Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Монгол Улс, Амeрикийн Нэгдсэн Улсын Харилцаа

 

Харилцааны түүхээс

АНУ Монголыг сонирхож эхэлсэн нь XX зууны эхэн үе буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараах үе юм. Богд хаант Монгол Улсын Засгийн газар улсыхаа тусгаар тогтнолыг олон улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө шаргуу тэмцэхдээ АНУ-тай дипломат болон худалдааны харилцаа тогтоохыг эн тэргүүнд эрмэлзсэн юм. Тухайлбал, 1913, 1914 онд Монголын Засгийн газар Петербург, Бээжин дэх АНУ-ын дипломат төлөөлөгчийн газраар нь дамжуулж тус улстай албан ёсны харилцаа тогтоох саналаа тавьж байжээ.

1921 оны 9 дүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Засгийн газарт хандаж дипломат харилцаа тогтоох асуудлыг санаачилж байжээ. Гэвч энэ асуудал бүтэмжгүй болсон юм. Харин 1945 онд болсон Ялтын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ БНМАУ-ын “Статус-кво”-г хүлээн зөвшөөрсөн юм.

1961 онд манай улс НҮБ-д элссэнээс хойш, ялангуяа 1970-аад онд америкийн тал дипломат харилцаа тогтоохыг санаачилж, хоёр талын хооронд идэвхтэй яриа хэлэлцээ явагдаж байв.

Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 оны 1 дүгээр сарын 27-нд дипломат харицаа тогтсон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон тухай Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан албан мэдээнд: “…эрх тэгш байх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмуудыг дагаж мөрдөхөө нотолж, дипломат харилцааг элчин сайдын хэмжээнд 1987 оны 1 дүгээр сарын 27-оос тогтоохоор шийдвэрлэв” гэжээ.

Монгол Улсаас АНУ-д суух анхны Элчин сайд Г.Нямдоо 1989 оны 5 дугаар сард, хоёр дахь Элчин сайд Л.Даваагив 1991 оны 11 дүгээр сард, удаах Элчин сайд Ж.Чойнхор 1995 оны 12 дугаар сард тус тус Итгэмжлэх Жуух Бичиг (ИЖБ)-ээ барьсан. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Р.Болд АНУ-ын Ерөнхийлөгчид 2003 оны 2 дугаар сарын 26-нд ИЖБ-ээ бариад байгаа.

АНУ-аас Монголд суух анхны Элчин сайд Р.Уильямс 1988 оны 9 дүгээр сард ирж ИЖБ-ээ барьсан бөгөөд тэрээр Вашингтонд байнга сууж, хааяа Улаанбаатарт ирж ажиллаж байв. АНУ-ын хоёр дахь Элчин сайд Жозеф Лейк 1990 оны 7 дугаар сард ирж ИЖБ-ээ барьсан бөгөөд тэрээр Монголд байнга суун ажиллаж байсан юм. Дараагийн Элчин сайдууд болох Дональд Жонсон 1993 оны 9 дүгээр сард, Альфонс Ла Порта 1997 оны 12 дугаар сард, Жон Дингер 2000 оны 11 дүгээр сард тус тус ИЖБ-ээ барьсан. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Памела Слуц 2003 оны 9 дүгээр сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ бариад байгаа.

Манай улс байнгын ЭСЯ-аа Вашингтонд 1989 оны 3 дугаар сард, АНУ-ын тал байнгын ЭСЯ-аа 1988 оны 4 дүгээр сард Улаанбаатарт тус тус нээсэн.

top