|
|
Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн
Улсын Харилцаа
Улс төрийн харилцаа
1990 оноос хойш Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явц АНУ-ын зүгээс манайд хандах байдал, баримтлах бодлого, байр суурьт нэлээд нааштай нөлөө үзүүлсэн хүчин зүйл болсон юм. Тухайлбал, 1990 оны 5 дугаар сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн салбар хороо Монгол Улстай харилцах асуудлыг анх удаа хэлэлцэж, Монголд өрнөсөн шинэчлэлийн үйл явцыг нааштай үнэлээд хоёр талын харилцааг идэвхжүүлэх, Монголын нөхцөл байдалд нийцсэн тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.
Ардчилал, шинэчлэлийн үйл явц идэвхжин гүнзгийрэхийн хэрээр Монгол Улсыг дэмжсэн АНУ-ын байр суурь улам батжиж, хоёр орны харилцаа түргэн хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээний түвшин өндөр шатанд хүрлээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд зэрэг өндөр албаны хүмүүс АНУ-д албан болон ажлын айлчлал хийв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер Монголд хоёр удаа айлчилсан. 1995 онд хоёр орны төрийн тэргүүнүүд Нью-Йорк хотноо уулзав. 1995 онд АНУ-ын тэргүүн хатагтай Монголд айлчилсан бөгөөд Сенатын гишүүд, Засаг захиргааны хийгээд цэргийн удирдах албаны хүмүүс удаа дараа айлчлав.
Эдгээр харилцааны явцад хоёр тал хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол, Америкийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж бэхжүүлэхэд чухал алхам болсон билээ. Өнөөгийн байдлаар Монгол, АНУ-ын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан-техник, консул, худалдаа зэрэг салбарыг хамарсан 18 суурь гэрээ, хэлэлцээр байгуулагдаж хүчин төгөлдөр болоод байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Олбрайт 1998 оны 5 дугаар сарын 2-нд Монголд албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын харилцааны тухай хамтарсан мэдэгдэл гаргав. Энэхүү хамтарсан мэдэгдэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төрийн аргаар сахин хангахад АНУ-ын зүгээс дэмжих тухайгаа олон улсын хэмжээнд мэдэгдсэн анхны улс төрийн баримт бичиг болсон юм.
1999 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Т.Пикеринг Монгол Улсад ажлын айлчлал хийв.
2001 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр АНУ-д албан ёсны айлчлал хийж АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Ерөнхийлөгч асан Ж.Буш болон Конгрессын удирдлага, гишүүдтэй уулзаж ярилцсан нь улс төрийн ач холбогдолтой чухал үйл явдал болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Нью-Йорк хотноо Бичиг үсэгтэн болох НҮБ-ын 10 жилийн нээлтийн арга хэмжээнд оролцоод буцах замдаа Вашингтон хотод 2003 оны 2 дугаар сарын 16-20-нд түр саатан зочилж АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Райс, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Армитэйж нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны анхаарал татсан зарим асуудлаар санал солилцов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Армитэйж 2004 оны 1 дүгээр сарын 31-ээс 2 дугаар сарын 1-нд Монгол Улсад айлчлав. Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунтай албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалхав. Айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд, олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа тодорхойлсон Монгол Улс, АНУ-ын хоорондын хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. Улс төрийн яриа хэлэлцээний түвшин, давтамжийг хадгалах үүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д албан ёсоор айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Ж.Бушийн урилгыг манай Ерөнхийлөгчид тэрээр гардуулсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д 1991 онд албан ёсны ажлын айлчлал хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн урилгаар 2004 оны 7 дугаар сарын 14-нөөс 21-нд АНУ-д албан ёсны айлчлал хийв. Тэрээр 7 дугаар сарын 14-17-нд Вашингтон, 17-20-нд Денвер, 20-21-нд Сан Франциско хотод тус тус айлчлав. Вашингтон хотноо айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлууд, олон улсын харилцааны болон бүс нутгийн анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо солилцов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Доналд Рамсфелд нартай тус тус уулзаж ярилцав. Мөн АНУ-ын Конгресст “Америк-Монголын найрамдлын бүлэг” байгуулагдсаныг албан ёсоор зарлах ёслолд оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Монгол Улс, АНУ-ын хамтарсан мэдэгдэл” дээд хэмжээнд гарч хоёр талын харилцааг “стратегийн нийтлэг ашиг сонирхолд үндэслэсэн иж бүрэн түншлэл” хэмээн тодорхойлж хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодотгов. “Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр” байгуулагдаж худалдааны харилцааг хөгжүүлэх байнгын механизмтай болох боломж нээгдэв. Монголын ШУА, америкийн Смитсонианы хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурагдлаа.
Улс төрийн харилцааны бас нэгэн чухал асуудал бол Монгол Улсын тухай АНУ-ын дэмжлэгийг олон нийтэд хийгээд дэлхий дахинд нотолсон баримт бичгүүд гаргасан явдал юм. 1991 оноос эхлэн АНУ-ын Конгресс Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолыг удаа дараа гаргасан. Тухайлбал, анх манай ардчилсан өөрчлөлтөд баяр хүргэж, тусламж дэмжлэг үзүүлэхийг засгийн газартаа уриалсан тогтоолыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 1991 оны 3 дугаар сард, Сенат мөн оны 7 дугаар сард тус тус баталж, улмаар “...Монгол улс, түүний ард түмэнд эдийн засаг, техникийн бүхий л шаардлагатай тусламж үзүүлэхийг” Засгийн газартаа уриалсан нэмэлтийг оруулж, хоёр танхимын хамтарсан тогтоол болгож 1991 оны 10 дугаар сард эцэслэн баталж гаргаж байв. 1998 оны 3 дугаар сарын 3-нд АНУ-ын Конгрессийн Сенат, Төлөөлөгчдийн Танхимын хамтарсан 60 дугаар тогтоол батлагдаж, засгийн газартаа хандаж, монголд хоёр болон олон талт хүрээнд тусламж дэмжлэг цаашид ч үзүүлэх, америкийн хөрөнгө оруулагчдаас Монголд хөрөнгө оруулж хамтран ажиллахыг тус тус уриалсан.
2001 онд бүрэн хугацааны үүрэгт ажилдаа орсон Ж.Бушийн засаг захиргаа ч ардчиллыг бэхжүүлэх чиглэлд манай улсын хүрсэн амжилтад үнэлгээ өгч, тэмдэглэж байв. Тухайлбал, Ерөнхийлөгч Ж.Буш “The National Endowment for Democracy” байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан 2003 оны 11 дүгээр сард хэлсэн үгэндээ “...Монголд ардчилал амьдрал дээр жинхэнээр хэрэгжиж тухайн улс ардчилалд бэлэн болсныг харуулж байгаа, бусад улс орон түүнээс жишээ авч гараагаа эхэлж болох”-ыг онцлон дурьдсан нь улс төрийн харилцааны чухал дүгнэлт юм. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл “Монгол Улс олон улсын терроризмийн эсрэг явуулж буй АНУ-ын тэмцлийг анхнаас нь тууштай, элдэв болзолгүйгээр дэмжиж ирснийг” Монгол Улсыг АНУ-ын “үнэт анд, түнш” хэмээн нэрлэж АНУ, Монголын хоёр талын харилцааг үнэлж байв. Хамгийн сүүлчийн жишээг дурдахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл 2004 оны 3 дугаар сарын 2-нд америкийн судалгааны байгууллага болох “Хэритэйж Сан”-гийн Ази судлалын төвөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож “Түншлэл Азид хэрэгжиж байна” /”Partnership at work in Asia”/ сэдвээр лекц унших үеэрээ Монголын тухай дөрвөн удаа хөндөж дурдаж байв.
Сүүлийн үед манай хоёр орон бүс нутаг, гадаад бодлогын асуудлаар тогтмол яриа хэлэлцээ явуулж байна. Ийм уулзалтуудыг АРФ-ын хуралдааны үеэр 1999 оноос эхлэн жил бүр хийж ирсэн бөгөөд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг анх удаа бие даасан байдлаар 2003 оны 11 дүгээр сарын 24-25-нд Вашингтонд хийж, Монголын талаас Гадаад хэргийн дэд сайдын түвшинд оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрээд буй түвшинг илтгэсэн чухал арга хэмжээ болсон.

|
|