнгө оруулалтыг алдахгүй, бууруулахгүйг эрмэлзэх
4. Шинэлэг, далайцтай төслүүдийг эн тэргүүнд эхлүүлэхэд чиглэсэн бодлого явуулж, гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
5. Монголоос гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх худалдааны шинэлэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг болно.

Гэхдээ бидний үйл ажиллагаа зөвхөн дээр дурдсан чиглэлүүдээр хязгаарлагдах учиргүй. Бид бусад олон арга замыг эрэлхийн ажиллах болно. Түүнчлэн, төр засгийн болон төрийн бус байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүдээс гаргах бусад бүтээлч, санал санаачлагыг хүлээн авч дэмжин, тэдгээрийг ажил хэрэг болгох талаар хамтран ажиллахад бэлэн байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.


top


 

01/21/09

ЭЛЧИН САЙДТАЙ
ХИЙХ ИРГЭДИЙН УУЛЗАЛТ


Элчин сайдын яамны Консулын хэлтэс Монгол Улс, түүний хуулийн этгээд, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, иргэдээ мэдээллээр хангах, санал хүсэлтийг нь сонсч, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөхөд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төр засгийн холбогдох байгууллагад уламжлах чиглэлээр ажилладаг билээ.

Энэ үндсэн дээр Вашингтон орчмын Монголчуудын холбоо, түүний гишүүд, хувь иргэдийн Элчин Сайд Х.Бэхбаттай хийх уулзалтыг 2009 оны нэгдүгээр сарын 31-ний Бямба гаригийн 19.00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЭСЯ (2833, M Street NW, Washington D.C. 20007)-ны байранд болох уулзалтын үеэр Элчин сайд Монгол орны цаг үеийн амьдрал болон Монгол АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг товч мэдээлж, иргэдийн асуултад хариулж харилцан ярилцана.


ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
2009.01.21



top


01/09/09-1

МЭНДЧИЛГЭЭ

Улиран одох хуучин оноо үдэж, ирж буй шинэ оныг угтан золгох энэ мөчид хувь хүн, айл саахалт, хотол улсаараа хийж бүтээснээ дүгнэж, хожим ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн эрэгцүүлдэг билээ. Өнгөрч буй 2008 он Монгол улсын хувьд амжилт бүтээл, үйл явдлаар арвин жил байлаа. Дэлхийн спортын дэвжээ - олимпийн зуны тоглолтоос анх удаа алтан медалиуд хүртэж, буянт мал сүргийн тоо толгой 42 саяыг давж, Атрын гуравдахь аяны гараа өгөөж арвин байж, манай улс анд нөхдийнхөө хүрээг тив, дэлхийд тэлж чадсан нь бахархууштай.

Монгол, АНУ-ын харилцааны хувьд ч амжилт дүүрэн нэгэн оныг та бид хамтдаа үдэж байна. Эх оронд маань УИХ-ын, АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, төрийн хууль тогтоох дээд байгууллагууд шинэчлэгдлээ. Хоёр орны хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж,АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн буцалтгүй тусламжийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэлээ.

АНУ-д ажиллаж, суралцаж, аж төрж буй манай иргэдийн дунд улс орныхоо амьдрал, төр, засгийн бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал бодлыг нэмэрлэх, урлаг, спортын болон чєлєєт цагийн хамтлагууд байгуулах, үндэсний урлаг, уламжлалт соёл, ёс заншлаа суугаа орондоо сурталчлан таниулах, хүүхэд залуустаа сургаж євлүүлэх, авьяас чадварынхаа үр шимийг үзэж нөхцөл боломжийн бизнес эрхлэх, уран бүтээл туурвих, сэтгүүл, ном хэвлэх, вэб хуудас нээж мэдээ мэдээлэл түгээх зэргээр уугуул нутаг, суугуул орчиндоо нэр хүндтэй, шаргуу ажиллаж шударгаар хєдєлмєрлєж байгаа хүн олон байгааг бахдан тэмдэглэж байна. Сан Франциско, Лос Анжелес, Денвер, Чикаго, Вашингтон орчмын Монголчуудын холбоо, нийгэмлэгүүд, тэдний гишүүд, “ДаяарМонгол”, ”Замдаа” сэтгүүл, “Орлоо.ком”, “Монголтелевиз” зэрэг олон үүсгэл санаачилга, тэдний хэрэглэгч, дэмжигчдэд халуун талархал дэвшүүлье.

Ирж буй 2009 онд АНУ-ын шинэ засаг захиргаатай идэвхтэй хамтран ажиллах замаар Монгол, АНУ-ын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, төрөл бүрийн шугамаар яриа хэлцээг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тэлэх, харилцан солилцоог гүнзгийрүүлэхийг зорьж байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд анхудаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд айлчилсны 65 жилийн ой ирэх онд тохиох гэж буйг энэ дашрамд тэмдэглэмээр байна.

АНУ-д оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан, нийт иргэддээ тустай санал, санаачилгуудыг дэмжиж, нийгэмлэг холбоодтой цаашид ч хамтарч ажиллах болно. Эвтэй бол хүчтэйг санаж, элэг нэгтнүүддээ сэтгэлийн дэм өгч, тэвдэх үед нь тэвнээр боловч тусалж, тэнхлүүн цагт нь баяр хєєрєє хуваалцаж явах нь монголчууд бидний өөдлөн дэвжих, урагшлан хөгжихийн үндэс билээ.
Ирж буй шинэ ондоо төвшин жаргалтай, дүүрэн баяртай явахыг Танд болон танай гэр бүлд ерөөе.

ЭЛЧИН САЙД Х. БЭХБАТ


top


01/09/09-2

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД С.БАТБОЛДЫН ГАДААД ОРНУУДАД АЖ ТӨРӨН СУУГАА МОНГОЛЧУУДАД ИЛГЭЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эх орноосоо харь хол газар суугаа Монгол ахан дүүсээ!

Манай гаригийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элэг нэгт, эрхэм олон Монгол ахан дүүс Та нартаа шинэ жилийн халуун мэнд хүргэж, ирж байгаа 2009 ондоо ажил, сурлагын өндөр амжилт гаргаж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Монгол Улсын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Та бүхэнд хандан захидал илгээснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүхийн энэ ахархан мөчлөгт эх оронд чинь олон чухал үйл явдал болж өнгөрснийг Та бүхэн холбоо мэдээллийн шинэ технологи ашиглан цаг цагт нь олж мэдэж буй гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид эе эвээ хичээх цаг үе ирснийг мэдэрч УИХ-ын сонгуульд олонхи болон олон суудал авсан намууд зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулж ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг батлуулаад ажиллаж байна. Хамтарсан засгийн газар 2009 оныг үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх жил болгон зарлалаа.

Өнөөдөр та нар хүний газар, гүний нутагт суугаа ч эрт орой хэзээ нэгэн цагт эх болсон газар шороо, төрөлх Монголдоо эргэн ирэх ахан дүүс минь билээ. Та бүхэн улс орон, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа болохоор Төр засаг эх эцэг, үр хүүхэд, ахан дүүсийн тань нэгэн адил анхаарал тавьж түших, туслах боломж бүхнийг эрэлхийлж байдагаа амаар биш ажлаар харуулахын тулд тодорхой арга хэмжээ авч байна. Энэ зорилгоор хилийн чинадад аж төрж байгаа иргэддээ шаардлагатай тохиолдолд туслах санг байгуулав. Уг сангийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг ч улсын төсөвт тусган баталлаа. Цаашид гадаадад байгаа иргэддээ туслах сангийн мөнгийг нэмэх бодлого баримтлах болно. Тус сангийн үйл ажиллагааг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээллийг хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан та бүхэндээ өгөх болно.

Улмаар гадаадад удаан хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс тусгайлсан хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, зарим оронд суугаа иргэдийн хоёрдмол харъяаллын асуудлыг зохицуулах, улс орны тухай мэдээллээр хангах, үр хүүхдээ эх хэл, үндэсний соёлоо мэддэг болгон хүмүүжүүлэхэд нь туслах, “Хөгжлийн сан”-гаас хувь хүртээх зэрэг асуудлуудыг тусгана. Үүнтэй холбогдуулан гадаадад байгаа иргэдийнхээ бүртгэлийг улам боловсронгуй болгох юм.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудал бол гадаадад амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэдээ эх орондоо ирж амьдарч, ажиллах нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхэд оршино. Тиймээс манай яам Монгол орны хөгжил, гадаад бодлого, ялангуяа худалдаа, эдийн засгийн гадаад харилцаанд таатай орчин бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Бид өнөөгийн зээл тусламж эрэлхийлдэг бүтцээс үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэгч хөрөнгө оруулалтыг дэмжсэн тогтолцоо руу шилжих бодлого баримтлах болно.

Үүний эхлэл нь Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөтгөх явдал юм. Миний бие энэ зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны 25 оронд ямар ч татваргүйгээр гаргах асуудлыг санаачилан хөөцөлдөж ажил хэрэг болгосон. Европын холбоонд Болгар, Румын нэгдэн орсноор Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн 27 орны зах зээлд татваргүй гарч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай аж ахуй эрхлэгчид энэхүү хөнгөлөлтийн үр дүнд шууд бус утгаараа 11 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн тооцоо гарчээ. Хэдхэн хоногийн өмнө Европын комисс энэхүү хөнгөлөлтөө дахин гурван жилийн хугацаатай сунгалаа.

АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээрийн эхний шат “Ил тод байдлын тухай” хэлэлцээр, Канад улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг эхлүүлсэн зэрэг нааштай алхамууд хийгдсэн. Энэ оноос эхлэн АНУ-ын зах зээлд 14 нэрийн гар урлалын бүтээгдэхүүн экспортлоход тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Цаашид ч хөрш орнууд, БНСУ, Япон, Азийн орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах замыг шулуун, дардан болгохын төлөө ажиллана.


Гадаадад байгаа манай иргэдийн дийлэнх нь миний дээр дурдсан орнуудад оршин сууж, эрдэм мэдлэг, ажлын туршлага, аж төрөхүйн арга ухааныг хуримтлуулан суугаа газрынхаа онцлог, бизнесийн орчин зэргийг хэнээс ч дутахгүй мэддэг болж буй гэдэгт итгэлтэй байна. Энэ туршлага дээрээ үндэслэн тухайн орнуудаас Монголд олгож буй худалдааны таатай нөхцөлүүдийг ашиглаад бизнес хийх боломж буйг ашиглаарай.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарыг урьж оролцуулан гадаад харилцааны асуудлаар зөвлөлгөөн хийсэн бөгөөд энэ үеэр хилийн чанадад аж төрж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг нухацтай хэлэлцэн санал солилцож үүрэг даалгавар өглөө.

Та нарын суралцаж, ажиллаж, амьдарч байгаа оронд суугаа ЭСЯ, ЕКГ-уудтай байнгын холбоотой байж эрх зүйн туслалцаа авч эрх ашгаа хамгаалуулж, санал бодлоо илэрхийлж харилцан бие биендээ туслаж, хамтран ажиллахыг би Та бүхнээсээ хүсч байна.

Энэхүү завшааныг ашиглан Та бүхнийг өөрсдийн болон бидний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ Гадаад харилцааны яаманд шууд болон batbold_s@mail.parl.gov.mnThis e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it хаягаар ирүүлж байхыг хүсье.

Монгол ахан дүүсээ!

Та нарын минь сурсан эрдэм, олсон туршлага, юм үзэж, нүд тайлсан ухаан чинь Монгол орны хувьд юутай ч зүйрлэмгүй үнэт баялаг билээ. Энэ нь улс орны минь хөгжлийн түлхүүр, үр хойчдоо үлдээх өв их сан гэдгийг ямагт санаж, эргэх цаг мөч бүрийг мэдлэг, дадлагаа арвижуулахад бүрэн дүүрэн ашиглаж, “хүний газар нэрээ, өөрийн нутагт ясаа” гэсэн ардынхаа мэргэн сургаалийг алхам тутамдаа мөрдөж яваа гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Та бүхнийгээ эргээд ирэхийг аав ээж, амраг хань, ахан дүүстэй чинь хамт төр, засаг тань хүлээж байгаа шүү! Та нарын ард “Монгол” хэмээх ариун дагшин эх орон тань байгаа гэдгийг санаж яваарай.

Шинэ ондоо эрүүл саруул байж, ажил, амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн


МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД


СҮХБААТАРЫН БАТБОЛД


top