|
|
Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн
Улсын Харилцаа
Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын
харилцаа, хамтын ажиллагаа
АНУ нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад
харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн орнуудын нэг болоод
байна.
Анх 1991 онд батлан хамгаалахын атташе харилцан
суулгах хэмжээнд харилцаа тогтсон. Үүнээс хойш хоёр улсын батлан
хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь манай Батлан хамгаалах
салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг бэхжүүлэн, энхийг
сахиулах хүчний чадавхийг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн ажиллагааны
чиглэлээр туршлага солилцох, Бүс нутгийн тогтвортой байдлын талаар
ярилцаж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хөгжиж байна.
Эрх зүйн үндэс: Хоёр
улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь “Цэргийн
айлчлал, солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн
газар хоорондын Хэлэлцээр” (1996 он), цэргийн ар талын хэрэглээ,
үйлчилгээний асуудлыг зохицуулах тухай “Монгол Улсын Батлан хамгаалах
яам, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хэрэглээ, харилцан үйлчилгээний
Хэлэлцээр” (2003 он) болон “Олон улсын эрүүгийн шүүхийн хуулийн
98 дугаар зүйлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн
газар хоорондын Хэлэлцээр” (2003 он) зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр
баталгаажин хэрэгжиж байна.
2008 онд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын
Батлан хамгаалах яам хоорондын Батлан хамгаалах салбарт хамтран
ажиллах тухай хамтарсан тунхаглал”-д харилцан гарын үсэг зурсан.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Аляска мужийн Үндэсний
гвардитай “Улс, муж хоорондын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран
ажиллах тухай “Харилцан ойлголцох санамж бичиг”, Монгол Улсын Батлан
хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, АНУ-ын Цэрэг, иргэний харилцааны
төвтэй сургалт, судалгааны талаар хамтран ажиллах тухай “Харилцан
ойлголцох санамж бичиг”, Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль,
АНУ-ын Виржинийн цэргийн сургуультай хамтран ажиллах тухай “Харилцан
ойлголцох санамж бичиг”-ийг тус тус байгуулан хэрэгжүүлж байна.
Дээд,өндөр хэмжээний айлчлал:
2005 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд, 2000 онд АНУ-ын Батлан
хамгаалах яамны орлогч сайд, 2004 онд АНУ-ын штабын дарга нарын
нэгдсэн хорооны дарга, 1992, 1995, 2000, 2004, 2006, 2007 онуудад
Номхон далай дахь АНУ-ын Цэргийн ерөнхий командлагч, 1994 онд мөн
командлалын Хуурай замын цэргийн командлагч Монгол Улсад, 1995,1997
онуудад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, 1996 онд Монгол Улсын
Батлан хамгаалахын дэд сайд, 1993, 2002, 2003, 2004, 2005, 2008
онуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Номхон далай
дахь АНУ-ын Цэргийн ерөнхий командлал /Хавай/-д, 2003, 2004, 2006
онуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга АНУ-ын Вашингтон
хот, Төвийн командлалд тус тус харилцан айлчлал хийсэн. 2009 оны
6 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн
бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Фрорида муж дахь Төвийн
командлалд айлчлав.
Зөвлөлдөх уулзалт: 1999
оноос хоёр талын батлан хамгаалах салбарын дунд, 2000 оноос эхлэн
дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулж, уулзалтаар
нэгдүгээрт, бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар харилцан
санал солилцох, хоёрдугаарт, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны
хэтийн чиглэл төлвийг улс төрийн бодлогын түвшинд тодорхойлох, гуравдугаарт,
батлан хамгаалах бодлогын асуудлаар харилцан туршлага солилцох болсон.
Түүнчлэн “Монгол улсын батлан хамгаалахын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалтыг жил бүр төлөвлөн зохион байгуулж
батлан хамгаалах салбарын харилцааг тодорхой зорилго, чиглэлтэйгээр
хөгжүүлж, зөвлөлдөх механизмыг бүрдүүлээд байгаа юм.
Эвслийн хамтын ажиллагаа:
Монгол Улсын Засгийн газар олон улсын терроризмтэй тэмцэх талаар
АНУ-ын явуулж буй бодлого, үйл ажиллагааг анхнаас нь тууштай дэмжсэн
нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа,
цаашлаад хоёр орны улс төрийн харилцааг ойртуулах чухал хүчин зүйл
болсон. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг (арван ээлжийн нийт
1195 цэргийн албан хаагч) АНУ-ын тэргүүлсэн эвслийн “Иракийн эрх
чөлөө ажиллагаа”-нд 2003 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2008 оны
9 дүгээр сарын хооронд Ирак улсад, мөн Зэвсэгт хүчний сургалтын
хөдөлгөөнт баг (долоон ээлжийн нийт 143 цэргийн албан хаагч) “Афганистаны
үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2003 оны 10 дугаар
сарын 18-ны өдрөөс эхлэн 2008 хүртэл тус тус үүрэг гүйцэтгэсэн.
Одоо Афганистан Улсад АНУ-ын цэргийн хүчний бүрэлдэхүүнд 130, “Aртиллерийн
сургалтын баг”-ийн 23, мөн НАТО-гийн цэргийн тэргүүлсэн /ISAF/ “Oлон
улсын тогтворжуулах ажиллагаа”-нд ХБНГУ-ын цэргийн бүрэлдэхүүнд
40, нийт 193 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Хамтран зохион байгуулсан арга хэмжээ:
Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, АНУ-ын Батлан хамгаалах яам, Номхон далайн
командлалтай хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн
ар талын байгууллагын Зохион байгуулах Хорооны (Project Development
Committee meeting) хуралдаан (2000 он), Зүүн хойд Азийн энхийг сахиулах
ажиллагааны дадлага-семинар (2002 он), Зүүн хойд Азийн аюулгүй байдлын
симпозиум (2002 он), Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Олон
үндэстний төлөвлөлтийн өргөтгөсөн багийн команд-штабын сургууль
(2003, 2006 он), 2006-2009 онд бүс нутгийн 30 гаруй улс оролцсон
энхийг сахиулах ажиллагааны “Хааны эрэлд” сургуулийг манай улсад
тус тус зохион байгуулсан.
1997 оноос эхлэн манай улсын батлан хамгаалах
салбарын тулгамдсан асуудлаар АНУ-ын мэргэжилтэн, багш нарыг ирүүлж,
“Цэрэг-иргэний харилцаа”, “Төрийн ёс зүй”, “Олон улсын терроризмтой
тэмцэх”, “Энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн асуудал”, “Мэргэжлийн
ахлагч бэлтгэх тулгамдсан асуудал” сэдэвт хамтарсан семинарыг жил
бүр зохион байгуулж, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал хариуцан
ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдыг оролцуулж байна.
1996-2002 онд байгалийн болон бусад гамшгийн үр
дагаварыг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр харилцан
туршлага солилцох “Баланс Мэжик” дадлагыг зохион байгуулсан. 2003-2009
онд олон улсын эвслийн ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний цэргийн
багийг харилцан ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага
солилцох зорилготой хоёр талын хамтарсан сургалт, дадлагыг тогтмол
зохион байгуулж байна.
Тусламж: АНУ-ын Батлан
хамгаалах яам нь боловсон хүчин бэлтгэх, цэргийн алба хаагчдыг олон
улсын болон бүс нутгийн арга хэмжээнд санхүүжүүлэн оролцуулах, энхийг
сахиулах хүчнийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсээр хангах, хүмүүнлэгийн
зориулалттай зүйлсийг хандивлах зэргээр манай улсад буцалтгүй тусламж
үзүүлж байна.
АНУ-ын “Олон улсын цэргийн сургалт, боловсролын
IMET болон өргөтгөсөн E-IMET хөтөлбөр”-ийн хүрээнд 1995 оноос хойш
250 цэргийн алба хаагч гаруй суралцаж, боловсрол эзэмшин, мэргэжил
дээшлүүлсэн.
Зэвсэгт хүчинд мэргэжлийн ахлагч бэлтгэх тогтолцоог
хөгжүүлэх, Батлан хамгаалах сургуулийн Ахлагч бэлтгэх төвийг бэхжүүлэх
чиглэлээр АНУ-ын Хуурай замын цэргийн Ахлагчийн академи, Тэнгисийн
явган цэргийн Командлалтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Цэргийн байгуулалтыг боловсронгуй болгох, удирдах
бүрэлдэхүүнийг чадваржуулах зорилгоор 1992 оноос эхлэн АНУ-ын Номхон
далайн цэргийн командлалаас цэргийн удирдлага (менежмент), ар тал
хангалт, дайчилгаа, бэлтгэл хүчний сургалт, агаарын цэргийн хүчний
ажиллагаа, онцгой байдлын (байгалийн гамшиг ослын) үед авран хамгаалах,
эмнэлгийн тусламж үзүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаа,
цэргийн болон хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах, цэргийн
хууль зүй зэрэг асуудлаар зохион байгуулдаг олон улсын хурал, семинар,
цугларалтад манай улсын иргэний болон цэргийн байгууллагын төлөөлөгчдийг
АНУ-ын зардлаар тогтмол оролцуулж байгаа. 1992-2009 онд нийт 90
гаруй хурал, семинар, дадлага, сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний
840 орчим, иргэний байгууллагын 100 орчим хүн (давхардсан тоогоор)
оролцжээ.
Түүнчлэн 2002 оноос эхлэн Номхон далай дахь АНУ-ын
Хуурай замын цэргийн командлалын санхүүжилтээр Өмнөд Азийн орнуудын
энхийг сахиулах ажиллагааны команд-штабын сургууль, тактикийн хээрийн
сургууль, 2004 оноос эхлэн АНУ, Тайландын вант улсын хамтарсан “Кобра
гоүлд” команд-штабын сургуульд манай цэргийн алба хаагчид албан
ёсны статустай оролцож байна. 2008, 2009 онд АНУ-ын “Дэлхийн энхийн
ажиллагааны санаачлага” сангийн санхүүжилтээр олон улсын Бангладеш
улсад болсон “Shanti-Doot”, Индонез улсад болсон “Garuda Shield
09” хээрийн сургуулиудад манай 100 гаруй цэргийн алба хаагчид оролцсон.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцох анги, салбарыг
бэхжүүлэхэд шаардагдах тоног, төхөөрөмж нийлүүлэх, “Таван толгой”
дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийг Бүс нутгийн хэмжээний Энхийг
дэмжих ажиллагааны сургалтын төв болгон тохижуулах зэрэг ажлууд
амжилттай хэрэгжиж байна. “Эвслийг дэмжих сан”-ийн хүрээнд Ирак,
Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн зардлыг нөхөн төлбөрөөр
олгож байгаагаас гадна “Эвслийн эв санааны нэгдлийн сан” хөтөлбөрийн
хүрээнд манай улсад 11 сая ам долларын тоног төхөөрөмжийн тусламж
үзүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Батлан хамгаалах яам
9 удаагийн хүмүүнлэгийн тусламжаар цэргийн илүүдэл техник хэрэгсэл,
эд хогшлоос Монгол Улсад 10 гаруй сая ам.долларын эм, эмнэлгийн
хэрэгсэл, хүнс, дулаан хувцас, уул уурхайн хүнд механизм, цэргийн
хэрэгсэл, бараа материалын тусламж үзүүлээд байна.
Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа,
хамтын ажиллагаа нь хоёр талын бодлого, үйл ажиллагааг харилцан
хүндэтгэсэн, ойлголцсон, харилцан ашигтай байдлаар хөгжиж байна.
Энэ нь нэгдүгээрт, манай улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийг
амжилттай хэрэгжүүлэх, хоёрдугаарт, манай улсаас Ази, Номхон далайн
бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутагт цэргийн
итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын аюулгүй байдлыг хангахад бодит
хувь нэмэр оруулах, гуравдугаарт, цэргийн хэрэгт гарч байгаа өөрчлөлт,
хандлагыг мэдрэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжийг өргөтгөж,
дөрөвдүгээрт, улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах тухай
манай улсын бодлого, үйл ажиллагааг дэмжихэд бүрэн чиглэж байна.

|
|