|
|
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТСЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА
АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд,
тэдний ар гэр, ах, дүү, төрөл төрөгсөдөд зориулан АНУ-ын цагаачлалын
хууль тогтоомжийн шинэчлэлийн чиг хандлага, нэмэлт өөрчлөлт, анхаарах
асуудал, монгол иргэдэд зайлшгүй шаардлагатай зарим ангилалын визэнд
тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг баримтын болон Монгол
Улсын зайлшгүй мэдвэл зохих хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн
талаар Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс цахим хуудсаараа
дамжуулан иргэдийн сонирходог, түгээмэл асуудалд хариулах замаар
тайлбар, мэдээл, зөвлөлгөө өгч байх болно.
Та бүхэн ЭСЯ-ны цахим хуудсан дахь хаягаар санал,
хүсэлт, сонирхсон асуултаа ирүүлж байвал Та, бидний ажилд ихээхэн
тус дөхөмтэй байх болно.
- АСУУЛТ
№1
Консулын алба ямар үүрэгтэй вэ?
- АСУУЛТ
№2
Консулын албаны бүтэц, зохион байгуулалт буюу
консулын ажилтны талаарх санал, хүсэлт, хэнд хандан тавих вэ?
- АСУУЛТ
№3
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох,
өөрчлөх хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж өгнө үү ? Хүүхэд
үрчлэн авахад ямар материал бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?
- АСУУЛТ
№4
Гадаад паспорт шинээр авах, хугацааг сунгуулахад ямар материал
бүрдүүлэх шаардлагатай вэ? Паспорт шинээр авах маягт бөглөхөд анхаарах
асуудал.
- АСУУЛТ
№5
Овог, нэр нь солигдож бичигдсэн гадаад паспортын
овог, нэрийг залруулж болох уу?
- АСУУЛТ
№6
АНУ-ын цагаачлалын хууль хэдийд батлагдах вэ?
- АСУУЛТ
№7
Хилийн чанадад буй иргэд тухайн сонгуулийн жилд
саналаа хэрхэн өгч
болох вэ?
- АСУУЛТ
№8
Паспортоо үрэгдүүлсэн хүн буцах үнэмлэх хэрхэн
авах, ямар материал бүрдүүлж өгөх шаардлагатай вэ?
- АСУУЛТ
№9
Шинээр мэндэлсэн хүүхдийг бүртгүүлж төрсний гэрчилгээ
авахад ямар материал бүрдүүлж өгөх вэ. Төрснөөс нь хойш хэдий хугацааны
дотор бүртгүүлэх вэ.
- АСУУЛТ
№10
АНУ-ын иргэн Монгол Улсад зорчиход виз шаардлагатай юу?
- АСУУЛТ
№11
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох,
өөрчлөх хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж өгнө үү?
- АСУУЛТ
№12
Консулын хэлтэс гэр бүл цуцладаг уу?
- АСУУЛТ
№13
Консулын хэлтсээс богино хугацаанд шинэ гадаад паспорт олгох
үйлчилгээ үзүүлдэг үү?
- АСУУЛТ
№14
Монгол Улсын -18 хүртлэх насны хүүхэд бүрт
олгох мөнгө, шинээр, анх удаа гэрлэгчдэд мөнгөн тэтгэмж олгох талаар
- АСУУЛТ
№15
АНУ-ын цагаачлалын бодлогыг зохицуулдаг ямар хууль тогтоомж байдаг
вэ? Хаана ямар эх сурвалжаас олж, уншиж танилцаж болох вэ?
- АСУУЛТ
№16
Виз, цагаачлалын ямар асуудлаар АНУ-ын ямар байгууллагуудтай харилцах вэ?
- АСУУЛТ
№17
АНУ-ын цагаачлалын бодлогын шинэчлэлийн өнөөгийн чиг хандлага, Ерөнхийлөгч Ж.Бушийн зочин ажилчны хөтөлбөрийг явцыг тайлбарлаж, монгол иргэд бид ямар бэлтгэлтэй байх талаар зөвлөлгөө өгнө үү?
- АСУУЛТ
№18
Шинэ паспортын бүрдүүлсэн материалыг буцаах, паспорт ирэхгүй удаашрах зэрэг бэрхшээл гарч байгаагийн зэрэгцээ паспорт сонгохгүй гэсэн яриа сонсогдох боллоо. АНУ-ын цагаачлалын иж бүрэн шинэчлэл нааштай хийгдэнэ гэдэг горьдлогын үүднээс өмнөх хариултын дагуу бэлтгэлээ хангахад зориулж энэ талаар зөвлөлгөө өгнө үү.
- АСУУЛТ
№19
АНУ-д орж ирэхэд I-94 олгохдоо визэнд заасан хугацаанаас бага хугацаа тавьж өгч байгаа тохиолдолд яах вэ? Ер нь цагаачлалын бус визээр оршин суух хугацаагаа сунгуулах, статусаа өөрчлүүлэхэд ямар журам баримталдаг вэ?
- АСУУЛТ
№20
АНУ-ын их сургууль, коллежед сурах урилга яаж авах вэ?
- АСУУЛТ
№21
Монгол Улсын хэдэн Өргөмжит консул АНУ-д хаана хаана ажиллаж, ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар болон тэдэнтэй хэрхэн харилцах талаар мэдээлэл өгөхийг хүсье.
- АСУУЛТ №22
Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлтэй АНУ-ын иргэд, үрчлэхэд зуучлах хүсэлтэй монголын болон америкийн байгууллагууд, хувь хүмүүс олширч, хүүхэд үрчлэх талаарх Монгол Улсын хууль тогтоомжийг сонирхогчдын тоо үлэмж нэмэгдэж энэ талаар мэдээлэл өгөхийг хүсэх боллоо.
- АСУУЛТ
№23
АНУ-д ажил эрхлэх боломж байдаг уу ? АНУ-д түр ажил хийхэд ямар виз шаардлагатай вэ? Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?
- АСУУЛТ
№24
АНУ-д түр хугацаагаар мөнгөний ажил хийхэд ямар ангиллын виз мэдүүлэх вэ?
- АСУУЛТ
№25
Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?
Асуулт 1:
Консулын алба ямар үүрэгтэй
вэ?
Хариулт :
Консулын алба нь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын
консулын хэлтэс, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын
төлөөлөгчийн газраас бүрддэг, хилийн чанадад Монгол Улс, түүний
иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,
гадаад улстай найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа,
шинжлэх ухаан технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг
өргөжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэх, консулын харилцааны асуудлаарх
Монгол Улсыг олон улсын гэрээг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавьж
ажиллах үүрэгтэй.
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 10 дугаар сарын 31-ний 71 тоот
тогтоолоор батласан тус улсын Консулын албаны дүрэмд Монгол Улсын
иргэн, хуулийн этгээдтэй холбогдсон асуудлаар, Хэрэг бүртгэх, мөрдөн
байцаах, прокурорын байгууллага, шүүхээс өгсөн даалгаврыг биелүүлэх
асуудлаар, Харгалзан дэмжих, үрчлэх, асран хамгаалах асуудлаар,
Иргэний эд хөрөнгийн асуудлаар, Баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл
хорих ял эдэлж байгаа иргэний асуудлаар, Паспорт, визийн асуудлаар,
Харьяатын асуудлаар, Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх асуудлаар
гүйцэтгэх үүргүүдийг заасан болно. Тухайлбал,
Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбогдсон асуудлаар
1. Консул нь Монгол Улсын болон суугаа улсын хууль тогтоомж, Монгол
Улсын олон улсын гэрээг даган мөрдөж, олон улсын зан заншлын хэм
хэмжээг хүндэтгэн, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эрх, хууль
ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
2. Консул нь иргэний өргөдөл, хүсэлт, гомдлыг бичгээр хүлээн авч
холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3. Консул нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг
хамгаалах арга хэмжээ авна.
4. Консул нь тойрогтоо байнга болон түр оршин сууж байгаа Монгол
Улсын иргэний иргэний бүртгэлийг хөтөлнө.
5. Консул Монгол Улсын төрийн байгуулллагын төлөөлөгч болон томилолтоор
яваа Монгол Улсын иргэнд албан үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг, туслалцаа
үзүүлнэ.
6. Консул нь Монгол Улсын иргэнд суугаа улсын хууль тогтоомж, тухайн
улсын зан заншлыг тайлбарлан таниулж байна. Монгол Улсын иргэн нь
тэдний зорчих, шижлин суурьшихтай холбогдуулан гаргасан консулын
шийдвэрийг биелүүлнэ.
7. Консул нь тойрогтоо байгаа Монгол Улсын иргэнд Монгол Улсын шинээр
гарсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ба өөрийн улсын худпалдаа,
эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ, сурталчилгаа
зэрэг ажлыг зохион байгуулахад нь туслалцаа үзүүлнэ.
8. Монгол Улсын иргэн өөрөө эзгүй байснаас буюу түүнийг төлөөлөг
хүн байхгүйгээс хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар эрх, хууль ёсны
эрх ашиг сонирхлоо хамгаалж чадахгүйд хүрвэл Консул нь түүнийг суугаа
улсын зохих байгууллагад тусгай итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй.Төлөөлөл
нь уг иргэн өөрийгөө төлөөлөх этгээдтэй болох буюу эрх, хууль ёсны
ашиг сонирхлоо өөрөө хамгаалах боломжтой болох хүртэл үргэлжилнэ.
9. Консул нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадпаад улсад
оршин суугаа Монгол Улсын иргэний цэргийн бүртгэлийг хөтөлж цэргийн
насны Монгол Улсын иргэнийг цэрэг татах эсэх асуудлыг зохих байгууллагуудад
тавьж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхээс
өгсөн даалгаврыг биелүүлэх асуудлаар
Консул нь олон улсын гэрээ болон суугаа улсын хууль тогтоомжоор
хориглоогүй бол Монгол Улсын иргэний асуудлаар Монгол Улсын хэрэг
бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллага, шүүхээс өгсөн даалгаврыг
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу биелүүлнэ.
Харгалзан дэмжих, үрчлэх, асран хамгаалах асуудлаар
1. Консул нь гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг
үрчлэн авсыг бүртгэх ба Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэхийг
хүссэн Монгол Улсын иргэн болон гадаадын иргэний хүсэлтийг хүлээн
авч Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн
эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ.
2. Үрчлэлт хүчингүй болсон тохиолдолд Консул Гэр бүлийн тухай Монгол
Улсын хуульд зааснаар тухайн хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй.
3. Консул нь тойрогтоо байгаа эцэг, эхийн асрамжгүй үлдсэн Монгол
Улсын харьяат насанд хүрээгүй иргэн, эрүүл мэндийн улмаас эрх эдэлж,
үүрэг хүлээх чадваргүй болсон Монгол Улсын харьяат насанд хүрсэн
иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохдоо Гэр бүлийн
тухай Монгол Улсын хуульд заасан журмыг баримтална. Суугаа улсын
хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон нь Монгол
Улсын хуулиар хориглоогүй бол хүчинтэйд тооцно.
Иргэний эд хөрөнгийн асуудлаар
1. Монгол Улсын харьяат иргэн нас барж, эд хөрөнгө нь үлдвэл Консул
нь суугаа улсын хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийг хамгаалах арга
хэмжээ авна. Ийнхүү үлдсэн эд хөрөнгө бүхэлдээ буюу хэсэг нь түргэн
муудаж гэмтэх зүйл байх, эсхүл уг эд хөрөнгийг хадгалахад зардал
их гарахаар бол консул суугаа улсын хууль тогтоомжийн дагуу уг эд
хөрөнгийг худалдаж, өмчлөх эрх бүхий этгээдэд мөнгийг илгээнэ.
2. Консул нь Монгол Улсад байгаа өв залгамжлагчид дамжуулан өгөхөөр
өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авч, суугаа орны хууль тогтоомжийн
дагуу хамгаалах, шилжүүлэх, өвлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
3. Консул нь Монгол Улсын иргэний хүсэлтээр мөнгө, үнэ бүхий эд
зүйл, үнэт цаас, баримт бичгийг хадгалахаар хүлээн авч болно.
4. Эд хөрөнгөө хадгалуулсан хүн нас барвал түүний эд хөрөнгийг хадгалах,
хамгаалах, өвлүүлэх асуудлыг Монгол Улсын Консулын дүрмийн 7 дахь
хэсгийн 1,2-т заасныг баримтлан шийдвэрлэнэ.
5. Суугаа улсаас өөр газар оршин суугаа Монгол Улсын иргэнд өвлөгдөх
эд хөрөнгө илэрвэл уг өвлөгдөх эд хөрөнгө, өв залгамжлагчийн талаар
гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
нэн даруй мэдэгдэнэ.
Баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэний
асуудлаар
1. Гэмт хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл хорихн
ял эдэлж байгаа, түүнчлэн шүүхийн буюу захиргааны журмаар иргэнийхээ
эрх, эрх чөлөөг бусад хэлбэрээр хязгаарлуулсан Монгол Улсын иргэний
эрхийг хамгаалж, суугаа улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон
улсын гэрээг баримталж байгаа эсэхэд консул хяналт тавина.
2. Консул нь ийнхүү эрхээ хязгаарлуулсан иргэний байгаа нөхцөл нь
эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэх болон түүнтэй
зохих ёсоор харьцаж байгаа эсэхийг хянах, уг иргэний нэр төр, алдар
хүндийг хамгаалах, хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэнд сонирхогч
этгээдийн хүсэлтээр буюу өөрийн санаачилгаар эргэлт оруулах үүрэгтэй.
Паспорт, визийн асуудлаар
1. Консул нь Монгол Улсын гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах,
түүнцлэн Монгол Улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газраас
үндэсний энгийн гадаад паспорт олгох, хугацааг нь сунгах, хүчингүй
болгох, бүртгэл хөтлөх, буцах үнэмлэх олгохтой холбогдуулан эрх
бүхий байгууллагаас баталсан журам, зааврын дагуу Монгол Улсын иргэнд
гадаад паспорт олгох, хугацааг нь сунгах, хүчингүй болгох, буцах
үнэмлэх олгох эрхтэй.
2. Консул нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын
хууль болон Монгол Улсын виз олгохтой холбогдуулан эрх бүхий байгууллагаас
баталсан журам, зааврын дагуу виз олгох, хугацааг сунгах, хүчингүй
болгохба урьд олгосон визэд өөрчлөлт оруулж болно.
Харьяатын асуудлаар
1. Консул нь тойрогтоо оршин суугаа этгээдээс Монгол Улсын иргэний
харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авч эрх бүхий байгууллага,
албан тушаалтанд уламжилна.
2. Консул иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний баримт
бичгийг шалган, хувийн байдлыг тодорхойлж, тодорхой саналын хамт
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд албан бичгээр хүргүүлж,
хувийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв бхйгууллагад
явуулна. Хүсэлт гаргасан өргөдөл, холбогдох бусад баримт бичиг гадаад
хэл дээр үйлдэгдсэн бол түүний албан ёсны орчуулгыг хавсаргана.
Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх асуудлаар
1. Консул нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын иргэний
гэр бүлийн байдлыг бүртгэнэ.
2. Консул нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулах,
үрэгдсэнтэмдэглэлийг нөхөн сэргээх, овог нэр солих талаар гадаадад
байнга оршин суугаа Монгол Улсын иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн
авч түүнийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд
хүргүүлнэ.
3. Консул иргэний гэр бүлийн байдлыг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн
тухай Монгол Улсын хууль, хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат
төлөөлөгчийн болон Консулын газраас иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг
хөтлөхтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан журам зааврыг
баримтална.

Асуулт 2:
Консулын албаны бүтэц, зохион байгуулалт
буюу консулын ажилтны талаарх санал, хүсэлт, хэнд хандан тавих вэ?
Хариулт :
Консулын алба Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага, суугаа улсад байгаа Монгол Улсын
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний удирдлагын дор ажиллана.Монгол
Улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсад консул нь гадаад
хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр,
суугаа улстай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын дипломат
төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж болно.
Дипломат төлөөлөгчийн газрын консулын хэлтсийг Ерөнхий консул буюу
консул зэрэгтэй дипломат ажилтан толгойлно.Ерөнхий консулын газар,Консулын
газар, Консулын төлөөлөгчийн газрыг Ерөнхний консул, Консул, Консулын
төлөөлөгч толгойлно.
Консулын байгууллагын түвшин, байршлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр
УИХ, консулын тойргийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага тус тус тогтоох бөгөөд Консулын байгууллага нь үйл
ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль,
хууль тогтоомжийн бусад акт, Монгол Улсын Консулын албаны дүрэм
болон Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөн, олон улсын зан
заншил, хэм хэмжээг хүндэтгэнэ. Тэрчлэн Монгол Улсын болон суугаа
улсын хууль тогтоомжид харшлахгүй бол өөр үүрэг гүйцэтгэж болно.
Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
консулын асуудал эрхэлсэн хэлтэс(алба, газар) консулын албан тушаалтан,
консулын газрын ажилтан нарын үйл ажиллагааны талаарх гарсан гомдлыг
холбогдох газруудтай хамтран шалган дүгнэлт гаргаж, шаардлагатай
гэж үзвэл эгүүлэн татах тухай саналын хамт гадаад хэргийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагад оруулж шийдвэрлүүлнэ.
АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн үйл ажиллагааны талаар санал,
хүсэлт, гомдлыг тус ЭСЯ-ны 202 333 7117 -13 утас, 202 298 9227 факс,
mongolianembassy.us и- мэйль Гадаад хэргийн яамны Консулын газрын
324244, 322127 факс, 262187 утас, mongmer@magicnet.mn и – мэйль-ээр
илгээж болно. ,

Асуулт 3:
Асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийг тогтоох, өөрчлөх хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж
өгнө үү ? Хүүхэд үрчлэн авахад ямар материал бүрдүүлж, хаана хандах
ёстой вэ?
Хариулт:
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 7дугаар бүлэгт Хүүхдийг
тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ (54.1), Хүүхдийг энэ хуулийн
58 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэнд үрчлүүлж болно (54.2)
гэж заасан бөгөөд Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн
бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих
боломжтой (57.1), 60-аас дээш настай, эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан,
хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан
хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой,
шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал
чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй согтууруулах
ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа
дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг
хориглоно (57.2). Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн
авахад энэ хуулийн 52.7-т заасан хязгаарлалат үл хамаарна (57.3)
хэмээн заасан.
Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ
өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий
байгууллагад гаргана (58.1).
Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаанд оршин сууж байгаа
гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахад энэ заалт
хамаарахгүй(58.2).
Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн нь энэ хуулийн 55.1,
55.3-т заасан зөвшөөрлөөс гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ
(58.3).Тухайлбал:
Хүүхэд үрчлэн авахыг хүсэгчийн/ нөхөр,эхнэртэй бол хамтарч гаргасан/
хүсэлт, түүний нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулга (58.3.1),
Үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаарх эмнэлгийн
магадлагаа(58.3.2),
Өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/ гэр бүлтэй
бол/ (58.3.3),
Өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох
байгууллагын тодорхойлолт,/Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
хамаарна/ (58.3.4),
Өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай
тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт (58.3.5),
Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсныг Гадаадын
иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага
бүртгэнэ (58.4).
Гадаад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлтийг
Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан энэ
хуулийн дагуу шийдвэрэлэхэд энэ хуулийн 58.1 хамаарахгүй (58.5).
Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол
Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлтэй гадаадын иргэний бүртгэл
хөтөлж, хүүхдийг үрчлэх, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг
хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн холбогдох байгууллага,
олон улсын байгууллагатай хамтран ажиллана (58.6).
Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэнд,
нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран
тогтооно (58.7).
Хүүхдийнхээ эх орон, эцэг, эхийг нь мэдүүлэх үүргийг үрчлэн авсан
эцэг, эх нь хүлээнэ (58.8).
Үрчлэгдсэн хүүхэд харьяатаа сонгох эрхийг Харьяатын тухай Монгол
Улсын хуульд заасны дагуу эдэлнэ (58.9).
Энэ зүйл нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна (58.10) гэж заасан
бөгөөд Үрчлэлтийг хүчингүй тооцох (61), Үрчлэлтийг хүчингүй тооцсоноос
үүсэх үр дагавар (62), Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг
гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх (8 дугаар бүлэг 67 дугаар зүйл),
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй хүн (68
дугаар зүйл)-ий талаар мөн дурдсан байна.
Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат
16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна (Харьяатын
тухай хуулийн 13.1). Хэрэв гадаадын иргэн, эхнэр, нөхөр нь Монгол
Улсын харьяат хүүхэд үрчлэн авах үед түүний иргэний харьяаллыг өөрчлөх
хүсэлт гаргавал үрчлүүлж буй эцэг, эхийн саналыг харгалзан тухайн
хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэж болно (13.2).
Монгол Улсад НХХЯ-аас албан ёсны зөвшөөрөлтэй, олон улсын үрчлэлийн
үйл ажиллагаа явуулдаг дөрвөн байгууллага(2006 оны 9 дүгээр сарын
1-ний байдлаар ) байдаг.Үүнд:
1. Holt international
2. Lutheran social services
3. Small World
4. Christian World Adoption
Жич: Christian World Adoption,USA үрчлэлийн үйл ажиллагаа явуулах
хүсэлтээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд албан ёсоор тавьж
шатандаа байгаа. Adoption Ark гэдэг байгууллага Монголд үрчлэлийн
үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, зуучилна хэмээн ярьдаг ч албан
ёсны зөвшөөрөл үгүй болно.

Асуулт 4:
Гадаад паспорт шинээр авах,
хугацааг сунгуулахад ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ? Паспорт
шинээр авах маягт бөглөхөд анхаарах асуудал.
Хариулт:
Хилийн чанадад түүний дотор АНУ–д оршин суугаа Монгол улсын
иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх,
паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болсон тохиолдолд
Е серийн энгийн гадаад паспорт шинээр авч болно.
Энгийн гадаад паспорт шинээр авахын тулд дараах зvйлийг бvрдvvлж
баталгаат шуудангаар илгээх буюу биеэр авчирч болно. Yvнд:
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргын 2005 оны 34 дүгээр
тушаалаар батлагдсан Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт,
гадаад улсад зорчих баримт бичиг хүсэх мэдүүлгийг бөглөнө. Уг мэдүүлгийг
ЭСЯ-ны www.mongolianembassy.us вэб хуудасны монгол хэлээрх бичигдсэн
хэсгээс татаж авч болно.Мэдүүлгийг монгол хэлээр бичиж, өмнө хэрэглэж
байсан паспортаа алдаж vрэгдvvлсэн буюу гэмтээсэн бол нөхцөл шалтгааныг
тодорхой тайлбарлан, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар
тодорхой заах шаардлагатай
Паспортаа алдаж vрэгдvvлсэн тохиолдолд vvнийг бүртгэсэн цагдаагийн
тодорхойлолт, паспортыг алдаж үрэгдүүлсэн тухай хэвлэл мэдээллийн
хэрэгслээр зарласан тодорхойлолт
Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон, цаашид ашиглах
боломжгvй болсон уг паспортын хуулбар
Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан гурван хувь өнгөт зураг /
3.5 x 4.5 см/
Паспортын vнэ, vйлчилгээний төлбөр: 65.00 ам. долларын Money Order(Mongolian
Embassy 2833, M Street, N.W. Washington, D.C.20007 ) хэмээн хаягласан
байна.
Буцаах төлбөрийг хийж хаягласан буцах дугтуй
ЖИЧ: Нууцлал сайтай, орчин үеийн шаардлагыг хангасан паспортыг Иргэний
бүртгэл мэдээллийн улсын төвд захиалж авчирахад 1–2 сар хvртэл хугацаа
шаардагддаг, хуучин паспорт алга болоход шинэ паспорт дээр АНУ–ын
виз шилжиж тавигдахгvй, паспорт өөрчлөгдсөнөөр визийн ямар нэг зөрчил
хамт алга болохгvй, адагдсан буюу гэмтсэн паспорт олон улсад хvчингvй
болж зарлагддаг учир дахин ашиглах боломжгvйг анхаарах нь зvйтэй.
Энгийн гадаад паспортын хугацааг сунгуулахад дээр дурдсан энгийн
гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөн иргэний үнэмлэхийн хуулбар,
төлбөрийг тушаасан баримтын хамт (1 жил -, 2 жил , 3 жил , 4 жил
, 5 жил ) ЭСЯ-ны Консулын хэлтэст ирүүлнэ. 2002 оны 11 дүгээр сараас
өмнө олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалгүй, оронд нь шинэ
паспорт олгож байгаа болно. Шинэ паспорт авахын өмнө хуучин паспортынхоо
хугацааг сунгуулж, зөрчлийг арилгуулсан байх нь зүйтэй.

Асуулт 5:
Овог, нэр нь солигдож бичигдсэн
гадаад паспортын овог, нэрийг залруулж болох уу ?
Хариулт:
Та иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гэх мэт нэгээс
хоёр бичиг баримтын хамт овог нэр солиулах өргөдлөө ирүүлбэл Иргэний
бүртгэл мэдээллийн улсын төвөөс лавлагаа авсны үндсэн дээр шинээр
паспорт олгож болно. Гэхдээ виз, зээлийн болон төлбөрийн картууд,
бусад баримт бичигт нэр, овог тань хэрхэн бичгдсэнийг нягтлах нь
зүйтэйг анхаарна уу.

Асуулт 6:
АНУ-ын цагаачлалын хууль хэдийд
батлагдах вэ?
Хариулт:
АНУ-д сүүлийн 18 сарын хугацаанд олон нийтийн анхаарлыг
ихэд татаж буй асуудлын нэг нь цагаачлалын тухай хууль хэдийд, ямар
байдлаар батлагдах бол гэдэг асуудал болоод байна. Учир нь тус улсын
хилийг хууль бусаар нэвтрэгчдийн тоо буурахгүй байгаагаас, холбогдох
хуульд өөрчлөлт оруулах, томоохон шинэчлэл хийх шаардлага хурц тавигдсантай
холбоотой гэж үзэж болно. Цагаачлалын тухай хуульд өөрчлөлт оруулж,
шинэчлэхдээ хүний эрх, хууль дээдлэх зарчим, тус улсын үндэсний
аюулгүй байдал, ажиллах хүчний эрэлт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг
чухалчлан харгалзах аж.
Конгрессын хоёр танхим цагаачлалын асуудлаар нэжгээд хууль батласан
боловч хоорондоо тохиролцож чадаагүй. Ерөнхийлөгч Ж.Буш 2004 оны
1 дүгээр сард цагаачлалын шинэ бодлого боловсруулахаа мэдэгдэн,
хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд энэ асуудалд түлхүү анхаарч, дотоод
бодлогын тэргүүлэх асуудал гэж онцлосон тул Конгресс ойрын үед эл
асуудлыг эцэслэн хэлэлцэх төлөвтэй. Ерөнхийлөгч Ж.Буш 2007 оны 1
дүгээр сард улс орныхоо байдлын талаар Конгресст хэлсэн үгэндээ
цагаачлалын асуудлыг сөргөлдөн дайсагналгүй, хэт хавтгайруулж өршөөлгүйгээр
шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд Ардчилсан намаас
Конгресст сонгогдсон гишүүдтэй 2 дугаар сарын 3-нд уулзахдаа цагаачдыг
албадан нутагт нь буцаахгүйгээр эл асуудлыг шийдвэрлэх хуулийг энэ
онд багтаан гаргахын хамтран ажиллахыг уриалсан.2008 оны төгсгөлд
ерөнхийлөгчийн сонгууль явагдах тул алгуурлан хугацаа алдбал сонгуулийн
жилтэй золгож бусад асуудлын нэгэн адил цагаачлалын асуудлыг ч улс
төржүүлж болзошгүйг тэр мөн дурдсан.
АНУ-ын ирээдүйд нөлөөтэй, нийгэм-эдийн засаг, улс төрийн шинжтэй
энэ асуудлаар сүүлийн 6 сард явагдсан олон нийтийн санал асуулгуудыг
ажиглахад тус улс цагаачлаас үүссэнийг нийтээр зөвшөөрдөг ч гадныхан
хил зөрчин, хууль бусаар суурьших болсныг сайшаахгүй байгаа. Хүн
амын 2/3 нь Конгресс хууль сахиулах дорвитой арга хэмжээ авч нэгэнт
суурьшсан 12 сая (сүүлийн 10 жилийн туршид жил бүр 1.5 сая хүн хил
зөрчсөн, гадны 34 сая хүн оршин суудгийн 30 хувь нь зөвшөөрөлгүй)
хүний эрх зүйн байдлыг шийдэх хэрэгтэй гэж үздэгийг ажил мэргэжлийн
холбоод, үйлдвэрчний эвлэлүүд, католик шашны сүм хийдүүд дэмжиж
байна. Улс төрийн хүрээнд, ерөнхийлөгч Ж.Бушаас эхлээд Ардчилсан
намын зүүний үзэлтэй сенатч Эдвард Кеннеди, Бүгд Найрамдах намын,
барууны үзэлтэй сенатч Жон Маккейн болон Сенат дахь олонхийн бүлгийн
ахлагч Билл Фрист, Ардчилсан намын олонх гишүүн санал нэгдэж байна.
Цагаачлалын хуульд бага сага өөрчлөлт оруулах бус, асуудлыг цогцоор
шийдвэрлэх, дорвитой шинэчлэл хийхийг олонх нь дэмждэг боловч 11
дүгээр сарын 7-нд явагдсан сонгуулийн өмнө тодорхой алхам хийхээс
улс төрийн намууд түдгэлзсэн билээ. Учир нь сонгогчдын 20-25 хувь
буюу гол төлөв цагаан арьстан, коллеж төгсөөгүй эрэгтэйчүүд цагаачлал
эдийн засагт хохиролтой, хууль бусаар ирж буй цагаачдыг зогсоохын
тулд хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэхийг шаардаж, цагаачдад иргэний
харьяалал олгохыг буруушаадаг. Хагас нь Бүгд найрамдах намын гишүүд,
дэмжигчдийн 1/4 -ийг бүрдүүлдэг тэд зохион байгуулалт сайтай, байр
сууриа хүчтэй илэрхийлдэгийн зэрэгцээ цагаачлалын асуудлыг гол шалгуур
болгодог.
Гэвч сонгууль нэгэнт ард хоцорсон, нөгөө талаар нийт хүн амын 11
хувь, дунд боловсролтой ажилчдын 40 хувь, шинээр ажилд орогсдын
50 хувь, бага боловсролтой ажилчдын 75 хувь цагаачид байгаа нь эл
асуудлыг даруй шийдвэрлэхийг шаардаж байна. Олон нийтийн дунд цагаачлалыг
үзлэг шалгалт, хил хамгаалалт, баривчилгаа, цагдан хорих, шийтгэх
аргаар бус, олон талаас нь харж, цогцоор шийдэх гэдэг хоёр хандлага
зонхилж байна. Ерөнхийлөгч Ж.Буш цагаачлалын асуудал бол хямрал
биш, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, нийгэмд шинэ эрч хүч, нээлттэй
байдал, итгэл найдвар авчирдаг тул аль болох ашигтай байдлаар залж
чиглүүлэх ёстой, цагаачлалыг дагалдан хууль зөрчих явдал гарч байгаа
ч хуулийг чангатгах биш, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг харгалзах
нь зүйтэй гэдэг байр суурьт байна.
АНУ-ын Статистикийн товчооны мэдээлэснээр 2002-2012 онд тус улсад
шинээр бий болох 56 сая ажлын байрны хагас нь дундаас доош боловсрол
шаардах бөгөөд энэ хугацаанд 75 сая хүн тэтгэвэрт гарч, төрөлт багасч,
хүн амын боловсролын түвшин дээшлэхээр байгаа нь ажиллах хүчний
эрэлт д нөлөөлнө. АНУ-ын эрэгтэйчүүдийн тэн хагас нь 1960-аад онд
биеийн хүчний ажил эрхлэхээр дунд сургуулиас гарч байсан бол өнөөдөр
энэ тоо 10 хүрэхгүй хувьтай байна.
Эдийн засгийн олон салбарт ажиллах хүчний хэрэгцээ өсч байна. Тухайлбал,
барилгын салбарт жил бүр 185 мянган ажлын байр нэмэгддэг, жилд 30-50
мянган ам долларын орлоготой тэдгээр ажлын байранд америкчууд хүрэлцдэггүй
аж. Нийт 12.5 сая хүн ажилладаг, хувийн хэвшлийн хамгийн том ажил
олгогч-нийтийн хоолны салбарт 2005-2015 онд ажиллах хүчний хэрэгцээ
жил бүр 15 хувь нэмэгдэх атал энэ салбарт ажиллагсдыг бүрдүүлэхэд
ажил хайж буй 16-24 настнууд мөн хангалтгүй. Улам цөөрч байгаа дунд
насны америкчууд ресторан, зуушны газруудад ажиллахгүй бол ойрын
10 жилд нийтийн хоолны салбарт ажиллах хүч дутагдах бөгөөд аль ч
хотод ажилчин шаардагдахад гадныхан төдөлгүй хүрээд очдог. Цагаачдын
ажил эрхлэлт 94 хувь байдаг нь америкчуудынхаас ямагт давдаг байна.
Мехсикээс олон хүн ажил хайж АНУ-д ирдэг (шинээр ирэгсдийн 1/3,
цагаачдын 3/5, хил зөрчигчдийн дийлэнх мехсикчууд). Мехсикт ажлын
байр хүрэлцээтэй болсон ч нэгэнт АНУ-д хэрэгцээ байгаа цагт өөр
газраас цагаач ажилчид ирнэ. Иймд цагаачлалыг зогсоох гэж оролдох
бус, байдлыг бодитой харж цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй гэдэг үзэл
бодол нийтлэг болж байна.
Цагаачлалыг эсэргүүцэгчид цагаачид ирж ажилласнаас америкчуудын
цалин буурлаа, цагаачид үгүй бол тэдний оронд америкчууд ажиллана,
цагаачдыг ажиллуулснаар ажил олгогч эзэд л ашгаа нэмэгдүүдэг, цагаачид
нийгмийн халамж, эрүүл мэндийн төлбөргүй үйлчилгээнд хамрагдан эмчид
зарцуулах мөнгөө гэртээ илгээж, америкчуудыг мөлждөг гэж шүүмжилдэг.
Үнэхээр ч цагаачид жилд 40 тэрбум ам долларыг, түүний дотор мехсикчууд
17 тэрбум ам долларыг ар гэртээ илгээдэг. Гэхдээ мэргэжилгүй цагаач
ажилчид бага боловч хэмжээгээр худалдааны, хөрөнгийн татвар төлж
хүүхдийнхээ сургалтын зардалд хувь нэмрээ оруулдаг бөгөөд 2/3 нь
орлогын татвар төлж, Нийгмийн халамжийн сан тэднээс 7 тэрбум ам
доллар хураадаг. Тэд хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээний эд зүйлс
худалдан авч үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхээс гадна тэдний
ажиллуулдаг компаниуд хямд ажиллах хүч хайж өөр оронд шилжилгүйгээр
бизнесээ өргөжүүлснээр америкийн бусад компанийн бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээг худалдан авч орлого оруулдаг. Ингэж эдийн засгийн эрэлт
хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр тус улсын эдийн засгийн чадавхи нэмэгдэж,
цагаачдын үүрэг, оролцоо өсч байна.
Эдийн засгийн өсөлтөд цагаачдын оролцоог тооцоход сүүлийн 10 жилд
үүссэн ажлын байруудын хагасаас илүүд, баруун болон зүүн хойд мужуудад
шинээр бий болсон ажлын байрны 2/3-т цагаачид ажилладаг байна. Цагаачид
огцом нэмэгдэж буй умард Каролина мужид шинэ ажлын байрны 1/3-д
цагаачид ажилладаг, тэдний хэрэглээний зардал 9.2 тэрбум ам доллар,
цалингийн хадгаламж 1.9 тэрбум ам. доллар буюу эдийн засгийн оролцоо
нь 11 тэрбум ам доллар байна. Шинээр очсон цагаачдыг хүлээн авч
суурьшуулахад тус муж 61 сая ам доллар зарцуулсан аж.
Цагаачид мэргэжил, дадлагаар нутгийн иргэдээс ялгарахын хэрээр тэдэнтэй
өрсөлдөх бус, нөхөх замаар дээр өгүүлсэн эдийн засгийн өсөлтийг
нэмэгдүүлдэг. Хөдөлмөрийн бүтээмж нь дээд түвшинд хүрсэн компанид
мэргэжил, дадлага ойролцоо ажилчид нэмэгдэхэд бизнесийн ашиг буурдаг
атал мэргэжилгүй ажилчид нэмэгдсэнээр мэргэжилтэй ажилчид, удирдах
бүрэлдэхүүний бүтээмж, орлого өсдөг. Тэгвэл цагаачид ганц нэг компаний
бус, нийт улсын хэмжээнд бүтээмж, ашгийг нэмэгдүүлж байгаа аж.
Ойролцоогоор 1/4 нь мэргэжилтэй,1/3 нь дадлага багатай, нийтдээ
идэр залуу, шилжин суурьших, олон цагаар ажиллах боломжтой, нутгийн
иргэдийн таашаадаггүй ажлыг ч татгалзалгүй хийдэг цагаачид ажлын
байрыг булаахгүй харин нэмэгдүүлдэг байна. Жишээ нь барилгад мэргэжлийн
бус ажилчид нэмэгдэхээр сантехникч, цахилгаанч зэрэг мэргэжлийн
ажилчдын ажил нэмэгдэж, цалин нь өсдөг. Үйлчилгээний салбарт мэргэжлийн
бус ажилчин нэмэгдэхэд нутгийн иргэд гэр ахуйд бус, цалин хөлс сайтай,
нарийн мэргэжил шаардсан өөр мэргэжилд суралцах зэргээр үр ашиг
нь дээшилдэг.
Цагаачлалын өөр ажил эрхлэх асуудалд цогцоор хандахыг шүүмжлэгчид
ийм байдлаар харилцан нөхөж ажиллахад ажлын байр, мэргэжилтэй ажилчдын
цалин нэмэгддэгийг үл харгалзан тэдний оронд америкчуудыг ахиу цалингаар
ажиллуулах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл үйлдвэрийн болон барилгын комппани,
эмнэлэгийн газрууд америкчуудаар энгийн хялбар ажил хийлгээд өндөр
цалин өгөхийн үл хүсдэг. Цагаачид амарикчуудтай харилцан нөхөж ажилладаг
боловч мэргэжил, боловсролгүй цагаан арьстнуудтай өрсөлддөг. Сүүлийн
20 жилд АНУ-ын ажилчдын 10 хүрэхгүй хувийн цалин 5 хувь орчим буурсан
боловч тэдгээр нь ч цагаачдын хэрэглэдэг хямд хоол хүнс, эд бараа,
орон сууцаар үйлчлүүлж зардлаа хэмнэдэг байна.
Цагаачид ажлын байрыг булаадаг бус, шинэ ажил, үйлчилгээг бий болгодгийг
цэцэрлэгчин, гоо сайханч, асрагч, гэрийн үйлчлэгч гэх мэт олон шинэ
бизнес үүсч өргөжиж байгаагаас харж болно. Цагаачид цөөн байсан
ч мэргэжил шаарддаггүй ажлын хөлс заавал нэмэгдэх албагүй харин
ч дампуурч эсвэл механикжих зэргээр үгүй болох магадлал бий. Тэгэхээр
8 сая цагаач нэг цагт 9 ам долларын хөлсөөр, жилд 2 мянган цаг ажиллана
гэж үзвэл жилд 144 тэрбум ам долларын ажил, үйлчилгээ эрхэлж, нутгийн
иргэдэд 10 тэрбум ам долларын нэмэлт орлого оруулна гэж тооцоход
154 тэрбус ам доллар буюу тус улсын ДНБ-ийн 1.2 хувийг бүтээдэг
аж. Америкийн Нийгмийн ухааны үндэсний академи хууль бус болон хуулийн
дагуу суугаа цагаачид 700 тэрбум буюу ДНБ-ийн 5.4 хувийг бүтээдэг
хэмээн тооцсон байна.
Цагаачдын урсгал татарч, тус улсыг орхин гарвал зарим нутагт болон
эдийн засгийн тодорхой салбарт үйлдвэрлэл зогсоно гэж цагаачлалд
цогцоор хандахыг эрмэлзэгчид анхааруулдаг. Тэднийг эсэргүүцэгчид,
хэсэг хугацаанд тийнхүү зогссоны дараа гадны ажилчдаас хамаарахаа
болино гэж үздэг. Гэвч хүн амын болон ажиллах хүчний өсөлт саарч
байгаа нь өөрчлөгдөхгүй юм билээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн өөрсдийн
болон америкчуудын амьдралыг сайжруулж, эдийн засгийн хөгжилд хувь
нэмэр оруулахаас гадна америкийн нийгмийн амьдралыг улам хүрээтэй
болгодог учраас цагаачдыг үгүйсгэх биш, урсгалыг нь залж чиглүүлэх
хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.
Сүүлийн 10 жилд жил бүр 1.5 сая цагаач тус улсад ирсэн боловч албан
ёсоор бол тэдний 2/3 буюу нэг саяыг хүлээн авахаар зөвшөөрдөг байна.
Цагаачдын урсгалыг хянахад бодитой бус хууль хэрэгждэггүйгээс гадна
дээрх тоог баримтлах боломж байхгүй тул цагаачдын зөвшөөрөгдөх хэмжээг
нэмэгдүүлж, хяналтыг сайжруулсанаар энэ байдлыг засна гэж тэд тооцдог
аж.
Цагаачлалын хуулийг шинэчлэхийг эрмэлзэгчид хил дээр болон ажлын
байранд хяналт тавихыг, цагаачлалыг таслан зогсоохыг шаардагчид
тэднийг хил зөрчигч, үндэсний аюулгүй байдалд аюултай, гэмт хэрэгтэн
гэж тооцон хатуу аргаар хуулийг сахиулах хэрэгтэй гэж үздэг. Дотоодыг
аюулаас хамгаалах яам болон Цагаачлал, гаалийн хуулийг сахиулах
товчоо 2005 онд 1.291 мянган цагаач (85 хувь нь мексик, 9874 нь
эрүүлгийн хэрэгтэн) –ийг баривчилсан өмнөх оныхоос 3 дахин өссөн
бөгөөд 28251 хүнийг албан ёсоор буцаасан байна. АНУ хил хамгаалах
албаныхаа бие бүрэлдэхүүнийг 3 дахин, төсвийг 5 дахин нэмэгдүүлсэн
ч хил зөрчигчдын тоо буурахгүй байгаа. Цагаачлалын асуудлыг цогцоор
шийдвэрлэхийн үндэс нь хориглох бус, Зочин ажилчны хөтөлбөрийг баталж,
ажиллах хүчний эрэлтэд дөхүүлсэн квот тогтоож либеральчлахад орших
аж. Энэ нөхцөлд хууль дээдлэх зарчим сэргэж хил хамгаалалт сайжирна,
мансууруулах бодис дамлагчид, террористуудаас бусдад хилээр зорчихыг
зөвшөөрвөл зохино гэж үзэж байна.
Цагаачдад оршин суух зөвшөөрөл олгох санал маргаан үүсгэдэг. Энэ
саналгүйгээр хууль хялбархан батлагдах боловч хууль бус 12 сая хүний
асуудлыг шийдэхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Асуудлыг цогцоор шийдвэрлэхийг
эсэргүүцэгчид хуулийг чангатган цагаачдыг сайн дураар гарч явахад
хүргэх, ажиллах, амьдрах, суралцах, зээл, жолооны үнэмлэх авах боломжгүй
болгохыг шаарддаг. Гэтэл олон жил оршин сууж орон сууц, ажил амьдрал,
үр хүүхэдтэй болсон, шинээр төрсөн хүүхэд нь тус улсын харьяат болох
эрхтэй олон сая хүнийг хөөж гаргахад үлэмж хүч, хөрөнгө шаардагдахаас
гадна олон нийтийн дэмжлэг хүлээхгүй эл арга цагаачдыг нуугдмал
байдалд оруулж, хүний наймаачид, баримт бичиг хуурамчаар үйлдэгчид
рүү түлхэх болно.
Тэгэхээр цагаачдад оршин суух, ажиллах зөвшөөрөл, иргэний харьяаллыг
худалдах нь зүйтэй. Ингэвэл цагаачлалын хуулийн нэр хүндийг өргөж,
далд эдийн засгийг ил гарган татварт хамруулах, үзлэг шалгалтад
хамрагддаггүй, хууль бус цагаачдаас үндэсний аюулгүй байдалд учруулах
эрсдэлийг арилгана. Цагаачдад олгох визийн квотыг нэмэгдүүлэх, хууль
сахиулахад чиглэсэн илүү үр дүнтэй алхам хэрэгжүүлэх, нэгэнт орж
ирээд олон жилээр оршин суугаа хүмүүст нэг удаа төлбөртэй зөвшөөрөл
олгох нь цагаачлалын асуудалд шинэчлэл болно. Бодитой биш хуулийг
сахиулах гэж оролдоод нэмэргүй, хуулийг сахиулах арга хэмжээг сайтар
боловсруулаагүй, хэрэгжих нөхцөл нь бүрдээгүй бол хэрэгжихгүй юм
байна.
Сенат өнгөрөгч 5 дугаар сард Цагаачлалын асуудалд цогцоор хандах
зарчмуудыг тодорхойлсон хуулийг батласан. Төлөөлөгчдийн танхимтай
уг хуулийн үндсэн зарчмуудыг зөвшилцөж байна Тухайлбал: цагаачлал
зайлшгүй бөгөөд шаардлагатай гэдэг үүднээс жилд албан ёсоор хүлээн
авах цагаачдын квотаг нэмж хууль бус урсгалыг албан ёсны болгох.
Сенатын хэлэлцүүлгээр цагаачдын тоог өндөр тогтоохоос эмээж цагаачдын
өнөөгийн тооноос бодитой биш доогуур, олон жилийн дундаж болох нэг
саяар ч биш ердөө 200 мянгаар бодитой бус тогтоосон нь шинэчлэл
үр дүнд хүргэхгүй. Цагаачдын тоог эрэлтэд тохирсон байдлаар, тэгэхдээ
мэргэжилгүй ажилчдын тоог одоогийнх шиг 5 мянга бус, эдийн засгийн
өсөлтөд тохируулан 400-500 мянгад хүргэх, зөвшөөрөлтэй цагаачдыг
түр хугацаагаар буюу 2-3-6 жилээр хязгаарлан, гэр бүлгүй ирж ажиллаад
буцах, АНУ-д үлдэх буюу хугацааг нь сунгадаггүй явдлыг өөрчилж,
Зочин ажилчны хөтөлбөрт заасан хугацааг дуусгасан тохиолдолд визийн
ангиллаа өөрчлүүлэхээр дахин өргөдөл гаргаж хэлэлцүүлээд үлдэж болохоор
шинэчлэх аж. Цагаачдын зарим нь АНУ-д богино хугацаагаар ажиллаж
мөнгө хийгээд харих, бусад нь суурьших, нэлээд нь түр хугацаагаар
ирж явцын дунд бодлоо өөрчилдөг байдлыг харгалзан хэрэгжих боломжтой,
нутагтаа буцах, эсвэл үлдэхээр шийдэхэд тус улсын харьяат болох
урамшлыг төрүүлэхүйц болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Тэрчлэн, мэргэжилтэй болон мэргэжилгүй цагаач ажилчдын тоог тэнцүүлэх
тухай их яригддаг. АНУ-ын ажилчидтай өрсөлдөх бус харилцан нөхдөг
зарчмаар алин нь ч шаардагддаг, одоогийн байдлаар АНУ-д аль алин
нь дутагдалтай тул жилд авах цагаачдыг 25 орчим хувь нь мэргэжилтэй,
бусад нь мэргэжилгүй байх, тэдгээрийн тоог хооронд нь наймаацах,
тус тусад нь, тэгэхдээ хатуу тогтоох гэлгүйгээр, эрэлт нийлүүлэлтэд
дүйцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Түүнчлэн, тус улсын 8 мянган бээр хилийн хамгаалалт, хилийн байцаан
өнгөрүүлэх 340 цэгийн ажиллагааг боловсронгуй болгох, Мексикийн
хилийн дагуу 698 бээр урттай хамгаалалтын хана босгох, зөвшөөрөлгүй
ажилчдыг, тэдэнд тусласан хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж тооцох талаар
яригдсан. Цагаачлалын асуудлыг цогцоор шийдэхэд хууль сахиулах асуудал
харьцангуй маргаан багатай бөгөөд ажил хайж буй хүн ажиллах зөвшөөрөлтэй
эсэхийг тодорхойлдог цахим хяналтыг бий болгоход зээлийн картын
адил тухайн хүний био өгөгдэхүүнийг агуулсан хувийн үнэмлэх, компютерийн
мэдээллийн сан бий болгох, зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулах
байдлаар хэрэгжих ёстой гэж үзэж байна. Хамгийн гол нь энэ журмыг
өнөөгийн засаг захиргаа хэрэгжүүлнэ гэж Конгресс дахь бүгд найрамдахчууд
найдаагүй учир Зочин ажилчны хөтөлбөр, Цагаачлалын тухай хуулиас
өмнө хууль сахиулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдсэн аж. Гэтэл
цагаачлалын асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дээрх 3 арга хэмжээ зэрэг,
харилцан уялдаатай хэрэгжих учиртай юм байна.
Нэгэнт орж ирээд оршин суугаа цагаачдад иргэний харьяалал олгох
асуудал ширүүн маргаан үүсгэдэг. Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүд
хууль зөрчигчдийг өөгшүүлж, АНУ-д үлдэхийг зөвшөөрч болохгүй хэмээн
тэдэнд иргэний харьяалал олгохыг эсэргүүцдэг. Эс тэгвээс америкчуудын
хоолыг хийж, хувцасыг цэвэрлэж хүүхдийг асардаг боловч америк хүн
гэж нэрлэгдэн улс төрд оролцох боломжгүй хоёрдугаар зэргийн хүмүүсийн
кастыг бий болно. Тэд ажлаа алдвал энэ орноос эгнэгт хөөгдөх учир
эзэдтэйгээ маргах, санал бодлоо илэрхийлэх эрхгүй улс болох тул
хэнд иргэний харьяалал олгохыг тодорхойлох юм байна. Ардчиллын үнэт
зүйлд ч, цагаачдад ч ашиггүй энэ шийдлийг АНУ таашаахгүй. АНУ-ын
иргэн болохыг хүссэн цагаачид өргөдөл гарган төрийн байгууллагад
бүртгүүлж, тодорхой хэмжээний торгууль болон татвараа нөхөн төлөөд
ажлаа үргэлжүүлэн эрхэлж, англи хэлний мэдлэгээ шалгуулж, дугаарлаад
асуудлаа шийдүүлэх боломжтой болох юм байна. Хуулийн шинэчлэлийг
эсэргүүцэгч нар АНУ-д оршин суугаа цагаачид нутагтаа очоод хуулийн
дагуу эргэж ирэх ёстой гэж үздэг. Гэтэл цагаачдыг бүгдийг нь хөөгөөд
гаргах боломжгүй учир удаан хугацаагаар оршин суугаа хүмүүст иргэний
харьяалалыг төлбөртэй олгох хувилбарыг сонгох бололтой.
Цагаачид хэзээ ч нутагшихгүй, өнөөдөр ирж буй хүмүүс огт америкжихгүй
гэж үзэх цагаачид ирэхгүй байгаа, байдаггүй мэт дүр үзүүлэх буюу
хатуу хориглох нь хоёрдугаар зэргийн хүмүүсийн, асар том, хууль
бус ертөнцийг бий болгож цагаачдын нийгэмших үйл явцад бэрхшээл
учруулах тул энэ асуудал чухам хэдийд шийдэгдэхийг хэлэхэд хэцүү
боловч огт шийдвэрлэгдэхгүй асуудал биш, эдийн засгийн үр ашгийг
нь харгалзах бололтой.

Асуулт 7:
Хилийн чанадад буй иргэд тухайн
сонгуулийн жилд саналаа хэрхэн өгч болох вэ?
Хариулт:
УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор хилийн чанадад,
түүний дотор АНУ-д оршин суугаа АНУ иргэд сонгогчийн эрхээ эдлэх
боломж нээгдэж байгаа боловч энэ ажлыг ямар журмаар хэрхэн зохион
байгуулах талаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Тийм ч учраас бүгдээр
зөвлөвөл гэдэг утгаар төрийн түшээд иргэд сонгогчид санал бодлоо
илэрхийлж хээвлэлээр хэлэлцүүлэг өрнөж байгаа тул эл хэлэлцүүлэгт
дөхөм үзүүлэх үзүүлэх үүднээсм АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар
өгүүлье.
АНУ-ын сонгуулийн тухай хуульд холбооны улсын хэмжээний сонгуулийг
тус улсын Сонгуулийн комисс удирдан зохион байгуулна, хилийн чанадад
оршин суугаа иргэд холбооны, мужийн болон орон нутгийн сонгуульд
ичнээ оролцон саналаа шуудангаар илгээх эрхтэй гэж заасан байна.
АНУ-ын 4.1 сая иргэн дэлхийн 82 оронд урт богино хугацаагаар ажиллаж,
амьдардаг бөгөөд тэднийг сонгуульд оролцуулж санал өгүүлэх, сонгогчийн
эрхийг нь тайлбарлан таниулах, мэдээ мэдээллээр хангах, сургалт
явуулах, санал хураах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажил
нь Хилийн чанадад цэргийн алба хаагчид болон иргэд санал өгөх тухай
хууль (Uniformed and Overseas Citizens Absentee Voting Act) -аар
зохицуулдаг аж. Өнгөрөгч 2006 оны 11 дүгээр сарын 7-нд явагдсан
муж улсуудын захирагчдын болон тус улсын хууль тогтоох дээд байгууллага-
Конгрессын хоёр танхим ( Төлөөлөгчдийн танхим ба Сенатын)-ын сонгуульд
нийт 4.2 сая сонгогч ичнээ оролцон саналын хуудсаа урьдчилан шуудангаар
ирүүлснээр сонгогчдын ирцийг нэмэгдүүлэв. Ичнээ сонгогчдыг оролцуулан
тоолоход сонгогчдын 40.4 хувь буюу 83 сая хүн сонгуульд саналаа
өгсөн дүн гарсан бөгөөд сонгогчдын ирц 21 мужид нэмэгдсэн, 26 мужид
болон Колумбын дүүрэгт буурсан дүн гарсан юм билээ.
Сонгууль ширүүн өрсөлдөөнтэй явагдсан зарим тойрогт сонгогчдын
ирц улсын дунджаас дээгүүр байсан, Ерөнхийлөгчийн сонгууль үгүй
жилд мужийн хууль тогтоох хурлын болон Сенатын сонгууль л ирц сайтай
явагддаг бол энэ удаа Төлөөлөгчдийн танхимын сонгуульд сонгогчид
идэвтэй оролцсон Жорж Масоны их сургуулийн “АНУ-ын сонгууль” төслийн
удирдагч М.Мкдональд онцлон тэмдэглэснийг үл дурдан цааш өгүүлэхэд
энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам 28 мужид захирагчийн, Сенатын
танхимд 51, Төлөөлөгчдийн танхимд 230 суудлыг, Бүгд Найрамдах нам
22 мужид захирагчийн, Сенатын танхимд 49, Төлөөлөгчдийн танхимд
196 суудлыг эзлэснийг санахад хилийн чанадад суугаа ичнээ сонгогчдын
оролцоо сонгуулийн дүнд хичнээн чухал байсан нь ойлгомжтой.
Дээр дурдсан хуулийг хэрэгжүүлж, сонгуульд санал өгөхөд нь сонгогчдод
дэмжлэг үзүүлэх үүднээс АНУ-ын Батлан хамгаалах яам, Төрийн департамент,
Холбооны улсын Шуудангийн алба, “Хилийн чанад суугаа америкчуудын
нийгэмлэг”, “Гадаад орнууд дахь америкийн иргэд”, “Хилийн чанад
дахь ардчилагчид”, “Хилийн чанад дахь Америкийн эмэгтэйчүүдийн клубуудын
Холбоо”, “Хилийн чанад дахь сонгогчид”, “Хилийн чанад дахь Бүгд
найрамдахчууд” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд Санал
өгөх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр (Voting Assistance Program)-ийн
хүрээнд хамтарч ажилладаг байна.
Хөтөлбөр нь сонгогч сонгуульд ичнээ оролцохоор сонгогчдын нэрсийн
жагсаалтад нэрээ бүртгүүлэх, саналын хуудас авахын тулд ил захидлаар
өргөдөл гаргаж, шуудангаар илгээхэд дэмжлэг үзүүлдэг. Ил захидлаар
илгээдэг өргөдөл (загварыг www.fvap.gov. –аас үзнэ үү)-ийг шуудангийн
байгууллага үнэ төлбөргүй дамжуулах бөгөөд сонгогч уг загварыг хувилж
бөглөн гарын үсгээ зураад, огноо тавиулж орон нутгийнхаа сонгуулийн
хэсгийн хороонд шуудангаар илгээдэг байна.
Цэргийн албан хаагчид, далайн хөлөг онгоцны багийн гишүүд, ДТГ-т
болон Энх тайвны корпусын ажилтнууд, тэдний гэр бүлийнхний сонгогчдын
нэрсийн жагсаалтад нэрсээ оруулах өргөдөл, саналын хуудас авах хүсэлт,
сонгуулийн хэсгийн хороонд илгээх саналын хуудсыг АНУ-ын Шуудангийн
байгууллагаар хүргүүлэхийн тулд сонгогч харьяа цэргийн анги нэгтгэл,
ДТГ-ын сонгууль хариуцсан ажилтнаас буюу дээр дурдсан www.fvap.gov.
вэб хуудаснаас сонгуульд ичнээ оролцохтой холбогдсон мэдээллийг
авч танилцаад сонгуулийн жилийн эхэнд эсвэл сонгууль эхлэхээс 30
хоногийн өмнө дээр дурдсан тусгай маягтын дагуу бичгээр сонгуулийн
хороод мэдэгдэж, нэр, хаягийнхаа өөрчлөлтийг сонгогчдын нэрсийн
жагсаалтад тусгуулж, шуудангаа хаягаа батлагаажуулах, орон нутгийн
сонгуулийн хороо нь ичнээ саналын хуудсыг тухайн жилийн 9 дүгээр
сарын дундаас эхлэн сонгууль эхлэхээс 45 хоногийн өмнө шуудангийн
байгууллагаар дамжуулан сонгогчдод хүргүүлэх, сонгогч ичнээ саналын
хуудсыг бөглөөд 11 дүгээр сарын 6-нд орон нутгийнхаа сонгуулийн
хороонд хүрсэн байхаар шуудангаар илгээх үүргийг тус тус хүлээдэг
байна. Харьяа цэргийн анги нэгтгэл буюу ДТГ нь сонгуулийн холбогдолтой
мэдээлэл түгээх, сонгуулийн асуудлаар мэргшсэн ажилтнаар зөвлөгөө
өгүүлэх, шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг бөглөх үед нь гэрч
байлцуулах, ноториатын батлагаа гаргуулах зэрэгт дэмжлэг үзүүлдэг
аж.
Сонгогчийн өргөдөлд дурдсан хаяг нь түүнийг аль хэсгийн хороонд
харьяалагдахыг тодорхойлно. Сонгогч шинээр албан ёсны хаягтай болохын
тулд тухайн газарт оршин сууж байсан буюу тэр хаягт албан ёсоор
сууж байгаагүй боловч оршин суухаар төлөвлөж буйгаа нотлоход хангалттай
аж. Цэргийн албан хаагчийн алба хаадаг газар өөрчлөгдхөд албан ёсны
хаяг нь өөрчлөгдөж болох ч байнга оршин суудаг газраа өөрийн албан
ёсны хаяг гэж үзээд тэр хаягаар сонгуульд ичнээ оролцож санал өгөх,
гэр бүлийн гишүүд нь өөр өөрсдийн хаягаар сонгуульд оролцох тохиолдол
ч байдаг юм байна.
Сонгогч албан ёсны хаягаа өөрчилж оршин суугаа газартаа сонгуульд
биеэр оролцож болох ч энэ тохиолдолд татвар төлөгчийн хувьд хаяг
нь өөрчлөгдөж, татварын хөнгөлөлт эдлэх эрх нь мөн өөрчлөгдөхөд
хүрдэг байна
Гадаадад оршин суугаа байгаа тохиолдолд сонгуульд оролцох тухайгаа
мэдэгдэхээр тусгай маягт бөглөж жилийн эхэнд тухайн жилд явагдах
бүх сонгуульд шинэ хаягнаасаа ичнээ оролцох, эсвэл аль нэгэн сонгуульд
мөн ийм байдлаар оролцох тухайгаа мэдэгдэхээр уг сонгуулийг эхлэхээс
45 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд илгээдэг. Одоогийн байдлаар
хилийн чанадад суугаа сонгогч алба хаадаг буюу харьяалдаг цэргийн
анги нэгтгэл, ДТГ-т очиж өөрийн биеэр санал өгдөггүй, сонгогчийн
нэрсийн жагсаалтад бүртгүүлдэггүй юм байна.
Саналын хуудсыг хаанаас авах, хэрхэн бөглөх, хэн, хэний төлөө саналаа
өгөх боломжтой тухай танилцуулга авах, зөвлөгөө хүсэх шууд утас,
цахим холбоо, мэдээллийн төв, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэх
омбудсман, сонгогчдод туслах үүрэгтэй сонгуулийн ажилтнуудыг Сонгуульд
санал өгөх ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хэсгийн хороод
урьдчилан бэлтгэхээс гадна олонтаа гардаг асуултуудын хариултыг
урьдчилан тараадаг аж
Сонгуульд санал өгөх ажиллагааг дэмжих хөтөлбөр нь холбооны улсын
болон мужуудын хууль тогтоомжуудыг судалж, сонгогчдын сонгуульд
оролцох, санал өгөх эрхэд ямар нэгэн байдлаар саад учруулж болох
зүйл заалтуудыг өөрчлүүлэх, шинээр батлагдах хуулиудын талаар Конгресстой
зөвшилцөх, хуулийн төсөл боловсруулах, сонгуульд санал өгөх ажиллагааны
талаар дээрх байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, саналаа илэрхийлэх
үүрэг хүлээдэг. Тэрчлэн, саналын хуудсыг сонгогчид хүргэхээс эхлээд
сонгогч саналын хуудсыг хүлээн авч бөглөөд буцаах хүртэл наад зах
нь 45 хоногийн хугацааг сонгогчид олгох, зарим мужид шаарддагчлан
саналын хуудсыг үнэн зөв бөглөсөн тухай нотратын болон гэрчийн батлагааг
сонгогчдын өөрийнх нь гарын үсгээр орлуулах, цэргийн албанаас халагдах
буюу хилийн чанадаас эх орондоо эргэж ирэх болон сонгуулийн бүртгэлд
хамрагдах хугацаа давхацсанаас сонгогч сонгуулийн эрхээ эдэлж амжихгүй
байдал үүсвэл шуурхай зохицуулах, сонгуульд санал өгөх өдөр хүртэл
сонгогчдын нэрсийн жагсаалтад нэрээ нэмж бичүүлэх, ичнээ саналын
хуудсаа хуульд заасан хугацаанд авч амжаагүй тохиолдолд өөрийн дэмждэг
улс төрийн нам, нэр дэвшигчийн төлөө саналаа тоолуулах, сонгогчдын
нэрсийн жагсаалтад хамрагдах, саналын хуудас авах өргөдөл, саналын
хуудас зэргийг ердийн шуудангаас гадна факсаар хүргүүлэх, маргаан
үүссэн тохиолдолд ичнээ саналын хуудаст аль болох нааштай хандах
эрхийг сонгогчид болон хэсгийн хороо, маргааныг таслан шийдвэрлэх
үүрэг бүхий омбудсманд олгуулах, АНУ-д оршин сууж байгаагүй тус
улсын 50 мянга гаруй иргэнд саналаа өгөх боломж олгохыг холбогдох
мужуудад санал болгох зэргээр сонгогчийн сонгуулийн эрхийг батлагаажуулах
үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг байна.
Өнөөгийн байдлаар сонгогч нэрээ сонгогчдын жагсаалтад оруулах,
саналын хуудас авах өргөдлийг шуудангийн ил захидлаар болон факсаар
илгээх, саналын цэвэр хуудсыг факсаар, бөглөсөн саналын хуудсаа
факсаар илгээж, дараа нь шуудангийн ил захидлаар давтан хүргүүлдэг
юм байна.
Сонгогчдын мэдээллийн төв (Voting Information Center) сонгуулийн
холбогдолтой мэдээ мэдээллийг түгээхээс гадна сонгогчдыг сонгуульт
албан тушаалтнууд болон Сонгуулийн хороотой холбох, цэргийн төрөл
мэргэжлийн болон гадаад харилцааны салбарт томилогдон сонгуулийн
ажилтны хариулж чадахааргүй асуултуудыг Санал өгөх ажиллагааг дэмжих
холбооны улсын хөтөлбөрийн захиралд уламжлах үүргийг гүйцэтгэдэг
байна.
Санал өгөх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн зүгээс сонгуульд
санал өгөхөд цахим шууданг ашиглах боломж бий эсэхийг 2000 онд туршиж
бэсрэг төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай дүн үзүүлсэн тул санал өгөх
ажиллагаанд олон хувилбарт аргуудыг ашиглах (Intergrated Voting
Alternative Site) тухай шинэ мэдээлийг вэб хуудсандаа энэ онд нэмж
оруулсан байна. Тэрчлэн мужуудад цахим хэрэгсэл ашиглан санал өгөх,
саналын хуудсыг сонгогчид хүргэх аргуудыг хэрхэн хэрэглэж байгааг
мэдээлэдэг болсон төдийгүй сонгогчдын сонгох эрхээ эдлэхэд нь цахим
шуудан ихээхэн дөхөм үзүүлнэ гэж үздэг юм байна.
АНУ-ын Конгресс сонгуульд туршилтын байдлаар цахим хэрэгсэл ашиглах,
хилийн чанадад суугаа сонгогчдын санал өгөх ажиллагаанд түүнийг
ашиглах боломж ямар байгаа талаар саналаа танилцуулахыг БХЯ-ндаа
2001 онд даалгасан бөгөөд сонгогчдыг бүртгэлийн ажлыг 2004 онд өндөр
нууцлал бүхий интернэтийн сүлжээг ашиглан явуулахын тулд долоон
муж, 50 дүүрэгт сайн дурын үндсэн дээр туршсаны эцэст интернэтэд
хөндлөнгөөс нөлөөлөх боломж байдгийг бүрэн үгүйсгэхгүй, сонгогчдын
комьпютерийн хүчин чадал жигд бус, бүрэн найдвартай гэж үзэх боломж
хараахан бүрдээгүй. Тиймээс сонгуулийн эцсийн дүнд эргэлзээ төрүүлэхгүйн
тулд Цахим бүртгэлийн болон санал хураалтын арга (Secure Electronic
Registration and Voting Experiment) –ыг ашиглах байсан нь зүйтэй
гэж БХЯ шийдсэн байна. Тиймээс, одоогийн байдлаар мужуудад сонгогчдын
нэрсийн жагсаалтад нэрээ нэмж оруулах ил захидлын хэлбэртэй өргөдлийг
факс, э майль-аар, саналын хуудас авах өргөдлийг факс, э майль-аар,
саналын хуудсыг сонгогчид факс, э майль-ээр хүргүүлж байгаа бөгөөд
саналын хуудсыг цахим хэлбэрээр хүлээн авсан тохиолдолд цаасан дээр
хэвлээд гараар бөглөн факсаар илгээх буюу цэргийн цахим холбоог
ашиглах тохиолдолд факснаас цахим хэлбэрт шилжүүлэн илгээж байгаа
юм байна. Ичнээ саналын хувьд цахим шуудан ашиглах эсэх талаар мужууд
харилцан адилгүй байр суурьт байгаа аж.
Монгол улсад улс төрийн ардчилал, иргэний эрх чөлөө бодит биелэлээ
олж, гадаад харилцаа өргөжсөнөөр манай иргэд өрнөдийн орнуудад түүний
дотор АНУ-д зорчих боломж 1990-ээд оны сүүлчээс харьцангуй нээлттэй
болсон. Манай иргэд АНУ-ын их дээд сургуулиудад суралцах, хэлний
мэдлэгээ дээшлүүлэх, аялан зуучлах, ажиллах зорилгоор тус улсад
урт богино хугацаагаар ирсэн. Одоо ч ирж байна.АНУ-д оршин суугаа
монгол иргэдийн хувьд даруй шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг нь
сонгууль оролцож санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд
оршдог. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор
эрх зүйн хувьд боломж бүрдэж байна. Энэ талаар зарим нэг иргэд,
холбоод хүсэл эрмэлзлээ илэрхийлж ирсэн нь дээр хуульд нэмэлт оруулахад
зарим талаар дөхөм үзүүлснийг дурдах нь зүйтэй. Улс төрийн чухал
ач холбогдолтой эл чухам хэрхэн зохион байгуулах талаар тодорхой
санал санаачилга дэвшүүлэн нийтээр хэлэлцвээс 2008 онд явагдах УИХ-ын
сонгуульд АНУ-д төдийгүй хилийн чанадад суугаа, сонгуулийн насны
нийт иргэд ичнээ оролцон саналаа өгснөөр төр, засгаа эмхлэн байгуулах
хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулахад тус дөхөм үзүүлэх болно.
Сонгуулийг угтаж нэлээд хэдэн ажлыг амжуулж хийх шаардлагатайгаас
гадна сонгогчдын саналыг авах ажлыг ямар байдлаар зохион байгуулахыг
эцэслэн тогтох нь зүйтэй. Энэ нүсэр ажлыг АНУ-д нэмэгдэл зардал
чирэгдэлгүй зохион байгуулдагийг бид товч дурдсан. Гэтэл хилийн
чанадад суугаа сонгогчдыг нэг эсвэл хоёр сонгуулийн тойрогт хамруулах
байдлаар санал хураалтыг суугаа оронд нь зохион байгуулдаг ОХУ мэт
бусад улсын туршлагыг мөн лавшруулан судлах нь зүйтэй болов уу.
Нөгөө талаар иргэдийн маань тодорхой хэсэг оршин суух зөвшөөрөл,
албан ёсны бичиг баримт авч амжаагүй, нэг үгээр хэлэхэд визийнхээ
хугацааг хэтрүүлсэн байдаг тул, сонгогчдыг бүртгэлийг шинэчлэх,
улмаар товлосон цагт тодорхой нэг эсвэл нэлээд хэдэн газарт цуглахад
хүндрэлтэй байж болохыг бодолцох ёстой.
Иргэдийн дунд санал авах ажиллагааг зохион байгуулахад дараах зүйлсийг
анхаарах нь зүйтэй санагдаж байна.Тухайлбал, сонгогчдын нэрсийн
жагсаалтыг ЭСЯ, Mонгол иргэдийн холбоо, өргөмжит консулуудад түшиглэн
бүсчилсэн байдлаар гаргах, санал авах ажиллагаанд эхний ээлжинд
оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй иргэдийг хамруулан
Вашингтон ДС, Оакланд, Денвэр, Чикаго хотуудад зохион байгуулж болох
боловч чингэх нь иргэд сонгогчдыг ялгаварласан шинжэтэй болохыг
анхаарууштай.
Монгол Улсын Өргөмжит консул ажилладаг Техас, Жеоржиа, Нью Жэрси
муж, Денвер, Юта, Чикаго, Сан Франциско хот дахь монголчуудын холбоодыг
арга зүйн зөвлөгөөгөөр хангаж сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах,
бусад шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэхэд оролцуулах, Сонгуулийн
насны иргэдийг сонгуульд оролцуулах, санал өгөхийн ач холбогдлыг
иргэдэд тайлбарлан таниулж, идэвхийг нь өрнүүлэх зорилгоор “Даяар
Монгол”,“Замдаа”, “Монгол мэдээ”-зэрэг сонин, хэвлэлээс гадна Элчин
сайдын яамны болон орлоо.сом зэрэг web хуудсуудыг ашиглах, иргэдийг
санал өгүүлэх үүднээс уг ажилд интернэт, цахим шуудан ашиглах талаар
мэргэжлийн байгууллагын санал, дэмжлэг туслалцааг авч, техник технологи
нэвтрүүлэх, сонгуулийн ажиллагаанд судалгаа, дүн шинжилгээний байгууллагууд
болон “Сонгуулийн тогтолцооны олон улсын сан”-аас ажиглагч урьж
оролцуулах арга хэмжээг ч авч болох талтай юм.
АНУ-д оршин суугаа иргэдийг сонгуульд оролцуулах чиглэлээр ЭСЯ-ны
болон “Замдаа”, “Даяар Монгол” зэрэг хэвлэл, бусад вэб хуудсуудыг
ашиглан мэдээ мэдээллээр хангах, бэлтгэн зохион байгуулахад нэмэгдэл
зардал гарахгүй болов уу.

Асуулт 8:
Паспортоо үрэгдүүлсэн хүн
буцах үнэмлэх хэрхэн авах, ямар материал бүрдүүлж өгөх шаардлагатай
вэ?
Хариулт:
Паспорт алдаж vрэгдэх, хvчингvй болох тохиолдолд шинээр
паспорт авах боломжгvйгээр эх орондоо буцах шаардлага гарвал ЭСЯ–аас
эх орондоо буцах буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх нь бичигдсэн
өдрөөс хойш 90 хоногийн дотор Монгол улсын хилээр зорчин орох эрхийг
олгодог. Буцах үнэмлэхээр дайран өнгөрөхөөс бусад ямар ч улс оронд
аялах боломжгvй. Буцах үнэмлэх авахад гадаад паспорт шинээр авахтай
адил материал бvрд vvлж ирvvлнэ. Буцах үнэмлэх хүссэн өргөдөлд буцах
үнэмлэх авах болсон шалтгаан, яагаад шинээр паспорт авах боломжгүй
тухайгаа тодорхой тусгана. Материалд 2х2 инчийн харьцаатай 2 хувь
цээж зураг, материалаа шуудангаар ирүүлж байгаа бол үнийг нь төлсөн,
буцах хаяг бүхий дугтуй, төлбөр 50 ам.доллар /Money order/- ын хамтаар
ирүүлнэ. Мөн боломжтой тохиолдолд паспорт алга болсон тухайгаа цагдаагийн
байгууллагад мэдэгдсэн тухай баримтыг ирүүлэх нь уг паспортыг хүчингүй
болгох, бусдад ашиглагдахаас сэргийлэхэд тустай болохыг иргэд анхаарах
нь зүйтэй.

Асуулт 9:
Шинээр мэндэлсэн хүүхдийг бүртгүүлж
төрсний гэрчилгээ авахад ямар материал бүрдүүлж өгөх вэ. Төрснөөс
нь хойш хэдий хугацааны дотор бүртгүүлэх вэ.
Хариулт:
Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар
зүйлд заасны дагуу гадаадад оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс
төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс
хойш 30 хоногийн дотор бүртгэнэ.
Төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд эцэг, эх дараах материалыг бүрдүүлж
ЭСЯ-нд биеэр буюу өөр мужид оршин суудаг, биеэр ирэх боломжгүй бол
шуудангаар ирүүлнэ.
1. Эцэг, эхийн паспортны хуулбар
2. Хүүхдийн төрснийг гэрчилсэн баримтын хуулбар /гадаадын/
3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
4. Хүүхдийн нэг хувь зураг
5. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
6. 60 долларын Money order
7. Төлбөрийг хийсэн, буцаж хаягласан дугтуй

Асуулт 10:
АНУ-ын иргэн Монгол Улсад
зорчиход виз шаардлагатай юу?
Хариулт:
2001 оны 7 дугаар сарын 18-наас америкийн иргэд албан,
хувийн хэргээр болон жуулчны шугамаар богино хугацаагаар /90 хоногийн
дотор/ Монголд зорчих бол визгүй, түүнээс дээш хугацаагаар Монголд
зорчих бол зохих ангиллын олон удаагийн визийг визийн хураамжгүй,
монгол иргэд АНУ-д зорчихдоо 3-10 жилийн хугацаатай олон удаагийн
виз авахаар ноот солилцож тохирсон болно. /Тайлбар: Визийн хураамж
биш консулын үйлчилгээний хураамж болох 100 ам.долларыг хоёр талдаа
харилцан адил авч байхаар тохироцсон/.

Асуулт 11.
Асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийг тогтоох, өөрчлөх хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж
өгнө үү?
Хариулт:
Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн наймдугаар бүлгийн
67 дугаар зүйлд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох,
өөрчлөх талаар дараах байдлаар тайлбарлсан байдаг. Үүнд:
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дор дурдсан журмаар тогтооно:
- эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан
бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь
үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр
тогтоох,
- асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг
нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх
байгууллагад шилжүүлэх,
- харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол өндөр настан, тахир дутуу
хүнийг асрамжийн газарт шилжүүлэх,
- сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй
буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн
эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэх,
- Тухайн хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжихшаардлагатай байгаа
тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн
Засаг даргад өгөх үүрэгтэй,
- Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга
оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг асран хамгаалж,
харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.
- Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар
асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлахгүй
бол хүчинтэйд тооцно.
- Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг энэ төлбөргүй
гүйцэтгэнэ.

Асуулт 12:
Консулын хэлтэс гэр бүл
цуцладаг уу?
Хариулт:
Монгол Улсын гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчдийн харилцан
тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн
бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн
нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Шүүх
шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл
хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх
талын арга хэмжээг авна. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн
шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол
Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулна. Гэрлэлтээ цуцлуулахыг
хүссэн өргөдөл гаргагч нь Монгол дахь өөрийн харъяалах дүүрэг, аймаг,
сумын шүүхийн нэр дээр өргөдлөө гаргах бөгөөд ЭСЯ-ны консулын хэлтсээр
баталгаажуулж илгээнэ.

Асуулт 13.
Консулын хэлтсээс богино
хугацаанд шинэ гадаад паспорт олгох үйлчилгээ үзүүлдэг үү?
Хариулт:
Консулын хэлтэс монгол иргэдийн шинээр гадаад паспорт
авах өргөдөл болон бусад материалыг хүлээн авч Иргэний бүртгэл,
мэдээллийн улсын төвд баталгаатай шуудангаар хүргүүлж, мөн баталгаатай
шуудангаар хүлээн авдаг. Захиалсан паспорт дунджаар 45 хоногийн
дараа Монголоос ирдэг бөгөөд ЭСЯ хүлээн авмагцаа Вашингтон дахь
ЭСЯ-наас олгосон тухай тэмдэглэлийг хийж тамга дарж, холбогдох албан
тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулан паспорт захиалсан эзэнд
нь хүлээлгэн өгдөг. Хүндэтгэн үзэх, зайлшгүй тохиолдолд тухайн иргэний
паспортыг яаралтай олгох асуудлыг ИБМУТ-д тавьж шийдвэрлүүлж болно.
Зарим тохиолдолд паспорт захиалж буй иргэд маань маягтаа бөглөхдөө
өөрийн оршин суугаа хаягийг бүрэн бичихгүй, холбоо барих утсаа тодорхой
зааж өгөөгүйгээс болж ИБМУТ-өөс ирүүлсэн паспортууд удаан хугацаагаар
ЭСЯ-ны консулын хэлтэс дээр хадгалагдах тохиолдол гардаг. Манай
цөөнгүй иргэн байр хөлслөн суудгийн улмаас нэг хаяг дээр тогтвортой
байхгүйгээс болж захиалсан паспорт Монголоос ирэх үед оршин сууж
байсан газраа сольсноос болж бичиг баримт, шуудан хүлээж авах хаяг
нь өөрчлөгдөх тохиолдол гардаг. Энэ байдлыг харгалзан үзэж консулын
хэлтэс шинээр ирсэн паспортыг эзэнд нь явуулахын өмнө эзэнтэй нь
утас, и-мэйлээр заавал холбоо барьж оршин суугаа хаягийг нь бататган
шалгаж байж илгээх чиглэл барьж байна. Имйд иргэд маягтыг бөглөхдөө
холбоо барих утас, хаягаа аль болох тодорхой, дэлгэрэнгүй ирүүлж
байвал бидний ажилд их туслалцаа болохыг анхаарна уу.

Асуулт № 14
Монгол Улсын -18 хүртлэх насны хүүхэд
бүрт олгох мөнгө, шинээр, анх удаа гэрлэгчдэд мөнгөн тэтгэмж олгох
талаар
Хариулт:
“Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн
тусламж үзүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх тухай
Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх
тухай хуульд 2007 оны эхээр хэд хэдэн өөрчлөлт орж, Нийгмийн халамжийн
болон Ахмад настаны нийгмийн хамгааллын хуулийн дагуу олгодог байсан
жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгох нөхцөлт мөнгөн
тэтгэмж ”Эхийн алдар” одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгох мөнгөн
тусламжийг амьжиргааны түвшин болон нас харгалзахгүйгээр бүх эхчүүдэд
олгохоор болж байна. Түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хууль
батлагдаж 2007 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хүүхэд бүрт 100.0
мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан шинээр батлагдсан хууль
тогтоомжийг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголттой болж, иргэдэд
хөнгөн, шуурхай чирэгдэлгүй үйлчлэхэд дараах асуудлуудыг анхаарах
хэрэгтэй байна. Үүнд:
1. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар
а/ Хуулийн зүйл, заалтыг хэрэглэхдээ иргэнд хохиролгүй байх зарчмыг
баримтлах
б/ Эрх зүйн актаар тогтоосон иргэний бүрдүүлэх бичиг баримт, тэтгэмж,
мөнгөн тусламж авах эрх, хугацааны талаар иргэдэд ойлгомжтой тайлбарлаж
таниулах, сурталчлах ажлыг эрчимжүүлэх
в/ Мөнгөн тусламж, тэтгэмжийг иргэдийн хүсэлтээр банкин дахь мөнгөн
хадгаламжийн дансанд нь шилжүүлэх, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх
замаар иргэдийн олон дахин явалт, чирэгдлийг багасгах
г/ Тэтгэвэр, тэтгэмж, мөнгөн тусламж олголтод тавих хяналтыг сайжруулахад
онцгой анхаарч Чингэлтэй болон нийслэлийн дүүргүүдэд амжилттай туршигдсан
“Хөдөлмөр, халамж-2006” программ хангамжийг ашиглан мөнгөн тусламж,
тэтгэмжийн хөтөлбөрүүдийг мэдээллийн нэгдсэн системд оруулах, тэтгэвэр,
тэтгэмж, мөнгөн тусламжийг давхар олгохоос сэргийлэх, зарцуулалтын
хяналтыг сайжруулах, бүртгэлийг олон улсын стандартанд нийцүүлэх
ажлыг улсын хэмжээнд яаралтай зохион байгуулах
2. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхэд мөнгөн тэтгэмж олгох талаар
Нийгмийн халамжийн шинэ хуулийн дагуу 2006 оны 7 дугаар сарын 1-ний
өдрөөс эхлэн жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд жирэмсний 5
сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд нийт 240,0 мянган төгрөгийн
нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй байсан. Энэ мөнгөн тэтгэмж нь
зөвхөн ядуу, нэн ядуу амьдралтай эхчүүдэд олгогдож байсныг өөрчилж
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх
тухай хуулийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу бүх эхчүүд амьжиргааны
түвшинг харгалзахгүйгээр мөнгөн тэтгэмж авах эрхтэй болж байна.
Иймд хуулийн энэ зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд дараах асуудлуудыг
анхаарах нь зүйтэй.
а/ Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох мөнгөн тэтгэмж
авах эрх жирэмсний 5 дахь сараас эхлэх бөгөөд эх тэтгэмжийг тогтоолгох
хүсэлтээ өөрийн оршин суух нутаг дэвсгэрийнхээ нийгмийн халамж,
үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтанд гаргасан өдрөөс
эхлэн хүүхдийг 1 нас хүртэлх хугацаанд багтаан 12 сар олгоно. Өөрөөр
хэлбэл эх жирэмсний 5 сартайгаас эхлэн хүүхдээ 1 ой хүртэлх нийт
16 сарын хугацаанд багтааж энэ тэтгэмжийг авах боломжийг олгож байгаа
нь тэтгэмж авах боломжит хугацааг нэмэгдүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээг
бүрэн хүргэх, эхчүүдийн амьжиргааг дэмжихэд чиглэгдэж байгаа юм.
Харин тэтгэмжийн нийт хэмжээ одоогийн мөрдөж байгаагаар сард 20.0
мянган төгрөг, нийт 240.0 мянган төгрөгөөс хэтрэхгүй бөгөөд нэг
нас хүртэлх хүүхдэд энэ тэтгэмж олгогдох болно.
б/ Ихэр хүүхэд төрсөн тохиолдолд тэтгэмжийн хэмжээг ихэр хүүхдийн
тоогоор нэмэгдүүлж олгоно. Хүүхэд бүрт олгох тэтгэмж нь ихэр хүүхэд
төрсөн өдрөөс эхлэх бөгөөд тухайн эхийн тэтгэмж авсан сарын нийт
тоо 12-оос ихгүй байхыг анхаарах хэрэгтэй.
в/ Сарын дундуур мөнгөн тэтгэмж тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэн
өгсөн болон хасагдах иргэний мөнгөн тэтгэмжийг хуанлийн өдрөөр тооцож,
эрх үүссэн өдрүүдэд олгоно.
г/ Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж
үзүүлэх тухай хуулийн дагуу тэтгэмж авах эрх нь шинээр үүссэн эх
бичиг баримтаа 2007 оны 4 дүгээр сарын 1-ний дотор бүрдүүлэн өгсөн
тохиолдолд тэтгэмжийг хууль хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2007 оны
1 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцон нөхөн олгож болно.
3. Шинээр, анх удаа гэрлэгчдэд мөнгөн тэтгэмж олгох талаар
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж
үзүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 3.1.2, 3.1.3,
3.1.4-д заасан нөхцөл, болзолыг хангасан шинээр гэрлэгчдэд нэг удаа
500.0 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгоход анхаарах асуудлууд
а/ 2007 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан шинээр гэрлэгчдийн
мөнгөн тусламжинд олгох 6.7 тэрбум төгрөгийг 2007 оны 1 дүгээр сарын
1-ний өдөр болон түүнээс хойш аль аль нь анх удаа шинээр гэрлэлтээ
төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэр бүлд олгоно.
б/ Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж
үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн дагуу 2007
оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ
бүртгүүлсэн гэрлэгчдийн аль аль нь 35 хүртэлх /18-34/ настай бол
уг мөнгөн тусламжийг авах эрхтэй болж байна. Харин 2007 оны 1 дүгээр
сарын 1-нээс 2007 оны 1 дүгээр сарын 31-ний дотор гэрлэлтээ бүртгүүлсэн
гэрлэгчдэд олгох мөнгөн тусламжид насны хязгаар заахгүй.
в/ 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж, шинээр гэрлэгчдийн 500.0 мянган
төгрөгийн мөнгөн тусламж авах эрх нь үүссэн гэр бүлд олгох хөрөнгийн
эх үүсвэрийг 2007 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх саналыг
УИХ-ын байнгын Хороодоос гаргасан учраас төсвийн тодотгол хийх хүртэл
түр хүлээж байхыг шинэ гэр бүл бологчдод ойлгуулах ажлыг зохион
байгуулах хэрэгтэй.
г/ Гэрлэлтийн мэдээлэл, судалгааг аймаг, дүүрэг, сум бүрээр цаг
хугацаанд нь авч сум, дүүргийн засаг даргын захирамжаар мөнгөн тусламж
авах эрх үүссэн шинэ өрхийн тоогоор санхүүжүүлэлт хийж байх нь зүйтэй.
4.”Эхийн алдар” одонтой эхчүүдэд мөнгөн тусламж үзүүлэх талаар
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр, бүлд мөнгөн тусламж
үзүүлэх тухай хуулийн 4.5 дахь хэсэгт заасан “Эхийн алдар” одон
одонтой эхчүүдэд 1 жилд нэг удаа нас харгалзахгүйгээр мөнгөн тусламж
үзүүлнэ. Үүнд: эхийн алдар I одонтой бол жилд 100.0 мянган төгрөг,
II дугаар зэргийн одонтой бол жилд 50.0 мянган төгрөгийн мөнгөн
тусламж олгоно.
а/ ”Эхийн алдар” одонтой эхчүүдэд мөнгөн тусламжийг 2007 оноос
эхийн нас харгалзахгүйгээр олгоно.
б/ Нэг ба хоёрдугаар зэргийн одонтой эхэд мөнгөн шагналыг давхардуулан
олгохгүй.
в/ Мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгохоор сум, хороогоор хуваарь
хийж зохицуулах, жил бүрийн 3 дугаар сарын 10-ны дотор эхийн алдар
одонгийн мөнгийг бөөнд нь нэг удаа олгодог байхаар төсвийн хуваарийг
хийх.
5. Хүүхдэд сар тутам 3.0 мянган төгрөгийн мөнгөн
тэтгэмж олгох талаар
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж
үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан 0-18 хүртэлх насны хүүхдэд
сар тутам 3.0 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг улсын төсөвөөс
олгоно.
а/ 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмж авах
хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх жилийн хүүхдийн мөнгийг нөхөн олгох
боломжгүй. Тухайн жилд олгох хүүхдийн мөнгө нь тэр оныхоо төсөвт
тусгагдсан байдаг учир санхүүгийн жил дуусахад ашиглагдаагүй хөрөнгийн
хэлбэрээр Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрч өөр зориулалтаар зарцуулах
хууль хэргэжиж эхлээд байна. Иймээс хүүхдийн мөнгөн тэтгэмж авах
хүсэлтээ гаргаж хуульд заасан бичиг баримтаа нийгмийн халамж үйлчилгээний
байгууллага, сумын нийгмийн ажилтанд өгсөн өдрөөс эхлэн хуанлийн
өдрөөр тооцож хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох арга хэмжээг авах
нь зүйтэй.
б/ Гадаад улсад төрсөн Монгол Улсын иргэний хүүхдэд тэтгэмж олгохдоо
консулын болон дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн
эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн Монгол улс дахь
оршин суух харъяаллын дагуу олгож болно.
в/ Аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, сумын
нийгмийн ажилтан нь мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор хуваарилж,
12 хүртэл сарын мөнгийг нэгтгэн бичилт хийх, тэтгэмж олгож байгаа
банкуудаад нэрийн данс нээж ажиллуулах, эцэг эх, асран хамгаалагч,
харгалзан дэмжигчийн хүсэлтээр мөнгөн хадгаламжийн дансанд нь шилжүүлэх
замаар дахин явалт, чирэгдлийг багасгах арга хэмжээг зохион байгуулах
шаардлагатай.
6. Монгол Улсын -18 хүртлэх насны хүүхэд бүрт
100.0 мянган төгрөгийг олгох талаар
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2
дах хэсэг, Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 10 дугаар
зүйлийн дагуу 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт энэ онд Монгол Улсыг
хөгжүүлэх сангаас 100.0 мянган төгрөгийг улирал бүрт тэнцүү хуваарилан
олгоно.
а/ Хүүхдэд улирал бүр Монгол Улсыг хөгжүүлэх сангаас олгох мөнгийг
жил бүрийн 3, 5, 8, 11 дүгээр саруудад олгохоор тооцон аймаг, дүүргүүдэд
бэлтгэл ажлыг хангуулах арга хэмжээг авах.
в/ Сар бүр 3000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа хүүхдэд
улирал бүр мөнгө олгохдоо аливаа нэмэлт бичиг баримт шаардахгүй
байх.
г/ Иргэд /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ хүсэлтээ
гаргасан тохиолдолд тэдний нээлгэсэн мөнгөн хадгаламжийн дансанд
нь хүүхдэд олгох мөнгийн шилжүүлнэ. Хэрэв иргэн мөнгөн хадгаламжийн
данс нээлгэхийг хүсэхгүй бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дэвтэрт
тухайн олгосон сард нь нэмэлт бичлэг хийж олгоно.
д/ Иргэн мөнгөн хадгаламжийн дансаа ямар банкинд нээлгэх (банкаа
өөрсдөө сонгох) хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх эрхээр эцэг эх,
асран хамгаалагч, харгалзан дэмжигч бүрэн хангагдсан байх.
е/ Хүүхдийн ирээдүйн хөгжилд хуримтлал бий болгох тэдний сурах боломжийг
нэмэгдүүлэхийн тулд хүүхдийнхээ мөнгийг хадгаламжинд хийлгэх нь
илүү зохистой болохыг иргэдэд сурталчилах ажилыг зохион байгуулах.
ё/ Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд амжилттай
туршигдаж байгаа “Хөдөлмөр-Халамж 2006” программыг ашиглан мөнгө
олгох хүүхдийн нэрсийн жагсаалтыг улирал бүр файл хэлбэрээр холбогдох
банкны байгууллагад хүргүүлж, мэдээллийн нууцлал, эрсдэл, аюулгүй
ажиллагааг хангах, иргэдэд хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх талаар
банкны байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах.
ж/ Банкаар дамжуулан хүүхдүүдэд мөнгө хүргэх үйл ажиллагааг программчилж
мөнгө олгосон жагсаалтыг, банкинд анх хүргүүлсэн нэрстэй тулгалт
хийн, тооцоог нарийвчлан хийж, өр авлага үүсэхээс сэргийлж, мэдээллийг
сайжруулах.
з/ Шинээр төрсөн хүүхэд болон хүүхэд бүрт жилд нэг удаа олгох мөнгийг
шинээр тогтоолгох тохиолдолд хуанлийн өдрөөр тооцож тухайн улиралд
ноогдох мөнгийг олгоно. Харин 18 нас хүрч буй хүүхэд бүрт олгох
мөнгө нь зогсоогдох тохиолдолд мөн хуанлийн өдрөөр тооцож олгоно.

Асуулт №15:
АНУ-ын цагаачлалын бодлогыг зохицуулдаг ямар хууль тогтоомж байдаг
вэ? Хаана ямар эх сурвалжаас олж, уншиж танилцаж болох вэ?
Хариулт:
АНУ-ын Үндсэн хуулийн заалтын дагуу цагаачлалын асуудал Холбооны
эрх хэмжээний асуудал юм. Өөрөөр хэлбэл Холбооны хуулиар зохицуулж,
Холбооны шүүх шийдвэрлэнэ гэсэн үг. Цагаачлалын асуудлыг зохицуулж
байгаа хууль тогтоомжийг бүхэлд нь цагаачлалын эрх зүйн эх сурвалж
гэж нэрлэдэг.
АНУ-ын Конгрессоос цагаачлалын асуудлаар хамгийн сүүлд баталсан
хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль нь 1952 онд баталж хожим
нь хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан Цагаачлалын болон харьяатын
тухай хууль (Immigration and Nationality Act of 1952) юм.
Цагаачлал болон харьяатын асуудлыг судалж, практик амьдралдаа хэрэглэх
гэж байгаа хүн бүр энэ хуулийг зүйл, заалт бүрээр нь сайтар судлах
шаардлагатай.
АНУ-ын цагаачлалын албаны удирдлага, зохион байуулалтад чухал нөлөө
бүхий өөр нэг чухал хууль бол 2002 оны эхээр Дотоодын аюулгүй байдлын
департамент (яам) байгуулсан Дотоодын аюулгүй байдлын тухай хууль
(Homeland Security Act of 2002) юм.
Энэ хуулиар цагаачлалын асуудал эрхэлдэг 22 байгууллагыг шинээр
байгуулагдсан Дотоодыг хамгаалах департаментад харьяалуулаад зогсоогүй
цагаачлалын үйл ажиллагаатай холбоотой байгууллагуудын эрх, үүргийг
зааглан тогтоож, үйл ажиллагааных нь чиглэл, зорилтыг тодорхойлж,
бүтцийг баталж өгснөөрөө цагаачлалын эрх зүйн олон чухал асуудлуудыг
зохицуулсан.
Цагаачлалын шинэчлэл болон хяналтын тухай 1986 оны хууль, Хууль
бус цагаачлалыг шинэчлэх болон цагаачдын хариуцлагын тухай 1996
оны хууль, Эх оронч үзлийн тухай хууль (Patriot Act of 2001), Хувийн
нууцын тухай хууль (The Privacy Act of 1974), Хилийн өндөржүүлсэн
аюулгүй байдал болон орох визийн шинэчлэлийн тухай 2002 оны хууль
(Enhanced Border Security and Visa Entry Reform Act) -иуд цагаачлалын
эрх зүйн үндсэн эх сурвалжид зүй ёсоор орно.
АНУ-ын Конгресс тодорхой хувь хүн болон хэсэг, бүлэг хүмүүсийн эрх
ашигийг хөндсөн хувийн шинжтэй хууль батлан гаргах эрхтэй. Цагаачлалын
нийтлэг дүрэм журмаас гадна тухайлсан асуудлаар хууль гаргах боломжтой
байгаа нь нийтлэг хуулийн уян хатан чанарыг харуулж байгаа хэрэг.
АНУ-ын цагаачлалын эрх зүйн дараагийн эх сурвалж буюу цагаачлалын
бодлогын нийтлэг зарчмыг тусгасан, энэ харилцаанд оролцож байгаа
нийт байгууллага, хүмүүс заавал дагаж мөрдөх ёстой эрхийн акт нь
цагаачлалын үйл явцыг зохицуулах эрх бүхий засгийн газрын байгууллагуудаас
батлан гаргасан эрх зүйн хэм хэмжээ бүхий акт юм.
Цагаачлалын асуудлаар улс орон даяар заавал дагаж мөрдөх эрхийн
акт батлан гаргах эрхийг АНУ-ын Төрийн, Дотоодын аюулгүй байдлыг
хангах, Хөдөлмөрийн болон Хууль зүйн департамет, эрх бүхий бусад
яам, агентлагууд эдэлдэг.
Ийм дүрэм журам батлан гаргасан төрийн байгууллага эдгээр хууль
тогтоомжийг Холбооны бүртгэлд бүртгүүлэх ёстой. Эдгээр дүрэм журам
нь Холбооны бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэний дараа хүчин төгөлдөр
болж мөрдөгдөнө.
Америкийн эрх зүйн систем нь английн эрх зүйн системээс гаралтай
онцлогийн дагуу америкийн эрх зүй бүхэлдээ, түүний дотор цагаачлалын
эрх зүйн эх сурвалжид шүүхийн практикаар тогсон жишиг (прецедент)
онцгой байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл нийтлэг асуудлаар урьд
гарсан шүүхийн шийдвэр нь дараагийн ижил төстэй хэргийн хувьд цагаачлалын
эрх зүйн эх сурвалж болно гэсэн үг. Ийнхүү америкийн цагаачлалын
эрх зүйн эх сурвалж нь Конгрессоос баталсан хууль эрх зүйн акт,
цагаачлалын бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий засгийн газрын байгууллагуудаас
баталсан эрх зүйн хэм хэмжээ бүхий акт, шүүхийн жишиг шийдвэр (прецедент)-ээс
бүрдэнэ гэсэн үг.
Цагаачлалын эрх зүйн эх сурвалжийн онцлогоос шалтгаалан цагаачлалын
эрх зүйг онол, практикийн талаас судлах хүн АНУ-ын холбогдох хууль
тогтоомжоос гадна эрх зүйн эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн
шүүхийн шийдвэрийг мөн судлах шаардлагатай.
Ер нь АНУ-ын цагаачлалын эрх зүйн олон талт эх сурвалжийг олж судлахын
тулд чухам юуг нь хаанаас олж судлах вэ гэдэг нь практик талаасаа
маш чухал ач холбогдолтой.
АНУ-ын Конгрессоос баталсан хууль мэдээж хуулийн эмхтгэлд хэвлэгдэж
гардаг бөгөөд америкийн хуулийн эмхтгэлийг гадаадын хүн тэр болгон
олж авахад бэрхшээлтэй байдаг.
Хамгийн сайн арга бол хууль тогтоомжийн эмхтгэлийн болон түүнийг
батлан гаргадаг, эрхлэн хэвлүүлдэг, тэр ч байтугай хэрэгжүүлдэг
байгууллагын вэб сайтыг ашиглах явдал юм.
Цагаачлалын эрх зүйн эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн шүүхийн
шиидвэрийг ч тусгай эмхтгэлд хэвлүүлдэг. Өнөөгийн байдлаар шүүхийн
ийм шийдвэрийн 19 боть гараад байна.
Цагаачлалын эрх зүйн эх сурвалжийг олох, судлах практик боломжийг
уншигчдад боломжийн хирээр бий болгохын тулд зарим нэг тодорхой
эх сурвалжийн талаар товч дурдаж, хаанаас яаж олохыг чиглүүлэх нь
зүйтэй гэж үзэв.
Аливаа үл ойлголцох байдал, алдаа мадаг гаргахгүй байх, интернетээс
шууд олох боломжийг бүрдүүлэх үүднээс зарим нэр томъёо, байгууллага,
хүний нэр, хаягийг шууд англи хэл дээр бичиж, хавсаргасан болно.
АНУ-ын цагаачлалын эрх зүйн хамгийн гол эх сурвалж нь 1952 онд батлагдаж
хожим нь хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон Цагаачлалын болон харьяатын
тухай хууль гэдгийг дээр дурдсан. Энэ хуулийг ном хэвлэлд INA гэж
товчлон хэрэглэдэг.
Цагаачлалын болон харьяатын тухай хуулиар цагаачлал, гадаадын иргэдийг
хилээр оруулах зөвшөөрөл олгохын тулд хилийн боомт дээр шалгах,
орохыг зөвшөөрсөн баримт бичиг олгох, буцаах, виз олгох, оршин суух
эрх зүйн байдал (статус)-ыг өөрчлөх, тээврийн хэрэгслэлийн багийн
гишүүн гадаадын хүмүүст холбогдсон тусгай журам, гадаадынхныг бүртгэх,
торгуулийн нийтлэг заалт, төрөхдөө болон олноороо иргэн болох замаар
харьяат болох, иргэн болох замаар харьяат болох, харьяатын эрхээ
алдах, дүрвэгсэдэд тусламж үзүүлэх, алан хядагч (террорист)-ыг буцаах
журам зэрэг асуудлыг зохицуулдаг.
Цагаачлалын болон харьяатын тухай хуулийг АНУ-ын хуулийн эмхтгэл
(United States Code (USC)) болон гэсэн вэб сайтаас олж болно.
Цагаачлалын эрх зүйг амьдралд амжилттай хэрэгжүүлэхэд АНУ-ын Засгийн
газар, түүний харьяа байгууллагууд идэвхтэй оролцдог тухай дээр
дурдсан.
АНУ-ын цагаачлалын эрх зүйд ихээхэн практик ач холбогдолтой эрхийн
актын нэг нь Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах тухай 2002 оны хууль
(ДАБХХ)-ийн 428 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон
Дотоодын аюулгүй байдлыг хамгаалахын нарийн бичгийн дарга нарын
хооронд 2003 оны 10 сард байгуулсан Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах
тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлаар байгуулсан санамж бичиг юм.
Санамж бичигт Төрийн болон Дотоодын аюулгүй байдлыг хамгаалахын
нарийн бичгийн дарга нар виз олгох асуудлаар нягт хамтарч ажиллахаар
заасан.
Шинээр батлагдсан дүрэм журмыг гол төлөв Холбооны бүртгэл (Federal
Register)-д хэвлэн нийтэлж, нийтийн хүртээл болгодог.
Үүнээс гадна бэлэн болсон дүрэм журмыг Холбооны дүрэм журмын эмхтгэл
(Code of Federal Regulations (CFR))-д хэвлэн нийтэлж, жил бүр холбогдох
хөдөлгөөн хийж, баяжуулж, шинэчилж байдаг.
Холбооны дүрэм журмын эмхтгэлд аливаа дүрэм журам хэвлэхдээ баталсан
байгууллагын нэрийг товчилсон үсгээр тэмдэглэж, ард нь дүрэм журмыг
хэвлэдэг. Холбооны тухайн дүрэм журмын эмхтгэлд холбогдох хөдөлгөөн
бүрэн хийгдсэн болон хамгийн сүүлийн үеийн эмхтгэл мөн гэдгийг мэдэхийн
тулд түүний оршил хэсгийг эхэлж уншиж, лавлах хэрэгтэй.
Холбооны дүрэм журмын эмхтгэл, Холбооны бүртгэлийг 1994 оноос эхлэн
Засгийн газрын вэб сайтад байрлуулдаг болсон тул олж хэрэглэхэд
хялбар болсон.
Батлагдсан дүрэм журмаас дутахааргүй нэг чухал баримт бичиг бол
цагаачлалын асуудал хариуцдаг байгууллагууд өөрсдийн байгууллагын
дотоод бодлогын лавлахыг хэвлүүлдэг бөгөөд ийм лавлах нь тухайн
байгууллага өөрийн баталсан дүрэм журмын заалтыг хэрхэн тайлбарлаж
байгааг ойлгож, өөрийн үйл ажиллагааг түүнд зохицуулахад чухал ач
холбогдолтой.
Тухайлбал, Цагаачлалын болон харьяатын алба жил бүр Үйл ажиллагааны
заавар (Operations Instructions (OIs)) хэвлүүлдэг бөгөөд энэ нь
үнэн чанартаа холбогдох дүрэм журмын тайлбар байдаг.
Төрийн Департамент гадаадад ажиллаж байгаа нэгжүүддээ зориулан жил
бүр Гадаад харилцааны эмхтгэл (Foreign Affairs Manual (FAM)) хэвлэж
гаргадаг бөгөөд энэ эмхтгэлд хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн материал
хэвлэгддэг учир ач холбогдолтой байдаг. Гадаад харилцааны эмхтгэлийг
Төрийн Департаментын вэб сайтаас үзэж болно.
Эмхтгэлд визийн холбоотой дүрэм журам, хилийн чанадад ажиллаж байгаа
консулын ажилтнуудад зориулсан зааварчлага, АНУ визийн асуудлаар
олон улсын байгууллагын хүрээнд буюу хоёр талаар байгуулсан гэрээ,
хэлэлцээр, тухайн сар, жилд олгож болох визийн боломж, тоо хэмжээний
хязгаар зэргийг хэвлэдэг.
Эдгээр албан ёсны эмхтгэл, тайлбарыг сайтар уншиж танилцсанаар тухайн
байгууллагын бодлого, байр суурийг мэдэх боломжтойгоос гадна орон
нутгийн болон доод шатны албан тушаалын хүмүүсийн шаадвэрийг шалгах,
тэдний зүгээс гаргасан алдааг илрүүлж засахад тухайн хүнд өөрт нь
ч, өмгөөлөгчид нь ч хэрэгтэй байдаг.
Цагаачлалын холбогдолтой хууль тогтоомж олох, цагаачлалын асуудал
хариуцдаг байгууллагын үүрэг, зорилого, бүтэц, зохион байгуулалтыг
мэдэхэд шаардлагатай зарим вэбхуудас:
1.(http://www.fourmilab.ch/uscode/8usc/www/t8-12-1-1101.html
2.(http://www.eff.org/Privacy/Surveillance/Terrorism/20011025_hr3162_USA_patriot_bill.html)
3.(http://www.usdoj.gov/04foia/privstat.htm)
4.(http://travel.state.gov/state093239.html.)

Асуулт № 16:
Виз, цагаачлалын ямар асуудлаар АНУ-ын ямар байгууллагуудтай харилцах
вэ?
Хариулт:
АНУ-ын Үндсэн хуулийн дагуу цагаачлалын хууль нь Холбооны хууль
байх ёстой бөгөөд Үндсэн хуулиар Холбооны Засгийн газрын эрх хэмжээнд
шууд хамааруулсан, Холбооны ашиг орлогын татвар, дампуурал, патент,
олон улсын гэрээ байгуулах зэрэг цөөхөн асуудлын нэгэнд цагаачлалын
асуудал ордог.
Өөрөөр хэлбэл, зөвхөн АНУ-ын Холбооны Засгийн газар цагаачлалын
хуулийг батлан гаргаж, сахиулах бүрэн эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд
мужид ийм эрх олгогдоогүй.
АНУ-ын цагаачлалын хуулийг улс орон, яс үндэс, хүйс, итгэл үнэмшил
зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр шудрагаар, ижил шаардлага тавих
замаар хэрэгжүүлэх ёстой.
АНУ-д цагаачлалын үйл ажиллагааг зохицуулахад засаглалын гурван
хэлбэр болох хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх тогтолцоо бүгдээрээ
оролцдог. Гэхдээ голлох үүргийг хууль тогтоох байгууллага гүйцэтгэдэг
бөгөөд АНУ-ын Конгресс хууль тогтоох байгууллага болохынхоо хувьд
америкийн төрийн цагаачлалын бодлогыг бүхэлд нь тодорхойлж, хууль
баталдаг.
Цагаачлалын асуудлыг шийдвэрлэх, цагаачлалын бодлогыг шууд хэрэгжүүлэх
эрх бүхий засгийн газрын байгууллагуудыг удирдах талаар АНУ-ын Ерөнхийлөгч
тодрхой бүрэн эрх эдэлдэг.
Шүүх олгогдсон эрх хэмжээний хүрээнд хууль тайлбарлах болон хуулийг
хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх эрхтэй. Цагаачлалын үйл ажиллагаан
дахь шүүх засаглалын эрх хэмжээ, гүйцэтгэх үүрэг нь цагаачлалын
эрх зүйн хүрээнд авч үзэх асуудал биш.
Гүйцэтгэх засаглалын байгууллагууд нь хуулийг хэрэгжүүлж ажиллахын
зэрэгцээ хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд, өөрийн баталсан
эрх зүйн хэм хэмжээ бүхий актын үндсэн дээр цагаачлалын бодлогыг
амьдралд хэрэгжүүлдэг.
Гүйцэтгэх засаглалын цагаачлалын асуудал эрхэлдэг Холбооны гол
байгууллагууд нь:
-Төрийн департамент (Department of State)
-Дотоодын аюулгүй байдлын департамент (Department of Homeland
Security),
-Хөдөлмөрийн департамент (Department of Labor)
-Визийн үндэсний төв (National Visa Center) нь Төрийн департаменттай
тусгай үүрэг гүйцэтгэх гэрээтэй ажилладаг бөгөөд хувийн компаны
удирдлагаар ажилладаг.
-Хууль зүйн департамент (Department of Justice)
Байгууллага бүрээр нь товч авч үзье.
АНУ-ын Конгресс цагаачлалын асуудлаар хууль батлах, цаг үеийн тодорхой
асуудлаар улс төрийн шийдвэр гаргах, цагаачлалын асуудал эрхэлсэн
байгууллагуудад чиглэл, зөвлөмж өгөх, зарим шийдвэр, бодлогын арга
хэмжээнээсээ татгалзахыг хүсэх, бодлогын шийдвэр гаргах болон хууль
тогтоомж боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээлэл гаргуулах зэрэг
нийтлэг эрх эдлэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд улс орны
гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр
гаргах, засгийн газрын холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгөх
нийтлэг эрх хэмжээнийхээ хүрээнд цагаачлал болон харьяатын асуудалд
нөлөө үзүүлэх нь ойлгомжтой боловч цагаачлалын тодорхой асуудлаар
шийдвэр гаргадаггүй.
Төрийн департамент (Department of State) нь АНУ-ын Гадаад явдлын
яам юм. Тэр утгаараа хилийн чанадад суугаа дипломат болон консулын
төлөөлөгчийн газраараа дамжуулан АНУ-д ирэх, нутаг дэвсгэр дээр
нь оршин суухыг хүссэн гадаадын хүмүүсийн асуудлыг хариуцдаг.
Хилийн чанадад суугаа элчин сайдын яам, консулын газар гадаадын
хүмүүст цагаачлалын болон цагаачлалын бус виз олгодог. Визийн нөхцөл
хоёр улсын хоорондын харилцааны байдлаас шалтгаалан өөр өөр байдаг.
Нэг нэгэндээ ороход виз авахаас бүрэн хэмжээгээр болон тодорхой
нөхцлөөр хэсэгчлэн чөлөөлөх талаар улс орнууд янз янзаар тохирдог.
АНУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй улсын тухай дээр дурдсан
бөгөөд Монгол Улс, АНУ бие биендээ визийн хөнгөлөлт харилцан үзүүлэх
тухай Хэлэлцээрийг 2001 оны 7 дугаар сард засгийн газрын хэмжээнд
ноот бичиг солилцох замаар байгуулсан.
Өнөөг хүртэл “гадаадын хүмүүс” гэсэн нэр томьёо хэрэглэж ирснийг
уншигчид анзаарч байгаа байх. Цагаачлалын эрх зүйн субъект нь гадаадын
тодорхой улсын иргэдээс гадна хоёрдмол харьяалалтай болон харьяалалгүй
хүмүүс байдаг учир ганцхан иргэн гэж нэрлэх нь учир дутагдалтай
гэж үзсэн болно.
Америкийн цагаачлалын хууль тогтоомжийн дагуу визийг гол төлөв
виз хүсэгчийн үндсэн оршин суугаа газраар нь олгодог.
Виз олгох асуудлаар эцсийн шийдвэр гаргах талаар консул суугаа
газартаа асар их эрх мэдэлтэй бөгөөд аливаа асуудлыг үзэмжээрээ
шийдвэрлэх өргөн боломжтой.
Энэ нь шийдвэр гаргах үндэслэлийг тодорхойлоход виз хүсэгчийн талаар
консулд төрсөн субъектив сэтгэгдэл шийдвэрлэх үүрэгтэй байдагтай
холбоотой.
Өөрөөр хэлбэл виз олгохоос татгалзсан шийдвэр гаргахад тухайн виз
хүсэгч АНУ-д үлдэх, визийн хугацаандаа тухайн улсын сайн сайхан
амьдрал, үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө
үзүүлж болзошгүй гэсэн сэжиг байхад л хангалттай.
Асуудлаа шийдүүлж чадаагүй хүн консулын шийдвэрийн талаар зөвлөмж,
дүгнэлт гаргуулахаар Вашингтон дахь визийн газарт legalnet@state.gov
хаягаар бичиж болно.
Консулын газар, консулын ажилтан нь цагаачлалын болон визийн асуудлаар
зөвхөн виз хүсэгчдийн виз хүссэн баримт бичиг төдийгүй АНУ-ын Холбооны
холбогдох байгууллагад явуулах визийн мэдүүлэг, цагаачлалын өрөгдөлдөө
хавсаргаж өөрийгөө таниулах бүх бичиг баримтыг хянан баталгаажуулж,
өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгдөг.
Төрийн департаментын Консулын харилцааны товчоо (Bureau of Consular
Affairs) хилийн чанадад суугаа консулын газар, консулын ажилтны
үйл ажиллагааг зохицуулж, удирдамж, чиглэл өгч, сургалт явуулж,
дүрэм, журам, стандарт баталж, бодлого боловсруулж, хууль тайлбарлах
талаар зөвлөмж гаргаж Гадаад харилцааны жил бүрийн эмхтгэлд хэвлэж
нийтийн хүртээл болгодог.даг.
АНУ-ын Төрийн департаментын Консулын харилцааны товчоо нь визийн
бодлого боловсрууан батлуулж, хэрэгжүүлэх замаар АНУ-ын аюулгүй
байдал, хил хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Консулын харилцааны товчооны харьяанд ажилладаг Визийн газар (Visa
Office) цагаачлалын бус Е, H, L ангилалын виз хүчингүй болгодог.
Визийн газрын харьяанд Нью Хампширт Үндэсний визийн төв (National
Visa Center) ажилладаг бөгөөд гадаад улсад суугаа консулын газрууд
болон Харьяатын болон цагаачлалын агентлагийн цагаачлалын визийн
бүрдүүлэлт хийх ажлыг зохицуулдаг.
Кентакид шинээр байгуулагдсан Консулын төв цагаачлалын визийн сугалааны
асуудал эрхэлдэг.
Төрийн департаментын харьяанд ажилладаг АНУ-ын Мэдээлэлийн агентлаг
(United States Information Agency) солилцооны хөтөлбөрөөр ирэх хүмүүст
J-1 виз олгох асуудлыг хариуцдаг.
АНУ-аас хилийн чанадад суугаа 211 элчин сайдын яам, консулын газарт
7800 орчим консулын ажилтан ажиллаж байгаа ч хүн хүч дутагдалтай
гэж үзэж байгаа юм.
Дотоодын аюулгүй байдлын департамент (ДАБД) (Department of Homeland
Security). Дотоодын аюулгүй байдлын департаментыг 2002 оны 1 дүгээр
сард баталсан Дотоодын аюулгүй байдлын тухай хууль (Homeland Security
Act of 2002)-иар байгуулсан.
Энэ Департаментын харьяалалд цагаачлалын эрх зүйг хэрэгжүүлэх,
хууль сахиулахад оролцдог 22 байгууллага шилжсэн бөгөөд шилжиж ирсэн
эдгээр байгууллагууд хуучин гүйцэтгэж байсан үүргээ үргэлжлүүлэн
гүйцэтгэхийн зэрэгцээ Дотоодын аюулгүй байдлын тухай хуульд тусгагдсан
олон шинэ үүрэг гүйцэтгэх болно.
АНУ-ын Харьяатын болон цагаачлалын алба (The United States Citizenship
and Immigration Services) (ХЦА) 2003 оны 3 дугаар сары 1-нээс үйл
ажиллагаагаа эхэлсэн. Өмнө нь ажиллаж байсан Цагаачлалын болон харьяатын
алба (ЦХА)-ыг өөрчлөн байгуулж, Хууль зүйн департаментын харьяалалаас
гаргаж, улс орны аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс шинээр
байгуулсан Дотоодын аюулгүй байдлын департаментын харьяанд шилжүүлж
шинэчлэн байгуулсан.
ЦХА-ны үндсэн үүрэг нь цагаачлалын эрх зүйг бүхэлд нь сахиулахад
оршиж байсан бөгөөд энэ үүрэг нь хууль бус цагаачлалыг зогсоох (хууль
сахиулах), хууль ёсны цагаачдад тусламж дэмжлэг үзүүлэх (үйлчилгээ)
хоёр өөр үйл ажиллагаанаас бүрддэг.
ЦХА-ыг татан буулгаж, дээр дурдсанаар Дотоодын аюулгүй байдлын
департаментын харьяанд АНУ-ын ХЦА, Цагаачлалын болон гаалийн хууль
сахиулах агентлаг (US.Immigration and Customs Enforcement) (ЦГХСА),
Гаалийн болон хил хамгаалах агентлаг (Customs and Border Protection)
(ГХХА) байгуулсан.
Энэ гурван агентлаг (анхандаа товчоо гэж нэрлэгдэж байснаа 2003
оны сүүлээр агентлаг болсон)-ийн аль аль нь цагаачлалын эрх зүйг
хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулдаг.
ХЦА нь цагаачлалын үйлчилгээ эрхлэх, гэр бүлийн хэлхээ холбооны
үндсэн дээр болон ажил эрхлэхтэй холбогдсон цагаачлалын өрөгдлийг
шийдвэрлэх, ажил эрхлэх зөвшөөрөл олгох, орогнол хүсэгчид, дүрвэгсэдийн
баримт бүрдүүлэх, харьяат болгох болон тусгай эрх олгох хөтөлбөрийг
хэрэгжүүлэх асуудлыг хариуцна.
Хуучин ЦХА-ны харилцагчдад үйлчлэх албадын үүрэг хэвээрээ ХЦА-ийн
удирдлагын дор ажиллаж байгаа болно (Ажил олгогчид болон гадаадын
хүмүүс Харилцагчдад үйлчлэх үндэсний төвийн 1-800-375-5283 болон
1-800-767-1833 автомат утсаар ярьж байж болно гэсэн үг).
АНУ-д нэгэнт ирчихээд байгаа гадаадын иргэний АНУ-д байнга оршин
суух эрх ( ногоон карт) авах өрөгдлийг авч хэлэлцэж, шийдвэрлэх
асуудал ХЦА-ийн үндсэн үүрэг бөгөөд энэ үүргээ нэлээд олон хотод
үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн байгууллага, бүсийн 4 үйлчилгээний
төвөөрөө дамжуулан гүйцэтгэдэг.
Эх орондоо буюу гадаадын өөр оронд оршин суугаа гадаадын иргэний
АНУ-д байнга оршин суух эрх авах өрөгдлийг хилийн чанадад суугаа
АНУ-ын ЭСЯ болон консулын албад зарим тохиолдолд хянан шийдвэрлэх
тохиолдол байдаг.
АНУ-д нэгэнт ирчихээд байгаа хүмүүс байнга оршин суух эрх авах өрөгдлөө
ХЦА-ийн үйлчилгээний төвд гаргах ёстой. Бараг бүх тохиолдолд ярилцлагад
орох шаардлагатай учир гэр бүлийн хэлхээ холбооны үндсэн дээр байнга
оршин суух статус хүссэн өрөгдлийг ХЦА-ийн орон нутгийн байгууллагад
гаргадаг.
Цагаачлалын асуудал Холбооны эрх хэмжээний асуудал байдаг учир
ХЦА-ийн үйлчилгээний төв, орон нутгийн нэгж бүгд ижил дүрэм, журам,
маягт, тариф хэрэглэнэ гэсэн үг.
ЦХА-ны вэб.хуудас солигдож www.immigration.gov. болсон бөгөөд шинэ
вэбсайтаас цагаачлалын холбогдолтой бүхий л мэдээлэл авч, өөрийн
хэргийн явц байдлыг шалгаж, бүх төрлийн маягтыг гаргаж ашиглаж болно.
ХЦА нь хуучин ЦХА-ны олгосон аливаа баримт бичиг хүчин төгөлдөр
байгаа нөхцөлд ЦХА-ны авч үзэж байсан цагаачлалын, цагаачлалын бус
болон харьяатын холбогдолтой бүх өрөгдлийг үргэлжлүүлэн авч үзэж
барагдуулна.
Цагаачлалын болон гаалийн хууль сахиулах агентлаг (US. Immigration
and Customs Enforcement) (ЦГХСА) нь хуучин ЦХА, АНУ-ын Гаалийн алба,
Холбооны хамгаалах албаны мөрдөн байцаах болон дотооддоо хууль сахиулах
үүргийг гүйцэтгэх болсон.
ЦГХСА эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон гадаадынхныг хорьж саатуулах,
албадан гаргах, контрабандын болон гадаадын хүмүүсийг худалдаалахтай
холбогдсон үйл ажиллагааг зогсоох, цагаачлалын давуу байдлыг бууруулах,
хуурамч баримт бичиг ашиглах ажиллагааг мөрдөн шалгах, гүйцэтгэх
ажил эрхлэх зэрэг ЦХА-ны гүйцэтгэж байсан үүргийг хариуцна.
Гаалийн болон хил хамгаалах агентлаг (US.Customs and Border Protection)
(ГХХА хил хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа эрхлэх,
мөрдөн байцаах ажлыг эрхэлнэ. Өөрөөр хэлбэл хүн, ачаа барааны хөдөлгөөнийг
бүхэлд нь хариуцна гэсэн үг.
Хилийн дагуу болон хилийн орох боомт дээр үйл ажиллагаа явуулдаг
Засгийн газрын цорын ганц байгууллага нь ГХХА болсон.
Хууль зүйн департамент буюу Ерөнхий хуульч (Attorney General) давж
заалдах шатны асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа болно.
Албадан гаргах шийдвэрийг цагаачлалын шүүхийн үүрэг гүйцэтгэдэг
Цагаачлалын хяналтын гүйцэтгэх газар (Executive Office for Immigration
Review (EOIR)) гаргадаг.
Цагаачлалын холбогдолтой асуудлаар давж заалдах шатны шүүхийн үүргийг
Хууль зүйн департаментын харьяалалд ажилладаг Цагаачлалын давж заалдах
шатны байгууллага (Board of Immigration Appeals) (BIA) гүйцэтгэдэг.
Цагаачлалын шудрага бус практикийн асуудал хариуцсан тусгай зөвлөлийн
алба (Office of Special Counsel on Unfair Immigration Practices)
зарим асуудлаар давж заалдах шатны хяналт явуулж, шийдвэр гаргахад
оролцдог.
Захиргааны эрх зүйн шүүгчдийн корпус хөдөлмөр эрхлэхтэй холбоотой
болон хуурамч бичиг баримт бичигтэй холбогдсон хэргийг хэлэлцдэг.
Ерөнхий хуульч өөрөө дээрх байгууллагуудын шийдвэрийг хүчингүй болгох
эрхтэй хэвээр байгаа нь цагаачлалын асуудлаар шийдвэрлэх үүрэгтэйг
харуулж байгаа болно.
ЦХА-ны бүсийн болон орон нутгийн байгууллага. Баруун, зүүн, төв
урд болон төв хойт 4 бүс нутгийг харьяалсан болон тодорхой асуудал
хариуцсан нийт 5 бүс нутгийн үйлчилгээний төв жиллаж байгаа бөгөөд
Зүүн бүсийн үйлчилгээний төв Вермонт мужийн Сайнт Албанс хотод,
Баруун бүсийн үйлчилгээний төв Калифорни мужийн Лагуна Нигуел хотод,
Төв урьд бүсийн үйлчилгээний төв Техас мужийн Даллас хотод тус тус
байрладаг.
Тодорхой бүс нутаг хариуцдаггүй V, K ангилалын виз болон гэр бүлийн
нэгдлийг хуульчлан баталгаажуулах асуудал хариуцсан шинэ үйлчилгээний
төвийг Хууль ёсны цагаачлал болон гэр бүлийн тэгш эрхийн тухай 2000
оны хуулиар Миссоурид байгуулсан.
Бүх төрлийн өрөгдөл авч үздэг бүсийн дөрвөн үйлчилгээний төв, Миссоурид
байрладаг тусгай төвөөс гадна АНУ-ын томоохон хотуудад орон нутгийн
тойргийн болон салбар байгууллага ажилладаг.
Ажил хэргийн болон жуулчны виз сунгуулах зэрэг энгийн асуудлаар
баталгаа гаргахад ЦХА-ийн орон нутгийн салбарт шууд хандаж, маягт
бөглөхөд хангалттай. Арай төвөгтэй асуудлын хувьд зөвлөлгөө авах
буюу цагаачлалын өмгөөлөгч оролцох шаардлагатай.
АНУ-ын цагаачлалын эрх зүйг хэрэгжүүлэхэд оролцдог нэг шинэ байгууллага
бол Харъяатын болон цагаачлалын албадын омбудсман юм.
Омбудсман гол төлөв цагаачлалын эрх зүйн асуудлаар хэрэглэгчдэд
үйлчлэхтэй холбогдсон асуудалд хяналт тавьж, ХЦА-аас асуудал шийдвэрлүүлэхэд
хувь хүмүүс болон ажиллагсадад туслах, хувь хүмүүс болон ажиллагсадын
зүгээс ХЦА-ийн үйл ажиллагаатай холбоотой хүндрэлтэй асуудлын хүрээг
тодорхойлох, шаардлагатай тохиолдолд хүндрэлтэй асуудлыг багасгахын
тулд ХЦА-ийн захиргааны үйл ажиллагааг өөрчлөх санал гаргах үүрэг
хүлээнэ.
ХЦА-ийн захирал Омбудсманы бүхий л зөвлөмжид хариу өгөх журам тогтоож,
мөрдлөгө болгож ажиллана.
Хууль зүйн департаментын харьяанд цагаачлалын асуудалд хяналт тавих
газар нэртэй гүйцэтгэх байгууллага ажиллах бөгөөд энэ нь Цагаачлалын
асуудлаар давж заалдах асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг
шалган зааварлах, цагаачлалын хуульчдын үйл ажиллагаанд хяналт тавих
үүрэг бүхий цагаачлалын хуульчдын ахлагчийн албаны үйл ажиллагаанд
ерөнхий хяналт тавих юм.
АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Цагаачлалын асуудалд хяналт тавих газар
нь шүүхийн бус захиргааны байгууллага юм.
Цагаачлалын асуудлаар давж заалдсан өрөгдлийг хариуцдаг зөвлөл
мөн албадан гаргахтай холбогдсон хэргийн талаар Цагаачлалын шүүхээс
гаргасан шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцдэг.
Хөдөлмөрийн департамент (Department of Labor). Энэ Департаментын
үндсэн үүрэг нь хөдөлмөр эрхлэх үндэслэлээр АНУ-д ирэх, байнга оршин
суух цагаачлалын болон цагаачлалын бус виз хүссэн өрөгдлийг авч
үзэхэд оролцдог.
АНУ-д ирж байгаа гадаадын хүмүүс америкийн иргэд болон байнгын
оршин суугчидын ажлын байрыг алдагдуулж байгаа эсэх талаар хуульд
заасан үндэслэлээр шийдвэр гаргадаг. Хөдөлмөр эрхлэх үндэслэлээр
цагаачлах өрөгдлийн ихэнхийг Хөдөлмөрийн департамент шийдвэрлэх
ёстой.
Өрөгдлийг шалган магадлах үндсэн дээр хөдөлмөрлөх эрхийн гэрчилгээ
олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн департаментаас АНУ-д дутагдаж байгаа мэрэгжлийн жагсаалт
(Жагсаалт А), америкийн хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэж байгаа
мэрэгжлийн жагсаалт (Жагсаалт Б) хэвлэн нийтэлж байх бөгөөд ажил
олгогчид хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон цагаачлалын өрөгдөл гаргахдаа
дээрх жагсаалтуудыг баримжаа болгоно.
Хөдөлмөрийн департамент, түүнчлэн ядуурлын албан ёсны түвшин тогтоох
бөгөөд түүнийг үндэслэж тухайн цагаач нийгэмд саад учруулж болох
эсэхийг тодорхойлдог.
Хөдөлмөрийн департаментын энэ үүргийг түүний Хөдөлмөр эрхлэлт болон
сургалтын захиргаа (Employment and Training Administration) хариуцан
хэрэгжүүлдэг. Захиргаа мөн хөдөлмөрийн нөхцлийн талаар гаргасан
өрөгдлийг хүлээн авч, гэрчилгээ олгох үүрэгтэй.
Хөдөлмөрийн департаментын харъяанд хөдөлмөрийн нөхцлийн талаар
гарсан гомдлыг шалган тодорхойлдог Ажил эрхлэлтийн стандартын захиргаа
(Employment Standards Administration)-ны удирдлагын дор Цалин, ажлын
цагийн хэлтэс (Wage and Hour Division) ажилладаг.
АНУ-ын муж бүрт АНУ-ын Хөдөлмөрийн департаментын харяаны Мужийн
ажиллах хүчний агентлаг (State Workforce Agency) ажилладаг бөгөөд
мужийн хэмжээний хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хариуцдаг.
Мужийн хөдөлмөрийн байгууллагууд өөр өөр нэртэй ч нийтлэг үүрэг
нь хөдөлмөрлөх зөвшөөрөл (labor certification) хүссэн өрөгдлийн
анхан шатны бүрдүүлэлт хийх, хөдөлмөр, цалин хөлсний асуудлыг шалгаж
тогтоох, АНУ-ын ажил олгогч хүсэлт гаргавал Н-1В буюу ТN визтэй
холбоотой бүрдүүлэлт хийдэг.
Мужийн ажиллах хүчний агентлаг өөрийн харьяалалын дагуу ажиллах
зөвшөөрөл хүссэн болон гадаадаас ажиллах хүчин элсүүлэх, өрөгдлийг
хүлээн авч, хянаж үзээд Хөдөлмөрийн департаментад хүргүүлдэг тэндээс
эцсийн шийдвэр гардаг.
Цагаачлалын бус визтэй хүнд ажил эрхлэх зөвшөөрөл олгох асуудлын
хувьд Мужийн ажиллах хүчний агентлагийн эрх зөвхөн олгох цалинд
хяналт тавихаар хязгаарлагддаг.
Холбооны мөрдөн байцаах товчоо (Federal Bureau of Investigation).
Холбооны мөрдөх товчооны Гэмт хэргийн мэдээлэлийн үндэсний төвийн
мэдээлэлийн санд 16-аас дээш насны цагаач бүр нэр нь байгаа эсэхийг
шалгуулна (name-check).
Түүнээс гадна Холбооны мөрдөх товчоо өөрийн мэдээлэлийн санд цагаачдын
хурууны хээ, дижитал зургийг оруулах үүрэг хүлээдэг. Холбооны мөрдөх
товчоо энд дурдсан үндсэн хоёр үүргээрээ цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэхэд
орлцдог.
Холбогдох байгууллагуудын вэб.хуудас:
U.S. Department of State
http://www.state.gov
Consular Affairs
http://travel.state.gov/
U.S. Department of Homeland Security
http://wwwdhs.gov
National Customer Service Center
http://www.immigration.gov/graphics/services/NCSC.htm
Service Center Filing Instructions
http://www.immigration.gov/graphics/fieldoffices/scnational/index.htm
Labor Department
http://www.ows.doleta.gov/foreign.asp
Department of Justice
http://www.usdoj.gov/

Асуулт № 17:
АНУ-ын цагаачлалын бодлогын шинэчлэлийн өнөөгийн
чиг хандлага, Ерөнхийлөгч Ж.Бушийн зочин ажилчны хөтөлбөрийг явцыг
тайлбарлаж, монгол иргэд бид ямар бэлтгэлтэй байх талаар зөвлөлгөө
өгнө үү?
Хариулт:
АНУ-ын цагаачлалын бодлого үеийн үед АНУ-ын улс төр, эдийн засаг,
нийгмийн амьдралын тулгамдсан зорилт, дотоод, гадаад бодлогын тэргүүлэх
чиглэлд хөтлөгдөж ирсэн түүхэн уламжлалтай билээ.
АНУ бүхэлдээ цагаачдын орон учир цагаачлалын бодлогод цаг ямагт
нааштай хандаж, хүн ам зүйн зохистой бодлого хэрэгжүүлэх, гэр бүл
нэгтгэх, авьяас чадвар, дадлага, туршлага, өндөр мэрэгжилтэй хүнээр
америкийн хөдөлмөрийн зах зээлийг хангах, чанаржуулах, аялал, жуулчлал
хөгжүүлэх, эрдэм боловсрол эзэмшүүлэх, сурагалт, судалгаа, соёлын
солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар улс орныхоо бодлого, эдийн
засаг, худалдааны хөгжлийг түргэтгэх, хөгжил, цэцэглэлт, сайн сайхныг
сурталчлан харуулах, хань хамсаатан, шүтэн бишрэгчдийн тоог нэмэгдүүлэх,
нас, хүйсийн тэнцвэрийг хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж
ирсэн болно.
АНУ-ын түүхэнд хэрэгжүүлж ирсэн цагаачлалын дорвитой шинэчлэл, өөрчлөлт,
өршөөл, визийн ангилал төрлийг нарийвчлан судлаж үзэхэд АНУ-ын цагаачлалын
бодлогын цөм нь хүн амаа цэвэршүүлэх, чанаржуулахад оршиж ирсэн
гэж дүгнэж болно.
АНУ-ын цагаачлалын болон визийн бодлого, түүний хэрэгжилтэд онцгой
нөлөөлсөн хүчин зүйл нь 2001 оны 9 сарын 11-ний алан хядах үйл ажиллагаа
гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
Энэ эмгэнэлт, харгис үйл ажиллагааны дараа америкийн ард түмэн,
төр, засгийн бүх төвшинд хаах, хатууруулах, хамгаалах, хянах шалгах
оюун санааны цоо шинэ уур амьсгал бий болж, түүнд хөтлөгдөж, АНУ-д
ирэгчдийг бүх шугамаар хориглох, хязгаарлах, гадаадын иргэдийг бүртгэх,
шалгах, хувийн нууцад нь тодорхой хэмжээгээр халдах, хурууны хээ,
био өгөгдөхүүн бүхий зураг авах, сургуульд суралцах, солилцооны
хөтөлбөрт хамаарагдахын өмнө удаан хугацаагаар шалгах, мэдээлэлийн
санд оруулах, цагдаагийн байгууллагаас зарим тохиолдолд биеийн байцаалт
шалгах эрх олгох шаардлага бүхий олон хууль батлан гаргасан.
Өнгөрсөн 2004 оны эхэн гэхэд энэ уур амьсгал арай зөөлрөх үед эргэн
харахад цагаачлал, визийн хориг, хязгаарлалт, саад тотгороос улбаалан
байгууллага, хүн бүрийн эдийн засаг, худалдааны үр ашиг, улс төр,
нийгмийн эрх ашиг, АНУ, америкчуудад хандах дэлхий нийтийн хандлага,
уур амьсгалд нөхөж баршгүй хохирол учирч, шил шилээ дарсан хориглосон
хязгаарласан олон хууль үр дүнгээ өгөөгүйгээр үл хол гарсан дүн
гарснаар цагаачлал, визийн бодлогодоо шинэчлэл хийх шаардлагатай
болсныг ард түмэн, төр, засаг, бодлого боловсруулах, тогтоох, хэрэгжүүлэх
бүх шатанд ойлгож эхэлснээр АНУ-ын цагаачлалын бодлогыг шинэчлэх
шинэ үе шат, уур амьсгал эхэлсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 2004 оны 1 дүгээр сарын 7-нд бүх ард түмэндээ
хандаж хэлсэн үгэндээ өөрийн засаг захиргааны цагаачлалын бодлогыг
“зочин ажилчны хөтөлбөр” нэртэйгээр зарласан. Бодлогын үндсэн агуулга
нь 3 жилийн түр хугацаатай зочин ажилчны визийн шинэ ангилал бий
болгож, түүнийг дахин нэг удаа 3 жилийн хугацаагаар сунгах боломж
олгож, АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын 10 гаруй сая хүнийг
хууль ёсны болгож, ил гаргах замаар хөдөлмөрийн зах зээл дээр хуримтлагдаад
байгаа бэрхшээлийг арилгаж, хэрэгцээтэй хүнийг хэрэглэсэн газарт
нь ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.
Ерөнхийлөгч Ж.Бушийн зарласан зочин ажилчны хөтөлбөрийг эхэндээ
олон хүн дэмжиж эхэлсэн боловч хөтөлбөр тодорхой хуулийн хэлбэрээр
бус тунхаглалын шинжтэй, визийн бодлого тусгагдаагүй, хилийн хамгаалалт,
цагаачлалын урсгалыг цаашид хэрхэн зохицуулах, журамлах, хяналт
тавих зэрэг амин чухал асуудлуудыг орхигдуулсан, АНУ-ын хууль зөрчин
хууль бусаар оршин сууж байгаа гадаадын хүмүүсийг хавтгайруулан
өршөөх шинжтэйгээрээ хууль завьшуулах бололцоо олгож байгаа гэсэн
сэтгэгдэл төрүүлсэн учир ард иргэдийн тодорхой хэсэг, Конгрессын
зарим гишүүд, тэдний дотор Ж.Бушийн төрөлх намын зүгээс хүчтэй эсэргүүцнлтэй
тулгарч эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компани ч эхэлсэн.
Сонгуульд нэр дэвшсэн Ж.Буш болгоомжтой хандаж эхэлсэн.
Ж.Буш 2 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож, хүчтэй ерөнхийлөгч
болохоо харуулж, Конгрессын хоёр танхимд түүний Бүгд Найрамдах Нам
давамгайлж бяр, мэх нь тэгширч эрдсэн ерөнхийлөгч цагаачлалын бодлогоо
хэрэгжүүлж, зочин ажилчны хөтөлбөрөө Конгрессоор батлуулж чадахаа
бүх ард түмэндээ итгэл дүүрэн зарлан тунхагласан.
Конгресс цагаачлалын шинэчлэлийн хүнд асуудлаас тойрч, хил хамгаалалтыг
сайжруулах, тагнуулын албыг бэхжүүлэх, жинхэнэ биеийн байцаалтын
стандарт тогтоох зэрэг АНУ-д орох журмыг улам чангалсан, баримт
бичиггүй гадаадын иргэдийн байдлыг хүндрүүлсэн шинэ хуулиуд батлагдсан.
Гэвч АНУ-ын цагаачлалын бодлого алдагдаж, олон сая гадаадын хүн
хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд тэднийг бүгдийг нь гаргах
боломжгүйгээс гадна гаргавал АНУ-ын эдийн засаг хүнд байдалд орох
нь тодорхой болсон. Хүнд, төвөгтэй боловч зайлшгүй шийдэл хүлээсэн
цагаачлалын шинэчлэл хийх шаардлага, шахалт өдрөөс өдөрт өсөж байна.
Улс төрийн хүчний харьцааны тохироо ч эерэг талдаа хэвээр байна.
БНН, АН-ын нөлөө бүхий сенатч Жон МкКэйн, Эдвард Кеннеди, конгрессмен
Колби, Флэйк, Гутиррец нар 2005 оны 5 сарын 12-д Аюулгүй Америк
болон дэг журамтай цагаачлалын тухай хууль санаачилж, сенатч Браунбак,
Либерман нар дэмжсэн.
Тэдний санаачилсан хуулийн агуулга нь Америк цагаачлалын орон гэдэг
ойлголтыг шудрага ёс, адил тэгш боломж, хууль дээдлэхтэй холбон
авч үзэх зарчим баримталсан ажээ.
Сенатч Корнин, Кил нар 2005 оны 7 сарын 23-нд Хууль сахиулах иж
бүрэн үйл ажиллагаа болон цагаачлалын шинэчлэлийн тухай хууль санаачилсан.
Энэ хуулийн агуулга нь хууль сахиулах, хил хамгаалах, ажил олгогчдод
хяналт тавих, хариуцлага тооцох асуудалд илүү анхаарсан боловч түр
хугацааны зочин ажилчны 2 жилийн хугацаатай W виз бий болгохоор
заасан. Хууль бусаар оршин суугаа гадаадын хүмүүсийг сайн дураар
нь гаргах хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд түр хугацааны W визтэй хүн
байнга оршин суух өрөгдөл гаргах эрхгүй байх ажээ. Энэ нь илүү хатуу
заалттай хууль болох нь тодорхой бөгөөд судлаачид батлагдах найдвар
багатай гэж үзэж байгаа юм.
Эдгээр хуулиудыг аль болохоор нэгтгэх, илүү иж бүрэн болгох талаар
яриа хэлэлцээ явагдаж байна.
АНУ-ын цагаачлалын хуульчдын холбооноос сенатч МкКэйн, Кеннеди нарын
санаачилж, зарим сенатч, конгрессманы дэмжсэн Аюулгүй Америк болон
дэг журамтай цагаачлалын тухай хуулийг “хил хамгаалалт, хууль сахиулах
ажиллагааг сайжруулах, шинэ технологи ашиглах, байгууллага хоорондын
уялдаа холбоог сайжруулах, мэдээлэлээ хуваалцах тогтолцоог боловсронгуй
болгох, төсөв, зардал, хяналт, шалгалт, хууль сахиулах ажилтны тоог
нэмэгдүүлэх, гадаадын хүн, америкийн ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг
дээшлүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд торгуулийг өсгөх, зочин ажилчны
хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар гадаад улсаас шинээр Н-5А визтэй
ирж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хяналтын тоог 400 мянга
болгон өсгөх, баримт бичиггүй боловч амжилттай хөдөлмөрлөж, татвар
төлж, англи хэл сурч байгаа хүмүүсийг бүх талаас нь сайтар шалгаж,
хурууны хээ зэрэг мэдээлэлийн сан бүрдүүлсний үндсэн дээр түр ажилчны
Н-5В виз олгох замаар хууль ёсны болгож, эхнэр, нөхөр, үр хүүхдээ
авчирах боломжоор хангах, байнга оршин суух эрхтэй болох /ногоон
карт авах/ талаар өрөгдөл гаргах эрх эдлүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх
хөтөлбөр хэрэгжүүлэх талаар гадаад улсын засгийн газартай хэлэлцээр
байгуулах замаар хамтарч ажиллах, гэр бүлийн шугамаар олгох визийн
тоог нэмэгдүүлэх, АНУ-ын иргэний ойрын төрөл садныг жилийн хяналтын
480 мянган хүний тооноос хасах, улс бүрт ногдох хяналтын тоог нэмэх
замаар дараалалыг багасгах, гэр бүл нэгтгэх боломжийг дээшлүүлэх”
зэрэг цагаачлалын тулгамдсан бүх асуудлыг хамарч, терроризм, хүний
наймаатай үр дүнтэй тэмцэх боломжийг бүрдүүлсэн “цагаачлалын иж
бүрэн шинэчлэл” гэж үзэж дэмжиж, батлуулах талаар идэвхтэй, өргөн
хүрээтэй ажил зохиож байна.
Ерөнхийлөгч Ж.Бушийг ч зочин ажилчны хөтөлбөрөө энэ хуультай нэгтгэж,
иж бүрнээр нь батлуулахаар хөөцөлдөхийг нэлээд хүчтэй шаардаж эхлээд
байна.
Сүүлийн үед явуулсан судалгаанаас үзэхэд Бүгд Найрамдах Намын гишүүдийн
78, Ардчилсан намын гишүүдийн 70, намын харьяалалгүй хүмүүсийн 77,
цагаан арьстны 79, африк гаралтай америкчуудын 67, испани хэлтэй
хүмүүсийн 70 хувь нь цагаачлалын иж бүрэн шинэчлэл болох Аюулгүй
Америк болон дэг журамтай цагаачлалын тухай хуулийг дэмжиж байгаа
дүн гарсан ажээ.
Аль нь ч хууль болж батлагдаагүй байгаа ч цагаачлалын асуудал шийдлээ
хүлээсээр, яригдсаар, шинэчлэл хийгдэх горьдлого хэвээр байна. Хууль
ямар ч үг үсэгтэй, нөхцөл, шаардлагатай гарч болно.
Энэ бүхэнд бэлэн байхын тулд визийн хугацаа хэтэрсэн монгол иргэдийн
цорын ганц хууль ёсны баримт бичиг болох гадаад паспортаа хангалттай
хугацаагаар хүчин төгөлдөр болгох, хичээл, зүтгэлтэй ажиллаж, ажил
олгогч, эзэндээ нэр хүндтэй, дотно сайн харьцаатай байх зэргээр
бэлтгэлтэй байхыг Монгол Улсын иргэн Тандаа зөвлөж байна.
Монгол Улсын гадаад паспортаа бүгдээрэй анхааралтай шалгаж, хүчингүй
болсон буюу хүчингүй болох дөхөж байгаа бол паспортаа шинэчлүүлэх
буюу сунгуулах ажлаа яаравчлагтун. ЭСЯ-ны вэб.хуудсан дахь материалыг
бүрдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс шинээр
паспорт олгох, хуучин паспортаа сунгуулахад тань бүх талаар туслах
болно. Таны визтэй хуучин паспортыг хурааж авахгүй гэдгийг анхаарна
уу.

Асуулт №18:
Шинэ паспортын бүрдүүлсэн материалыг буцаах, паспорт ирэхгүй удаашрах
зэрэг бэрхшээл гарч байгаагийн зэрэгцээ паспорт сонгохгүй гэсэн
яриа сонсогдох боллоо. АНУ-ын цагаачлалын иж бүрэн шинэчлэл нааштай
хийгдэнэ гэдэг горьдлогын үүднээс өмнөх хариултын дагуу бэлтгэлээ
хангахад зориулж энэ талаар зөвлөлгөө өгнө үү.
Хариулт:
Гадаад, дотоодын иргэд Монгол Улсын гадаад паспортыг хуурамчаар
үйлдэж, ашиглаж байгааг таслан зогсоох, аюулгүй байдлын нууцлалыг
нэмэгдүүлэх шаардлагын үүднээс 2002 оноос Монгол Улсын гадаад паспортын
нууцлалыг сайжруулж, хийц загварыг өөрчилж, фото зураггүй, хэвлэмэл
зурагтай паспорт нэвтрүүлсэн болно.
Шинэчилсэн паспортын загварыг өргөн харилцаатай улсуудын Гадаад
явдлын яамдад дипломат шугамаар мэдээлж, цаашид хүчингүй гэдгийг
Монгол Улсын хилийн хяналтын байгууллагуудын сонорт хүргүүлсэн билээ.
Өөрөөр хэлбэл, 2002 оноос өмнө авсан Монгол Улсын гадаад паспорт
хүчингүй болсон.
Гэвч Элчин сайдын яам АНУ-д оршин сууж байгаа Монгол иргэдийн паспортыг
нэгэн зэрэг солих, иргэдийг үндэсний хүчин төгөлдөр баримт бичиггүй
байлгах боломжгүй, шинэ паспорт авч чадаагүй иргэд хуучин паспортаараа
америкийн бичиг баримт хөөцөлдөх зэрэг аргагүй байдлыг ойлгон, уян
хатан хандах замаар хуучин паспортыг нь сунгаж байгаа боловч энэ
нь арга ядсан, эрсдэлтэй, түр зуурын арга хэмжээ юм.
Америкийн холбогдох байгууллагаас бичиг баримт хөөцөлдөх шатандаа
нэгэнт орсон зэрэг аргагүй хүндэтгэх шалтгаантай тохиолдолд Элчин
сайдын яам паспортыг сунгаж байна. АНУ-ын визийг шинэ паспортдаа
шилжүүлэх хүсэлтийг АНУ-аас Монгол Улсад суугаа консулд гаргаж,
нааштай шийдүүлэх боломжтой боловч бэрхшээл, чирэгдэл, болзошгүй
эрсдлийг харгалзан хуучин паспортыг хурааж авахгүй байхаар шийдвэрлэсэн
юм.
Монгол Улсын иргэд үндэсний хүчин төгөлдөр баримт бичигтэй байхын
тулд шинэ паспорт захиалж авах шаардлага урьд урьдынхаа илүү хүчтэй
тавигдах болсныг Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Паспортын материалыг бүрдүүлэх, Монгол руу илгээх, Улаанбаатарт
төвийн холбогдох байгууллагууд хянаж, шалгах, ирүүлэхэд зарим бэрхшээл,
саатал гарч байгаа боловч, саатал, бэрхшээлийг арилгах, залруулах
талаар Элчин сайдын яам өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээ авч
байна.
Паспорт сунгуулах, шинэ паспорт захиалахад иргэдээс өөрөөс нь шалтгаалах,
зайлшгүй анхаарвал зохих зарим асуудлыг Та бүхэнд зөвлөж, сонордуулах
нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
1. АНУ-ын шуудангийн байгууллагууд паспорт зэрэг иргэний үнэ цэнэтэй
баримт бичгийг энгийн шуудангаар илгээхийг зөвшөөрөхгүй байгаа учир
паспорт сунгуулахаар ирүүлэх буюу шинэ паспортаа авахдаа төлбөрийг
бүрэн төлсөн баталгаат шуудангийн дугтуй ирүүлж байх шаардлагатай
байна.
2. Хугацаа нь дууссан паспорт сунгахад дууссан хугацааг нөхөн сунгаж,
цаашид нэмж сунгахад сунгах жил бүрт 20 доллар төлөх ёстой.
3. Паспорт сунгуулах, шинэ паспорт захиалахдаа шалтгаан, паспортад
бичилт хийх зөв овог, нэр, өөрийн хаяг, холбоо барих утсаа тодорхой
бичсэн хувийн өрөгдлөө захиалах хуудсанд хавсарган ирүүлж байх нь
зүйтэй.
4. Регистрын дугаараас гадна иргэний үнэмлэхтэй бол түүний дугаарыг
паспорт захиалах хуудас, хувийн өрөгдөлдөө заавал бичиж байхыг Иргэний
бүртгэл, мэдээлэлийн улсын төвөөс хатуу шаардаж байгааг анхааралдаа
авах хэрэгтэй.
5. Өөрсдөө гэр, бүл, ах, дүү, хамаатан садан, танил, талаараа дамжуулан
Монголоос паспорт захиалан авч байгаа тохиолдолд “АНУ-ын Вашингтон
хотод олгосон” гэсэн дардас, консулын тамга дарж, гарын үсэг зурах
боломжгүй гэдгийг анхааралдаа авна уу.
Ер нь Элчин сайдын яамныхаа вэб.хуудсыг цаг үеийн шаардлагын дагуу
өөрчлж, шинэчилж байдаг учир вэ.хуудастай тогтмол нөхөрлөж, мэдээлэлээ
гэр бүлийн гишүүд, ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотнын
хүмүүстэйгээ хуваалцаж байхыг Монгол иргэддээ зөвлөж байна.

Асуулт №19:
АНУ-д орж ирэхэд I-94 олгохдоо визэнд заасан хугацаанаас бага хугацаа
тавьж өгч байгаа тохиолдолд яах вэ? Ер нь цагаачлалын бус визээр
оршин суух хугацаагаа сунгуулах, статусаа өөрчлүүлэхэд ямар журам
баримталдаг вэ?
Хариулт:
C, D болон К ангилалын визтэйгээс бусад бүх хүн АНУ-д байхдаа
цагаачлалын албанаас дараах зөвшөөрлийг хүсэж болно:
-өөрт байгаа хүчин төгөлдөр визээр АНУ-д байх хугацаагаа сунгуулах,
-өөрийн цагаачлалын бус ангилалын визийг өөр ангилалын цагаачлалын
бус визээр солиулах (статусаа солих өрөгдөл өгнө),
-АНУ-д байнга оршин суугчийн статус (ногоон карт) авах.
Хэрэв цагаачлалын албаны байцаагч тухайн ангилалд тохирох дээд хугацаанаас
бага хугацаагаар АНУ-д байхыг зөвшөөрсөн бол виз эзэмшигч тодорхой
хугацааны дараа визийнхээ хугацааг сунгуулах хүсэлтийг цагаачлалын
албанд гаргаж болно
Жишээлбэл, B-1, B-2 визээр АНУ-д байх дээд хугацаа 1 жил байдаг
буюу 10 жилийн урт хугацааны визтэй байхад хилийн орох боомт дээр
тухайн ангилалын виз эзэмшигчид 6 сараас илүүгүй хугацаагаар АНУ-д
байхыг зөвшөөрсөн I-94 олгодог тохиолдол байдаг.
Ирснээсээ хойш 4-5 сар өнгөрсний дараа тэрээр дахин хэсэг хугацаанд
АНУ-д байх шаардлагатай болбол цагаачлалын холбогдох албанд оршин
суух хугацаагаа сунгуулах/статусаа өөрчлөх өрөгдөл I-539 (Application
To Extend/Change Nonimmigrant Status) гаргана.
Өрөгдөлд I-94 хуудас, хугацаа сунгах шаардлагыг баталсан тайлбар
(хүлээн авах байгууллагын захидал гэх мэт), тэмдэгтийн хураамж төлсөн
тухай баримт зэргийг хавсаргана.
АНУ-ын цагаачлалын байгууллага өмнө нь мэдүүлж байсан зорилгоо ийнхүү
түргэн өөрчилж байгаа нь цагаачлах “далд зорилго” (preconceived
intent) гэж тооцож болох учир ийм өрөгдлийг АНУ-д ирэнгүүтэй өгөх
нь эрсдэлтэй бөгөөд ирсэн дороо өрөгдөл өгсөн тохиолдолд түүнийг
хууран мэхэлсэн гэж үзэж өрөгдлийг нааштай шийдвэрлэхээс татгалзах
бүрэн үндэслэлтэй.
Нөгөө талаар I-94 хуудасны хугацаа дуусах эцсийн мөчид өгөх нь зохимжгүй.
Ямар нөхцөл, байдалд хэдийд өрөгдөл өгөх нь цаашид сунгуулах хугацаа,
шалтгаан зэрэг олон хүчин зүйлээс хамаарах учир ихээхэн бодолтой,
хариуцлагатай хандвал зохино.
Хэрэв I-94-ийн хугацаа нэгэнт дууссан хойно өрөгдөл өгч байгаа бол
хугацаа дууссан шалтгаан (өвчтэй байсан ч гэх юмуу)-ыг тодорхой
баримтаар баталгаажуулж тайлбарлах хэрэгтэй.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр I-94-ийн хугацаа хэтрүүлсэн бол визийн
хугацаа хэтрүүлсэнд тооцогдох бөгөөд албадан гаргагдах, АНУ-д дахин
орох эрхгүй хоригонд өртөх аюултай учир ихээхэн болгоомжтой хандах
шаардлагатай.
I-94-өө алдаж, гээгдүүлсэн бол цагааялалын холбогдох салбарт цагаачлалын
бус анхны баримт бичгээ сэргээлгэх талаар өрөгдөл (Application for
Replacement Initial Nonimmigrant Arrival-Departure Document) гаргаж
I-102 маягт бөглөнө.
Өрөгдөлдөө паспортын хуулбарыг хавсаргана. Хэрэв гадаад паспортаа
алдаж, үрэгдүүлсэн бол өрөгдөлдөө онгоцны тийзийн хуулбарыг хавсаргах
бөгөөд тухайн баримт бичгийг алдаж үрэгдүүлсэн нөхцөл байдлыг тодорхойлсон
нотариатын тайлбарыг хавсаргана.
Өрөгдөл өгсөн өдрөөс хойш байх хугацаа сунгах тухай цагаачлалын
холбогдох байгууллагын шийдвэр гарах хүртэл тухайн хүн АНУ-д хууль
ёсоор байгаад тооцогдоно. Хугацаа сунгахыг татгалзсан шийдвэр гарсны
дараа тэрээр АНУ-аас нэн даруй гарч явах ёстой.
Цагаачлалын холбогдох салбараас хугацаа сунгах шийдвэр гарсан бол
цагаачлалын алба энэ түхай өрөгдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэх
бөгөөд энэ үеэс зөвшөөрсөн хугацааны туршид АНУ-д хууль ёсоор амьдарч
болно.
Хэдий тийм боловч хилийн чанадад гараад зөвшөөрөгдсөн хугацаанд
АНУ-д буцаж орохыг хүсвэл хилийн чанадад суугаа АНУ-ын холбогдох
консулын албанаас орох виз авах шаардлагатай болно.
Консулын албаны ажилтан виз олгох асуудлыг шийдвэрлэхдээ урьд нь
цагаачлалын холбогдох салбараас олгосон зөвшөөрлийг тэр болгон анхааралдаа
авдаггүй.
Өөрөөр хэлбэл тухайн консулын газарт гаргаж өгсөн баримт бичиг,
ярилцлагын явцад төрсөн итгэл үнэмшил, нөхцөл байдал зэрэг өөр олон
хүчин зүйлээс шалтгаалан виз олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Ер нь визийн хугацаа сунгах асуудал нь өөрөө тодорхой хүчин зүйл,
нөхцөл байдлын үндсэн дээр шийдвэрлэгддэг бөгөөд тэр нөхцөл байдал,
шалтгаан арилснаар дахин шинээр виз авах үйл ажиллагаа эхлэнэ гэсэн
үг.
Цагаачлалын бус виз эзэмшигч АНУ-д байхдаа үйл ажиллагаагаа өөрчлөх,
өөрөөр хэлбэл өөрийн статусаа өөрчлөхийг хүсвэл цагаачлалын албанд
холбогдох хүсэлт гаргана.
Статус өөрчлөх гэж АНУ-ын нутаг дэвсгэр дээр цагаачлалын бус өөр
ангилалын виз авахыг хэлдэг бол статус солих гэж цагаач бус хүн
АНУ-ын байнгын оршин суугчийн статус авахаар АНУ-ын нутаг дэвсгэр
дээр өрөгдөл гаргахыг хэлнэ.
Статус өөрчлөх өрөгдөл гаргасан тохиолдолд өрөгдөл гаргасан хүн
шинээр виз авахгүй, учир нь виз бол зөвхөн орох зөвшөөрөл юм. Тэрээр
зөвхөн өөрийн статусаа өөрчилж цагаачлалын бус өөр статус авч болно.
Хэрэв цагаачлалын бус статусаа цагаачлалын бус өөр статусаар өөрчлүүлсэн
хүн хилийн чанадад гараад эргэж орж ирэхийг хүсвэл хилийн чанадад
суугаа АНУ-ын холбогдох консулын албанаас шинээр орох виз авна.
Энэ тохиолдолд цагаачлалын албанаас авсан статус өөрчлөх тухай шийдвэр
нь шинээр авах гэж байгаа визийн ангилалтай тохирч байвал холбогдох
консулын албанд үзүүлж болох бөгөөд консулын ажилтан цагаачлалын
албаны холбогдох ажилтны АНУ-д гаргасан шийдвэрийг анхааралдаа авч,
виз олгох асуудлыг шийдвэрлэдэг.
Гэхдээ энэ нь виз олгоно гэсэн баталгаа биш. Статус солиулах асуудал
нь АНУ-д байнга оршин суух эрх авах асуудал учир цагаачлалын асуудлыг
авч үзэх хүрээнд тайлбарлах ёстой.
АНУ-д нэгэнт байж байгаа зарим төрлийн цагаачлалын бус статустай
хүмүүс
( H-1, L, O, P, Q ангилалын визтэй)-ийн хувьд визээ сэргээлгэх (visa
revalidation) боломж байдаг.
Орох визийнх нь хугацаа дууссан бөгөөд орох виз нь нэг удаагийн
виз байсан бол цагаачлалын бус тухайн статус эзэмшигч нь АНУ-аас
түр хугацаагаар гарах хүсэлтэй бөгөөд дахиж орох виз авах сонирхолгүй
бол тэрээр визээ сэргээлгэхээр Төрийн Департаментад хандаж болно.
Гэхдээ ийм боломж ихээхэн ховор тохиолддог богөөд цагаачлалын эрх
зүйд виз сэргээлгэх асуудлыг тодорхой заасан заалт байхгүй.

Асуулт №20:
АНУ-ын их сургууль, коллежед сурах урилга яаж авах
вэ?
Хариулт:
Монгол Улс, Монгол хүний, ялангуяа залуу үеийнхний ирээдүйдээ
цэцэглэн хөгжих, хангалуун сайхан амьдрах хүсэл мөрөөдлийн туйл
болсон нэг чухал зорилт нь АНУ-д сурч, өндөр боловсрол, дэлхий нийтийн
харилцааны гол хэрэгсэл болсон англи хэлийг төгс эзэмших явдал юм.
АНУ-д суралцахын тулд гадаадын харьяат бөгөөд түүнээсээ татгалзах
(abandon) бодолгүй гэдгээ харуулах нь чухал. Оюутны виз нь байнга
суралцах (academic), хэлний болон мэрэгжлийн түр хугацааны сургалтын
F-1, M-1 гэсэн 2 ангилалтай байна.
F, J болон M ангилалын виз олгох мэдүүлэх, олгохтой холбогдсон үйл
ажиллагаа нь Оюутны болон солилцооны зочны хөтөлбөр (ОСЗХ) (Student
and Exchange Visitor Program) (SEVP)-ийн дагуу хэрэгжинэ.
Энэ хөтөлбөрт гадаадын оюутан хүлээн авч, сургах эрх олгох, төлбөр,
хураамж авах, оюутны хичээлийн жил болон гэр бүлийн гишүүдийн асуудлыг
шийдэх, хууль сахиулах асуудал хамаарагддаг.
Сургалтын визтэй холбогдсон иж бүрэн үйл ажиллагааг Оюутны болон
зочин солилцооны мэдээлэлийн тогтолцоо (ОЗСМТ) (Student and Exchange
Visitor Information System) (SEVIS) гэж нэрлэдэг.
Энэ нь АНУ-ын хилийн чанадад суугаа консулын бүх газар, ДАБХД-ын
хилийн орох боомт дахь албад, сургалт эрхэлж байгаа байгууллагууд,
солилцооны зочны хөтөлбөр бүртэй сүлжээгээр холбогдсон мэдээлэлийн
технологийн иж бүрэн тогтолцоо юм.
ОЗСМТ нь сургуулийн элсэлт, АНУ-ын виз олгох, нэвтрэн орох, ангилалынхаа
дагуу бүртгүүлэх, хаяг, сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх, хөтөлбөрийг
сунгах, ажиллах зөвшөөрөл олгох асуудлын тухай мэдээлэлийг холбогдох
цаг хугацааны хуваарьтай нь тусгасан байдаг.
АНУ-ын сургуулиуд 2002 оны хичээлийн жилээс эхлэн шинээр гэрчилгээ
авах өрөгдлөө гаргах боломжтой болсон. Шинэ гэрчилгээ аваагүй ямар
ч сургууль 2003 оны 2 дугаар сарын 15-аас хойш ОЗСМТ-ны дагуу бидний
урилга гэж нэрлэдэг I-20 маягт олгох эрхгүй болсон.
Өөрөөр хэлбэл, 2003 оны 2 дугаар сарын 15-аас хойш АНУ-аас гадна
байсан бүх хүний сургалтын визийн мэдүүлэгт ОЗСМТ-ны дагуу олгосон
I-20 маягт орсон байх ёстой.
Оюутны болон зочин солилцооны визтэй гадаадын бүх хүмүүс 2003 оны
8 дугаар сарын 1-ээс эхлэн АНУ-ын сургуульд ОЗСМТ-ны дагуу элсэн
орох бөгөөд АНУ-ын бүх сургууль үүнээс хойш холбогдох бүх нэмэлт,
өөрчлөлт хийх ёстой.
Одоогийн журмаар олон улсын оюутан сургадаг сургуулиуд 2 жил дутамд
шинэ гэрчилгээ авах ёстой. Гадаадын цөөхөн оюутан сургадаг жижиг
сургуулиуд интернет дахь ДАБХД-ын аюулгүйн вэб.хуудасны ОЗСМТ-ны
мэдээлэлд хэрэглэгчийн нэрийг ашиглан нэвтэрч, хянаж зохицуулж байх
боломжтой.
Олон оюутан сургадаг томоохон их сургуулиуд праграмм худалдан авч
өөрийн сүлжээнд суулгаж, ДАБХД-ын мэдээлэлийг авч ашигладаг.
ДАБХД-аас 79 хуудас ОЗСМТ-ны хэрэглэгчийн гарын авлага, сургуулийн
гэрчилгээний хөтөлбөрийн I-17 маягт бөглөх журам, асуулт, хариулт
бүхий 36 хуудастай түр гарын авлага гаргасан. Холбогдох мэдээлэлийг
ДАБХД-ын холбогдох вэб.хуудаснаас авч болно.
Цагаачлалын бус оюутны болон оюутны бус ангилалын визтэй гадаадын
олон хүний гэр бүлийн гишүүд (эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй
хүүхэд) АНУ-д суралцах хүсэлтэй байдаг.
B, F, M-ээс бусад цагаачлалын бус визтэй гадаадын хүмүүсийн эхнэр,
нөхөр, насанд хүрээгүй хүүхэд статусаа F, M, J ангилалын оюутны
виз болгож өөрчлөлгүйгээр аливаа сургуульд сурч болно.
Харин гэр бүлийн гишүүд зохих ангилалын оюутны визтэй болохоос нааш
сургууль дээр буюу сургуулийн гадна ажил хийх аливаа хөтөлбөрт хамрагдах
эрхгүй.
B, C, D, Q-1 визтэй гадаадын хүний эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй
хүүхэд суралцах зорилгоор визээ солиулах (C, D, Q-1 ангилалын визтэй
хүн гэр бүлийн гишүүдээ авч ирэхийг зөвшөөрдөггүй) боломжтой боловч
цаг хугацаа, нөхцөл байдлаа сайтар шалгаж, зохицуулах шаардлагатай.
АНУ-ын Дээд шүүхийн баримт бичиггүй гадаадын хүмүүсийн бага насны
хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж болох тухай шийдвэрийг
ДАБХД хүлээн зөвшөөрч, гэрчилгээ олгодог.
F-1 буюу M-1 виз мэдүүлэх анхны алхам нь ДАБХД-аас албан ёсны зөвшөөрөлтэй
сургуулиас урилга авсан байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл гадаадын оюутан сургах сонирхолтой бүх шатны их, дээд
сургууль, коллеж, бүрэн буюу бүрэн дунд боловсролын болон бага сургууль
ДАБХД-аас зөвшөөрөл авсан байх ёстой.
Урилга гэж нэрлэдэг I-20 авахаас өмнө тухайн сургууль гадаадын оюутан
суралцуулах эрхтэй эсэхийг сайтар судлах хэрэгтэй.
Сургууль F, M визтэй оюутан бүрийн тухай шаардлагатай мэдээлэлийг
цаг тухайд нь шинэчилж байхын зэрэгцээ дараах тайлан гаргана:
-статусаа зөрчсөн болон хөтөлбөрөө дуусгаагүй оюутан, оюутан болон
түүний гэр бүлийн гишүүний хууль ёсны нэр, хаягийн өөрчлөлт, ОЗСМТ-ны
I-20 маягтад дурдсан хөтөлбөрийн хугацаанаас өмнө төгссөн оюутны
тухай,
-гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан оюутанд сургуулиас хариуцлага
хүлээлгэсэн тухай,
-сургуульд бүртгэх, хичээл эхлэх, завсарлах, дуусах хугацаа, оюутны
сургуульд элсэн орсон болон хасагдсан, хөөгдсөн тухай болон оюутан
бүрийн хаяг, цаашид суралцах нөхцөл, хугацааны тухай.
Оюутан хариуцсан ажилтан ОЗСМТ-д шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг
цаг тухайд нь хийгээгүйгээ болж оюутны статус хүчингүй болдог маш
хатуу сөрөг үр дагавартай байдаг учир оюутан өөрөө сайн анхаарч,
шахаж шаардаж байх нь зүйтэй.
Виз мэдүүлж байгаа оюутны хувьд оюутан хариуцсан ажилтан хамгийн
дотнын, хүндэтгэлтэй, сонсож ажиллах ёстой хүн байдаг. Оюутны статусаа
хадгалах нь нэн чухал бөгөөд хэцүү асуудал юм.
Сургалт, байр, хоолны зардал, ар талын санхүүгийн дэмжлэг, гадагш,
дотогшоо явах, хичээлгүй байх, сургууль дээрээ болон сургуулиас
гадуур ажиллах, дадлага хийх бүх асуудлаар оюутан болохоос өмнө
ч, болсон хойноо ч гадаадын оюутны зөвлөхтэй ойр дотно хамтарч ажиллах
шаардлага гарна.
Итгэмжлэгдсэн сургууль оюутны материалыг хянаж үзээд ДАБХД-ын ОЗСМТ-нд
оруулсны дараа I-20 маягт (урилга гэж нэрлэж заншсан) олгодог бөгөөд
түүнд оюутны сургалт эхлэх, завсарлах, амрах, нийт суралцах хугацаа,
сурах болон бусад үндсэн нөхцөл, болзлыг тусгадаг.
Оюутны төгсөх хугацааг ОЗСМТ өөрөө тооцож гаргадаг бөгөөд энэ хугацааг
60, 30, 15 хоногоор сунгаж, оюутны статус тодорхойлох үндэслэл болгож
ашигладаг.
Оюутны F-1, M-1 ангилалын визээр АНУ-д ирэх гадаадын хүний визийн
мэдүүлгийг ДАБХД-аас урьдчилан зөвшөөрөх шаардлага байхгүй.
Виз мэдүүлэхдээ DS-156 болон DS-158 маягт (зарим улсын иргэн 14-45
насны эрэгтэй оюутнаас DS157 маягт бөглөхийг шаарддаг) бөглөж, виз
мэдүүлсний хураамжийн хөлс төлсөн баримт, 6 сараас доошгүй хугацаагаар
хүчинтэй паспорт, зохих журмын дагуу авахуулсан гэрэл зураг хавсаргана.
Сургуулиас олгосон ОЗСМТ-ны I-20 маягт, буцаж ирэхээ нотлох баримт,
санхүүгийн дэмжлэг авах эх үүсвэр, суралцах зорилгоо нотолсон нотолгоо,
англи хэлний түвшингийн нотолгоо, оюутны сургуульд элсэн суралцах
боломжийг харуулсан аливаа нотолгоог мөн хавсаргана.
Оюутны виз мэдүүлж байгаа хүний онцгойлон анхаарвал зохих хамгийн
чухал хүчин зүйл нь үнэхээр сурах (bona fide) оюутан гэдгээ нотлон
харуулж, итгүүлэх, ХЦА-ийн зөвшөөрөлтэй сургуульд өрөгдөл гаргаж
элсэх урилга (I-20) авах, санхүүгийн баталгаа найдвартай байх асуудал
юм.
Ихэнх тохиолдолд оюутны сургалтын төлбөрийн баталгааг эцэг, эх,
хамаатан садан, найз нөхөд нь гаргадаг учир ихээхэн хаируцлагатай
итгэл үнэмшилтэй баталгаа байх ёстой.
Байнгын сургалтаа амжилттай дуусгаж, мэрэгжлийн диплом авах нь H-1B
визээр үргэлжлүүлэн ажиллах, хууль ёсоор байнга оршин суух зөвшөөрөл
(ногоон карт) авах бэлтгэл шат ч болдог.
Консулын газар сургуулийн I-20 хүлээж аваад түүнд нууцаар байрлуулсан
ОЗСМТ-ны “N” үсгээр эхэлсэн 11 оронтой кодыг ашиглан консулын мэдээлэлийн
санд орж, холбогдох тодруулалт хийнэ.
Сургууль нь оюутны шаардлагатай бүх үзүүлэлтийг ОЗСМТ-д суулгасан
эсэх, сургуулийн сод, нэр, оюутны овог, нэр, төрсөн он, сар, өдөр,
төрсөн улс, иргэний харьяалал зэргийг шалгаж, шалгаж, дүнг ОЗСМТ-д
оруулж, виз олгосон тухай тэмдэглэл хийнэ.
Виз мэдүүлэгч оюутны шаардлагатай үзүүлэлт ОЗСМТ-д бүрэн, зөв орсон
эсэхийг шалгалгүйгээр аль ч консулын газар виз олгохгүй.
Виз хүссэн өрөгдлийг зөвшөөрсөн тохиолдолд консулын газар виз хүсэгчийн
паспортад сургуулийн нэр болон ОЗСМТ-ны тэмдэглэл бүхий виз дарж,
DS маягтаас бусад баримт бичгийг буцааж өгнө.
Визийг I-20-д дурдсан сургуулийн хичээл, хөттөлбөр эхлэхээс наанадаж
90 хоногийн өмнө олгож болдог боловч оюутан хичээл эхлэхээс 30 хоногоос
өмнө АНУ-д ирвэл оруулахгүй байх талтайг анхаарах хэрэгтэй.
F-1 визийн хугацаа гол төлөв 5 жил байдаг боловч визийн хугацаа,
оролтын тоог улс бүртэй харилцан адил байх зарчмын үндсэн дээр өөрөөр
тохидог.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хооронд 2001 оны
7 дугаар сарын 6-д солилцсон ноот бичгээр Монголын оюутанд 6 сарын
виз олгохоор тохиолцон, хуульчилсан.
F-1 визийн үндсэн эзэмшигч АНУ-ын хил дээр ирж, нэвтрэн орох хүсэлт
гаргахдаа виз, I-20, цагаачлах далд санаагүй гэдгээ нотлох баримт,
санхүүгийн дэмжлэг болон суралцах зорилгоо батлах бүх баталгааг
үзүүлнэ.
Цагаачлалын албаны ажилтан визийг хуулбарлан авч, оюутан АНУ-д орсон
тухай мэдээлэлийг ОЗСМТ-д оруулж, сургуулийн оюутан хариуцсан ажилтанд
мэдэгдэнэ.
Оюутны паспортад F-1 визээр орсон тухай тэмдэглэл бүхий I-94 карт
хавсаргаж, I-20-г нь буцааж өгнө. M-1 визтэй хүний хувьд бараг адилхан
журам мөрдөгдөнө. Оюутан ирэнгүүтээ сургуульдаа бүртгүүлэх ёстой.
Оюутны статусаа хадгалж чадахгүй бол албадан гагагдах аюул нүүрлэх
бөгөөд сургуулиа төгсч чадахгүй бол ногоон карт горьдлого багатай
болно гэсэн үг.

Асуулт №21:
Монгол Улсын хэдэн Өргөмжит консул АНУ-д хаана хаана ажиллаж, ямар
үүрэг гүйцэтгэж байгаа талаар болон тэдэнтэй хэрхэн харилцах талаар
мэдээлэл өгөхийг хүсье.
Хариулт:
АНУ-ын иргэн Эдуард Стори Техаст, Жэймс Вагенландр Колорадод, Ричард
Блам Сан Францискод, Малан Жаксон Ютад, Майкл Кэнни Иллинойст, Жон
Эндикот Жеоржиад, Кармен Кабелл Нью Жэрсид Өргөмжит консулаар тус
тус ажилладаг. Хамруулсан консулын тойргоороо зарим муж, зарим нь
хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг (Харилцах хаягийг хавсаргав).
Өргөмжит консулын тойрог гэж тухайн Өргөмжит консул үйл ажиллагаа
явуулахыг Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрч, Америкийн Талтай
зөвшөөрөлцсөн нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг хэлнэ.
Монгол Улсын Өргөмжит консулын тухай журмаар Өргөмжит консул Монгол
Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахын зэрэгцээ
худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, соёл, боловсрол,
хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээрр ажиллана.
Монголын байгууллага, иргэдийн эрх ашигийг хамгаалах нь Өргөмжит
консулын нэг үндсэн үүрэг байна.
Монгол Улсын иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн
эсрэг аливаа гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр Гадаад хэргийн
яам, холбогдох Элчин сайдын яаманд нэн даруй мэдэгдэж байна.
Иргэн, байгууллага төлөөллөө хангуулах, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах
эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах, иргэд, байгууллагад ийм боломж олдох
хүртэл эдгээр тусламжийг үзүүлэх ёстой.
Иргэн, байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай
арга хэмжээ авна.
Монгол Улсын иргэн тойрогт нь нас барвал Элчин сайдын яаманд даруй
мэдэгдэх, хамаатан садныг нь тодруулах, шарилыг нь хадгалуулах,
цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл
гаргах, нас барсан хүний үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах, шарилыг
Монголд хүргүүлэх ажилд тусална.
Монгол Улсын иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол Элчин
сайдын яаманд даруй мэдэгдэж, эд хөрөнгийг нь өвлөх асуудлыг шийдэх
хүртэл хамгаалах ёстой.
Монгол Улсын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын
холбогдох байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулах арга хэмжээ
авна.
Байгалын гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн Монгол
Улсын иргэдэд боломжтой бүхий л туслалцаа үзүүлнэ.
Шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулна.
Тойрогт нь байгаа Монгол Улсын байгууллага, иргэдэд АНУ-ын хууль
тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын
мэдээлэл, зөвлөлгөө өгч байна.
Хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад
онцгой байдал үүссэн тохиолдолд Гадаад хэргийн яам, Элчин сайдын
яаманд даруй мэдэгдэнэ.
Өргөмжит консул өв залгамжлалын эд хөрөнгийг хамгаалах, бичиг баримтын
хувь, хуулбар, гарын үсэг, тамга тэмдэг, орчуулгын үнэн зөв, иргэдийн
амьд мэнд байгаа болон оршин суугаа газар, баримт бичгийн хугацаа,
гэрээслэлийг гэрчлэх зэрэг нотариатын үйлчилгээ үзүүлнэ.
Нотариатын үйлчилгээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хийж,
гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах бөгөөд нотариатын үйлчилгээг
буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлж, түүнээс учрах үр дагавар,
эрх үүргийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлана.
Монгол Улсын гадаад хэргийн яам, Элчин сайдын яамны зөвшөөрлөөр
Монгол Улсын иргэдэд буцах үнэмлэх олгож, энгийн гадаад паспортын
хугацаа сунгаж, нэмэлт тэмдэглэл хийнэ.
Консулын хураамж, үйлчилгээний төлбөр авч Монгол Улсын холбогдох
дансанд шилжүүлж, тайлан гаргаж байна.
Тойрогт нь хүрэлцэн очсон Монголын агаарын болон усан замын тээврийн
хэрэгсэл, түүний багийн бүрэлдэхүүнд консулын дэмжлэг, туслалцаа
үзүүлнэ.
Монгол Улсын иргэд дээрх асуудлуудаар Өргөмжит консулд хандаж болно.
Гадаад хэргийн яамнаас тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд монгол Улсын
виз олгож болно. Одоогийн байдлаар Э.Стори, Ж.Вагенландр нар виз
олгох эрх аваад байгаа болно.
Монгол Улсын нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын нэрийг аливаа
бизнесийн ашиг зорилгоор ашиглахыг хориглоно.
Өргөмжит консулд хандахын тулд “Өргөмжит консул АНУ-ын хууль тогтоомжоор
хориглосон үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэдгийг сайтар бодолцож,
нягталж байж анхааралтай хандах хэрэгтэй.
Өргөмжит консулууд Монгол Улсаас аливаа цалин хөлс авдаггүй, хууль
зүйн талаасаа үүрэг хүлээдэггүй, сайн дурын үндсэн дээр Монгол Улс,
түүний иргэд, байгууллагын төлөө ажиллаж байгаа, Өргөмжит консул
бүр дээрх бүх үйл ажиллагааг шууд хэрэгжүүлэх боломжгүй байдаг учир
дээрх аливаа асуудлаар эхэлж Элчин сайдын яамандаа хандаж зөвлөлгөө
авах, Өргөмжит консултай харилцахдаа аль болох соёлтой, ойлгоцтой
хандах нь зүйтэй.
Өргөмжит консулуудтай холбоо барих хаяг, утас:
1. Жэймс Вагенландр
Suits 1202
1700 Broadway
Denver, Colorado, 80290-1201
Tel: 303-832-6511
Fax: 303-830-2246
Wagenlan@wagenlander.com
2. Эдуард Стори
622 High Street
P.O. Box 399
Comfort, Texas, 78013
Tel: 830-995-5014
Fax: 830-995-5027
estory@socopic.com
3. Ричард Блам
909 Montgomery Street
Suite 400,
San Francisco, California, 94133
Tel: 202-783-8181
Fax: 202-783-6602
Doug.damron@staubach.com
4. Малан Жаксон
1063 South
1650 East
Springville, Utah, 84663
Tel: 801-489-8899
Fax: 801-491-9889
malanjackson@msn.com
5. Майкл Кэнни
4701 West rice Street
Chicago, Illinois, 60651-3377
Tel: 773-626-8800
Fax: 773-626-1430
gmkenny@chambersgasket.com
6. Жон Эндикот
781 Marietta Street
Atlanta, Georgia, 30318
Tel: 404-894-9451
Fax: 404-894-1903
John.endicott@inta.gatech.edu
7. Кармен Кабелл
803 South avenue
Plainfield, New Jersey, 07062
Fax: 732-227-0770

Асуулт №22:
Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлтэй АНУ-ын
иргэд, үрчлэхэд зуучлах хүсэлтэй монголын болон америкийн байгууллагууд,
хувь хүмүүс олширч, хүүхэд үрчлэх талаарх Монгол Улсын хууль тогтоомжийг
сонирхогчдын тоо үлэмж нэмэгдэж энэ талаар мэдээлэл өгөхийг хүсэх
боллоо.
Хариулт:
Монголын зарим байгууллага, иргэд америкийн иргэдийн
хүсэлтээр монгол хүүхэд үрчлэхэд зуучлах, америкийн зарим иргэд
америкийн иргэд, байнга оршин суугдад монголоос хүүхэд үрчлэхэд
нь туслах хүсэлтээ илэрхийлэх явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа
нь үнэн.
Зарим хүн энэ үйл ажиллагаагаа зохих шан харамжтайгаар бизнесын
хэлбэрээр гүйцэтгэх сонирхотойгоо ч нуухгүй байгаа билээ.
Энэ нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх талаарх хууль тогтоомжийн
талаарх мэдээлэл, ойлголт хомс байгаатай холбоотой болох нь харагддаг.
Монгол иргэдээс ч энэ тухай мэдээлэл хүсэх нь нэмэгдэж байна.
ЭСЯ-ны Консулын хэлтэс энэ удаагийн зөвлөлгөөгөө Монгол Улсын харьяат
хүүхэд үрчлэх хууль тогтоомжийн талаар өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхэд үрчлэх нь аль ч улсад хэн нэгний зуучлалаар явдаг, бизнес
хийж ашиг олдог ажил биш хуулиар нарийн зохицуулагдсан, хүн ам зүй,
хүмүүнлэгийн бодлогын ихээхэн эмзэг асуудал байдаг.
АНУ-д эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байгууллага, хүмүүс
л энэ асуудлыг хариуцаж, хөөцөлддөг.
Монгол Улсад хүүхэд үрчлэх асуудлыг Гэр бүлийн тухай 1999 оны хуулийн
54-62 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн, Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайдын 2001 оны 100-32 дугаар тушаалаар баталсан “Гадаадын
иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-аар зохицуулдаг.
Монгол Улс “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар
хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцийн оролцогч улс болохын хувьд
тухайн конвенцийг мөрдөж ажилладаг.
Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ
өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий
байгууллагад гаргах ёстой.
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн эхнэр буюу нөхрийнхөө
хүүхдийг үрчлэн авахад гадаадад хүүхэд үрчлэх журам үйлчлэхгүй.
Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яам) нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн
авах хүсэлтэй гадаадын иргэний бүртгэл хөтөлж, хүүхдийг үрчлэх,
үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах асуудлаар бусад
улс, тэдгээрийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагатай
хамтран ажиллана.
Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн
авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүсэн байна.
Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн
эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг үрчлүүлэх тохиолдолд хуульд
өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан
дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрөл авна.
Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрөл авна.
Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлтээ
өөрийн орны болон байнга оршин суугаа орныхоо үрчлэлтийн асуудал
эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаагаар оршин сууж байгаа гадаадын
иргэн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ Монгол Улсын хүн амын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд гаргаж болно.
Хүүхэд үрчлэхийг хүүсэн гадаадын иргэн дор дурдсан баримт бичгийг
бүрдүүлнэ. Үүнд:
а) хүүхэд үрчлэн авах тухай (гэр бүлтэй бол хамтран гаргасан) өрөгдөл,
б) иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, гэр бүлтэй
бол гэрлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар,
в) өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг, байнга оршин
суугаа газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын
тодорхойлолт,
г) харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон бусад
холбогдох байгууллагын тодорхойлолт,
д) гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон хүүхдийг өөрийн улсад
нэвтрэх, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын
эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.
Дээрх баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий
байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарж
баталгаажуулсан байна.
Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхэд
үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай
бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүүхдийг судлан сонгож,
дор дурдсан материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын
иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ. Үүнд:
а) төрсний гэрчилгээ,
б) бүтэн өнчин, эцэг, эх нь тодорхойгүй хүүхэд үрчлэх бол асран
хамгаалагч, харгалзан дэмжигчийн, эсхүл асрамжийн газрын зөвшөөрөл,
түүнчлэн эцэг, эх нь нас барсныг гэрчлэх баримт,
в) хагас өнчин хүүхэд үрчлэх бол эцэг, эхийн хүүхдээ үрчлүүлэх тухай
бичгээр гаргасан зөвшөөрөл,
г) хүүхдийн эцэг, эх сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон,
эсхүл эцэг, эх байх эрхээ хасуулсан бол энэ тухай шүүхийн шийдвэр
болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үрчлүүлэхийг зөвшөөрсөн
тухай бичгээр гаргасан зөвшөөрөл,
д) эцэг, эх, асран хамгаалагч нь ахуй амьдралын гачигдлаас шалтгаалан
хүүхдийг хэвийн өсгөх боломжгүй бол энэ тухай сум, дүүргийн Засаг
даргын тодорхойлолт, эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдээ үрчлүүлэх
тухай бичгээр гаргасан зөвшөөрөл,
е) хүүхдийн эрүүл мэндийн талаарх эмнэлэгийн байгууллагын дүгнэлт.
Дээрх материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхдийг үрчилж
авах тухай саналаа ирүүлсэн тохиолдолд Хүн амын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага өөрийн санал дүгнэлтээ гарган
Гадаадын иргэн харьятын асуудал эрхлэх албанд хүргүүлэх бөгөөд тус
алба 30 хоногийн дотор үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэж, гаргасан
шийдвэрийн талаар үрчлэгч болон гадаадын эрх бүхий байгууллагад
уламжлах ёстой.
Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай,
хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.
60-аас дээш насны гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан,
хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд үрчилж авсан хүүхдээ
өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилоготой, шүүхийн
шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал
чадамжтай гэж тогтоогдсон, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах
ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа
дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа болон ганц бие эрэгтэй
гадаадын хүнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхийг зөвшөөрөхгүй.
Өнчин, хагас өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь хэвийн амьдралын
гачигдлаас шалтгаалан хүүхдийг хэвийн өсгөх боломжгүйг сум, дүүргээс
тодорхойлж, эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд хүүхэд үрчлэх боломжтой.
Хууль тогтоомжийн дээрх заалтуудаас үзэхэд Монгол Улсын харьяат
хүүхэд үрчлэх асуудлыг улс бүрийн эрх бүхий байгууллага харилцаж,
нягтлан шалгаж шийдвэрлэдэг болох нь харагдаж байна.
Элчин сайдын яам Монгол Улс, суугаа АНУ-ын хүүхэд үрчлэх асуудлаарх
хууль тогтоомж болон тодорхой тохиолдлын талаар хандсан хүмүүст
зөвлөлгөө өгч байх болно.

Асуулт №23:
АНУ-д ажил эрхлэх боломж байдаг уу
? АНУ-д түр ажил хийхэд ямар виз шаардлагатай вэ? Түр ажиллах зөвшөөрөл
аваад үлдэх боломж бий юу?
Хариулт:
Ажлын виз болон ажиллах
зөвшөөрлийг цагаачлалын бус бусад ангилалын виз олгодог журамд хамруулдаг.
Гэхдээ гол зорилго нь хөдөлмөр эрхлэхэд оршдог тул оюутан F, дадлагажигч
M, солилцооны хөтөлбөрт хамаарагдагч J, төлбөр нь гадаадаас хийгддэг
жуулчны В ангиллаас ялгаатай авч үздэг.
Түр хугацаагаар ажиллагсдын визийг гэрээт худалдаачид,
хөрөнгө оруулагчдын Е, сувилагчдын Н, онцгой гавъяа, авъяас чадвартай
буюу ховор мэргэжлийн хүмүүсийн Н-1, шинэ технологи, компьютерын
болон цахилгааны инженерийн Н-1В, үндэстэн дамнасан бизнесийн салбар
хооронд шилжигсдийн L-1 гэж ангилдаг.
Удаан хугацаагаар ажилладаг, олон улсын чанартай
Е, L-1 ангилалтай холбоотой хууль тогтоомж олон боловч агуулга нь
ойролцоо. Түр хугацаагаар ажиллагсдын Н-2 ангиллыг хөдөө аж ахуйн
салбарын ажиллагсдын Н-2А буюу бусад салбарт ажиллагсдын Н-2В гэж
мөн ангилдаг.
Онцгой гавъяа, авъяас чадвартай хүмүүсийн Н-1
ангилалд урьд нь сувилагчид, тамирчид, жүжигчид багтдаг байсан боловч
Конгрессоос 1989 онд баталсан хуулиар мэргэжлийн сувилагчдад шинэ
Н-1А ангилал бий болгосноо төдөлгүй Н-1В болгон өөрчилж, бусад мэргэжлийн
болон авъяаслаг ажилчдыг хамааруулдаг болсон.
Цагаачлалын 1990, 1991 оны хуулийн нэмэлтээр Н-1В
ангиллыг нарийн мэргэжлээр хязгаарлаж, Хөдөлмөрийн нөхцлийн өргөдөл
(Labor condition application-LCA)-ийг шаарддаг болгож, нэг жилд
шийдвэрлэх өргөдөлд тооны хязгаар тогтоосон.
Онцгой авъяастай гадаадын хүмүүст О, урлагийн
тоглолтоор ирэх жүжигчид, тамирчдад Р ангилал тогтоон Н-1В ангиллаас
хассан. Эдгээр ангиллын визийн өргөдлийг зөвшөөрөхөөс өмнө холбогдох
ажил мэргэжлийн холбоодтой зөвшилцдөг.
Шашны байгууллагын шугамаар ажиллагсдад R-1 ангилал
бий болгосон. Эмч нар Н-1В ангилалд хамаарагддаг. Бизнесын чиглэлээр
ажиллагсдын цагаачлалын бус визийг олон улсын чанартай бизнес эрхлэгчдийн
(E болон L-1), АНУ-ын аливаа бизнест ажиллах хүмүүсийн (O-1, H-1B,
чөлөөт худалдаа, H-2B) болон тусгай салбарын үйлдвэрлэлийн гэж гурав
ангилдаг.

Асуулт №24:
АНУ-д түр хугацаагаар мөнгөний ажил
хийхэд ямар ангиллын виз мэдүүлэх вэ?
Хариулт:
Аливаа ажил, албан тушаалын
болзол шаардлагыг гагцхүү АНУ-ын иргэд хангадаг байх албагүй.Тиймээс
өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг сонирхдог, нарийн мэргэжилтэй,
ажлын дадлага чадвартай ажилтанг авч ажиллуулахад анхаардаг пүүс
компаниуд гадаадын иргэдийг урьж ажиллуулдаг. Тэдгээр гадаадын иргэн
- АНУ-д Н1В визээр ирдэг. Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс эхлэн
хэн түрүүлж мэдүүлсэн, 65 мянган хүнд олгогддог энэ ангиллын виз
өнгөрөгч онд олгож эхлээд 48 цаг хүрэлгүй дууссан нь түүний эрэлт
их байгааг харуулж байна.
Тодорхой мэргэжлийн ажил (Speciality occupation),
албан тушаал
(Professional position) эрхлэх нэгнийг АНУ-д түр хугацаагаар авчирах
зориулалттай Н1В ангиллын виз мэдүүлэгч наад зах нь баклавар буюу
түүнтэй дүйх шатны, шаардлагатай бол төрөөс итгэмжлэгдсэн түвшний
боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.
Мэргэжлийн ажил гэдэгт уран барилга, инженер,
математик, физик, нийгмийн шинжлэх ухаан, анагаах, эрүүл мэнд, боловсрол,
хууль, нягтлан бодох, бизнесс, холбоо мэдээллийн технологи, урлагийн
зэрэг өргөн хүрээний төрөл мэргэжлийн онолын болон практикийн мэдлэг
шаардсан ажлууд багтдаг. Энэ ангиллын визтэй ажилчин түүнийг ивээн
тэтгэсэн ажил олгогчид л хүчин зүтгэх бөгөөд гэр бүл, 21 нас хүрээгүй
хүүхдүүдээ Н4 визээр авчирч дунд сургуульд сургах боломжтой. Ажил
солих тохиолдолд тусгай маягтаар өргөдөл гаргаж зөвшөөрөл авдаг.

Асуулт №25:
Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх
боломж бий юу?
Хариулт:
Н-1В ангиллын визээр
АНУ-ын компаниудын ажиллах хүчний хэрэгцээг хангахдаа тухайн ажилчны
АНУ-д байнга оршин суух хүсэлттэй хамтатгахгүй гэдэг зарчим баримталдаг.
Нэгэнт түр хугацааны виз болохоор АНУ-д оршин
суух хугацааг эхний удаа гурван жилээр заадаг, дахин гурван жилээр
сунгаж болно.Сунгахын тулд ажил олгогч өргөдөл гаргадаг. Зургаан
жилийн дараа тухайн ажилчин дахин Н1В виз мэдүүлэхийн тулд АНУ-аас
нэг жилийн хугацаагаар гарч явсан байх шаардлагатай. Гэхдээ нэгэнт
виз авсан ажилчинд ажил олгогч нь эхний гурван жилд багтан байнга
оршин суух зөвшөөрөл мэдүүлж болно. Байнга оршин суух зөвшөөрөл
буюу “ногоон карт” олдоогүй тохиолдолд тухайн ажилчин ногоон карт
мэдүүлсэн байхад зургаан жил нь хэтэрсэн ч АНУ-д холбогдох журмын
дагуу оршин суух боломжтой.
Ажил олгогч гадаадын мэргэжилтэй ажилчинг ивээн
тэтгэхийн тулд Хөдөлмөрийн яамандаа хандаж тухайн албан тушаал,
цалингийн хэмжээг дурдсан Ажлын байрны өргөдөл буюу (Labor Condition
Application) бүрдүүлж өгдөг, зөвшөөрөгдсөн нөхцөлд АНУ-ын Харьяатын
болон Цагаачлалын алба-ХЦА (US Citizenship and Immigration Services)-нд
өргөдөл гаргана. Чингэхдээ тухайн албан тушаал наад зах нь баклавар
буюу түүнтэй дүйх шатны мэдлэг боловсрол шаардахыг нотлох шаардлагатай.
Ажилчин өөрийгөө ажил олгогчийн санал болгосон
тухайн мэргэжлийн ажилд буюу албан тушаалд тохирч тэнцэнэ гэдгийг
нотлохоос гадна их сургууль төгсгөсөн диплом, ажлын дадлага туршлагыг
нь илтгэсэн нотолгоог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүрдүүлэх
шаардлагатай. Дээд боловсролын диплом, нарийн мэргэжлийн үнэмлэхийг
хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг ихэвчлэн мэргэжлийн холбоодын шугамаар
төлбөртэй хийж гүйцэтгэдэг.
Жилд Н1В визийг баклаврын зэрэг бүхий 65 мянган
хүнд олгодгоос гадна АНУ-д Мастерийн зэрэг хамгаалсан хүмүүст нэмж
20 мянган ширхэг виз олгодог, их сургууль, коллежуудад ажиллах хүмүүс
дээрх тоонд хамрагддаггүй.
Мэргэжлийн дипломыг зөвшөөрүүлэх, ажлын байрны тодорхойлолт үйлдэх,
үнэлгээ хийх, бичиг баримтуудыг орчуулах, өргөдөл гаргах ажлыг оны
эхнээс хийж эхлэхэд багагүй хугацаа шаардагддаг тул тэдгээрийг эцсийн
байдлаар эмхлэн бүрдүүлж шуудангаар 4 дүгээр сарын 1 гэхэд илгээхэд
бэлэн болгосон байх шаардлагатай.
Н-1В виз хүссэн өргөдлийг ажлын байрны нэр, гүйцэтгэх
үүрэг, олгох цалин, ажлын шаардлага, боловсролын шалгуур, компаны
санхүүгийн боломж зэрэг хөдөлмөрийн нөхцлийг нягтлан шалгасны дараа
тухайн хүний ажиллах нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу ХЦА-ны бүсийн
үйлчилгээний төвд гаргана.
Өмгөөлөгч шаардлагатай тохиолдолд G-28, I-129
маягтаас гадна Н нэмэлт болон шинэчилсэн I-129 W маягт бөглөнө.
Хураамжийн 130 ам. доллараас гадна ажил олгогч 1000 ам. доллар төлсөн
баримтыг хавсаргадаг бөгөөд бизнесийн болон эрхлэх ажлын шинж чанар,
тухайн ажлын мэргэжил шаардах онцлог, боловсролын байдлыг тодорхойлж,
баримтаар нотолгсон ажил олгогчийн захиаг хавсаргана.
ХЦА мэргэжил шаардах ажлын жагсаалт гаргадаг боловч
Холбооны шүүх. мэргэжил шаардах ажлыг урьдчилан хуульчлан тогтоох
боломжгүй гэж үзсэн учир энэ жагсаалтыг явцуу гэж шүүмжилдэг .
Ажил олгогчоос гаргасан ажлын байрны тодорхойлолт,
тайлбар шийдвэрлэх үүрэгтэй. Н-1В визээр ажиллуулах мэргэжилтний
тоог тогтоодог ч тухайн жилд шаардлагатай мэргэжилтний тухай мэдээллийг
Холбооны бүртгэл (Federal Register)-ээр мэдээлдэг.
ХЦА Хөдөлмөрийн департаментаас гаргадаг Ажил мэргэжлийн
нэрийн толь бичиг (Dictionary of Occupational Titles), бусад код,
жагсаалтыг өргөн ашигладаг. Ажил олгогч эдгээрийг Хөдөлмөрийн департаментын
вэб.хуудаснаас үзэж болно.

|
|