|
|
Иргэний бүртгэлийн тухай (хуулийн хэсгээс)
6.6.Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь тогтоосон журмын дагуу иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, холбогдох тайлан, мэдээг гаргаж зохих журмын дагуу Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлнэ.
1. Төрсний бүртгэл хийлгэх
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрсний бүртгэл хийлгэхэд дараахь бичиг баримт бүрдүүлнэ:
12 дугаар зүйл.Төрснийг бүртгэх
12.2. Иргэний бүртгэлийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ:
12.2.1.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;
12.2.2.эцэг,эхийн иргэний үнэмлэх;
12.2.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
12.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд энэ хуулийн 12.2.3-т заасан гэрчилгээг шаардахгүй.
12.9.Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно.
12.10.Ихэр хүүхдийг тус тусад нь бүртгэж, дараалсан дугаартай гэрчилгээ олгоно.
12.12.Нэгээс дээш настай хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хүүхдийн эцэг, эхийн, эсхүл хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргаж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
12.12.1.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа;
12.12.2.энэ хуулийн 12.12.1-д заасан магадлагаа байхгүй бол хүүхэд төрсөн үйл явдлыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр.
12.14. Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ.
12.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ.
12.16.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ.
12.17.Эцэг, эх нь хоёулаа, эсхүл тэдний хэн нэг нь Монгол Улсын харьяат бол тэдгээрийн гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн тухайн оронд олгосон төрсний гэрчилгээг үндэслэн түүнийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн, гадаад оронд олгосон төрсний гэрчилгээн дээр тэмдэглэл хийж гэрчилгээг сольж олгоно.
2. Гэрлэлтийн бүртгэл хийлгэх
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрлэлтийн бүртгэл хийлгэхэд дараахь бичиг баримт бүрдүүлнэ:
13 дугаар зүйл. Гэрлэлтийн бүртгэл
13.2. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:
13.2.1.гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт;
13.2.2.эрүүл мэндийн тодорхойлолт (сэтгэц, сүрьеэ, ДОХ-ийн шинжилгээ);
13.2.3.гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа;
13.2.4. Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд шүүхийн шийдвэрийн хуулбар.
3. Нас барсны бүртгэл хийлгэх
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар нас барсны бүртгэл хийлгэхэд дараахь бичиг баримт бүрдүүлнэ:
19 дүгээр зүйл.Нас барсны бүртгэл
19.3.Иргэний нас барсныг дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн бүртгэнэ:
19.3.1.нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт;
19.3.2.Тухайн иргэнийг нас барсан тухй зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар;
19.3.3.нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
19.5.Сум, дүүргийн Засаг даргын тамгын газар энэ хуулийн 19.3-т заасан баримт бичгийг хүлээн авч иргэний нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана:
19.5.1.нас барагчийн нас барсан он, сар, өдөр, газар;
19.5.2.нас барагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, газар;
19.5.3.иргэний харьяалал, оршин сууж байсан газрын хаяг;
19.5.4.нас барсныг бүртгэсэн албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
19.5.5.гэрчилгээ олгосон он, сар, өдөр.
19.8.Монгол Улсын харьяат иргэн гадаад улсын нутаг дэвсгэр дээр нас барсан бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуулийн 19-д заасны дагуу бүртгэнэ.
|
|