Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн
Улсын Харилцаа
Боловсрол, шинжлэх ухааны харилцаа
Хоёр тал соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт 1989 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрийн хүрээнд холбогдох байгууллагуудын тохиролцоогоор 1990 оноос манай улсад англи хэлний багш нар ирж ажиллаж байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг , Азийн сан, Нээлттэй хүрээлэн-Соросын сан болон АНУ-ын Мэдээллийн агентлаг зэрэг байгууллага манай холбогдох яам, их, дээд сургууль, бусад байгууллагатай тохиролцох замаар оюутан авч, өөрсдийн зардлаар сургаж байна. АНУ-ын ЭСЯ-наас зарладаг Фулбрайтын тэтгэлгийн шугамаар 24 оюутан магистрын сургалтад, Намфригийн тэтгэлгээр 8 оюутан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.
Мөн манай зарим хувийн агентлагууд, шашны байгууллагууд АНУ-д янз бүрийн хугацаагаар оюутан илгээж сургах ажлыг зохион байгуулж байна. Тэдгээрийн шугамаар одоо АНУ-д бүрэн бус мэдээгээр 300 гаруй оюутан сурч байгаа ажээ.
Монгол Улсын ШУА, АНУ-ын эрдэм шинжилгээний нийгэмлэгүүдийн зөвлөлийн хооронд 1988 оны 5 дугаар сард хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаас хойш хоёр талын хооронд хэд хэдэн хэлэлцээр, салбар тохиролцоо байгуулагджээ. Эдүүгээ хоёр талын байгаль орчны салбарт эрдэмтэд солилцох, төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна.

|