Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  

Засаг захиргаа

АНУ холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Өмнөх сонгууль 2000 оны 11 дүгээр сарын 7-нд болсон. Дараагийн сонгууль 2004 оны 11 дүгээр сарын 2-нд болно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

Одоогийн Ерөнхийлөгч Жорж Уокер Буш 1946 онд төрсөн, бага насаа Техасын Мидлэнд, Хьюстон хотуудад өнгөрүүлсэн. Йелийн их сургууль төгссөн. Харвардын их сургуульд суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 1975 оноос эхлэн газрын тос, байгалийн хийн бизнест ажиллаж эхэлсэн. 1994 онд Техас муж улсын захирагчаар сонгогдсон төдийгүй 1998 онд дахин сонгогдон ажиллаж байсан.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар /Төрийн нарийн бичгийн дарга гэх/ нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Хууль тогтоох байгууллага Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд сонгогдох гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна. 2002 оны сонгуулийн дүнд Сенат болон Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан олонхи болоод байна.

Шүүх засаглал. АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.